Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/509

 

 

 

 

    2024           5            01                                              2024/ДШМ/509

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

яллагдагч Э.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/777 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын Д.Агарын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Э.Эт холбогдох 2303007920043 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус-30” загварын 34-12 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмгөөлөгч Х.Даваахүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан эрхээ хэрэгжүүлэн Тээврийн прокурорын газарт гомдол гаргасан байх бөгөөд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 17 дугаартай тогтоол гаргажээ.

Уг тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Энэ шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй...” талаар дурджээ.

Гэвч хяналтын прокуророос тухайн тогтоолыг гаргасан өдрөөр яллах дүгнэлт үйлдсэн буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр яллах дүгнэлтийг үйлдсэнээр өмгөөлөгч Х.Даваахүүгийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төрбатаас мэдүүлэг авахдаа өөрчлөлт орсон хууль сануулсан асуудлыг хүлээн авах боломжгүй тул энэхүү хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Мөн өмгөөлөгч “Мөрдөгчийн магадлагаа”-тай холбоотой гомдлыг шат шатны прокурорт хандан гаргаж байгаа үйл баримт байх тул энэхүү хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. 

Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хэсэгчилж хангах нь зүйтэй гэж дүгнэн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэлдээ: “...Э.Эт холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн түүнд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь заасныг удирдлага болгон гардуулан тэмдэглэл үйлдсэн болно.

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дээд шатны прокуророос гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг хүргүүлэн, хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу яллах дүгнэлт мөн гомдлыг хариуг гардаж авснаас 3 хоногийн дараа хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба энэ хугацаанд өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй болно.

Гэтэл шүүхээс прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын прокурорын шийдвэрт 3 хоногийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь хэргийн оролцогчийн гомдлыг шүүхийн шатанд мөн хэлэлцэх боломжтой гэж ойлгогдож байна. Гэтэл шүүхээс хэргийг оролцогчоос прокурорын шатанд гаргаагүй гомдлыг дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэж байгаа хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Яллагдагч Э.Эын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний эрхийг хязгаарласан гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудаст 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор шийдвэрийг албан ёсоор танилцуулж өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хэрэгт 2 удаа мөрдөгчийн магадлагаа гарсан. Хэргийн 144 дүгээр хуудаст 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн гаргаж өгсөн оршуулгын зардалд 119 тоот мөрдөгчийн магадлагаа гаргасан. Прокурор, шүүх байгууллагуудын хийх ажил байтал мөрдөн байцаагч магадлагаа үйлдэж байгааг хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Мөрдөгч н.Ариунгэрэл гэдэг хүний оршуулгын зардалд магадлагаа гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасны дагуу Э.Эыг буруутгаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасныг зөрчсөн байна гэж магадлагаа гаргасан. Прокуророос тус магадлагааг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.З-г хасаж дүгнэсэн. Прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “мөрдөгч нийтлэг үндэслэлийн заалт бичсэн байсныг хассан” гэж тайлбар хийдэг. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хурд тогтоох шинжилгээнд “тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн хурдыг 34-35 км/цагийн хурдтай явж байсан байна” гэж дүгнэлт гарсан. Мөн явган зорчигч урд талын машин өнгөрсний дараа зам дээр хүнд согтолттой уначихсан байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас мөрдөгчийн магадлагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдалд тулгуурлаж гараагүй байна гэж үзэж байна. Иймд мэргэшсэн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Гарц, гарамгүй газар байгаа тохиолдолд хэн давуу эрхтэй, хэн зам тавьж өгөх ёстой гэдэг асуудлуудаар магадлагаа гаргасан гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохирлыг тогтоох тухай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж хэргийн 246 дугаар хуудаст н.Цолмон гэх шинжээчээс мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт “шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт энэ хүний гэмтсэн гэмтийг дутуу бичсэн байна гэхэд би алдаа гаргаад дутуу бичсэн. Тийм учраас техникийн алдаа гэж үзнэ” гэж хариулсан байдаг. Тэгэхэд мөрдөн байцаагч “та энэ шинжээчийн дүгнэлтийнхээ арын хуудсыг нөхөөд хэрэгт хийж болох уу” гэхэд “болохгүй зүйл байхгүй” гэсэн хариултыг өгсөн байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч, шинжээч нарт тухайн үед мөрдөгдөж байгаа хуулийг сануулах ёстой. Гэтэл өөрчлөлт орсон хууль сануулсан байна гэх зэрэг асуудлуудад миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Иймд шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа нь үндэслэлгүй байх тул дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай гомдол гаргах хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагч Э.Э тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас: Э.Эыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оийг дайрч амь насыг хохироосон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Хяналтын прокуророос тухайн тогтоолыг гаргасан өдрөөр яллах дүгнэлт үйлдсэн буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр яллах дүгнэлтийг үйлдсэнээр өмгөөлөгч Х.Даваахүүгийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төрбатаас мэдүүлэг авахдаа өөрчлөлт орсон хууль сануулсан асуудлыг хүлээн авах боломжгүй тул энэхүү хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Мөн өмгөөлөгч “Мөрдөгчийн магадлагаа”-тай холбоотой гомдлыг шат шатны прокурорт хандан гаргаж байгаа үйл баримт байх тул энэхүү хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хэсэгчилж хангах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзэв.

            Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, уг прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана. ...” гэж хуульчилсан бөгөөд хэргийн оролцогч нараас хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл 3 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй, хавтаст хэрэгт дээрх баримт авагдаагүй байна.

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрх зүйн зохицуулалт хуульчлагдсан болно.

            Иймээс Э.Эт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/777 дугаар “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ