| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08604/И |
| Дугаар | 191/ШШ2025/05483 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05483
2025 06 17 191/ШШ2025/05483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт оршин суух, Б овогт Б.С /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................., өөрийн байранд байрлах, Г ХК /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Ц.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г ХК-д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Иргэн Б.С нь ................ аймгийн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2005 онд тэтгэвэрт гарч Улаанбаатар хотод амьдрахаар болж, 2013 онд хүү нь Г-наас 98,000,000 төгрөгийн зээл авч байр авсан. Байрандаа амьдарч байх хугацаанд жижиг доголдлууд гараад Иргэний хэргийн шүүхээр 3 жил гаруй явсан бөгөөд энэ хооронд зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн...
Г-наас зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн .................................. тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг 2021 онд дуудлага худалдаанд оруулж хоёр дах дуудлага худалдаагаар 30,000,000 төгрөгөөр борлуулсан.
Гэтэл 2021 онд дээрх байрны зах зээлийн ханш нь 130,000,000 төгрөг байсан учраас зөрүү 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.5.4-т заасны дагуу барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй.
Иймээс хариуцагчаас 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банкны зүгээс зээлдэгч Ч.Б-тай 2013.10.07-ны өдөр ЗГ000000000 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 98,328,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгосон.
Уг зээлийн гэрээний 30 хувьд нь Ч.Б, Б.С нарын өмчлөлийн .................................. тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй байсан учраас 2019.05.31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019.10.07-ны өдөр 181/ШШ2019/01951 дугаартай шийдвэрээр Ч.Б, Б.С нараас 107,100,912.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 763,650 төгрөг тус тус гаргуулж банканд олгох, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас Гнаас 2019.12.16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, маргаан бүхий орон сууцтай холбоотой ажиллагаа хийгдэж, шинжээчээр үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар мэдэгдлийг талуудад мэдэгдэж, холбогдох ажиллагааг хийсэн.
Ингээд 2 дах дуудлага худалдаагаар .................................. тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууц 30,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, манай байгууллагад энэ төлбөр шилжиж орж ирсэн.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн дагуу гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
Одоо манай банкинд нийт 77,864,562 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа учраас орон сууцны зөрүү төлбөрт 100,000,000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2024.10.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 587,800 болон 70,200 төгрөг төлсөн төлбөрийн баримт /хх-ийн 2,3 х/
-2024.08.29-ний өдрийн 1109 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 4,5 х/,
-2024.08.16-ны өдрийн Г ХК-иас иргэн Б.С-д өгсөн хариу тайлбар /хх-ийн 6 х/,
-2021.02.05-ны өдрийн 2/4 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-ийн 7 х/,
-2024.08.27-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 8 х/,
-................ аймгийн ............ сумын .......... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 9 х/,
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 10 х/,
- Утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа/хх-ийн 11 х/,
-Дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 12-23 х/,
-2024.08.28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 24 х/,
-2025.01.29-ний өдөр Д.Д-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 88 х/
-Хас үнэлгээ ХХК-ийн тайлан /хх-ийн 99-112 х/,
-Хөрөнгийн үнэлгээний тухай баримт /хх-ийн 122/
-Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 123 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
4.Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 42-43 х/,
-2013.10.07-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ болон БГ000000000-А дугаартай Ипотекийн гэрээ /хх-ийн 44-53 х/,
-Ү-000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 54 х/,
-Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 55 х/,
-2019.11.14-ний өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас болон Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 56-58 х/,
-2019.10.07-ны өдрийн 181/ШШ2019/01951 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 59-64 х/,
-2019.12.16-ны өдрийн 09/4547 дугаартай Г-ны хүсэлт /хх-ийн 65 х/,
-Зээлийн дансны хуулга /хх-ийн 66-69 х/,
-2020.10.22-ны 4-162/38051 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот /хх-ийн 70-82 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
5.Тус шүүхийн 2025.05.16-ны өдрийн 191/ШЗ2025/21806 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн 131-138 хуудсанд авагдсан баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г ХК-д холбогдуулан гаргасан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Г-наас зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн .................................. тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг 2021 онд дуудлага худалдаанд оруулж хоёр дах дуудлага худалдаагаар 30,000,000 төгрөгөөр борлуулсан. Гэтэл 2021 онд дээрх байрны зах зээлийн ханш нь 130,000,000 төгрөг байсан учраас зөрүү 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.5.4-т заасны дагуу барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Хариуцагч Г ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.07-ны өдөр 181/ШШ2019/01951 дүгээр шийдвэрээр Ч.Б, Б.С нараас 107,100,912.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 763,650 төгрөг тус тус гаргуулж Г-д олгох, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн...
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад .................................. тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууц нь 2 дахь дуудлага худалдаагаар 30,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, манай байгууллагад энэ төлбөр шилжиж орж ирсэн.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн дагуу гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
Одоо манай банкинд нийт 77,864,562 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа учраас орон сууцны зөрүү төлбөрт 100,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2013.10.07-ны өдөр БГ000000000-Б дугаартай Ипотекийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь хүү Ч.Б-ын банктай байгуулсан мөн өдрийн ЗГ000000000 дугаартай орон сууцны зээлийн гэрээний 30 хувь 60,000,000 төгрөгт Ч.Б, Ч.С нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй ................................ тоот хаягт байрлах, ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 51 хуудасны ар талаас 53 х/
Дээрх гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардах эрхийнхээ хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Б, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 107,100,912 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.07-ны өдөр 181/ШШ2019/01951 дүгээр шийдвэрээр хариуцагч Ч.Б, Б.С нараас зээлийн гэрээний үүрэгт 107,100,912 төгрөгийг гаргуулан Г-инд олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох Ч.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, .............................. тоот хаягт байршилтай, 000 м.кв талбай бүхий ......... өрөө орон сууц, Ч.Б, Б.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, ................................ тоот хаягт байршилтай ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба энэхүү хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм. /хх-ийн 59-64 х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.07-ны өдөр 181/ШШ2019/01951 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Ч.Б, Б.С нар уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2019.11.14-ний өдөр 181/ШЗ2019/12793 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 888 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байна. /хх-ийн 56, 57-58 х/
Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид 2020.10.22-ны өдөр хүргүүлсэн 4-162/38051 тоот Мэдэгдлэл-ээр ................................... тоот хаягт байршилтай ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг 2020.10.08-ны өдрийн 20280096/03 дугаар тогтоолоор хураасан тул үнийн саналыг төлбөр авагч /өмчлөгч/-тай харилцан тохиролцож тогтоон 2020.10.26-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-ийн 70 х/
б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ................................ тоот хаягт байршилтай ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцны үнэлгээг шинжээчээр тогтоолгоход Сэлэнгэ эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 46,633,827 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 122 х/
Энэхүү үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч нь 2021.01.06-ны өдөр 1/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, маргааны зүйл болсон ................................ тоот хаягт байршилтай ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 46,633,827 төгрөгийн 70 хувиар буюу 32,643,678 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож дуудлага худалдаагаар албадан борлуулахаар нийтэд мэдээлсэн байх боловч Засгийн газрын 2020.11.15-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг үндэслэн Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. /хх-ийн 74, 122 х/
Ингээд шийдвэр гүйцэтгэгч 2021.02.02-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, үнэлгээчний тогтоосон үнэ болох 46,633,827 төгрөгийн 50 хувь буюу 23,316,913 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэхээс гадна өдөр тутмын сонинд зарлуулжээ. /хх-ийн 77, 138 х/
Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 30,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, уг төлбөрийг шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгчид орон сууцыг султган чөлөөлөхийг мэдэгдсэн байх ба зохигч энэ талаар маргаагүй. /хх-ийн 81, 82 х/
Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.07-ны өдөр 181/ШШ2019/01951 дүгээр шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба нэхэмжлэгч Б.С нь энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд хандаж гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байна.
Иймд шүүх хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн дагуу гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй... гэх тайлбарыг бодит байдалд нийцсэн гэж үзлээ.
4.2. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу төлбөр төлөгч Ч.Б 0000-00-00-ны өдөр нас барсны улмаас түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, .............................. тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбай бүхий ......... өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн үлдэгдэл 77,100,912 төгрөгийн төлбөрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өвийн асуудал шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзсэн байна.
Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцаа нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.С, хариуцагч Г ХК-ийн хооронд үүрэг нь дуусгавар болоогүй 77,100,912 төгрөгийн өр төлбөртэй, энэхүү үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон үйл баримт тогтоогдохгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тусгайлсан журмын дагуу явагддаг шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой маргаан байх тул зөрүү төлбөрийн асуудлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.
Иймээс хариуцагч Г ХК-иас ................................ тоот хаягт байршилтай ....... м.кв талбайтай, ......... өрөө орон сууцны үнийн зөрүү 100,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-гийн тэмдэгтийн хураамжид 2024.10.21-ний өдөр төлсөн 658,000 төгрөг /587,800+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХК-иас 100,000,000 төгрөг гаргуулах тухай Б.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн тэмдэгтийн хураамжид 2024.10.21-ний өдөр төлсөн 658,000 төгрөг /587,800+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА