| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01562/И |
| Дугаар | 191/ШШ2025/05623 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05623
2025 06 24 191/ШШ2025/05623
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................., өөрийн байранд байрлах, Х ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .............. тоот хаягт оршин суух, Д овогт Г.А /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,284,237.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.А нь Х-ны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн түүнтэй 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 000000000 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.68 хувийн хүүтэй зээлсэн.
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 000000000000000 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 400,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.68 хувийн хүүтэйгээр зээлсэн. Цалингийн зээлийн 000000000000000 дугаар гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 848,377.06 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүргийг хүлээсэн. Цалингийн зээлийн 000000000000000 дугаар гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 25-ны өдөр 16,967.54 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүргийг хүлээсэн.
Хариуцагч авсан зээлүүдийн эргэн төлөлтийг 2024 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй тул түүний гэрийн хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч гэрийн хаягаа өөрчилсөн байна. Түүний ашигладаг 00000000 дугаарын утсаар 2024.12.17-ны өдөр холбогдож, зээл төлөх мэдэгдлийг хүргүүлснээр хариуцагч 2024.12.24-ний төлөх нэмэлт хугацаа олгохыг хүссэн.
Нэмэлт хугацаанд зээл төлөөгүй тул түүнтэй дахин холбогдож шаардлагыг 2024.12.25-ны өдөр болон 2025.01.09-ний өдөр дахин гаргасан боловч үр дүн гараагүй.
Хариуцагч нь нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй заалт, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2024.06.07-ны өдөр 000000000000000 дугаартай гэрээ:
Үндсэн зээл 18,436,439.60 төгрөг,
Үндсэн хүү 1,380,675.65 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 25,909.81 төгрөг,
2. 2024.06.07-ны өдөр 000000000000000 дугаар гэрээ
Үндсэн зээл 376,454.37 төгрөг,
Үндсэн хүү 41,083.96 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 673.89 төгрөг
Шүүхэд нэхэмжлэх гаргахтай холбогдсон зардал 23,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч Г.А-тай байгуулсан 2024.06.07-ны өдрийн 000000000000000 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 19,843,025.06 төгрөг, 2024.06.07-ны өдрийн 0000000000 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 418,212.22 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 23,000 төгрөг, нийт 20,284,237.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Х ХК-д олгуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үнийн дүн 20,284,237.28 төгрөгийг 2025.07.25-наас 2025.12.31-ний хүртэлх хугацаанд бүрэн төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Г.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,284,237.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.А нь зээлийн гэрээний үүрэг 20,284,237.28 төгрөгийг 2025.07.25-ны өдрөөс 2025.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х ХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.11-ний өдөр төлсөн 259,371.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,371.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,284,237.28 төгрөгийг 2025.07.25-ны өдрөөс 2025.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х ХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г.А-аас тэмдэгтийн хураамжид 259,371.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.11-ний өдөр төлсөн 259,371.18 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА