Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00903

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00903

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** дугаар орцны ** тоотод оршин суух, З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01061/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч З.Б  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 1965 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд Зэвгийн 4 дэх хүү болж төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийн Барилга архитектурын ангид элсэн орж 1988 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд техник архитектураар ажилласан. 1990 оноос Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт барилга хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 1993 онд ажлаас чөлөөлөгдсөн.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд ажиллаж байсан үеийн орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан. Би өөрийн ажиллаж байсан байдалтай холбоотой холбогдох материалуудыг архиваас шүүлгэж авсан.

Иймд миний Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техник архитектураар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилга хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед болзолт уралдаан зарлагдсан. Манайхыг сайн оролцсон гэж шагнаж байсан. Одоогийн стандарт хэмжил зүйн төвийн барилгын зургийг зурсан. Би 2 хүүхэдтэй. 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин ***, 1994 оны 6 дугаар сарын 4-ний өдөр охин ** нар төрсөн. Миний аавын нэрийг **г гэж бичдэг байсан. Намайг иргэний үнэмлэх авах үед ** гэж бичигдсэн байсан....гэв.  

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын хэлтэсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11/540 дугаартай албан бичиг, 091059 дугаартай З.Б ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1700007892 дугаартай баталгааажилтийн хуудасны хуулбар, АДХ-ын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан З.Б ын цалингийн лавлагаа, цалин хөлсний тооцооны хүснэгтийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн стандарт чанарын хяналтын хэлтсийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8 дугаартай Шагнах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамжийн архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжийн архивын хуулбар, тус захирамжийн хавсралтын хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 6-48, 66 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 67-71 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 30/1027 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 59-63 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30/1042 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбарууд зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 76-78 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч З.Б  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд ажиллаж байсан үеийн орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техник архитектураар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилга хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч З.Б  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч З.Б  нь Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техник архитектураар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилга хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан З.Б ын 1990 оны 5 сар, 1991 оны 2 сараас 8 сар, 10 сараас 1992 оны 12 сар, 1993 оны 2 сар, 3 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин тооцооны хүснэгтийн архивын хуулбарууд (хх-ийн 9-43 дугаар тал),

Хөвсгөл аймгийн стандарт чанарын хяналтын хэлтсийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...Тушаах нь: 1.Аймгийн стандарт чанарын хяналтын хэлтсийн барилгын зураг төсөв хийх ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж, тус хэлтсээс зарласан уралдааны болзлыг биелүүлсэн хавсралтад заагдсан нэр бүхий 13 хүнийг хэлтсийн баярын бичиг 1500 төгрөгөөр шагнасугай... гэх бичилттэй 8 дугаартай Шагнах тухай тушаалын хавсралтын 2 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт З.Б , эрхэлдэг ажил гэх хэсэгт Архитектур, шагналын хэмжээ гэх хэсэгт 200, хүлээн авсан сар өдөр гэх хэсэгт 21/XI, гарын үсэг гэх хэсэгт гарын үсэг бичигдсэн архивын хуулбар, (хх-ийн 44 дүгээр тал)

БНМАУ Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ...Нэг. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зарим хэлтсүүдийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр улсын байцаагч П.Сосоржав, мэргэжилтнээр **, З.Б  нарыг 1990 оны 5 сарын 15-наас тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй 24 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамжийн архивын хуулбар, (хх-ийн 45 дугаар тал)

БНМАУ Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ...1. Монгол улсын засгийн газрын 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг баримтлан аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, ажилчдын цалинг хавсралт №1, сумын Засаг даргын цалинг хавсралт №2, дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай...гэх бичилттэй 08 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтын 21 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт З.Б , албан тушаал гэх хэсэгт мэргэжилтэн, ажилласан жил гэх хэсэгт 4, үүнээс одоогийн ажилд гэх хэсэгт 4, албан тушаалын зэрэглэл гэх хэсэгт Б-3, цалингийн сүлжээний түвшин гэх хэсэгт I-5 гэх хэсэгт II, цалингийн сүлжээний түвшингээр тогтоож болох цалин гэх хэсэгт 4500, одоо авч буй цалин гэх хэсэгт 2450, хуучин шинэ цалингийн хувь гэх хэсэгт 83,6, санал гэх хэсэгт 4500, Жинхэнэ тогтоох цалин гэх хэсэгт ** гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар. (хх-ийн 46-48 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 30/1027 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, З.Б ын Ажилладаг гэх хэсэгт Зургийн товчоо, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Архитектор, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Содномбазар, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.9.17... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 59-63 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30/1042 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, ** 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг Мөрөн сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1989.07.01 ...11. Эцгийн гэх хэсэгт ***, ажилладаг байгууллага гэх хэсэгт: Зургийн товчоо, эрхэлдэг ажил гэх хэсэгт: архитектур, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: Мөрөн... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар, (хх-ийн 76-78 дугаар тал),

Гэрч *** ...Намайг 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Зурхайт пүүсэд зургийн техникчээр 1988 оны 8 дугаар сард ажилд орох үед З.Б  нь тус пүүсд архитектор хийдэг байсан. Тэгээд З.Б  нь 1990 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Захиргаа руу Барилгын улсын байцаагчаар ажилд орохоор томилогдож тус Зурхайт пүүсээсээ гарсан. З.Б  нь зурхайт пүүсэд ажиллаж байх хугацаандаа барилгын зураг, төсөл зурдаг харин миний бие калькан цаасан дээр буулгаж, ажлын зураг болгодог байсан. Бид хоёр хамт хоёр орчим жилийн хугацаанд хамтарч ажилласан. Тухайн үед зурхайт пүүсэд арав гаруй хүн ажилладаг байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч *** ...Намайг 1990 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт нягтлан хийж байх үед З.Б  нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Их барилгын хэлтэст мэргэжилтнээр анх ажилд орж байсан юм. Тэрээр 1993 оны сүүл хүртэл ажиллаж байсан санагдаж байна. Тухайн үед тус Их барилгын хэлтэст 3 хүн ажилладаг байсан. Дарга нь ****, мэргэжилтэн нь Сайнхүү, Бадрал хоёр ажилладаг байсан. Тухайн үеийн Барилга байгууламжийг асуудлыг тэр гурван хүн хариуцдаг байсан. Манай тамгын газарт З.Б аас өөр Бадрал гэх нэртэй хүн ажиллаж байгаагүй. Би тухайн үед ажилчдын цалин хөлсийг тавьдаг нягтлан хийдэг байсан тул З.Б  нь манайд 1990 онд орж ирээд 1993 оныг хүртэл ажиллаж байсныг сайн санаж байна. Тухайн Хөвсгөл аймгийн Засаг дарга нь ** гэж дарга 2 жил ажиллаж байгаад Лувсандаш дарга 1993 оноос томилогдож байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 68-71 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд З.Б ын Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техник архитектураар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилга хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

З.Б д холбогдох Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд архитектураар ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Барилгын инженер хайгуул зураг төсвийн товчооны 1988, 1990 оны баримт манай архивд шилжиж ирээгүй, Аймгийн Засаг даргын 1993 оны захирамж шүүж үзэхэд З.Б ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй *** дугаар албан бичиг (хх-ийн 6 дугаар тал)-гээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч З.Б  нь 1993 оны 7 сараас оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй **** дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 08 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч З.Б  (******)-ын Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техник архитектураар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилга хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ