Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/551

 

 

 

 

         2024           05            09                                    2024/ДШМ/551

 

О.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Ц.Батзаяа,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2311005801415 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар байрны 87 тоотод хохирогч И.Бий өмчлөлийн гар утас, зөөврийн компьютер, чихэвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч О.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч О.Төөс 4.790.000 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6-87  тоотод тур оршин суух, Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг 49-15 тоотод  оршин суух Аш Авад овогт И.Б-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын явцад буцаан судлуулах хэд хэдэн зүйл байгаа болно. Хохирогчийн алдсан гэх Red Mi Note гэдэг загварын утас 2 ширхэг байсан. Мөн IPHONE SE загварын утас байсан. Би тухайн үед Galaxy S10 загварын улаан утас барьдаг байсан. Тэр IPHONE SE утас нь бас улаан өнгөтэй байсан. Тэрийг гэрч Осоржиний мэдүүлгээр “2 улаан утастай” гэж мэдүүлсэн байсан. Мөн эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдлыг минь харгалзан үзэж, эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Тийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж болохоор байна. Иймд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруутай эсэхэд маргаж байгаагүй. Харин тэрээр нь шүүхийн шатнаас оргон зайлж, шүүхээс эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэргийг түдгэлзүүлж, түүнийг олж тогтоон цагдан хорьж, хэргийг шийдвэрлэсэн. О.Т хохирол, төлбөр 4,790,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлдэг. Хохирол төлбөр төлөх тухай бодитой, идэвхтэй үйлдэл хийсэн тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн О.Т “тухайн эд зүйл минийх, өөр эд зүйлс байсан” тухай ярьдаг. Хэргийн үйл баримтын хувьд хохирогч болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тухайн хохирогчийн алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон. Хохирогч эд зүйлээ алдсан гэж мэдүүлдэг. О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм загварын утас байсан гэж ярьж байгаагүй, давж заалдах шүүхийн шатанд мэдүүлж байна. О.Т өмнө нь хэд хэдэн удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан. Хулгайлах гэмт хэргийг үйлдэж ял шийтгэгдэж байхдаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан. Суллагдсан даруйдаа энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь өмнөх ялын зорилго биелэгдээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тухайн үйл баримт, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6 дугаар байрны 87 тоотод хохирогч И.Бий өмчлөлийн гар утас, зөөврийн компьютер, чихэвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч И.Бий “...Төгөлдөрийн унтаж байсан орны ширээний хажууд байсан цүнхэн дотор байсан нөүтбүүк, студийн ширээн дээр байсан чихэвч, гар утас зэрэг зүйлс байхгүй байсан. Би мэдсэн даруйдаа Төгөлдөрийн 94504913 дугаарын утас руу залгатал утсаа авахгүй байж байгаад намайг блоклочихсон. Тэгэхээр нь би фейсбүүк болон инстаграмаар “авсан юмнуудаа авчирч өгөөд зүгээр сал, хүн хаяагаа хадардаггүй шүү” гэсэн утгатай чат бичтэл миний бичсэн чатыг уншчихаад намайг блок хийчихсэн. ...” /хх 25-26/,

 

гэрч Э.Цийн “...17 цагт би босоод гарах гээд хувцасаа солихоор жижиг өрөө рүүгээ ортол Төгөлдөр байхгүй байсан. Миний цүнхэнд байсан эд зүйлсийг гаргаад газар чулуудчихсан байсан. Тэгэхээр нь би Билгүүн л миний цүнхийг Төгөлдөрт өгөөд явуулчихсан юм байлгүй гэж бодоод нэг их тоогоогүй. Би хальтхан дэлгүүр ороод хүнс авчихаад буцаад гэр рүүгээ 18 цаг 20 минутанд орсон чинь Билгүүн “Төгөлдөр миний юмнуудыг аваад явчихаж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр миний цүнхэнд Билгүүний юмнуудыг хийгээд аваад явсан байна гэж мэдсэн. ...” /хх 28/,

О.Тийн яллагдагчаар “...Билгүүн унтаж байхаар нь би миний унтсан орны дээр байсан нөүтбүүк, Макбүүк, ширээн дээр байсан эйр под чихэвч, орны дээр байсан цүнхэн дотор байсан редми 11 загварын гар утсыг аваад гэрээс нь гарсан. Намайг гэрээс нь юмнуудыг нь аваад гарахыг Билгүүн мэдээгүй. Авсан юмнуудаа фэйсбүүк дээр зар тавьж байгаад тус тусад нь зарсан. ...” /хх 9/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдолд мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 41-42/, О.Тийн Хаан банкны дансны хуулгууд /хх 51-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Т ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч О.Т “...хохирогчийн алдсан гэх Red Mi Note гэдэг загварын утас 2 ширхэг байсан. Мөн IPHONE SE загварын утас байсан. Би тухайн үед  Galaxy S10 загварын улаан утас барьдаг байсан. Тэр IPHONE SE утас нь бас улаан өнгөтэй байсан. Тэрийг гэрч Осоржиний мэдүүлгээр “2 улаан утастай” гэж мэдүүлсэн байсан...” гэсэн гомдлын тухайд дээрх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд О.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ