Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ЦШТ/24

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Дэлгэрням  

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 146/2018/0020/Э/ индекстэй, 1727000190051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан цахилгаан станцын инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ....тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа багийн нутагт байх Хүндэтгэлийн хаалганаас дотогш 3 км зайд засмал зам дээр 33-44 УБВ улсын дугаартай Тоёото веста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2 дахь заалт “..жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааран сонгож явна”, “...жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

            Хохирогч Д.Д 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Д.Д-гийн төрсөн аав нь байгаа юм. Талийгаач манай гэрийн 4 дэх хүүхэд байгаа юм... 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Хархорин суманд ирсэн. Тэгээд тухайн өдөр талийгаачийг хөдөө явсан Алзахгүй гэх айлд очсон тэндээс эхнэрлүүгээ утсаар ярьсан байсан гэж манай охин О хэлсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн хэлтэс дээр намайг дуудаж талийгаач хаана байгаа талаар асууж, нэг зураг үзүүлэн энэ хүнийг таних уу гэж асуусан. Тухайн үед би талийгаачийг хөдөө байгаа гэсэн гэж хэлээд тухайн зургийг харахад сайн танигдахгүй байсан тул танихгүй гэж хэлсэн. Тэгээд эргээд үдийн цайнаар гэртээ ирээд байж байсан чинь цагдаагаас хоёр хүн ирж юу болсон талаар хэлсэн... Манай банди жолооч мэргэжилтэй байсан багаасаа автомашин барьж байсан нийтийн тээврийн жолооч хийдэг байсан. Хүнд тусархаг, найз нөхөд ихтэй, төлөв даруу зантай хүн байсан. Найз нөхөдтэйгээ нийлэхээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан... Би албан ёсоор мотоцикль авч өгч байгаагүй. Ер нь бол миний нүдэнд мотоцикль унаж яваа харагдаж байгаагүй. Багадаа дугуй унадаг байсан мотоцикль жолоодож чадах байх. Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй... Хүний мотоциклийн ард сундалж яваад осолд ороод нас барсан болохоор бид нарт харамсалтай байна. Тухайн үед талийгаачийн зургийг хараад таниагүй нь гадны явуулын хүн гэсэн сэтгэлгээтэй байсан болохоор таниагүй. Манай сумын хэмжээнд цогцос хадгалах байрны хадгалалт хамгаалалт туйлын хангалтгүй байна. Манай талийгаачийн том хүүхэд нь энэ жил их сургуульд орсон 17 настай эрэгтэй хүүхэд, 5 настай эрэгтэй, 2 настай эмэгтэй хүүхдүүд өнчирч хоцорсон мөн эхнэр нь хань ижилгүй хоцорсон. Энэ хүүхдүүдийн цаашдын амьдрах суралцах нөхцөл бололцоогоор хангах тал дээр хуулийн дагуу шийдэх байлгүй... гэжээ. /хх-ийн 29-30 дугаар хуудас/ 

            Хохирогч Г.О 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г.А-ийн төрсөн дүү. Манайх ээжээс зургуулаа. Манай талийгаач ах Г.А нь манай 2 дахь том ах юм... 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай ах хүнс барааны зах дээр мотоциклийн таксинд зогсож байсан юм. Тухайн үед манай талийгаач ах 19 цагийн өмнө Б гээд манай ах руу утсаар залгаад би хөдөө явлаа ээж аавд хэлчихээрэй би оройтох байх гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад эмнэлэг дээр осолд орсон байдалтай ирсэн гэж эмнэлэгээс манай ээж рүү залгаж хэлсэн. Тэгээд манайхан эмнэлэг дээр ирэхэд манай ах нас барсан байсан... Манай ах Г.А нь төлөв даруу зантай, элдэв муу зуршил байхгүй хүн байсан. Байнга биш хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан... Өөрийнх нь мотоцикль байсан. Хүнээс худалдаж аваад сар болоогүй байсан. Гэхдээ ямар нэгэн бичиг баримт байхгүй... Оршуулгын зардал нийт 4.020.000 төгрөгний зардал болон манай ахын унаж хэрэглэж байсан Мустанг-5 маркын мотоцикь буюу 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү хохирол мөнгийг гаргаад өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

            Гэрч З.Т 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 20 минутын орчим Улаанбаатар хотоос найз нартайгаа зугаалгаар Өгий нуур луу явахаар гарсан. Тухайн үед манай найз Б.Б, Т.Б, Х.Т, Д.Э болон түүний 9 сартай хүүхэд бид нар Т.Б-гийн машинтай гарсан. Тэгээд анх хотоос гарахад Т.Б машин барьж яваад, орой 21 цагийн орчимд Элсэн тасархайгаас Хархорин сум руу салдаг хэсэг дээр Б.Б машин барьж эхэлсэн. Тэгээд нялх хүүхэдтэй явж байгаа юм чинь тайван явна гэсэн. Тэгээд явж байгаад би арын суудал дээр унтсан. Унтаж байхад нэг юм мөргөх шиг чимээ гараад сэрсэн. Сэрээд хартал машин замын хажуу тал руу орчихсон машинаас буугаад хартал замын дээр 2 хүн хэвтэж байсан. Манай найз Д.Э, Т.Б хоёр цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн... Жолоочийн ард хэсэгт хаалган талд сууж байсан... Манай найз Б.Б жолоодож явсан... Би тухайн үед унтаж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдээгүй... согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ... гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

            Гэрч Х.Т 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос найз нартайгаа зугаалгаар Өгий нуур луу явахаар гарсан. Тухайн үед манай найз Б.Б, Т.Б, З.Т, манай эхнэр Д.Э, мөн хүүгийнхээ хамт бид нар Т.Б-гийн машинтай гарсан. Тэгээд анх хотоос гарахад Т.Б машин барьж яваад орой Элсэн тасархайгаас Хархорин сум руу салдаг хэсэг дээр Б.Б машин барьж эхэлсэн. Тэгээд Хархорин сум руу орж яваад гадна харанхуй байсан гэнэт зам дээр эрээн подволктой хүн гараад ирэх шиг болсон. Тэгээд тухайн хүнийг мөргөсөн. Тухайн үед маш хүчтэй мөргөсөн. Тэгээд машин замын хажуу тал руу ороод зогссон машинаас буугаад зам дээр хоёр хүн хэвтэж байсан. Тэгээд бид хүн мөргөсөн байна гэдгийг мэдсэн. Тэгээд эхнэр хүүхэд дээрээ очиж үзээд цагдаа болон эмнэлэг дуудсан... Манай найз Б.Б жолоодож явсан... Тухайн үед яг хэдэн километр цагийн хурдтай явж байгааг хараагүй. Анх Элсэн тасархайн тэндээс хөдөлж байхад 80 километр цагаас илүү хурдлахгүй явж байсан гэжээ. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

            Гэрч Т.Б-гийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос найз нартайгаа зугаалгаар Өгий нуур луу явахаар гарсан. Тухайн үед манай найз Б.Б, Х.Т, З.Т, Х.Т-ын эхнэр Д.Э, мөн хүүхдийнхээ хамт бид нар миний өөрийн эзэмшлийн машинтай гарсан. Тэгээд анх хотоос гарахад би өөрөө машин барьж яваад орой Элсэн тасархайгаас Хархорин сум руу салдаг хэсэг дээр миний харшил хөдлөөд нүд загтнаад мөн урд шөнө нойр муутай хоносон байсан тул Б.Б-д машинаа шилжүүлсэн. Тэгээд би арын суудал дээр голд сууж явсан. Тухайн үед миний машины ус халаад байсан тул би хянах самбар луу усыг халж байна уу үгүй юу харж явсан. Тэгээд  Хархорин сум руу орж яваад гадна харанхуй байсан гэнэт зам дээр мотоцикльтой 2 хүн гарч ирээд тухайн мотоциклийг араас мөргөсөн. Тухайн үед маш хүчтэй мөргөсөн. Тэгээд машин замын хажуу тал руу ороод зогссон машинаас буугаад би нэг амьсгалж болохгүй тэгээд газар хэсэг сууж байгаад зүгээр болсон. Тэгээд хартал зам дээр 2 хүн хэвтэж байсан. Тэгээд утсаа гаргаж түргэн болон цагдаад хэлсэн... Хаанаас орж ирснийг нь мэдэхгүй байна. Замын хажуу талаас гарч ирээд явж байсан байх, тэгээд араас нь мөргөсөн... Машины хойд хэсэгт голд сууж явсан... 75-80 километр цагийн хурдтай явсан. Миний машин хэтэрхий их хаазалж явахаар сэнс нь ажиллахгүй халаад байсан. Тийм учраас хурд багатай явж байсан... Үгүй хэрэглээгүй байсан... Миний өөрийн эзэмшлийн машин. Одоо “Нэт капитал” нэртэй ломбардны нэр дээр байгаа... Тухайн үед эрүү болон зүүн гар өвдөж байсан. Одоо гайгүй байна. Гэхдээ зүүн гар бага зэрэг өвдөж байна гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/

            Гэрч Д.Э-ын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос найз нартайгаа зугаалгаар Өгий нуур луу явахаар гарсан. Тухайн үед манай найз Б.Б, З.Т, манай нөхөр Х.Т, хүү Т.Э нарын хамт Б.Б-гийн машинтай гарсан. Тэгээд анх хотоос гарахад Б өөрөө машин барьж явсан. Тэгээд Элсэн тасархайгаас Хархорин сум руу салдаг хэсэг дээр Б.Б машин барьж эхэлсэн. Тэгээд  явж байгаад Хархорин сумын хаалгаар орж ирээд явж байтал гэнэт машин ямар нэгэн зүйлтэй мөрдөгдөх шиг болсон. Тэгээд би тухайн үед хамаг санаа сэтгэл хүүхэд дээр байсан болохоор хүүхдээ тэврээд юу болж байгааг ойлгох сөхөөгүй байсан. Тэгээд машин замын хажуу руу орсон байсан. Тэгээд нөхрийгөө дуудаж машинаас буухад 2 хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан... Анх хотоос гарахад 80 километр цагаас илүү хурдлахгүй явж байсан. Тэгээд тэр чигээрээ явсаар байгаад л энд ирсэн. Манай хүүхэд 9 сартай. Тийм учраас хурдан яваагүй... Үгүй хэрэглээгүй байсан... Гар хөл энд тэндээ бага зэрэг шалбарсан. Мөн тухайн үед толгой бага зэрэг өвдөж байсан. Одоо ямар нэгэн өвдсөн зүйлгүй ” гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/

            Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд: “...33-44 УБВ улсын дугаартай автомашины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2 дахь заалт “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааран сонгож явна”, “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн байна. Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Мустанг-5 маркын мотоциклийн жолооч Г.Алтангэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А, 2.3 В, 2.7 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;”, “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг тус тус зөрчсөн байна. 33-44 УБВ улсын дугаартай тоёота веста маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалт “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааран сонгож явна”-ыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэлтийг гаргав. Тогтоод тусгагдаагүй шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй болно...” гэжээ. /хх-ийн 52-53 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шүүх эмнэлгийн задлан хийсэн актад: “...Талийгаач Д.Д-гийн биед суурь яс, дагз ясны цөмөрсөн хугарал, их бага тархины тархмал цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн гар, нуруу, ташаа, 2 гарын тохой, 2 мөр, зүүн өвдөгт зулгаралт, шилэн хүзүүнд гарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ хүндэвтэр зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ. /хх-ийн 59-60 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаартай шүүх эмнэлгийн задлан хийсэн актад: “Талийгаач Г.Алтангэрэлийн биед суурь ясны хугарал бяцрал, баруун чамархай яс, дагз ясны хугарал,  их тархины баруун тал бөмбөлөгийн цус харвалт, дух, зүүн шанаа, зүүн гар, баруун тохой, зүүн хөлний өвдөг, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ. /хх-ийн 65-66 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 261 дугаартай шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлтэд: “...З.Тгийн биед зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 75 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаартай шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлтэд: “... Д.Э-ын биед тархи доргилт, хамар зулгаралт, зүүн гар, баруун гар, баруун гарын долоовор хуруу, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 80 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7591 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Алтангэрэл 35 н/эр” гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. 0.6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “Д.Д 35-40/эр” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. 1.6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 101 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4726 дугаартай шүүх шинжилгээний автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлтэд: “... Шинжилгээнд ирүүлсэн Toyota vista маркийн автомашины тоормосны систем ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллагаатай байсан байна. автомашины тоормосны мөр гэж тэмдэглэгдээгүй тул жолооч автомашиныг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Автомашин их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон байх тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Хурдыг тодорхойлох боломжгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, гэрэл зурагт харуулсан зүйлүүд зөрүүтэй, ослын газрын схем зураг ирүүлээгүй тул осол гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй...” гэжээ. /хх-ийн 107 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4724 дугаартай шүүх шинжилгээний автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд Мустанг-5 мотоциклын залгуур гажиж, базуурын хамгаалалт төмөр, базуур гулзайсан, зүүн талын толь хагарсан, хянах самбар хагарсан, зүүн талын базуур шороо мэт зүйлээр бохирлогдож гулзайсан, урд талын хамгаалалт төмөр гулзайсан, баруун талын дохионы гэрлийн цацруулагч хагарсан, зүүн талын дохионы гэрэл суурь хэсгээрээ хугарсан, урд талын амортизаторууд гулзайсан, урд талын хөлний хамгаалалт төмөр хугарч гулзайсан, шатахуун хадгалан савны зүүн тал зурагдаж хонхойсон, зүүн талын гишгүүр гулзайсан, суудлын урд тал нугарсан, мотоциклын хойд хэсэг бүхэлдээ дотогш шахагдсан, хойд талын гэрлийн суурь хагарсан гэрэл байхгүй, баруун талын хамгаалалт төмөр дотогш гулзайж нугарсан, зүүн хойд талын дохионы гэрлийн хамгаалалт төмөр гулзайсан, хойд талын тоормосны татуурга төмөр байхгүй, хойд талын дотуур хаймар урагдсан, урд дугуйн тоормосны татуурганы тогтоогч боолт байхгүй, хойд дугуйн тоормосны татуурга байхгүй зэрэг гэмтлүүдтэй байна. Тоормосны системийн эд анги бүрэн бус тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн мотоцикл нь их хэмжээтэй эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, гэрэл зурагт харуулсан зүйлүүд зөрүүтэй, ослын газрын схем зураг ирүүлээгүй тул осол гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй...” гэжээ. /хх-ийн 122 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 дугаар хуудас/

        Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106-116, 121-129 дүгээр хуудас/

            Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 154 дүгээр хуудас/

  Шүүгдэгч Б.Б-гийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155-156 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа багийн нутагт байх Хүндэтгэлийн хаалганаас дотогш 3 км зайд засмал зам дээр 33-44 УБВ улсын дугаартай Тоёото веста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2 дахь заалт “..жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааран сонгож явна”, “...жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.Д, Г.О нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шүүх эмнэлгийн задлан хийсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаартай шүүх эмнэлгийн задлан хийсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 261 дугаартай шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаартай шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7591 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4726 дугаартай шүүх шинжилгээний автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4724 дугаартай шүүх шинжилгээний автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б хохирогч Д.Д-т, хохирогч Г.О-т нарт  оршуулгын болон бусад зардал төлсөн болох нь хавтаст хэргийн 195, 197 дугаар хуудсан дахь бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

          Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нар оногдуулах ялыг хөнгөрүүлэх хүсэлт бичгээр гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 8,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА