Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Халиун /томилолтоор/,

шүүгдэгч Б.Нацагдорж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барбаатарын Нацагдоржид холбогдох эрүүгийн 709012810089 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Левел Арт Гаминг” интернет тоглоомын төвд админ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн Хүрээ хотхоны 205 дугаар байрны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК97042117 регистерийн дугаартай, Хэц овогт Барбаатарын Нацагдорж.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Б.Нацагдорж нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв бассейны орчим хохирогч Б.Мөнгөнсүхэд “Дота-2” тоглоомын “аркана зарна” гэж У.Нанжидаар дамжуулан 320.000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нацагдорж мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ““Дота-2” тогтоолмын аркана зарна” гэж фэйсбүүк хаягтаа зар тавьсан. Надтай У.Нанжид холбогдож Б.Мөнгөнсүхтэй холбож өгсөн. Б.Мөнгөнсүхээс 340.000 төгрөг авч 20.000 төгрөгийг У.Нанжидад өрөндөө өгсөн. Ингээд 320.000 төгрөгөөс Б.Мөнгөнсүхэд 70.000 төгрөгийн 1 ширхэг аркана өгсөн. Үлдэх 250.000 төгрөгийг өнөөдөр төлсөн. 150.000 төгрөгт нь 2 ширхэг аркана өгч, 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ талаарх баримт авч ирээгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд У.Нанжидийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, хохирогч Б.Мөнгөнсүхийн мэдүүлэг /хх-ийн 8-9/, Б.Мөнгөнсүхийн Голомт банкны данснаас мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 11/, Б.Нацагдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 12-22, 26-32/, Б.Нацагдоржийн “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 25/, Б.Нацагдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Нацагдорж нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв бассейны орчим “Дота-2 тоглоомын “аркана” зарна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлйг нуух замаар, төөрөгдөлд оруулж Б.Мөнгөнсүхээс 320.000 төгрөгийг У.Нанжидаар дамжуулан залилан авсан болох нь:

 

хохирогч Б.Мөнгөнсүхийн /хх-ийн 10/: “... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нанжид гэх залуутай фэйсбүүкээр харьцаж байгаад “Дота-2” тоглоомын “аркана” гэх зүйлийг авах гэж 320.000 төгрөгийг Нанжидын “ХААН” банкны 5005476614 дугаарын дансанд шилжүүлсэн. Надад “аркана” өгөөгүй. “Мөнгөө буцаагаад авъя” гэхээр “өөр хүнд мөнгийг чинь өгчихөөд арканагаа авч чадахгүй байна” гэсэн. Би түүнд “чи ямар ч байсан наад асуудлынхаа учрыг өөрөө олж өг” гээд одоог болтол хүлээж байна. Нанжидад шилжүүлсэн 320.000 төгрөг миний мөнгө байгаа юм. Учир нь би зав муутай болохоор миний өмнөөс Нанжид гомдол гаргасан. Одоо надад 70.000 төгрөгийн үнэтэй 1 аркана өгсөн. Үлдэх 250.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Би Нанжидад 20.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд 5 ширхэг арканагийн мөнгө шилжүүлэхдээ нийлүүлээд 340.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

У.Нанжидын хохирогчоор мэдүүлсэн /хх-ийн 7/: “... Б.Нацагдоржид шилжүүлсэн 320.000 төгрөг Мөнгөнсүхийн мөнгө юм. Мөнгөнсүх миний данс руу мөнгөө шилжүүлээд, би Б.Нацагдоржийн данс руу шилжүүлсэн. Яагаад би гомдол гаргасан бэ гэхээр миний данснаас мөнгө шилжсэн болохоор мөн Мөнгөнсүх нь “наад асуудлаа өөрөө учраа ол” гэж хэлсэн учир би гомдол гаргасан. Нацагдорж надад 20.000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд би “чи мөнгөнийхөө оронд надад нэг айтем өгчих” гэсэн чинь Нацагдорж надад “аркана байгаа, чи эд нарыг хүнд зарж өгөөд мөнгөө авчих” гэхээр нь би фэйсбүүк хаягтаа “аркана зарна” гэж зар тавьсан. Тэгтэл Мөнгөнсүх “авья” гэхээр нь өөрийнхөө дансыг өгөөд 320.000 төгрөг шилжүүлж аваад Б.Нацагдоржийн данс руу 320.000 төгрөг шилжүүлсэн. Харин Б.Нацагдорж буцаагаад 20.000 төгрөг шилжүүлсэн юм. Надад гомдол санал байхгүй. Үлдэгдэл 250.000 төгрөгөө Мөнгөнсүхэд өгчихвөл боллоо...” гэх мэдүүлгээр

 

 Б.Нацагдоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42/: “... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад мөнгөний яаралтай хэрэг гараад “аркана зарна” гээд 320.000 төгрөг шилжүүлж аваад интернэтэд бооцоотой тоглоом тоглож байгаад хожигдоод мөнгийг нь алдчихсан юм. Уг нь хожсон бол өсгөж авах боломжтой байсан. Тэгээд би 70.000 төгрөгийн 1 арканаг Нанжидын зуучилсан гэх Мөнгөнсүхэд өгсөн. Одоо 250.000 төгрөг бэлнээр өгнө...” гэх мэдүүлгээр /хх-ийн 42/ болон  Б.Мөнгөнсүхээс 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 340.000 төгрөгийг У.Нанжидын данс руу шилжүүлсэн зарлагын баримт /хх-ийн 12/, У.Нанжидаас Б.Нацагдоржид 320.000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт /хх-ийн 26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Хохирогч Б.Мөнгөнсүх нь У.Нанжидаар дамжуулан “Дота 2 тогтоолмын “аркана (Дота-2 тоглоомын баатруудын сайжруулагч) зарна” гэсэн Б.Нацагдоржийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд 320.000 төгрөгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, мөнгө шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан, шүүгдэгч хохирогчийн хөрөнгийг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрх байдлаар хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар, төөрөгдүүлэн бусдын хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан Б.Нацагдоржийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Нацагдоржийн бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Нацагдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Нацагдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хохирогч Б.Мөнгөнсүхэд 150.000 төгрөгт бодож 2 ширхэг аркана (цахим тоглоомын хувцас) өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй тул түүнийг хохирол төлсөн гэж үзээгүй болно.

 

Иймд Б.Нацагдоржоос 250.000 төгрөгийг гаргуулж Б.Мөнгөнсүхэд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүх Б.Нацагдоржийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

 

1. Шүүгдэгч Хэц овогт Барбаатарын Нацагдоржийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржоос 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнгөнсүхэд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нацагдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ