Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2025/0943

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд нарыг оролцуулан Кенжедара алтан түлхүүр ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Кенжедара алтан түлхүүр ЗБН

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай 10/1340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

1.1.Манай нөхөрлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-д зааснаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр Хашаатын ам гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийн дагуу газар ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа болно.

1.2.Толбо сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/83, А/84 дүгээр захирамжуудаар 1000 м.кв газрыг кемп барих зориулалтаар, 3 га газрыг бичил уурхайн олборлолтын зориулалтаар 5 жилийн хугацаатай тус тус ашиглах эрх авсан. Кадастрын зураг үйлдүүлж, холбогдох гэрээ байгуулан ажиллаж байсан. Тухайн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор эрх бүхий байгууллагын хяналт шалгалт ирж, гаргасан албан шаардлагын биелэлтийг хангуулах тодорхой хугацаа олгосон.

1.3.Үүний дагуу гаргасан зөрчилтэй холбоотой үйл ажиллагаанд зөрчил арилгах хугацаат албан шаардлагын биелэлтийг хангуулан ажиллаж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор сумын Засаг дарга ашиглалтын шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

1.4.Дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэр нь ямар нэгэн хуулийн заалт баримтлаагүй, үндэслэлгүй байсан. Авлигатай тэмцэх газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5130 дугаар албан бичгийг үндэслэн дүгнэлтийг хүчингүй болгосон үндэслэлээ заагаагүй, ямар нэгэн хууль, журмын аль заалтыг баримталсан талаар дүгнэлтэд дурдаагүй нь хууль бус.

1.5. Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлөх эрх хэмжээгүй этгээд болох тус газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргасан.

1.6.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга дүгнэлтийг хүчингүй болгохдоо ямар нэгэн мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, шууд хүчингүй болгосон, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийсэн хяналт шалгалтын танилцуулгад хамтарсан баг бүрэлдэхүүн ажиллаж, танилцуулга буюу албан даалгавар гаргасан.

1.7.Улсын байцаагчийн албан даалгаврын зөрчил арилгах хугацаанд дүгнэлтийг хүчингүй болгосон. Уг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэсэн.

1.8.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 296 дугаар тогтоолын хавсралтаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ыг баталсан.

2.2.Тус журмын 6.1.2-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дүгнэлт гаргуулахаар уламжлах тухай 1/125 дугаар албан бичгээр ... тус сумын 3 дугаар багийн нутаг Хашаатын ам гэх газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 62 дугаар тогтоол гарч, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоож, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх-ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад уламжилсан.

2.3.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, мөн дээр дурдсан журмын 8.1.2-т энэ журмын 6.1.2-т заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг ажлын 10 хоногт багтаан хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх гэж тус тус заасны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/487 дугаар албан бичгээр ...уг талбайд бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар хариу өгөхийг хүссэн агуулга бүхий албан бичгийг тус газарт ирүүлсэн.

2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын хувьд тус албан бичгийг хүлээн авч хянаж, магадлан шалгах, зураг зүйн шүүлт болон өөр бусад хууль тогтоомжоор хүргүүлсэн хязгаарласан талбайг нөөцөд авсан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалтай эсэхийг шүүж, Ашигт малтмалын тухай хууль болон бичил уурхайн журамд заасны дагуу хяналт шалгалтыг хийж, дүгнэлтийг хүргүүлсэн.

2.5.Үүний дараа Авлигатай тэмцэх газраас бичил уурхайн талбайг шууд цуцал гэсэн агуулгатай Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалтын танилцуулгыг хавсаргасан албан бичиг ирүүлсэн. Кадастрын хэлтсийн дарга Авлигатай тэмцэх газрын албан бичиг, хяналт шалгалт хийсэн танилцуулга зэргийг үндэслэн цуцалж, дүгнэлтийг хүчингүй болгож, системээс хассан бүртгэлийг хийж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

2.6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1.Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 62 дугаар тогтоолоор Толбо сумын Хонгор-Өлөн багийн нутагт байршилтай, Замтын аман дахь Алтан толгой хэмээх эвдэрсэн газрын бүртгэлд байгаа 5 га газрыг бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

1.2.Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай сумын 3 дугаар багийн газар нутаг болох Хашаатын ам хэмээх газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 62 дугаар тогтоол гарсан талаар дурдаж, дүгнэлт гаргуулахаар уламжилсны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Толбо сумын уг талбайд бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар мөн өдрийн 1-01/487 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

1.3.Ашигт малтмал, газрын тосны газар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хашаатын ам нэртэй, 4.76 гектар талбай нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын 9.1.6-д энэ журмын 8.1.2-т заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-д заасан тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, 4.1-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна гэж заасантай нийцэж байгаа гэх үндэслэлээр уг талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаар дүгнэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

1.4.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/130 дугаар захирамжаар байгуулагдсан Бичил уурхайн үйл ажиллагаанд хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Толбо сумын нутаг дэвсгэрт орших Хашаатын ам нэртэй газар бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй Кенжедара алтан түлхүүр ЗБН-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

1.5.Хяналт шалгалтаар ...Хашаатын ам гэх газарт холбогдох төрийн байгууллагаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргаагүй байхад бичил уурхайн зориулалтаар ашиглах тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан, сумын Засаг дарга тус талбай нь эвдрэлд ороогүй, эрүүл талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргуулах-аар аймгийн Засаг даргад хандсан зэрэг зөрчлийг тогтоож, Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалтын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Бичил уурхайн үйл ажиллагаанд тухай 01 дүгээр танилцуулга үйлджээ.

1.6.Уг танилцуулгыг хүргүүлсний дагуу Авлигатай тэмцэх газар 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хашаат ам гэх газарт 4.76 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гаргасан дүгнэлтийг хууль, журмын дагуу цуцлах талаарх 06/5130 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн, улмаар хариуцагч маргаан бүхий захиргааны актаар Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/3710 дугаар дүгнэлт-ийг хүчингүй болгосон.

Хоёр.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 296 дугаар тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын 5.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг, 5.1.2-т энэ журмын 8.1.3-т заасан дүгнэлтийг үндэслэн бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 10 өдөрт батгаан сум, дүүргийн Засаг даргад хүрүүлэх гэж заасан.

2.2.Журмын дээрх зохицуулалтаас үзвэл газрыг тусгай хэрэгцээнд авах эрхийг шууд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхгүй, харин сумын Засаг даргын саналыг үндэслэн хэлэлцэж шийдвэр гаргах учиртай.

2.3.Тодруулбал, журмын 8.1.3-д зааснаар тухайн газрыг бичил уурхайд ашиглах боломжтой эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас байгаль орчны зэрэг асуудлаар гаргасан дүгнэлт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах үндэс болдог.

2.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал журамд заасан дээрх ажиллагаа хийгдээгүй байтал бичил уурхай эрхлэгч болон орон нутгийн нөхөрлөлүүдийн өргөдөл-ийг үндэслэн 2023 оны 62 дугаар тогтоолоор Толбо сумын Хонгор-Өлөн багийн нутагт байршилтай, 5 га газрыг бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй байна.

2.5.Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга эвдрэлд ороогүй эрүүл талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргуулахаар аймгийн Засаг даргад хандаж хүсэлт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын 1.6-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, ийнхүү хүсэлт гаргасан тохиолдолд аймгийн Засаг дарга хүлээж авахгүй, буцаах ёстой.

2.6.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д бичил уурхай эрхлэх гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг; ойлгохоор заасан.

2.7.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Кенжедара алтан түлхүүр ЗБН-ийг уул уурхайн туслан гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэлээр, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000252074 дугаар гэрчилгээ олгожээ.

2.8.Энэ тохиолдолд нэхэмжлэгч Кенжедара алтан түлхүүр ЗБН Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-д заасан албан ёсоор хуулийн этгээд болж бүртгэгдээгүй байх шаардлагад нийцэхгүй байна.

2.9.Нөгөөтээгүүр, бичил уурхай гэдэг нь томоохон компани, үйлдвэрийн аргаар олборлоход ашиггүй, жижиг хэмжээний орд, эсхүл том уурхай ашиглалтын явцад үлдээсэн хаягдал, овоолго, технологийн үлдэгдэлтэй газрыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа Хашаатын ам нэртэй 4.76 гектар газар эрүүл, эвдрэлгүй болох тогтоогдож байна.

2.10.Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүчингүй болгодог.

2.11.Хариуцагч төрийн захиргааны байгууллагын 2023 оны 11/3710 дугаар дүгнэлт нь Кенжедара алтан түлхүүр ЗБН-д тухайн талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой талаар гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа газар нь эрүүл, эвдрэлгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд түүнд эрх олгосон уг дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан үндэслэлд хамаарна.

2.12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгосон эрх буюу эрүүл, эвдрэлгүй газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгэж байх тул хариуцагчийн 2023 оны 11/3710 дугаар дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

2.13.Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор заасан.

2.14.Нэхэмжлэгчид эрх олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 11/3710 дугаар дүгнэлт нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа нь нэгэнт тогтоогдсон тул хариуцагч төрийн захиргааны байгууллагыг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа сонсох явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй.

2.15.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;-аар зааснаас харвал зөвхөн нэг хэлтсийн чиг үүргийг нарийвчлан заагаагүй, харин Ашигт малтмалын газар бүхэлдээ тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй гэж ойлгоно.

2.16.Ашигт малтмалын газар дотооддоо чиг үүргээ хэлтсүүдэд хуваарилдаг тул Кадастрын хэлтсийн дарга уг хяналтын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын нэгжүүд хэрэгжүүлэх боломжтой юм.

2.17.Тодруулбал, нэхэмжлэгчид 2023 онд эрх олгосон дүгнэлт гаргасан Уул уурхайн хэлтэс-ийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин байгууллагын дотоод зохион байгуулалтын нэршлийн хувьд Кадастрын хэлтэс болж өөрчлөгдсөн нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул дүгнэлтийг хүчингүй болгох эрхгүй этгээдээс шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.18.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг баримтлан нэхэмжлэгч Кенжедара алтан түлхүүр ЗБН-өөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай 10/1340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР