Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/482

 

 

 

           

     2024           4            24                                          2024/ДШМ/482

 

М.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүх, 

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч М.Далайжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор М.Нт холбогдох 2303007680584 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч М.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн урд 64 дүгээр дэлгүүрийн зүүн талын замд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цаг 50 минутын орчимд “Тоуоtа Рrius-30” загварын 72-30 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө:” мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ныг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ноос 6,583,000 төгрөг гаргуулж П.Хт олгож, хохирогч П.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган шийдвэрлэжээ.

Хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна. Шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гагцхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо буруу дүгнэсэн гэж үзэж байна.  

2. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталж өгсөн байна. Тушаал, Тогтоолд “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заажээ. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14305 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39/ Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан буюу миний үйлчлүүлэгч П.Хт учирсан эмгэг нь тус ангиллын 3 дугаар зэрэглэлд орж байгаа юм. 3 дугаар зэрэглэлд “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт оногдуулах нөхөн төлбөр нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан байхад шүүгч хууль зүйн дүгнэлтээ зөв хийсэн хэдий ч нөхөн төлбөрийг 10 дахин гэж тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ. Мөн шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр дүгнэж байгаагаа тодорхой тусгаагүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр хийж чадахгүй, биеийн байдал сайнгүй байгааг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн бодит байдлаас дүгнэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлүүлэх саналыг гаргасан болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч М.Далайжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Нын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр нь оролцож байна. Анхан шатны шүүхээс тогтоосон 5.500.000 төгрөгийг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Заавал 22 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт байхгүй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний хувьд оногдуулсан ялын төрөл амьдралд хэцүү байна. Би оюутан, өдөрт 2-3 цаг хичээлд сууна, багш, оюутануудтай харьцана. Энэ байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч М.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн урд 64 дүгээр дэлгүүрийн зүүн талын замд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цаг 50 минутын орчимд “Тоуоtа Рrius-30” загварын 72-30 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө:” мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Хын “...Тэгэхээр нь би автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун талд байрлах СU руу оръё гээд явган хүний гарцаар алхаж байсан. Тэгтэл яахын ийхийн зуургүй машин ирээд маш хүчтэй мөргөөд унасан. ...Ар гэрийнхэн удаагүй ирээд үзлэг хийлгээд эмч “тухайн ослын гэмтэл одоо илрэхгүй, 1-2 хоног хэвтрийн дэглэм сахиад томографик хийлгээрэй” гэж хэлсэн. Баруун гар даагдахгүй нуруу өвдөөд толгой эргээд бөөлжис хүрээд хэвтэрт байсан. ...Хохирлоо бүрэн барагдуулахад анхаарч өгвөл биеэ эрүүл болгомоор байна. ...” /хх 22-23/,

гэрч Б.Жархыны “...Тээврийн хэрэгслийг найз Нурдос жолоодоод явсан. ...64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын дэргэдэх нарийн зам руу баруун тийш эргэх гэж байгаад Нурдос явган хүний гарцаар гарах гэж байсан явган зорчигчийг мөргөчихсөн. ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын “...П.Хын биед баруун атгаал ясны далд хугарал, корокойд сэртэн-атгаал хоорондын холбоосны суналт, тархи доргилт, баруун мөрний үе, баруун шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14305 дугаартай дүгнэлт /хх 38-39/,

дуудлага лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх /5-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8, 9-10/, жолооч, явган зорчигч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11, 12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, өвчтөний түүх /хх 42-46, 134-145/, Автотээврийн Үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх 52-57/, мөрдөгчийн лавлагаа /хх 60-61/, хохирлын баримтууд /хх 146-148/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Нт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан.

          Шүүхээс М.Нт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,  зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

          Харин хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүхийн “...Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг 10 дахин гэж тооцож байгаа нь үндэслэлгүй ба мөн шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр дүгнэж байгаагаа тодорхой тусгаагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт өгнө үү. ...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

          Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

          Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагджээ.

          Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

          “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

          Өөрөөр хэлбэл, уг аргачлалд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч дүгнэлт гаргах шаардлагагүй, хүснэгтээр тогтоохоор заасан болно.

          Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.580.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

            Шүүгдэгч М.Н нь хохирогч П.Хт хохирол төлбөрт 1.083.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүхын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолын:

          тогтоох хэсгийн 5 дахь заалтын “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ноос 6,583,000 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 76 тоотод оршин суух хохирогч П.Хт олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ноос 8.580.000 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 76 тоотод оршин суух хохирогч П.Хт олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч М.Н нь хохирогч П.Хт хохирол төлбөрт 1.083.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

          3. Шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, хохирогч П.Хын өмгөөлөгч П.Гансүхын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

                                ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ