Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 214/МА2022/00003

 

Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Булган аймгийн ******* сумын Засаг даргад

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00551 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч М.*******, М.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг дарга Б.*******, түүний өмгөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сумын Засаг дарга Б.*******ын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие Булган аймгийн ******* сумын захирлаар томилогдсоноос хойш сахилгын шийтгэл авч байгаагүй. Ялангуяа сумын Засаг дарга Б.*******ыг сумын Засаг даргаар томилогдсон цагаас хойш сахилгын шийтгэл гаргаж байгаагүй, гэнэт ажлаас халах мэдэгдэл хүлээн авсан. Тэгээд 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд өнөөдрийн байдлаар 6 сар ажилгүй явж байна. Сумын Засаг дарга нь сахилгын зөрчил гаргаагүй, ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгээд явж байсан хүнийг яагаад ажлаас нь чөлөөлж байгааг ойлгохгүй байгаа. Иймд ажлаас чөлөөлсөн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийн байдлаар нийт 128 хоног ажилгүй байсан. Нэг өдрийн цалин 63.279 төгрөг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8.099.712 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг дарга Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдсон. Томилогдоод байгууллагын удирдлагын багийнхантай уулзсан. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.*******тай уулзаад цаашид хамтран ажиллана гэдэг чиглэлийг хэлсэн. Гурван зүйл дээр хариуцлага тооцож ажиллахаа мөн хэлсэн. Архидалтын асуудал, ёс зүйгүй үйлдэл, санхүүгийн зөрчил гаргавал хариуцлага тооцож ажиллана шүү гэдгээ хэлсэн. Түүний дагуу 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын явц байдал, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр, сургуулийг удирдаж байгаа удирдлагын арга барил, хамт олонтойгоо ажиллаж байгаа байдал зэргийг ажиглаж харсан. Тэгээд гаргаж буй алдаа дутагдлыг нь хамт олны хурал хийж хоёр ч удаа хэлж тэмдэглэл хөтлүүлж сануулсан. Нөгөө талдаа тодорхой хэмжээний үүрэг чиглэлийг өгсөн. Тэр үүрэг чиглэл нь сургуулийн захирлын ажлын албан тушаалын тодорхойлолтод байдаг 4 зорилт байгаа. Тэр зорилтын 4 дэх хэсэгт байгууллага санхүү материалыг бүрдүүлэх, байгууллагын ажилчид, багш, сурагчдыг ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, бүрдүүлж ажиллах ёстой гэсэн заалтын хүрээнд үүрэг чиглэл өгсөн. Хүүхдийн дотуур байрны асуудал, хоол унд үйлдвэрлэлт, түүний халдвар хамгаалал, эрүүл ахуйн байдлыг ажлын хэсэг томилон ажиллуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар  үүрэг чиглэл өгсөн. 5 дугаар сарын 31-ний өдөр буюу ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд энэ өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй нь нотлогдсон. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Мөн тухайн суманд ажилладаг цагдаагийн ажилтны эргүүл хийх үйл явцад багш ажилчид тодорхой хэмжээгээр архины хамааралтай болох нь ажиглагдсан. Өөрийнх нь удирдлагад байдаг сургуулийн багш нар дотуур байрныхаа нэг корбуст амьдардаг хүмүүс нийлээд архи уудаг 5, 6 тохиолдлыг цагдаагийн албан хаагч нар илрүүлсэн байдаг. Байрны гадуур цагдаа хяналт тавьж байхад нь хууль бус харьцсан талаар цагдаагийн ажилтны илтгэх хуудсанд бичигдсэн байдаг. Иймд хамт олноо удирдаж чадахгүй байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Мөн дээрээс нь санхүүгийн хэд хэдэн зөрчил илэрсэн. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* захирал сургуулийн өмч хөрөнгүүдийг хувь хүнд худалдан борлуулж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу хурлын багтай хамт очиж үзэхэд үнэхээр хувийн хэвшилд тодорхой хэмжээний хөрөнгийг худалдан борлуулж байгаа үйлдлийг үйлдэл дээр нь хараад цагдаагийн албан хаагчид хэлсэн. Байгууллага санхүүтэй холбоотой баримт материалыг хянаж үзэх явцад гэмт хэргийн шинжтэй, өөрийн хамаарал бүхий Мөнхдуламыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний хооронд ажилд томилж тэр хүнд цалин, урамшуулал нэмэгдэл өгсөн санхүүгийн зөрчил дотоод хяналтаар гарсан. Тэр үед сургуулийн дотуур байрны гал тогооны ажилчдад туслах тогоочийн ажлын байран дээр үндсэн ажилтан нь байсан. Байхгүй хүнийг байгаа болгож ажилласан мэтээр цагийн баланс гаргаж цалин олгосон санхүүгийн зөрчил үүсгэсэн. Сургуулийн дотуур байрыг багш нарт түрээслүүлж, түрээслүүлсэн орлогыг нэмэлт дансаар биш өөрийнхөө хувийн дансаар, дотуур байрны багшийн дансаар санхүүжилтийг авсан байдаг.

Иймд сургуулийн захирлын албан тушаалд тэнцэхгүй, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, ашиг сонирхлын зөрчил гаргасан  гэж үзээд сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Боловсрол соёлын газартай зөвшилцөөд ажлаас нь халж чөлөөлсөн байгаа гэв.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00551 дугаар шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган аймгийн ******* сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.*******, М.******* нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ...Ажилтан Б.******* нь Хангал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Булган аймгийн Засаг даргын захирамжаар ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/74 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т зааснаар ажлаас халагдсан байна. Хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн захирамж /хэргийн 8 дахь талд авагдсан/ тушаалд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан сургуулийн дотуур байранд амьдардаг гэх Ю.Сарантуяад байр хөлслүүлсэн асуудал, хөлс авсан гэх асуудал зэргийг дурьдаагүй, уг асуудлыг сахилгын зөрчил, ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг ажил олгогч ажилтан ажлаас чөлөөлөх үедээ шалган тогтоогоогүй байтал анхан шатны шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3-т заасан Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.5-т заасан Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заасан байна. Уг хуульд заасан нотлох баримтанд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах учиртай. Нөгөө талаас ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хууль /ХтХ/-д заасны дагуу ажил олгогч нь хүчин төгөлдөр, хуульд заасан шаардлагыг хангасан хөдөлмөрийн гэрээг ажилтай байгуулах/ХтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 21.4, 21.5, 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.3, /, гол нөхцөлийг заавал тусгаж байгуулах /ХтХ-ийн 21.1.2, 21.3/, хуульд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж юуг ойлгох /ХтХ-ийн 128.1.7/, уг сахилгын ноцтойд тооцогдох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах /ХтХ-ийн 40.1.4 /, уг зөрчлийг гаргасан бол ямар хугацаанд илрүүлж, ямар хугацаанд шийтгэл оногдуулах /ХтХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.2/, ажилтны эрхэнд халдсан шийдвэр гаргаж байгаа бол түүнийхээ үндэслэлийг нотолсон байх /ХтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.3/ зэрэг бүхий л үүргийг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээлгэсэн. Энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөв хэрэглэж, зөв тайлбарлаж хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, хэрэглэхгүй орхиж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэг. Ажилтан Б.*******ыг Ю.Сарантуяа гэх дотуур байранд амьдарч буй иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, 21.1 гол нөхцөлийг тохирно, 21.1.2-т заасан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гэж тус тус заасан. Гэтэл ажилтан Б.*******ын хувьд Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн ******* сумын Засаг дарга асан Ш.Насандулам, Булган аймгийн ******* сумын одоогийн Засаг дарга Б.******* нарын хэн нь танилцуулж, гарын үсэг зуруулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тохиролцоогүй байна. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тодорхой тусгагдаж үлдсэн байгаа болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчтэй хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүй гэж үзнэ. Ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бий болдог байна. Гэтэл ажилтан Б.*******тай хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хоёр. Ажил олгогчийн зүгээс ажилтан Б.*******ыг гаргасан зөрчилтэй холбогдуулж сахилгын шийтгэл хүлээлгэх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан гурван төрлийн шийтгэлийн аль нэгийг сонгож шийтгэл оногдуулах эрх үүсэх ба энэ тохиолдолд захирамжид уг шийтгэлийн үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг баримтлах, улмаар зөрчлийг ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлон тогтоох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар хүлээлгэсэн. Гэтэл хавтаст хэргийн 76-79 дэх талд авагдсан нотлох баримтууд үйлдэгдсэн хугацаагаараа ажилтнаас халах үедээ бус халсныхаа дараа хожим хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв энийг сахилгын ноцтой зөрчиж гэж үзэх дүгнэхдээ хүрвэл ажил олгогчийн зүгээс хэзээ, хэрхэн илрүүлсэн, хэдийд ямар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргаснаа ч нотлох үүрэг хүлээх ба энэ нь Хөдөлмөрийн гэрээний аль зөрчилд хамаарч байгааг ч нотлох ёстой. Үүнийг ажил олгогч нь Б.*******ыг ажлаас халахдаа тогтоогоогүй, шалгаагүй, халах үндэслэлээ ч болгоогүй учраас тушаалд уг нөхцөл байдлаа тусгаагүй. Энэ хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн гэх тушаалаас харагдаж байхад шүүх нөхөн бүрдүүлсэн баримтаар, хариуцагчийг ажлаас халаагүй, шалгаагүй, тогтоогоогүй үндэслэлийг зааж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхээс Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг хэрэглэхээс татгалзсан үндэслэлээ ...сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халахад хамаарахгүй, бусад үндэслэлээр ажлаас халахад хамаарна...гэж ойлгож тайлбарлажээ. Энэ нь Боловсролын тухай хуульд байхгүй, хөдөлмөрийн тухай хуульд  байхгүй заалтыг шүүгч тайлбарлажээ. Хөдөлмөрийн гэрээг ажиллаж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх, томилох асуудал нь хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой асуудал тул Боловсролын асуудал эрхэлсэн бодлого боловсруулдаг төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзах, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог тогтоох, улмаар боловсролын талаарх төрөөс баримтлах бодлогын хүрээнд хуульчилсан, ийнхүү гуйвуулан тайлбарлах замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

Дөрөв. Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаан 2021.12.02-ны өдөр болж улмаар шүүх хуралдаан завсарлаж байхад нарийн бичгийн даргын зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцах, засвар, өөрчлөлт оруулах эрхтэй тухай баримт танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл миний бие шүүх хуралдаан болсноос хойш 2 удаа тэмдэглэлтэй танилцахаар анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай уулзсан боловч тэмдэглэл гараагүй гэх шалтгаанаар танилцуулсангүй. Тэгсэн атлаа 2021.12.21-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардаж авах хүртэл тэмдэглэл гараагүй гэх шалтгаанаар танилцуулсангүй. Арга буюу миний бие хүсэлт бичгээр гаргасан. Гэтэл одоог хүртэл мөн л гараагүй мөртлөө шүүхийн шийдвэр нь гарчихсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар хариуцагч Б.******* нь ...хууль мэдэхгүй буруу үндэслэлээр халсан байна... гэж тайлбар гаргаж байсныг тусгасан эсэх болоод шүүх хуралдаанд түүний болон миний гаргаж байсан тайлбарыг, өмгөөлөгч нарын гаргаж байсан хууль зүйн үндэслэлийг үнэн зөвөөр бичсэн эсэхийг танилцах гэсэн боловч шүүхийн шийдвэр нь гарсан атлаа тэмдэглэл нь гараагүйд гайхаж байна. Уг тэмдэглэл хэрэгт нотлох баримт болох ёстой билээ.

Тав. Хөдөлмөрийн сахилгын ноцтойд тооцогдох сахилгын зөрчлийн тухайд ажил олгогчид хохирол учруулах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл байх ёстой бөгөөд Б.*******ын дотуур байрны хөлсөлдөг ажилтнаас мөнгө авч уг мөнгөөр дотуур байранд халуун ус барих ажилд зарцуулсан барилгын материалын асуудлыг шүүх хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Б.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...*******ыг ажлаас халсан тушаалыг гаргахдаа 5 үндэслэлээр гаргасан. Миний гаргасан үндэслэл 5 дугаар сарын 31-ний өдөр үзсэн үзлэгийн баримт, шалгалтын дүгнэлтээр нотлогдсон. Тухайн үед 2020 оны санхүүгийн баримтад шалгалт ороогүй байсан ба сүүлд шалгалт ороод зөрчил гаргасан болох нь санхүүгийн аудитын дүгнэлтээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* сумын засаг дарга сургуулийн захирал Н.******* нь санхүүгийн зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгө үрэгдүүлсэн, байгууллага хамт олноо манлайлан удирдаж чадаагүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тухайн сумын засаг даргын Б/74 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн  байна.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, 40.1.4-дэх заалтуудыг үндэслэл болсон ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.******* нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон байна гэж дүгнэн   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар...зэрэг нотолгооны хэрэгслэлээр тогтоогдоно”, мөн  хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.-д “... шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар тэдгээрийн мэтгэлцээн ...байдлыг бичнэ..” гэж заасан байхад анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлах замаар мэтгэлцсэн байхад шүүх хурлын тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд зохигчдод танилцуулаагүй зэрэг нь   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдааны тэмдэглэл хууль зөрчсөн талаархи гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, М.******* нарын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 112 дугаар сарын 02-ны өдрийн 551 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                       ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                    

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР