Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 214/МА2022/00004

 

С.Оюуны нэхэмжлэлтэй хариуцагч

Н.Баттулгад холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 132/ШШ2021/00536 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Оюуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баттулгад холбогдох,

 

Зээл 5,000,000 төгрөг гаргуулах  тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Оюун нь 2018 оны 06 сарын 26-ны өдөр Н.Баттулга, Ганбатаар нарт 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Ингээд 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа зээлээ төлөхийг шаардахад дахин 7 хоног сунгуулах хүсэлт гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэв.

 

Хариуцагч Н.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Орхон аймгийн харъяат М.Ганбаатартай хамтран үйл ажиллагаагаа эрхлэхээр болж 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт олж өгч байсан. Гэтэл нөгөө мөнгөө одоо болтол өгөхгүй намайг олон сая төгрөгний өр, хүүгийн төлбөрт унагаагаад байна. Утсаар холбогдохоор ямар нэгэн шалтаг хэлсээр өдийг хүрч байна. М.Ганбаатар Дархан-уул аймгийн барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн автомашины бичиг баримтыг үлдээн зээл авсан. Мөнгийг М.Ганбаатар өөрийн дансаар авсан. Би тухайн үед хамт явж байсан болохоос уг мөнгөнөөс авч хэрэглээгүй. Иймээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул төлөх ёсгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 132/ШШ2021/00536 дугаар шийдвэрээр:

  “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч
Н.Баттулгаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж,
нэхэмжлэгч С.Оюунд олгож,

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 .Тдэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунд олгож,

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох ганц нотлох баримт нь мөнгө зээлдүүлсэн тухай гараар бичсэн баримт байгаа бөгөөд энэ баримт нь үнэн эсэхэд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч нотлох баримт байгаа бөгөөд энэ баримт дээр зурагдсан гарын үсэг нь минийх гэдгийг нотолсон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч хоёр тал зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгийн талаар маргаантай байсан. Гарын үсгийн энэ маргаан дээр тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй шүүх Н.Баттулга, М.Ганбаатар нар нь гэрээн дээр гарын үсгээ зурж баталгаажуулжээ гэж шүүх өөрөө шууд дүгнэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл болсон юм. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд өөрөө дүгнэлт гаргах биш тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах ёстой байсан ба шүүх ямар тусгай мэдлэгийн үндсэн дээр ямар харьцуулах загварыг үндэслэж гэрээн дээр зурагдсан гарын үсэг нь Н.Баттулгынх мөн гэдгийг нотолж дүгнэсэн нь тодорхой биш энэ талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ бичээгүй байна. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлж өгөх замаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтаа нотолж чадаагүй байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч надаас 5.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Оюунд олгуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

М.Ганбаатар бид 2 хамтарч зээл аваагүй М.Ганбаатар ганцаараа зээл авсан тул бид хоёрыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлгүй бөгөөд С.Оюунаас би биш М.Ганбаатар мөнгө зээлсэн тул нэхэмжлэгч нь надаас биш М.Ганбаатараас мөнгөө нэхэмжлэх ёстой юм.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч С.Оюун нь хариуцагч Н.Баттулгад холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Талуудын хооронд Зээлийн гэрээ бичгээр үйлдэгдсэн байх ба уг гэрээнд “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Намсрай овогтой Баттулга нь 40-58 ОРХ дугаартай “Rangerovor” маркийн автомашины бичиг баримтыг тавьж, 5.000.000 төгрөгийг 06 сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авлаа” гэсэн байх ба Н.Баттулга, Н.Ганбаатар нар нь гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-26/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Хариуцагч нь 5.000.000 төгрөгийг аваагүй гэж маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлж өгөх замаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Баттулгаас 5.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Оюунд олгох нь зүйтэй байна”... гэж дүгнэсэн. Шүүх шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй буюу үнэн эсэх нь эргэлзээтэй хуурамч нотлох баримтыг үнэлсэн, шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргах ёстой зүйл буюу Н.Баттулгын гарын үсэг мөн эсэхийг тогтоох асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй өөрөө шууд дүгнэлт гаргаж Н.Баттулгын гарын үсэг мөн байна гэж нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М.Ганбаатарт мөнгө зээлэх байсан бол барьцаалан зээлдүүлэх газраас холбогдох гэрээ байгуулж гарын үсэг зурах байсан. М.Ганбаатарын дансаар шилжүүлсэн зүйл огт байхгүй. Зөвхөн бэлнээр өгсөн. Тухайн гарын үсэг дээр маргаж байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсэг дээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж байсан. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүх шинжилгээний албанаас гарын үсгийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу ирсэн. Хариуцагч мөнгө зээл авсан тал дээр маргадаггүй.. Анхан шатны шүүхийн шийдвэр, үндэслэл бүхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Hэхэмжлэгч С.Оюун нь хариуцагч Н.Баттулгад холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Баттулга би 5.000.000 төгрөг зээлж аваагүй учир төлөх боломжгүй гэж маргасан байна.

Хэрэгт  цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Оюун нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр М.Ганбаатар, Н.Баттулга нарт 7 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөгийг “Rangerover” маркийн **-** дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлсэн байна.

Хариуцагч би зээл аваагүй надтай цуг явсан М.Ганбаатар авсан түүнээс нэхэмжлэх байтал надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна тэр зээлийн гэрээн  дээрхи гарын үсэг минийх биш гэж шинжээч томилуулна гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хүсэлтээр шинжээч томилох тухай захирамж гаргасан байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1421 дугаар захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 906 дугаар “шинжээч томилох” тухай захирамжинд өөрчлөлт оруулсан атлаа шинжээч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байхад хариуцагч Н.Баттулгыг хамтран зээлдэгч гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг ноцтой зөрчсөн байна. /хх-ийн 43,44,83,84/ 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

 

2.Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 95.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                       ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                    

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР