| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01020/И |
| Дугаар | 320/ШШ2025/00904 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00904
| 2025 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00904 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын ** дугаар багт оршин суух, А.Л
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01020/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.Л шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1970 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. 1986 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8-н жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд 1986 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд илгээлтийн эзэн малчнаар гарсан. Би 1988 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уулын хилийн цэргийн 029 дүгээр ангид татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас ирээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн VIIIанги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай Цэргийн албанаас халагдагсдыг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/140 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэврийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тануулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/4254 дугаартай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/21 дугаартай албан бичиг, Сурагчийн тухай тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий баримтын архивын хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 4-14, 63 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 64-67 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 30-33 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11/559 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай Цэргийн албанаас халагдагсдыг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 28-29 дүгээр тал)
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08/2256 дугаартай албан бичиг, (хх-ийн 72-77 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3/320 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан А.Л гийн цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 39-62 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.Л дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Л өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч А.Л нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан А.Л гийн 1986 оны 3, 4, 6, 8 сараас 1987 оны 7 сар, 11 сараас 12 сар, 1988 оны 2 сар, 4 сараас 5 сар, 7 сар, 11 сараас 12 сар, 1991 оны 6 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 39-62 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. 1986 онд тус сумын 8 жилийн дунд сургулийн VIII ангийг төгсөж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр хувиарлагддыг 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн доорхи ажилд томилон ажиллуулсугай. 9. А.Л I бригадад малчнаар гэх бичилттэй 22 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн VIII анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 5 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: 1. Цэргийн албанаас 1990 онд халагдаж ирсэн хүмүүсийг 11 дүгээр сарын 01-нээс эхлэн доорхи ажилд томилон ажиллуулсугай. 13. А.Л Лхагвасүрэн-Их сэлэнгэ хэсэгт малчнаар... гэх бичилттэй 52 дугаартай Цэргийн албанаас халагдагсдыг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 6 дугаар тал)
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А.Л нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/907 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх бичилттэй 08/2256 дугаартай албан бичиг, (хх-ийн 73-77 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30/985 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, А.Л гийн Ажилладаг гэх хэсэгт Улаан-Од, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Үхэрчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Рашаант, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Алтанхуяг, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 30-33 дугаар тал),
Гэрч **** ...Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд анх 1982 онд малчин, саальчнаар ажилд орж байсан. Намайг ажилд орсноос хойш 1986 оны 6 дугаар сард А.Л нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж илгээлт аваад тус сумын Улан-Од нэгдэлд үхэрчинээр ажилд орж байсан. Тэрээр тус нэгдэлдээ 1988 оны 9 дүгээр сард хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдан 1990 оны 11 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирсэнээс хойш тус сумын Улаан-Од нэгдэлдээ дахин малчин, үхэрчинээр ажиллах болсон. А.Л нь Улаан-Од нэгдэл тарах хүртэл ажилласан. Аав нь А.Л гэж Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт мал малладаг үхрийн фермийн эрхлэгч хийдэг хүн байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч ***** ...Намайг 1986 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд малчин хийж байх үед А.Л нь 1986 оны 6 дугаар сард арван жилийн сургуулиа төгсөөд илгээлтийн эзэн болж манай Улаан-Од нэгдэлд малчинаар ажилд орсон. Тухайн нэгдлийн дарга нь Пүрэвсүрэн, багийн дарга нь Юндэн гэж хүн байсан юм. А.Л нь тус нэгдэлдээ 1992 оныг хүртэл ажилласан. Бид хамтдаа нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд малчинаар ажиллаж байсан хүмүүс байгаа юм. А.Л нь одоог хүртэл малаа маллаж байгаа.... гэх мэдүүлэг (хх-ийн 63-66 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд А.Л гийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
А.Л д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тус аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1988, 1991 оны тушаал шүүж үзэхэд А.Л г малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/763 дугаартай албан бичиг (хх-ийн 4 дүгээр тал)-ээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 сарын 15-ны өдрийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн иргэн А.Л 1985-1986 оны хичээлийн жилд манай сургуулийн 8 дугаар ангид суралцаж төгссөн нь үнэн болно гэх бичилттэй 1/21 дугаартай албан бичиг, (хх-ийн 12 дугаар тал)
Нэхэмжлэгч А.Л нь 1990-2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй талаарх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан. (хх-ийн 27 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А.Л (********)-гийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ