Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 214/МА2022/00002

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Булган аймгийн Булган сумын * дугаар цэцэрлэгт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2021/00529 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын * дугаар цэцэрлэгт холбогдох,

 

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 363,594 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг “Түр орлон гүйцэтгэгч” Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар надад мэдэгдэж санал авалгүйгээр “туслах багш”-ийн албан тушаалаас “Гал тогооны бэлтгэгч” албан тушаалд шилжүүлэн томилохоор тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль зүйн актуудыг ноцтойгоор зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь туслах багш албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн N2472 тогтоолоор ТҮБД-1-2 шатлалын цалин хөлсийг 591,812 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Булган аймгийн * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай Б.*******ыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаалд заасан гал тогооны бэлтгэгчийн албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №472 тогтоолоор ТҮ-1-2 шатлалаар цалин хөлсийг 491,079 төгрөгөөр тогтоосон байдаг нь миний цалин хөлсийг 121,198 төгрөгөөр буурч байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д зааснаар “туслах багш”-д олгох тэтгэмжийг авах эрхээ эдлэх үүднээс миний бие туслах багшийн албан тушаалд тасралтгүй хөдөлмөрлөх хүсэлтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33,1 “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно” гэж зохицуулсан.

Булган аймгийн * дугаар цэцэрлэг нь сул зогсолт хийгээгүй, дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байхад ажилтны зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилж цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн үйлдэл юм.

Мөн Булган аймгийн * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот Б.*******д сануулах арга хэмжээ авах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Учир тус тушаалд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 3.1.46-д заасан ёс зүйн зөрчлийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133.1.1-д зааснаар хөдөлмөрийн сануулах шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаар тушаалын дагуу Гал тогооны бэлтгэгч албан тушаалд ажиллах явцад цалин хөлс буурсны улмаас 2021 оны 08 дугаар сард 121,198 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 121,198 төгрөг, 2021 оны дугаар сард 121,198 төгрөг дутуу авч хохирсон.

Иймд миний бие Булган аймгийн * дугаар цэцэрлэгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “Б.*******ыг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Булган аймгийн * дугаар цэцэрлэгийн туслах багш албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Цэцэрлэгийн туслах багш албан тушаалаас гал тогооны бэлтгэгч албан тушаалын зөрүү цалин хөлсөнд 363,594 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот “Б.*******д сануулах арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

  

 

Хариуцагч Булган аймгийн Булган сумын * дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2020 оны 12 дугаар сард * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдсон хугацаанаасаа хойш байгууллагын хүний нөөц болон албан тушаалыг судалж үзсэн. Мөн ажлын байрны онцлогтой танилцаж ажиллаж байтал хичээлийн шинэ жил дууссан. 2021 танхимаар хичээл ороогүй. Ихэнхдээ багш нараас гэрээс нь цахимаар ажиллах боломжоор хангаж ажилласан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай танхимаар хичээл орсон. Энэ хугацаанд би багш, ажилтнуудтайгаа ойр, бичиг баримтуудаа судалж ажилласан. Манай байгууллага 34 ажилтантай ба үүнээс 30 нь эмэгтэй. Ихэвчлэн миний насны хүмүүс ажилладаг. Тийм болохоор ажилчид төрөх, жирэмсэн, амаржсаны чөлөө авах тохиолдол их тул нэг нь нөгөөгөө нөхөж ажилладаг. Одоогоор манай байгууллагад 2 ажлын байранд 3 хүн ажиллаж байна. Гал тогооны бэлтгэгч ******* жирэмсэн, амаржсаны чөлөө авна. Энэ хүн түр орон тоонд ажиллаж байгаа. Үндсэн орон тооны ажилтан Б.******* юм. Харин ******* ******* гэдэг туслах багшийн оронд ажиллаж байгаа. Би урьд нь *******д хэлж байсан. Гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн томилно гэхэд надад юм хэлээгүй. Хажууд нь бүлгийн багш нар байсан. Гэтэл удалгүй 2-3 хоногийн дараа хуучин эрхлэгч над руу ярьсан. Туслах багш нар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амраасан. Тэгээд 2621 оны 08 дугаар сарын 01-ний өдөр багш, ажилчидтайгаа хальт уулзаж чиглэл өгсөн. ...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цуглахдаа ******* жирэмсний амралтаа авсан тул нэхэмжлэгчийг гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн ажиллана гэж хэлсэн. Ингээд *******ыг гал тогооны бэлтгэгчийн үндсэн ажилд нь томилсноос болж асуудал үүссэн. ******* 3 өдөр ажил хийгээгүй. Гал тогоонд ажиллахгүй гэсэн. Тухайн үед миний ээлжийн амралт дуусаагүй байсан тул хөдөө явсан байсан. Гэтэл надаас тушаалаа нэхээд байсан. Архив, бичиг хэргийг арга зүйч давхар хариуцан ажилладаг. Надад тушаал нь байхгүй байсан. Тэгээд манай ажилчид бөөнөөрөө цуглаж ажиллаад ковидын халдвар авсан. Эхлээд 5 хүн авсан. Ойрын хавтал гээд бусад ажилчид 14 хоног гэрийн хорионд байсан. ...Ийм учраас тушаалыг нь гаргаж өгөөгүй. ******* 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд над руу ах, эгч нараа яриулсан. Тэд нар нь намайг ямар нэг байдлаар хохирооно гэж дарамталсан. Жишээ нь эгч нь аудитад ажилладаг ******* гэдэг хүн ярьсан. Ингэхдээ нэхэмжлэгчийг туслах багшаар нь ажиллуул гэсэн. Бид хоёр ярилцаад ойлголцоод салсан. Гэтэл ах нь надтай уулзахаар ирсэн гэж утсаар ярьсан. Би *******д 2 жоохон хүүхэдтэйгээ байгаа тул гэрээсээ гарч чадахгүй байна гэж хэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээллийн газрын ажилтан гээд хүн ярьсан. ******* энэ хүмүүст түр орон тоон дээр ажиллаж байсан гэдгээ хэлээгүй байсан. Би ажилчдаа ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаагүй. Надад тийм ухамсар ч байхгүй. Гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн томилсон нь ажлын байрны маргааныг шийдвэрлэх зорилготой байсан. Би санхүүгийн асуудалд орохгүйн тулд байгууллагаа төлбөрт унагаахгүйн тулд ингэж шийдсэн. Би *******д он гараад 1 багш өндөр насны тэтгэвэрт гарах тул буцаагаад туслах багшаар нь томилно гэж маш тодорхой хэлсэн. Гэтэл ийм асуудал ярьж байна. Ёс зүйн зөвлөлийн хуралд би өөрөө орсон нь миний алдаа болсон байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хуулийн үндэслэлгүй хандсан байх. Сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Харин *******ын гаргаж байгаа хувь хүний үйлдэл цаашлаад туслах багшаар ажиллах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Манай өрөөнд Улаанбаатар хот явж сургуульд бүртгүүлнэ гээд 5 хоногийн чөлөө хүссэн өргөдөл бариад орж ирсэн. Би бүртгэл нь хаана байна гэхэд очиж байгаад авна гэсэн. Тэгээд байгууллагын дотоод журмаараа 3 хоногийн чөлөө олгоно гэхэд 2 хоногийн цалингүй чөлөө авъя гээд явчихсан. ... Би энэ хүнийг амьдрал ахуйгаар нь дарамталж, доромжилсон зүйл байхгүй. Би өмнө нь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах чиглэлээр 10 жил ажилласан хүн. Сахилгын зөрчил оногдуулсан тушаалыг шүүх үндэслэлгүй болгох шаардлагатай гэж үзвэл надад татгалзах зүйл байхгүй. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2021/00529 дугаар шийдвэрээр:

         “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган сумын Улсын тэргүүний * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот, 2021 оны 08 дугаар сарын 16-ны Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******ыг бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Булган сумын Хоёрдугаар цэцэрлэгээс цалингийн зөрүү 363,594 /гурван зуун жаран гурван мянга таван зуун ерэн дөрөв/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож,

  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Булган сумын * цэцэрлэгт даалгаж,

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган сумын * цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 11,557 /арван нэгэн мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулжшийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг үндэслэн Миний 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан Б/24 тоот тушаалыг хүчингүй болгосон заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь ажилтан Б.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан тухайн ажлын байран дээрх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр ажил олгогч талаас тавьсан саналын дагуу түүнийг үндсэн ажилд нь эгүүлэн томилсон болохоо 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот тушаалын 1 дүгээр зүйлд тусгасан болно.

Мөн Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүнд ажил олгогч талаас туслах багшийн түр ажлын байрны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, гал тогооны бэлтгэгчийн үндсэн ажилд нь эгүүлэн томилох саналаа урьдчилан мэдэгдсэн хурлын тэмдэглэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн уг хэргийн материалд хавсаргасан гэв.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ажлаас өөр ажил шилжсэн учраас өмнөх тушаал шийдвэртэй танилцъя гэхээр огт танилцуулаагүй. Бүх тушаал шийдвэрээр огт би өөрийн биеэр аваагүй. Намайг тухайн үед өрөөнөөсөө хөөж гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хэн нэгнийг албан тушаалаас бууруулах юм уу? сэлгэн ажиллуулах гэж байгаа тохиолдолд тодорхой саналыг бичгээр авч бичгээр хариу өгнө. Хариуцагчийн яриад байгаа 2 хүний орон тоо нь дээр 3 хүнийг ажиллуулж байна гэж тайлбарладаг. Тийм зүйл огт байхгүй. Б.*******ын ажиллаж байгаа орон тоо бол үндсэн орон тоо нь дээр ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажлаас халах эрхгүй байдаг. Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн * дугаар цэцэрлэгт холбогдуулан 2021 оны 08 дугаар 16-ны өдрийн Б/24 дугаартай ажилд шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  цалингийн зөрүү 363.594 төгрөг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны А/34 тоот “сануулах” арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Булган сумын * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.******* тайлбартаа: ...Б.******* анх 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар “гал тогооны бэлтгэгч” гэсэн орон тоон дээр түр ажилд орсон байдаг улмаар 2018-2020 хүртэл жирэмсэн амаржсаны чөлөөтэй байсан туслах багш нарын оронд “туслах багш” хийж байсан туслах багш Н.*******гийн амаржсаны чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа орох болсон тул “гал тогооны бэлтгэгч” гэсэн орон тоонд шилжүүлсэн, мөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд “сануулах” арга хэмжээ авсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Ажил олгогч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаар  нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх тухай тушаал гаргахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр 24.1, Засгийн газрын 2019 оны 4 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралт зэргийг үндэслэл болгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны  08 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар “гал тогооны бэлтгэгч”-ээр түр томилогдож 2020 оны 02 дугаар сарын 01-ний Б/05 дугаар тушаалаар “бүлгийн туслах багш” 2020 оны 10 дугаар сарын 02-ны Б/28 дугаар тушаалаар “дунд Б” бүлгийн туслах багшаас “дунд В” бүлгийн туслах багшаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар “гал тогооны бэлтгэгч”-ийн ажилд томилогдсон, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дугаар тушаалаар “сануулах” арга хэмжээ авсан  үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 4,5,6.16,17,56/

 Булган аймгийн * дугаар цэцэрлэгийн туслах багш Н.*******д 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар жирэмсний чөлөө олгож түүний оронд нэхэмжлэгч Б.*******ыг ажиллуулахаар 2021 оны 02 дугаар сарын 01-нээс  2022 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл туслах багшаар ажиллуулахаар  хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Туслах багш Н.******* нь чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон гэсэн үндэслэлээр 2021 оны 08 сарын 16-ны өдрийн ажилчдын хурлаар энэ талаар хэлэлцэж нэхэмжлэгч Б.*******ыг “гал тогооны бэлтгэгч” гэсэн орон тоон дээр ажиллуулах талаар мэдэгдэж ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар тухайн орон тооны ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” мөн хуулийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэсэнтэй нийцсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж,  Б.*******ыг цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь буруу байна.  

Туслах багш *******гийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох болсонтой холбогдуулан ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийн дагуу үндсэн ажилтныг ажил албан тушаалд нь эргүүлэн авахын тулд түр ажиллаж байсан Б.*******ыг урьд ажиллаж байсан гал тогооны бэлтгэгчийн ажилд томилсныг буруутгах боломжгүй юм. Ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь анх 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус 2 дугаар цэцэрлэгт гал тогооны бэлтгэгчийн ажилд түр тушаалаар томилогдон ажиллаж байсан ба 2018-2020 онуудад жирэмсний болон амаржсаны амралттай байсан туслах багш нарын ажлын байранд түр ажиллаж байсан байх тул тухайн ажлын байранд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцээгүй.

Харин анхан шатны шүүхийн ажил олгогч нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр А/34 дугаар тушаалаар “сануулах” арга хэмжээ авсан нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж үзэн тухайн тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.  4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 529 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот тушаалыг хүчингүй болгож” гэснийг хэвээр үлдээж, мөн заалтын “...69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган сумын * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******ыг бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Булган сумын * дугаар цэцэрлэгээс цалингийн зөрүү 363.594 /гурван зуун жаран гурав таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай” гэснийг болон шийдвэрийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай Б.*******ыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 363.594 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн бусад заалдтыг хэвээр үлдээсүгэй.

 

2 Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                       ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                    

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР