| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01079/И |
| Дугаар | 191/ШШ2025/05621 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05621
2025 06 24 191/ШШ2025/05621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт оршин суух, Ө овогт Ж.З /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт оршин байрлах бүртгэлтэй боловч ................ давхарт байрлах, Б ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 23,156,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С
Хариуцагчийн өмгөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 23,156,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие Б ХХК-тай 2024.03.14-ний өдөр 00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 2024.09.14-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, жилийн 22.5 хувийн хүүтэй, сар бүр хүү төлөх нөхцөлтэйгөөр өгсөн. Гэрээний хугацаа дуусахад Б ХХК-ийн зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьж 2 тал тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2024.10.30-ыг хүртэл гэрээний хугацааг сунгасан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлтөд дараах зүйлс орсон.
Үндсэн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2024.09.14-ний өдрийн хүүгийн төлбөр болох 515,958 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн төлбөр болох 30,000,000 төгрөг дээр энэхүү төлөөгүй хүүг нэмж үндсэн төлбөрийг 30,515,958.90 төгрөгөөр тооцож, 2024.10.30 гэхэд бүрэн төлж гэрээг дуусгавар болгох, гэрээг дахин сунгахгүй гэж тохиролцсон.
Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр заасан хугацаа дуусахад буюу 2024.10.30-нд ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа шаардуулж байж 2024.11.11-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг, хүүгийн хамт төлөөгүй.
Иймээс 00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.6, 3.7-д заасны дагуу үндсэн төлбөр, хүү нийлээд 23,156,031 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.
2.Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...30,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Үүнээс 10,000,000 төгрөгийг төлсөн учраас үлдэх 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хүү, алдангийн тооцоолол ойлгомжгүй тул зөвшөөрөхгүй.
Бидний тооцоолж байгаагаар нийт 21,415,886 төгрөгийн үлдэгдэл тооцоо гарсан. Гэрээн дээр яагаад алдангийг 20 хувь гэж оруулсныг мэдэхгүй. Иргэний хуульд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний 3.6 дахь заалт нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт байна... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.31-ний өдөр 273,731 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,
-2024.03.14-ний өдрийн №00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хавсралт, гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-ийн 3-6, 7, 8 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9 х/,
-Хны 2024.03.14-ний өдрийн 32672168 журналын дугаартай Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 10 х/,
-Хүү, тооцооллын хүснэгт /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.02.19-ний өдрийн 01 тоот Ц.С-ад олгосон итгэмжлэл /хх-ийн 15 х/,
-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 16 х/,
-Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-ийн 42 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 23,156,031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,740,145 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, хүү 1,415,886 төгрөг, нийт 21,415,886 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2.Хариуцагч нь үндсэн төлбөр 20,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Харин хүү, алданги 1,415,886 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а. Талуудын хооронд 2024.03.14-ний өдөр 6 сарын хугацаатай №00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ж.З нь Б ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, хүүгийн орлого олох, компани нь гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 3-6, 7 х/
б. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.З нь 30,000,000 төгрөгийг Б ХХК-ийн Х дахь 0000000000 тоот дансанд 2024.03.14-ний өдөр шилжүүлэх, хариуцагч нь 00000 тоот гэрээний хавсралт №1-д заасны дагуу 2024.09.14-ний өдөр үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,062,465.75 төгрөг, нийт 33,062,465.75 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн байна.
в. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
г. Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ нь Хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэгдсэн байх энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй. Учир нь хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах, гэрээнээс гарах, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг тогтоодогоороо онцлогтой.
д. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
е. Талууд хэн аль нь 2024.03.14-ний өдрийн №00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч нь 6 сарын дараа үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,062,465.75 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэрээг 2024.10.30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, үндсэн төлбөрт 30,515,958 төгрөг, хүү 899.928 төгрөг, нийт 31,415,886 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон, үүнээс 10,000,000 төгрөг төлөгдсөн тухайд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
4.Харин зохигчийн маргааны зүйл нь дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу хүү 1,415,887 төгрөгийг шаардах эрх үүссэн эсэх байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.
а. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
б. Хариуцагч нь 2024.03.14-ний өдрийн №00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу 2024.09.14-ний өдөр үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас талууд гэрээний хугацааг 2024.10.30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, үндсэн төлбөр 30,000,000 төгрөг дээр 2024.09.14-ний өдрийн хүү 515,958 төгрөгийг нэмж, үндсэн төлбөрийг 30,515,958 төгрөг, хүүний төлбөр 899,928 төгрөг буюу 31,415,886 төгрөгийг нэхэмжлэгч Ж.З-т төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн хариуцагч нь 2024.10.30-ны өдөр уг төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, гэрээний нэмэлт өөрчлөлтийн хавсралтаар тогтоогдож байна.
в. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж заасан.
Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2024.03.14-ний өдрийн №00000 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу хүү 1,415,886 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
г. Тодруулбал, 2024.03.14-ний өдрийн 00000 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн хавсралт№1 гэх хэлцлээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, хүүгийн талаарх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулсан, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байх тул хариуцагч Б ХХК нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.
д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
е. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,740,145 төгрөгөөр багасгасан тул хариуцагч Б ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүү 1,415,886 төгрөг, нийт 21,415,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Зт олгох үндэстэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 265,029 төгрөг гаргуулан Ж.З-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.31-ний өдөр төлсөн 273,731 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 21,415,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.З-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 265,029 төгрөг гаргуулан Ж.З-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,731 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА