Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/553

 

 

 

 

 

     2024           05             09                                     2024/ДШМ/553

                                                                 

Э.Т, А.Б, Ж.А

С.Ч  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Э.Нарангарав,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч М.Далайжаргал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч-ий өмгөөлөгч М.Далайжаргал, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Т, А.Б, Ж.А, С.Ч нарт холбогдох 2306024012026 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүнжин грандын А блокны гадна талд 44-44 УАХ дугаарын тээврийн хэрэгслээр Б.Оын эзэмшлийн 15-04 УАС дугаартай “Тоёота приусзагварын тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 1.728.000 төгрөгийн, А.Бын 44-94 УНХ дугаартай “Тоёота камризагварын тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 2.644.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б, Ж.А нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх Сүнжин грандын А блокны гадна талд хохирогч Э.Тг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх Сүнжин грандын А блокны гадна талд хохирогч Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ж.Зг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар, А.Б, Ж.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч А.Б, шүүгдэгч С.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, С.Ч нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэмт овогт Тд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Б, С.Ч нарт тус тус оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Т, А.Б, С.Ч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ч-ийн өмгөөлөгч М.Далайжаргал давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэхэд манай үйлчлүүлэгчийн гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй.

Харин хохирогчийн хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй хийсэн үйлдлүүдийг орхигдуулж дүгнэлт гаргахад шүүхийн шийтгэх тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, шүүгдэгч Б нь хохирогч Ж.Рг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг бөгөөд харин хохирогч гэх Ж.Р нь манай үйлчлүүлэгчийг өөрөө эхэлж цохиж зодсон болохыг С.Ц.М-ны хэрэгт цугласан бичгэн нотлох баримтад мэдүүлсэн байдаг. Хохирогч Ж.Р болон түүнтэй хамт байсан согтуу хүмүүс бусдыг зодож, гудамж талбайд танхайран, бусдад гэмтэл учруулж, бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гаргасан нь хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад тухайн нотлох баримтыг орхигдуулж шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт оролцсон хэлбэр гэм буруугийн үйлдлийг эргэлзээгүй тогтоож шийдвэр гаргах ёстой хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу “ ...Хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийн заалтыг чанд сахиж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоон хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. ...” гэсэн заалтуудыг зөрчигдсөн гэж үзэж шүүхийн шатанд урьдчилан шийдвэрлэх хурал хийлгэх хүсэлтийг гаргасан байдаг.

Анхан шатны шүүхээс гаргасан хүсэлтийг бүрэн хангаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтад буцаасан боловч хяналт тавьж буй прокурор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, шүүхээс хавтас хэргийн хүрээнд шийдвэрлүүлэхээр буцаасан.

Хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд уг хэргийг хянан шийдвэрлүүлэхэд манай үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн С.Ч.Ю нь анхнаасаа мөрдөн байцаалтад үнэн зөв хөдлөшгүйгээр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “Би уг зодоонд огт оролцоогүй, зодооны талаар болон тухайн хүмүүсийн хоорондоо зодолдож байгааг ойлгоогүй, тэр талаар огт мэддэггүй” гэж үнэн зөвөөр тогтвортойгоор мэдүүлдэг.

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин Грандын А блокын гадна машин зогсоол дээр дугаартай лексус 570 машинтайгаа тэнд караоке ажиллуулдаг найз А.Бтай уулзахаар очоод машины зогсоолд зогсож, гадаа хүлээнгээ цонхоо онгойлгоод тамхи татаад сууж байсан бөгөөд найз Б нь ажил руугаа “одоо очиж байна” гэж утсаар ярьсан байдаг.

Харин хохирогч гэх согтуугаар агсан согтуу тавьж, бусдын машиныг болон хүн мөргөж, гудамж талбайд танхайран гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан хүмүүс манай үйлчлүүлэгчийг машиндаа сууж байхад хүрч ирээд ямар ч шалтаг шалтгаангүй шууд нүүрэн тус газар нь 2-оос 3 удаа цохиж гар мушгин, машинаас татаж буулгасан байдаг.

Тухайн хохирогч гэх хүмүүс нь өмнө өөр газар байхдаа хоорондоо хүн зодох санаа зорилготойгоор үгсэн тохиролцож, гэмт хэрэг гарсан газарт ирж согтуугаар танхайрч бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, хоорондоо болон бусдыг зодож танхайрсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нь хавтаст хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтаас тодорхой харагддаг.

Манай үйлчлүүлэгч өөрөө зодуулж гэмтэл авч хохирсон байхад дээрх хохирогч гэх хүмүүс огт болоогүй зүйлийг болсон болгож өөрсдийгөө ямар ч буруугүй мэт болгон, бусдыг гүтгэж байгаа нь Монгол Улсын хуулийг үл ойшоож, хууль хяналтын байгууллагыг тохуурхаж бусдыг төөрөгдүүлж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад эх сурвалжаа огт зааж чадаагүй, мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, нэг нь нэгнийхээ мэдүүлгийг үгүйсгэж өгсөн зэргээс тодорхой харагдаж байдаг.

Шийтгэх тогтоолын 15, 16 дахь хуудсанд манай үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн С Ч Ё-ийн гэм бурууг дүгнэхдээ хохирогч гэх БНХАУ-ын иргэн Ж.Ргийн эх сурвалжаа зааж чадаагүй, зөрүүтэй өгсөн мэдүүлэг болон гэмтлийн зэргийг үндэслэл болгон гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

Мөн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй хохирогчийн мэдүүлгээр манай үйлчлүүлэгчийг архины шилээр толгой руу нь цохиж, шилээр зүүн чихийг нь зүссэн гэдэг мөртлөө хохирогчийн биед гэмтэл учруулаад буй архины шил эсхүл шилний хэлтэрхий гэх зүйлс хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт дунд байдаггүй бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчиж байна.

Бодит байдалд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас харахад тухайн гэмт хэрэг гарах үеийн үйл явдлыг харсан хохирогч гэгч талын хүмүүсээс шударгаар гэрчилж эх сурвалжаа зааж чадсан гэрчүүд байхгүй согтуу, санаа сэтгэлийн хувьд өөрт нь тохиолдож байгаа үйл явдлыг ойлгож үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэх нь эргэлзээтэй, тухайн цаг хугацаанд ямар зүйлийг нотолж байгаа эх сурвалжуудаа огт зааж чадаагүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хуудаст хохирогч Ж Ртэй хамт явсан Ч Ю Х-ийн өгсөн мэдүүлгээс харахад манай үйлчлүүлэгч С Ч Ё-ийг хохирогч гэх Ж Р өөрөө биед нь халдаж зодсон болохоос хохирогчийн биед огт гар хүрээгүй, гэдгийг бүрэн дүрэн нотолсоор байтал тус нотлох баримтыг огт үнэлээгүй. Дээрх гэрч нь хохирогч гэх Ж Ртэй хамт цуг явж байсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэг зэргээс харахад манай үйлчлүүлэгч ямар нэг байдлаар тухайн гэмт хэрэгт огт оролцоогүй гэм буруугүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан хуулийн заалт зөрчигдсөн тул хуульд зааснаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгах бүрэн боломжтой.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон дээр гаргасан тайлбарт үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож манай үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт холбогдсон үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Э.Т нь өөрт учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэхдээ “мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие нь хохирогч Э.Тгаас “таныг хэн цохьсон, ямар хувцастай хүн зодсон бэ” гэхэд би сайн мэдэхгүй, хэн байсныг хэлж мэдэхгүй байна” гэж хариулж байсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад /хх-46/ хохирогч Э.Т мэдүүлэгтээ “...Лексус 570 загварын автомашины ард харанхуйд зогсож байсан өнгө, загварыг нь хараагүй автомашин дотроос 6 орчим хүн бууж ирээд захирал бид 2 руу дайрч зодсон. Тэдгээр хүмүүсийн дунд БНХАУ-ын иргэн доод тал нь 2 байгааг би мэдсэн, намайг дандаа гар хөлөөрөө зодсон. Хэн хэрхэн яаж учруулсныг тухайн үед мэдэх боломжгүй байсан, тухайн үед намайг газарт унагаж байгаад толгой руу цохиод байсан тул дотор муухайрч толгой өвдсөн. ...”, /хх 128/ хохирогч Э.Тгийн мэдүүлэгтээ “...Гэнэт харанхуй хэсгээс баахан залуучууд гарч ирээд шууд зодож эхэлсэн.Намайг газар унагааж дээрээс өшиглөж дэвсэлж байсан.Тухайн үед би нүүрээ дараад хэвтсэн байсан болохоор ямар хүмүүс зодож байгааг харж чадаагүй. ...”, /хх-142/ гэрч Уянга мэдүүлэгтээ “Миний харснаас захирлын толгой нь хагарсан цус гарсан байсан. 3, 4 монголчууд нийлээд газар унагааж байгаад дээрээс нь гараараа, хөлөөрөө өшиглөж байсан”, “Тухайн үед зодоонд М-И, Т нар оролцсон уу” гэхэд “М-И тэнд байсан, огт зодоогүй, харин Тг хаана байсныг хараагүй”, /хх-155/ гэрч Ж Л мэдүүлэгтээ “...Бид 4 үүлээ 4 шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед Ж Р бид 2 ядраад илүү согтсон ядарсан байсан.Ч.Ю.Х, В 2 арай гайгүй байсан. ...”, /хх-202/ гэрч W Y мэдүүлэгтээ “...Тухайн үед караокед хамтран ажилладаг Хятад хүмүүстэйгээ уулзаж дуулж суухаар түрүүлээд очсон байсан. Тэгээд Д-Х юм яриад сууж байхад Д-Х надад “Ж-Л намайг зодох гэж ирэх гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид 2 караокены үүдний өрөөнд камер хараад сууж байхад цагаан өнгийн Жи-класс машин караокены гадаа ирээд зогссон. Тэгэхээр нь би урьд Ж-Лг зүс таньдаг байсан учир гарч уулзахаар ганцаараа үүд рүү гарсан. Тэгэхэд Ж-Л машинаасаа бас нэг М-И гэх хүнтэй бууж ирээд машиныхаа хажууд согтуу зогсож байсан. Тэгээд би Ж-Лс юу болсон, яагаад Д-Хг зодох гэж байгаа талаар асуухад Ж-Л “миний дургүйг хүргэсэн, би Д-Хг зодмоор байна танд хамаагүй гэж хэлсэн. ...”, /хх-136/ гэрч ChYg мэдүүлэгтээ “...Тэгээд бид хоол идэж, архи уугаад суусан. Тухайн үед 0.5 литрийн 53 градустай 4-5 шил архи жолооч болон танихгүй Өвөрмонгол залуугаас бусад нь Ж-Р, Ж-Л, В бид 4 хувааж уусан. Тухайн үед би ресторанаас гарч ирэхдээ нилээн муудсан байсан. Тэгээд рестораны гадаа байсан цагаан Жи класс машинд суугаад нэг мэдэхэд Сүнжин Гранд зочид буудлын гадаа караокены үүдэнд очоод зогссон. Тухайн машинд Ж Л бид 2 суусан, бас өөр эмэгтэй жолоо барьж явсан. Тэнд яах гэж очсон, хэн тийшээ очьё гэсэн санаачилсныг мэдэхгүй байна. Тэгээд би машинаас буугаад тамхи татаад зогсож байхад хажууд Лексус жип машин зогсож байхаар нь Ж Р тэд нарыг байж магадгүй гэж бодоод уг машин руу очиход зүс таних манай эхнэрийн ангийн хүүхэд болох Хятад Ц гэх залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би очоод Цтай мэндлээд юм ярьж байгаад би эхнэр рүүгээ залгаж Цтай яриулсан. Тэгээд Ц бид 2 юм яриад зогсож байхад Ж Р хар өнгийн Бенз машинтай ирээд Ж.Р ганцаараа бид 2 дээр ирээд үгийн зөрүүгүй машины хаалгыг цохиод Ц гараараа цохиод байсан. Тэгээд бас намайг Ж.Р толгой руу хэд хэд цохиод авсан. Тухайн үед миний хамар, ам, баруун чихний хажуу хэсгээс цус гараад би тэнд хэсэг манарсан. Тэгээд нэг мэдэхэд Ван Пен ирээд намайг аваад тэндээс гараад В П найз нь машинтай ирээд намайг тэр 2 гэрт хүргэж өгсөн. Тэгээд эхнэр миний цусыг цэвэрлэж өгөөд амарсан. Дараа нь хэд хоногийн дараа Ж Л, Ж.Р хоёртой уулзаж яагаад намайг зодсон талаар асуухад “мэдэхгүй, согтуу байсан” гэж Ж.Р хэлж байсан. ...”, /хх-105/ хохирогч Ж.Р мэдүүлэгтээ “...Ч Ю Х юм яриад машиндаа сууж байсан хятад залуу бууж ирээд үгийн зөрүүгүй намайг гартаа барьсан шилэн саваар миний толгой руу нэг удаа цохиод, толгой хагараад цус гараад манараад газар унасан. Тэгэхэд нэг мэдэхэд баахан хүмүүс ирээд дээрээс өшиглөж дэвсээд зодоод байсан. Тухайн үед царайг нь харж чадаагүй болохоор одоо харвал танихгүй. “Таныг зодсон хүний гадна төрхийг дүр тодорхойлно уу” гэхэд “Би гаднах дүр төрхийг ч санахгүй байна” гэж мэдүүлдэг болно.

Хохирогч гэх Ж.Р болон Т нар хэн цохиж зодсоныг “мэдэхгүй, хараагүй” гэж байснаа мөрдөгч Д.Амартүвшинтэй 3 сар гаран мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа бүгдийг нь дуудаж нэг дор хүлээлгүүлж, хооронд нь нэрийг нь дуудаж зориуд мэдүүлэх гэж бие биеэ таньж мэдэх боломж олгосны дараа таньж олуулах ажиллагаа явуулсан болно.

Таньж олуулах ажиллагаа хийсэн “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө Сүнжин Гранд зочид буудлын хашаанд Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Э.Т, Ж-Р нар бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй №1-ээс №6 гэж дугаарлан байрлуулсан 6 хүнийг таниулахад танигч Г.Унь “эдгээр хүмүүсээс №2 дугаартай хүн, №4 дугаартай хүн, №6 дугаартай хүмүүсийг хараад шууд таньж байна. Тухайн үед хохирогч Бүгд найрамдах Хятад ард улсын Ж.Р болон хохирогч Э.Т нарыг 3 хүмүүс нийлж зодсон хүмүүс мөн байна” гэж гэрч №2 дугаартай Бүгд найрамдах хятад ард улсын иргэн С.Ч, гэрч №4 дугаартай А.Б, №6 дугаартай гэрч Ж.А нарыг зааж байв” гэх тэмдэглэл. /2хх-ийн 122-124 дэх тал/

Гэтэл гэрч У мэдүүлэхдээ “...Тг хэн цохьсныг хараагүй, хаана байсныг хараагүй. ...” гэж мэдүүлдэг мөртлөө таньж олуулах ажиллагаа дээр мэдүүлж байгаа нь гэрчээр өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, мөн таньж олох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт үзэж танилцахад мөрдөгч хөтөлж заалгаж байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйл 7 дахь хэсэгт заасны дагуу “таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна” гэсэн заалтыг зөрчиж намхан, гаднах байдлаараа адил төстэй байдалгүйг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үзсэн СД-ийг үзэхэд илтэд харагдаж байгаа болно.

Таньж олуулах ажиллагаа явуулсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.Т хохирогчоор мэдүүлэгтээ “... “Тухайн үед таныг зодсон гэх хүмүүсийг та яаж таньсан талаараа тодорхой ярина уу” гэхэд “Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд намайг зодсон гэх хүмүүсийн царайг нь тогтоосон байсан. Сүүлд таньж олуулах ажиллагаагаар захирал Ж.Р болон намайг зодсон хүмүүсийг би хараад шууд таньсан. ...” гэж мэдүүлдэг.

Энэ хэрэгт 18 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн өдөр А.Быг хохирогч Э.Тг цохиж зодож байсныг харсан талаар хэн ч мэдүүлдэггүй харин ганцхан хохирогч Э.Т нь намайг хэн зодсон, цохисныг би хараагүй, өргөдөл гаргахдаа хэн цохисон, ямар хүмүүс цохисон талаар өргөдөлдөө дурдаагүй хх-40, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “тухайн үед урт куртиктай, дөрвөлжин царайтай, өндөр биетэй №5 дугаартай хүнийг таньж байна. Би зодуулаад босч ирэхэд миний хажууд хамгийн ойр байсан хүн энэ N95 дугаартай хүн байна. Би энэ залууд цохиулсан байж болзошгүй” гэж байгаа нь хүнийг ойр байснаас болж цохиулсан байж болзошгүй мэтээр тайлбар хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь илтэд харагдаж байна. Ж.Р болон Т нарын мэдүүлгүүд зөрүүтэй, худал гэдгийг гэрч Ch Yg мэдүүлгээр хэн эхэлж хэнийг зодсон, W Y мэдүүлгээ эдгээр хүмүүс Д Х гэдэг хүнийг зодохоор зориуд ирснийг гэрчилж мэдүүлдэг.

Хохирогч гэх Э.Тгийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг зөрүүг арилгаагүй, хэргийн газар хохирогч Ж.Ргийн мэдүүлснээр шилээр цохьсон бол эд мөрийн баримт шил хаана байгаа, Бын мэдүүлгээр “тухайн үед би куртик өмсөөгүй хар ноосон ноолууран цамцтай байсан, сүүлд хар урт куртикыг шинэ жилээр худалдан авч өмссөн” гэдэг. Гэтэл Т мэдүүлэхдээ “намайг урт хар куртиктай байсан гэж хэн нэгэнтэй андуурсан байх, би сүүлд нэрийг нь мэдсэн Ж.Ртэй муудалцаж цохилдсон” гэх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хохирогч нарын мэдүүлгээр 6-7 орчим хүмүүс байсан гэсэн. Гэтэл тэр хүмүүс хаана байгааг болон хэн хэн байсныг  тогтоогоогүй, Т нь миний үйлчлүүлэгчийн автомашиныг гэмтээж эвдэлсэндээ Быг хамаатуулах гэж зөрүүтэй мэдүүлгийг өгсөн зэргээс мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу таньж олуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсний дагуу хохирогч гэх Т нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу А.Бад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч А.Бын хохирлыг анхан шатны шүүх хуулийн дагуу тооцож гаргаагүй болно. “Дельтамон” ХХК үнэлгээ нь зөвхөн автомашины засварын үнэлгээг хийсэн бөгөөд “хойд тэнхлэгийн бүрэн засварын өртөг энэ баримтад тусгагдаагүй тусдаа баримттай байгаа нь танилцуулсан болно” гэж дүгнэсэн бөгөөд хавтас хэрэгт хойд тэнхлэгийн бүрэн засварын хийсэн “Жигүүр Карс” ХХК-ийн зарлагын 3.550.000 төгрөгийн баримтыг хохиролд тооцож хохирлыг гаргаагүйд гомдож байгаа бөгөөд дээрх 3.550.000 төгрөгийг Э.Тгаас гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч М.Далайжаргал зүгээс гэрчийн зөрүүтэй мэдүүлгийн тухай ярьж байна. Гэрчийн зөрүүтэй мэдүүлэг гэхээс илүүтэйгээр гэрчийн таньж олуулах ажиллагаагаар эдгээр хүмүүсийг тогтоосон, нотлох баримт хангалттай авагдсан гэж үзэж байна. А.Бын хувьд хэрэг хянан шалгах ажиллагаанд авагдсан гэрчийн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны явцад харилцан зодолдсон тухайгаа хүлээн зөвшөөрдөг тул тэр асуудалд маргаагүй гэж үзэж байна. 3.550.000 төгрөгийн тухайд анх хохирлын үнэлгээ хийлгэж 2.644000 төгрөг тогтоогдсон. Үүнийг эс зөвшөөрч өөр газраар үнэлгээ хийлгэсэн. Тэр үнэлгээ нь бүхий л эвдрэл гэмтлийг оруулсан үнэлгээ байсан. Энэ төлбөрийг Э.Тгийн зүгээс гэм буруугийн хуралдааны үед төлсөн. Иймд анхан шатны шүүх хохирол, төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, А.Б, Ж.А, С.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Т, А.Б, Ж.А, С.Ч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар, А.Б, Ж.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аод Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч А.Б, шүүгдэгч С.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогч Б.Оын “...15-04 УАС дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота 30” загварын машин жолоодож ирсэн. Тэгээд харахад цэнхэр өнгийн машины цаана хашаан дотор хар өнгийн машин зогсож байсан. ...гэнэт хар машин цэнхэр машиныг мөргөөд миний машиныг мөргөж түрээд гараад явсан. ...” /1хх 35-36, 2хх 6/,

А.Бын хохирогчоор “...44-94 УНХ дугаартай автомашинаар хааж зогсоход нэг хятад нь бууж ирээд жолоо барьж байсан эмэгтэйтэй солигдож жолоодоод машин мөргөөд гараад явсан. ...” /1хх 30-31/,

гэрч З.Гн “...Намайг харуулын байрандаа дөнгөж ирээд байж байтал хар өнгийн машин нь хаалтын дотор байсан хааж зогссон байсан цэнхэр өнгийн автомашин болон хаалтын гадна байсан “Тоёота приус 30” загварын автомашиныг мөргөж түрээд гараад явсан. Хар өнгийн автомашин нь 44-44 УАХ гэсэн дугаартай байсан. ...” /1хх 38/,

Э.Тгийн хохирогчоор “...Тухайн үед намайг анх том биетэй урт куртиктэй залуу баруун шанаа, нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр залуу намайг чирээд хашааны булан руу төмөр хайс руу чирээд байсан. Мөн дээрээс дахиад цохиод байсан. Энэ үед би гараараа нүүрээ хамгаалахад төмөр хайс руу миний толгойг мөргүүлсэн. Мөн энэ үед дээрээс бөөндөө зодож байсан. Би тухайн үед нүүрээ дарсан байсан болохоор сайн харж чадаагүй. Надад учирсан уг гэмтлийг том биетэй болон хамт байсан намхан залуу намайг нийлж зодож, уг гэмтлийг учруулсан. ...Тэгээд сүүлд таньж олуулах ажиллагаагаар захирал Ж.Р болон намайг зодсон хүмүүсийг би хараад шууд таньсан. ...Энэ үед хамт явж байсан намхан залуу буюу сүүлд таньж олуулах ажиллагаагаар таньсан залуу мөн дээрээс баруун шанаа, нүүр лүү хөлөөрөө дэвсэлж, баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохиж байсан. Би уг 2 хүнийг шууд хараад таньсан. ...” /2хх 48, 153-154/,

хохирогч Ж.Р-гийн “...Тэгээд шил нь толгой дээр цохиулаад шил нь хагарсан. Тэгээд би доошоо газарт унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд дахиад хүмүүс орж ирээд дээрээ цохиод байсан. Энэ үед би царайг нь харж чадаагүй. Намайг тэр хятад залуу архины шилээр толгой руу цохиж, шилээр зүүн чихийг зүссэн. ...Тухайн үед миний харснаар “Лексус-570” загварын машинд намайг цохисон залуу ганцаараа бууж ирсэн. Өөр хүн байсан эсэхийг би анзаараагүй. Тухайн үед уг хүн намайг цохихдоо хятадаар намайг хараагаад байсан. ... /2хх 148-149/,

Э.Тгийн яллагдагчаар “...Би машин бариад цэнхэр өнгийн “Тоёота камри” загварын машины хойд хэсгийг машинаар түрж холдуулаад гарахад өөдөөс 15-04 дугаарын “Тоёота Приус” загварын машин зогсож байхаар нь урд гупер хэсгийг нь мөргөөд хашаанаас гарч ажил руугаа явсан. ...” /2хх 183-185/,

А.Бын яллагдагчаар “...Тэгээд би очоод салгах үед 1 хятад нь над руу дайраад миний нүүр рүү цохиод, хамарнаас минь цус гарсан. Тэгээд би зууралдаж цохин, харилцан зодолдсон. ...” /2хх 201-204/,

Ж.Аын яллагдагчаар “...Тэгээд очиход Б машины хаалган дээр байсан хүмүүсийг Б араас нь татаад хаалганаас холдуулж байсан. Миний өмнө алаг эрээн богино куртик өмссөн нэг хятад хүн Цуудай руу дайрч байхаар нь би тэр хүнийг татаад холдуулахад тухайн хүн нь газарт уначихаад босч ирж байгаа харагдсан. ...Тэгээд буцаад иртэл нөгөө хятадууд хоорондоо зодолдож байгаад салсан. ...” /2хх 191-193/,

С.Чийн яллагдагчаар “...Тэгээд цонх онгорхой байхад шар эрээн өнгийн куртик, дотуураа цагаан подволктой хятад ирээд үгүй зөрүүгүй гар нь миний машины цонхоор орж ирээд нүүр рүү 2 удаа цохиод, миний эрхий хурууг мушгисан. Тэгэхэд манай найз Б цаанаас найз Атой над дээр ирээд нөгөө хятадуудыг салгасан. ...Машины ард талд хүмүүс хятад хэлээр “бүгдийг нь ал” гээд орилоод байсан. ...” /2хх 211-213/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14587 дугаартай “...Ж.Рийн биед духанд няцарсан шарх, зүүн чихний дэлбэнд хатгагдсан шарх, баруун сарвууны ар гадаргууд цус хуралт, эрүү, зүүн баруун зүүн тохойд зулгаралт, баруун тавхайн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 86-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14589 дугаартай “...Э.Тгын биед зулай, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн /1хх 94-95/ дүгнэлтүүд,

“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9, 10-11, 54, 55-56/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66, 67/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 19/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22, 24-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 61, 2хх 93-94/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 116-118, 122-124, 119-121, 125-127/, Мөрдөн байцаах албаны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хийсэн үнэлгээний тайлан /3хх 47-50/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Б, С.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Б, С.Ч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

            Шүүгдэгч С.Ч-ийн өмгөөлөгч М.Далайжаргал “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэхэд манай үйлчлүүлэгчийн гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй тул С.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,  шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй тул А.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

            Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан “...С.Ч нь хохирогч Ж.Р -г цохиогүй, А.Б нь Э.Тг цохиогүй...” гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан байх бөгөөд энэ талаар хохирогч Ж.Р “...Тэгээд би доошоо газарт унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд дахиад хүмүүс орж ирээд дээрээ цохиод байсан. Энэ үед би царайг нь харж чадаагүй. Намайг тэр хятад залуу архины шилээр толгой руу цохиж, шилээр зүүн чихийг зүссэн...” гэж, хохирогч Э.Т “...Надад учирсан уг гэмтлийг том биетэй болон хамт байсан намхан залуу намайг нийлж зодож, уг гэмтлийг учруулсан. ...Тэгээд сүүлд таньж олуулах ажиллагаагаар захирал Ж.Р болон намайг зодсон хүмүүсийг би хараад шууд таньсан. ...Энэ үед хамт явж байсан намхан залуу буюу сүүлд таньж олуулах ажиллагаагаар таньсан залуу мөн дээрээс баруун шанаа, нүүр лүү хөлөөрөө дэвсэлж, баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохиж байсан. Би уг 2 хүнийг шууд хараад таньсан...” гэж тус тус мэдүүлсэн байхаас гадна дээрх үйл баримттай холбоотойгоор хохирогч Ж.Р, Э.Т нарт учирсан хохирлын талаар шинжээчийн 14587, 14589 дугаартай дүгнэлт гарсан байна.

            Түүнчлэн шүүгдэгч Э.Тгийн үйлдлийн улмаас хохирогч Б.О тээврийн хэрэгсэлд 1.728.000 төгрөгийн, А.Бын тээврийн хэрэгсэлд 1.145.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч А.Бын үйлдлийн улмаас Э.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч С.Чны үйлдлийн улмаас Ж.Ргийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл тогтоогдсон, энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

             Шүүгдэгч Э.Т, А.Б, Ж.А, С.Ч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч С.Чны өмгөөлөгч М.Далайжаргал, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ч-ны өмгөөлөгч М.Далайжаргал, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ