| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0935/З |
| Дугаар | 128/ШШ2025/0967 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Г.Б, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан Н п к ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Н п к ХХК.
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нийслэлийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: М гол ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/609 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Н п к ХХК нь ******* дүүргийн ******* нэртэй 32.9 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, Нийслэлийн Засаг дарга хуулийн дагуу дүгнэлт гаргуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.
1.2.Гэвч Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр уг талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, энэхүү дүгнэлт нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй бөгөөд талбайд ямар нэгэн хязгаарлалт, хориг байхгүй нь албан ёсны цахим мэдээллээр нотлогддог.
1.3.2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10/4149 дүгээр албан бичгээр уг дүгнэлт үндэслэлгүй гарсныг дахин баталгаажуулсан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч шийдвэрлэгдээгүй байна.
1.4.Компанийн хүсэлт гаргасан талбайд хуульд заасан хязгаарлалт байхгүй атал Кадастрын хэлтсийн дарга үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаснаар компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул уг дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна.
1.5.Анх 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар М гол ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын MV-01*******2 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
1.6.2018 оны 09 дүгээр сарын 04-нд 07/11 дүгээр Эвлэрлийн гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 12-нд шүүхийн захирамжаар баталгаажсан.
1.7.Гэрээний дагуу нэхэмжлэгч 3 сарын дотор (2018 оны 12 дугаар сарын 12 хүртэл) тодорхой үүргүүдийг биелүүлэх ёстой байсан ч М гол ХХК гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлээгүй.
1.8.Эвлэрлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 7 жилийн дараа (2025.05.01) нийслэлийн Засаг дарга А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь гэрээний заалт болон шүүхийн баталгаажуулсан захирамжийг зөрчсөн, Засаг дарга өмнө нь олон удаа сэргээхээс татгалзсан хариу өгч байсан атлаа нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад гэнэт сэргээсэн нь үндэслэлгүй.
1.9.Эвлэрлийн гэрээний хугацаа дууссан, үүрэг биелэгдээгүй тул эрх, үүрэг дуусгавар болсон, шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой ч Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний захирамжаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь хууль бус. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй.
1.10.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Н п к ХХК нь ******* дүүргийн ******* нэртэй 32.90 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, өргөдөл ******* дугаарт бүртгэгдэж, зураг зүйн болон холбогдох шүүлт хийхэд тухайн талбай нь зуун модны барилгын элсний ордтой давхцсан.
2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-д заасны дагуу талбай нь эрдсийн хуримтлалтай эсэхийг шүүж үзэхэд давхцал гарсан. Үүний улмаас Кадастрын хэлтсийн даргын 2023.03.28-ны өдрийн ******* дугаар дүгнэлт гарч, Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
2.3.2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 023/100 дугаар хүсэлтийн хариу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10/4149 дүгээр албан бичгээр татгалзсан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны 023/11 дүгээр албан бичиг (хүсэлт)-ийн хариу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4633 дугаар албан бичгээр мөн татгалзсан.
2.4.Аль аль тохиолдолд талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, тусгай хэрэгцээнд авсан, эсвэл өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгаа гэх үндэслэлээр татгалзсан.
2.5.Н п к ХХК-ийн хүссэн талбай нь зуун модны барилгын элсний ордтой давхцаж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.
2.6.Иймд Н п к ХХК-ийн хүссэн талбай нь ашигт малтмалын ордтой давхцсан тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлт хууль ёсных тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
3.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/509 захирамжаар М гол ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 559 захирамжаар тусгай зөвшөөрлийг нөхцөл болзол биелүүлсний дараа сэргээхээр шийдвэрлэж, талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан.
3.2.Нийслэлийн Засаг дарга 2019 оны А/640 захирамжаар Эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.
3.3.М гол ХХК-аас гаргасан нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн М гол ХХЗ-ийн MV-01*******2 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн сэргээхээс татгалзсан 03/3081 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалтгах тухай нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхийн 2024 оны 768 шийдвэр, 2024 оны 766 магадлалаар хэрэгсэхгүй болгосон.
3.4.Анхан шатны шүүх 2025 оны 342 захирамжаар өмнөх 2018 оны захирамжид өөрчлөлт оруулж, MV-01*******2 дугаар тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцохоор шийдвэрлэсэн.
3.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тусгай зөвшөөрлийг сэргээх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад мэдэгдсэн, улмаар нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2025 оны А/609 захирамжаар гуравдагч этгээдийн MV-01*******2 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн.
3.6.Иймд Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээсэн тул Н п к ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.
Дөрөв.Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
4.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар 01-ний өдрийн А/609 захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор гарсан захиргааны эрхийн акт бөгөөд үүнийг дахин маргаан үүсгэж шүүхэд хянан шийдвэрлүүлэх нь хуульд нийцэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, захирамжийг дахин маргаан болгож гаргах боломжгүй.
4.2.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд М гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, өөртөө олгуулах зорилго агуулсан нь хуульд нийцэхгүй. Шүүхээс тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох боломжтой дүгнэлт гаргах-ыг хүссэн нь биелэгдэх боломжгүй бөгөөд энэ нь өмнөх шүүхийн захирамжуудаар (2018 оны 128/ШШ2018/0559, 2025 оны 128/ШЗ2025/0342) тодорхойлогдсон.
4.3.Нэхэмжлэгчийн анхны болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан үйл баримтуудыг шүүх өмнө нь дүгнэж, шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр хууль хүчин төгөлдөр болсон. Иймд өмнөх шийдвэрийг үгүйсгэн дахин захиргааны хэрэг үүсгэх боломжгүй.
4.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-д зааснаар зөвхөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага нь бусдын сэргээгдсэн тусгай зөвшөөрлийг өөрт шилжүүлэх агуулгатай тул энэ нь шүүхийн харьяаллын бус үндэслэлд хамаарна.
4.5.Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн, дахин маргаан үүсгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, эсхүл 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах ёстой гэж гуравдагч этгээд үзэж байна.
4.6.Иймд нэхэмжлэгчийн шаардлага нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, бусдын тусгай зөвшөөрлийг өөрт шилжүүлэх зорилготой тул хуульд нийцэхгүй, харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.
3.Нэхэмжлэгч Н п к ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Н п к ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой дүгнэлт гаргаж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/609 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж нэмэгдүүлсэн.
4.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ Кадастрын хэлтсийн дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хуульд заасан үндэслэлгүй байхад олгох боломжгүй дүгнэлт гаргасан нь хууль бус, олгох боломжгүй нөхцөл байдлыг тогтоогоогүй, нийслэлийн Засаг дарга манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд М гол ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон нь үндэслэлгүй, компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх ноцтой зөрчигдсөн гэж тайлбарлан маргасан.
5.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
5.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26-02 дугаар дүгнэлтээр нийслэлийн ******* дүүргийн ******* 1962/Х элсний ордод 2006 онд хийсэн хайгуулын ажлын тайлан дахь ордын барилгын элсний бодитой (В) нөөцийг хүлээн авсан.
5.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар тушаалаар ******* 1962/Х ордын барилгын элсний бодитой (В) нөөцийг 348 486.0 м3-ээр хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн, улмаар 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* нэртэй, 33 гектар талбай бүхий уурхайн талбайд М гол ХХК-д ашигт малтмал ашиглалтын 1*******2А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон.
5.3.Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулан М гол ХХК тус захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр болсон, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8734 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
5.4.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний биелэлтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгээс ... М гол ХХК эвлэрлийн гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэх 03/498 дугаар албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
5.5.М гол ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 17, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8734 дүгээр захирамжийг биелүүлэх талаар хүсэлт, гомдол тус тус гаргасан.
5.6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн байгаль орчны газарт дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа хандсан, нийслэлийн Засаг дарга М гол ХХК нь шүүгчийн захирамжаар батлагдсан Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй талаарх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухай бүр мэдэгдэж байсан.
5.7.М гол ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн М гол ХХЗ-ийн MV-01*******2 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн сэргээхээс татгалзсан 03/3081 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн, нэхэмжлэгч М гол ХХК нэхэмжлэлээсээ татгалзсанаар Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 342 дугаар захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 8734 дүгээр захирамж-д өөрчлөлт оруулсан.
5.9.Нийслэлийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт М гол ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-01*******2 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон байна.
6.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
6.1.М гол ХХК 2006 оноос ******* дүүргийн Зуун мод 1962/Х элсний ордод хайгуул хийж илрүүлсэн ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан, 2008 онд Ашигт малтмал ашиглалтын 1*******2А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
6.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна, 6.3-т Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно гэж тус тус заасан.
6.3.Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл тухайн тусгай зөвшөөрлийг авсан хуулийн этгээд зөвшөөрөл хүчинтэй байгаа бүх хугацаанд үндсэн шаардлагуудыг байнга хангаж байх ёстой, тухайлбал, хуульд заасан техникийн чадавх, байгаль орчныг хамгаалах нөхцөл, хууль ёсны бүртгэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангаж, зөвшөөрлийн хугацаанд тасралтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд нэг лицензийг хоёр, гурван компанид зэрэг олгох боломжгүй, зөвхөн нэг хуулийн этгээд эзэмших эрхтэй байна.
6.4.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор хуульчилсан.
6.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ, 14.1.4-д энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ гэж заасан.
6.6.Нэхэмжлэгч Н п к ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан ******* дүүргийн нутаг ******* нэртэй ******* дугаартай 32.92 гектар бүхий өргөдлийн талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй ч нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, өмнө нь өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон *******-ны барилгын элсний ордыг эзэмшиж байсан М гол ХХК-ийн МВ-******* дугаар ашиглалын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4/1399 дүгээр албан бичгийн хавсралт болох Уул уурхайн кадастрын зураг, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.7.Энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгч Н п к ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг бүртгэх боломжгүй талаар нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
6.8.Эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг эрж, хайж, илрүүлж, мэдээллийн санд бүртгэгдсэн, олборлолтоо явуулж, ашигт малтмал ашиглаж байсан энэ тохиолдолд тухайн талбайд шинээр хайгуул хийх, хайгуул-ын тусгай зөвшөөрөл олгох, улмаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хууль зүйн үндэсгүй юм.
6.9.Тодруулбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тухайн орд газрыг тодорхой хугацаанд, тодорхой нөхцөлөөр нэг аж ахуйн нэгжид ашиглах эрхийг хууль ёсоор олгосон тул нийслэлийн Засаг дарга өргөдлийг анхан шатны шүүлт хийж давхцал илрүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэлтэй.
6.10.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ... гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолоос харвал шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим нь зөвхөн шүүхийн эцсийн шийдвэрт бус шүүгчийн захирамжид ч нэгэн адил үйлчилнэ гэж тодорхойлсон.
6.11.Тодруулбал, уг тогтоолд шүүхийн шийдвэрийн эцсийн байх зарчим, түүний хэрэгжилт, бүх шатны шүүхийн гаргасан шийдвэр, захирамжийг биелүүлэх шаардлагыг нэг мөр ойлгож хэрэглэхээр заасан байна.
6.12.Хариуцагч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2025 оны А/609 дүгээр захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 559, 2025 оны 342 дугаар захирамжуудыг биелүүлж гаргасан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй, М гол ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-01*******2 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон-ы улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.
6.13.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н п к ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/609 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Н п к ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой дүгнэлт гаргаж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
ШҮҮГЧИД А.МӨНХ-ӨЛЗИЙ
Л.ХЭРЛЭНЧИМЭГ