| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0315/э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Б.М/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.М холбогдох эрүүгийн 1811007480257 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.М, 1974 оны 9 дүгээр сарын 1-ний Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-46/б тоотод оршин бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамж 957/г тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 4-ний орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-957 тоотод иргэн Д.Зоригтын хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Зоригт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхбаяр хутга барьчихсан байсныг санаж байна. Мөнхбаяр миний биед гэмтэл учруулсан гэж бодож байна. Тухайн үед миний хүйсний доод хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай байсан. Госпиталийн эмч нар үзээд хутгалсан шарх хэвлийн хөндий рүү нэвтрээгүй байна гэж үзээд эмнэлгээс гаргасан. ...Мөнхбаяр надад 350.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж өөрөө өгсөн. Одоо миний байдал бүрэн эдгэрсэн байна. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-12/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №3311 дугаар дүгнэлтэд:
“1. Д.Зоригтын биед хэвлийд оёдол тавигдсан шархтай гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх-22/.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29-30/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 4-ний орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-957 тоотод иргэн Д.Зоригтын хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Зоригтын “…Мөнхбаяр хутга барьчихсан байсныг санаж байна. Мөнхбаяр миний биед гэмтэл учруулсан гэж бодож байна. Тухайн үед миний хүйсний доод хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай байсан. Госпиталийн эмч нар үзээд хутгалсан шарх хэвлийн хөндий рүү нэвтрээгүй байна гэж үзээд эмнэлгээс гаргасан…” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №3311 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Мөнхбаярт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Зоригт нь “…Мөнхбаяр надад 350.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж өөрөө өгсөн. Одоо миний байдал бүрэн эдгэрсэн байна. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй…” гэж мэдүүлсэн байх тул гэм хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч Б.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 22 см урттай, ажлын хэсэг 12 см, бариулын хэсэг 10 см хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болмогц устгах, мөн битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 22 см урттай, ажлын хэсэг 12 см, бариулын хэсэг 10 см хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН