Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 214/МА2022/00001

 

Н.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох  тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай, түүний өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 09 сарын 11-ний өдөр санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, цаг ашиглалтыг харгалзан 1 нягтлан бодогчтой болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Ингээд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 09 сарын 16-ны өдрийн Б/76 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн өдөр байгууллагын захирлын А/47 тоот тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдсон. Ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэж үзээд ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Нягтлан бодогч ******* ажил үүргийн хуваарь шинэчлэгдээгүй тул тооцооны нягтлан бодогчийн ажлыг авахгүй гэсэн тул би ажлаа өгөөгүй. Гэтэл 10 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, хүлээн авсан. Маргааш нь би Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд надтай тохиролцох талаар юу ч яриагүй. Би захиралтай уулзахад чи заргалдаад ажлаа олж аваарай гэж хэлсэн. Надад тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн тухай баримтыг харуулаагүй. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон мэдэгдэх хуудас өгөөд гарын үсгээ зур гэж тулгасан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө дарамт шахалтын улмаас өгсөн. Манай байгууллагад нярвын орон тоо 2 байсан. Тэгэхдээ 1 нярав ажиллаж, 1 орон тоо сул байсан. Тухайн үед нярвын сул орон тоон дээр намайг ажиллуулах боломжтой байсан. Гэвч намайг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 2 хоногийн дараа нярав ажилд авсан байсан. Үүнээс хойш буюу 11 сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын бүтэц орон тоо шинэчлэх тухай тушаал ирсэн байсан. Тэгэхээр намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа уг тушаал гарсан. Тиймээс би тооцооны нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн онд батлагдсан орон тоо, цалин хөлс батлагдсан байдаг. Тооцооны нягтлангийн бүтэц орон тоо, цалин төсөвт суусан байсан.

...Тооцооны нягтлан бодогчийн орон тоог байхгүй болгосон шийдвэр намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан. Үнэхээр ийм шийдвэр гарсан бол дараа ондоо бүтэц орон тоо өөрчлөгдөх ёстой. Тухайн үед нярав болон захиргаа аж ахуйн орон тоо сул байсан. Гэвч надад уг ажлын байрыг санал болгоогүй. Тухайн үед захирал маш ширүүн байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж бодож байна. Намайг ажлаас хална гэсэн. ...Би одоо нярвын орон тоонд ажиллах хүсэлтэй байна. ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.*******ын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 08-ны өдөр сургуулийн захирлын А/50 дугаар тушаалаар өөрчлөн баталж мөрдүүлсэн. Тус албан тушаалын тодорхойлолтын зорилго нь суралцагчдын тэтгэлэг, хоолны мөнгийг сар бүр бодох, багш, ажилчдын цалин хөлсийг программд бодох, бараа материалын орлого, зарлагыг хийх, нийгмийн даатгал, татварын шимтгэлийн тайлан бичих, дотуур байрны суралцагчдын сар бүрийн хоолны тооцоо, орлого зарлагыг бодох зэрэг ажлууд хийгдэхгүй болсон. Мөн 2020 онд манай байгууллага ижил төстэй чиг үүрэг бүхий ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч гэсэн 2 орон тоотой, 1 няравтай ажиллаж байсан. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хангалтгүй, үндсэн болон эргэлтийн хөрөнгө хариуцсан 2 няравтай байх хэрэгцээ, шаардлага үүсч ажлын давхцалыг арилгах, санхүүгийн ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах нөхцөл байдал бий болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас томилогдсон ажлын хэсэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэх судалгаа хийж уг байгууллагын нягтлан бодогчийн орон тоог 1 болгох, политехникийн коллежуудын нягтлан бодогчийн орон тоог суралцагчдын тооноос хамааран батлах тухай чиглэл гарсныг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нарт 2020 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мэдэгдсэн. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дах хэсэг, 22 дугаар зүйлд бүтэц орон тоог батална гэж заасны дагуу мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад шууд харьяалан удирдах дээд шатны байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар 09 сарын 14-ний өдөр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1 нягтлан бодогчтой байхаар батлагдсан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэн ажиллахыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төсвийн шууд захирагч нарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны А/185 дугаар тушаалаар даалгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Баатар-Очир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар батлагдсан орон тооны бүтцийг баримтлан Төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласан. Яамнаас ирсэн чиглэлийн дагуу тооцооны нягтлан бодогч Н.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу орон тоо цөөрүүлэх тухай мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Н.******* нь 2020 оны 09 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбоотой өөр ажилд томилогдох талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Тэгээд 2020 оны 10 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулан өгч, гарын үсэг зуруулсан. Н.******* нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч 2 сарын цалингийн дундаж хэмжээний мөнгөн тэтгэмжийг хүлээн авсан. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхөөр хуульчилсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00508 дугаар шийдвэрээр:

 

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.******* нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж шийдвэрлэлээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “..шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана...” гэж заасанчлан тухайн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг буюу нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаараа танилцуулж, шүүх яагаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа тайлбарласан.

Ингэж тайлбарлахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр ажлын байранд ажиллахыг хүсэж байгаа талаараа тайлбарлаж байна. Нэхэмжлэгчээс энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа эсэх талаар тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж тайлбарлаж байна.

Шүүх үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж үзсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан “...нэхэмжлэлийн бүрдүүлбэр...” хангаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл тухайн үед шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа тухайн маргааны үйл баримт болох Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаар бүхий ажлаас чөлөөлсөн тушаалд ямар нэгэн эрхзүйн дүгнэлт хийж, тухайн тушаалыг хуульд нийцсэн эсэх талаар тайлбарлаагүй.

Гэтэл шүүх шийдвэртээ ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэсэн ба нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчилж байна гэж үзлээ энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байгаа талаар тайлбарласан хэдий ч энэ талаар нэг ч үг үсэг шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод тайлбарласнаас өөр утга, агуулгаар шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй байна.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалаас халагдсан үндэслэлд дүгнэлт хийх бөгөөд харин нэхэмжлэгчийн урьд эрхэлж байгаагүй өөр ажил, албан тушаалд томилуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн тухайд анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үед өөрийнх нь ажиллаж байсан ажил, албан тушаалынх нь орон тоог цөөрүүлсэн, хасагдсан эсэх талаар мэдээгүй байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс нь хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон тоог өөрчилсөн бичиг баримт болох А/185 дугаартай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал нь гарсан байдаг.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн, хасагдсан эсэх талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж ирүүлсэнтэй танилцаад нэгэнт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь орон тооны цомхотголд орж байхгүй болсон тул өөрийнх нь эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах хүсэлттэй байгаагаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээр тодорхойлсон байдлыг ойлгох ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.

Үүний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон ямар учир шалтгаантай болох талаараа тодорхойлсон. Уг үндэслэлд тулгуурлан хариуцагч Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо нэгэнт цомхотгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага буюу нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх шалтгаан нь хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэж үзэх боломжгүй.

Мөн шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд

Гэтэл Хөдөлмөрийн хуульд ажил олгогч нь ажилтантай тохиролцох талаар дурьдсан байхад шүүхээс нэхэмжлэгч нь ажил олгогчтой тохиролцох боломжтой гэж тайлбарласан нь буруу болжээ. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн заалтыг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх хүсэл зориг байгаагүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласаар байтал шүүхээс ингэж тайлбарласанд гайхаж байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул гэжээ.

Тухайн маргааны үйл баримт болох нэхэмжлэгч Н.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн баримт бичиг болохынхоо хувь хуульд нийцэж шаардлагад хангасан байх нь зүйтэй. Гэтэл уг тушаал анхан шатны шүүхийн тайлбарласанчлан нь зохих шаардлагыг хангаагүй юм.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэх боловч тухайн тушаалд энэ талаараа огт дурьдаагүй.

Хариуцагч нь тушаалдаа хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ажлаас нь чөлөөлсөн боловч яг аль үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаагаа тушаалдаа тусгаагүй.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг нь 3 агуулгаар буюу аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх байдлаар хэрэгждэг. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа тухайн 3 үндэслэлээс яг аль үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаагаа дурдаагүй.

Мөн түүнчлэн хариуцагч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл орон тоог цөөрүүлэх, хасах нь ялгаатай ойлголт гэдгийг шүүхээс ч анхаарч үзэлгүй орон тоог цөөрүүлсэн гэж дүгнэсэнд гайхаж байна.

Орон тоо цөөрүүлэх гэдэг нь хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгох юм.

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч гэсэн 2 нягтлан бодогчийн орон тоотой байх ба дээрх 2 нягтлан бодогч нь эрх хэмжээ, гүйцэтгэх ажил үүрэг гэх мэт өөр өөр эрх үүрэгтэй ажил албан тушаал байдаг. Энэ тохиолдолд орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл орон тоог цөөрүүлэх асуудал нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбарласнаар зохион байгуулалтын бүтцийн адил, ажил албан тушаалын хэд хэдэн орон тоо байгаа тохиолдолд яригдах юм. Тодруулбал 2 тооцооны нягтлан бодогч, 2 ерөнхий нягтлан бодогч ажиллаж байгаа тохиолдолд яригдах асуудал гэдгийг шүүхээс анхаарч үзсэнгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...Ажил олгогч тухайн үед хариуцагч тал хоорондоо тохиролцоогүй гэж тайлбарладаг. Энэ тохиролцоогүй тал дээр нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа өөрийн нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1-т 1.1.давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх өгнө үү” гэв.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.******* нь Хөвсгөл аймаг дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан /тооцооны нягтлан бодогч/-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир  шүүхэд гаргасан тайлбартаа: ... сургууль ерөнхий нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 1 гэсэн 2 нягтлан бодогчтой байсан бөгөөд 1 нягтлан бодогчтой болох шаардлага үүссэн тул  тооцооны нягтлан бодогчийн орон тоон дээр ажиллаж байсан Н.*******ыг ажлаас нь чөлөөлсөн 2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 16-ны хооронд ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй тул ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Н.******* нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/28 дугаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар тооцооны нягтлан бодогчоор түр орж, 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн Б/74 дугаар тушаалаар тооцооны нягтлан бодогчоор жинхлэн ажиллуулсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн  үйл баримт  тогтоогджээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтцийг баталсан  Хөдөлмөр нийгэм  хамгаалалын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар /...Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/-д ... ерөнхий нягтлан бодогч 1 нягтлан бодогч 0 байхаар баталжээ. /х.х-ийн 62.68/

Дээр дурьдсан сайдын тушаалаас үзэхэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нягтлан бодогчийн орон тоо 1 байхаар зохицуулсныг үндэслэн ажил олгогч тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн нь тогтоогдсон байна. 

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1 дэх заалтуудыг удирдлага болгож “тооцооны нягтлан бодогч”-ийн орон тоог цөөрүүлж байгаа талаар нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн зэрэг нь тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн байна./х.х-ийн 5,6/

 Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, харин тодруулж байна гэсэн үндэслэлээр нярвын ажилд томилуулах тухай хүсэлт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагаагүй урьд ажиллаж байгаагүй албан тушаалд томилуулах тухай шаардлага гаргах үндэслэлгүй боломжгүй юм.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдсан гомдолдоо “... шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид тайлбарласнаас өөр утга агуулгаар шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй байна” гэсэн гомдол бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зөв тайлбарласан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                       ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                    

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР