Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/560

 

 

 

 

 

 

    2024             05            14                                      2024/ДШМ/560

                                                       

 

У.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлоор У.Жд холбогдох 2305000001917 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн эдэлж дууссан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч У.Ж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вайбе" шөнийн цэнгээний газрын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Хтай маргалдан цээжин тус газарт нь хутгалж, улмаар Д.Х нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барж “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жд 10 /арван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Жд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650 /нэг мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар тус тус сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жд оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жгийн цагдан хоригдсон нийт 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Жгээс нийт 138.591.085 /нэг зуун гучин найман сая таван зуун ерөн нэгэн мянга наян таван/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч У.Ж нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдээгүй гэж дүгнэн, 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг /Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ./ үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл /Хууль хэрэглэх журам/-ийн 12.1 дэх хэсэг / Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна./, мөн хуулийн 12.5 дахь хэсэг /Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана./-т заасныг тус тус хэрэгжүүлээгүйн улмаас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож, үндсэн 10 жил 6 сарын хорих ял дээр нэмж 3 сарын хорих ял шийтгүүлсэнийг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шийтгэх тогтоолын 15 дугаар тал, доороосоо догол 5 дугаар мөрөнд: ...У.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дурдсан.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, ял оногдуулах санал гаргахдаа дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй, учир нь өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч С.Ц мэдүүлгээр хохирогчийн талаар тодорхой мэдүүлсэн нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйн улмаас үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон байна.

Иймд миний үйлчлүүлэгч болон түүний ар гэрийнхэн, ажлын хамт олны зүгээс шүүх хуралдаанд ажиглагчаар оролцон шүүхэд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хохирол нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, У.Ж нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. У.Жд оногдуулсан ял бага санагдаж байсан боловч залуу хүн байна, миний хүү босоод ирэх биш дээ гэж бодоод тэвчээд өнгөрсөн. Гэтэл У.Жгийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд бүх хохирол, төлбөрийг төлж барагдуулна гэж хэлж байсан бөгөөд ах дүү, найз нөхөд нь ирсэн байсан тул би итгэсэн. Гэтэл 5.500.000 төгрөгийг хэд хэд хувааж төлсөн бөгөөд шүүх хуралдааны өмнөх өдөр буюу өчигдөр 1.000.000 төгрөг өгсөн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлж эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт шийтгэх тогтоолд заавал дурдагдах зохицуулалт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Ж яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд амарч байсан, тухайн асуудал болоод би очсон” гэж мэдүүлсний хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон бөгөөд хүндэдээгүй гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэрэгт 8-10 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүх хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж У.Жд 10 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 20.916.085 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч өнөөдрийн байдлаар 6.500.000 төгрөгийг төлсөн тул хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболдоос “У.Жд оногдуулсан ял хүндэдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан нь зохимжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор хохирол, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж 11 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч У.Жд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

          Шүүгдэгч У.Ж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вайбе" шөнийн цэнгээний газрын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Хтай маргалдан цээжин тус газарт нь хутгалж, улмаар Д.Х нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дийн “...Миний хүү ерөөсөө ухаан орохгүй байж байгаад нас барсан аав ээжийнхээ царайг харж амжаагүй, талийгаач хүү маань 5-18 насны 4 дүүтэй, дүү нартайгаа ч уулзаж чадаагүй нас барсан... Маш их гомдолтой байна...” /1хх 14-16/,

гэрч Э.Тийн “...Би гадуур халтуур хийгээд явж байхад 05 цагийн үед баарны хамгаалагч Бэхээ гэх залуу над руу залгаад “андаа Хг хүн хутгалчихсан юм шиг байна” хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэрнээс өмнө 4 цагийн үед баарны бармен З намайг дуудаад “Х согтсон байна, чи аваад явчих” гэж хэлээд гар утас, цамцыг нь өгсөн. Тухайн үед Х нилээн согтсон “явах болоогүй” гээд байсан. 5 цаг өнгөрч байхад Бэхээ над руу залгаад “би Гэмтлийн эмнэлэг дээр очсон..., баарны гадна шорлог зардаг охинтой маргалдсан, тэр охин намайг ахтайгаа утсаар яриулсан. Тэр шорлогны охин л намайг хутгалуулсан” гээд согтуудаа ч юм уу, өвчиндөө ч юм уу, тиймэрхүү зүйл яриад байсан... Хзүүн далных нь дээд хэсэгт хутгаар зүсэгдсэн мэт шархтай байсан. ...” /1хх 18-19/,

гэрч Ц.М “...Баарны гадаа шуугиан болсон. Хүмүүс “хүн хутгалуулсан байна” гэсэн. Намайг очиход замын голд хүн хэвтэж байсан. Тэгээд таксинд суулгаад Гэмтэл дээр очсон. Хүрэлбаатар 05 цагийн үед гарсан. Би болсон асуудлыг хараагүй. Замын эсрэг талд “Дүүхээ” төвийн урд хүнтэй уулзаад зогсож байсан. Цээж нүцгэн эрэгтэй приус 20 маркийн машинаас бууж ирсэн. Шууд Х руу хутга бариад гүйсэн гэсэн. ...” /1хх 21/,

 

насанд хүрээгүй гэрч С.Ц “...Удалгүй Х эгч машинаа бариад Ж ах машинаасаа буугаад баарны зүүн талаас дээгүүрээ нүцгэн, баруун гартаа гялтгасан юм бариад гараад ирсэн. Би дотроо хутга биш байх гэж бодоход Ж ах миний хажуугаар гүйж өнгөрөхдөө “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тухайн Х гэх ах “чи намайг одоо яах уу” гэхэд Ж ах гартаа барьж байсан гялтгасан хутга мэт зүйлээр Х гэх ахын цээжин тус газарт нь миний харснаар бол 1 удаа хутгаараа даллаад хүрэх шиг болсон. Тухайн Х гэх ах цааш цээжээ тэврээд зугтаад гүйж байгаад замын голд унаад өгсөн. Ж ах араас нь очоод тухайн Хүрлээ гэх ахыг хараад зогсож байсан. Би араас нь гүйж очоод Ж ахад “та яачихваа” гэхэд тухайн ах газарт хэвтчихсэн, гараараа цээжнийхээ зүүн хэсэгтээ дарчихсан гарных нь салаагаар цус гарч байсан. Ж ах надад ерөөсөө юм хэлээгүй. Би Ж ахыг гарнаас нь хөтлөөд буцаад аваад явсан. Ж ах бид 2 шорлог дээрээ ирээд байж байхад тухайн баарны хамгаалагч өмнө харж байсан хүзүүндээ шивээстэй ах баарныхаа үүдэнд зогсож байсан. Тэр ахад “тэнд нэг хүн хэвтэж байгаа, эмнэлэг аваад яваадах” гэж хэлсэн. Ж ах машиндаа суугаад яваад өгсөн. Удалгүй нөгөө баарны шивээстэй хамгаалагч ах ирээд тийм хүн байхгүй байна гээд хүрээд ирсэн... Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Би Ж ах дээр очоод гарнаас нь хөтлөөд аваад ирэх үед гарт нь ямар нэгэн зүйл байгаагүй. Х биед Ж ахаас өөр хүн халдаагүй. Хүмүүстэй зүгээр л муудалцаад байсан, зодоон хийгээгүй...” /1хх 27-31/,

гэрч М.Б “...Х манай баарнаас гараад удаагүй байхад буюу 40-50 орчим минутын дараа “баарны гадаа асуудал гарлаа” гэж Б надад хэлснээр би баарны гадаа гарахад манай баарны зохион байгуулагч О, Б нар “Хг хүн хутгалсан байна” гээд хоорондоо яриад зогсож байсан. О, Б бид 3 ойр орчмоор Хг хайтал Х манай баарны замын хойд талд замын гол хэсэгт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Мөн араас манай баарны хамгаалагч болох М хүрч ирсэн. Бид 4 ойртож очоод хартал Хн зүрхэн тус газраас нь маш их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би машин руугаа явтал М такси бариад Хг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Манай баарны хамгаалагч болох М намайг баарнаас гараад үүдэнд очиход “Х ахыг Ж буюу Ж ах машинаасаа хутгатай бууж ирээд хутгалаад яваад өгсөн” гэж хэлсэн. ...” /1хх 33-34/,

 

гэрч Б.О “...М өөрийн “Борбек” гэх хаягаас “гадаа Ж ах ирээд нэг ахыг хутгалчихлаа” гэж чат бичсэний дагуу би ганцаараа гадаа гарахад Ж буюу Ж дээгүүрээ цээж нүцгэн доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй зогсож байсан. Би Ж ах буюу Ж дээр очоод юу болсон талаар асуухад Ж “би тэнд хүн хутгалчихлаа” гэж надад хэлсэн. Би Жгийн заасан газар болох манай баарны хойшоо заасан тул тэнд нь очиж үзэхэд ерөөсөө хүн олдоогүй, би М рүү залгаад хаана байгааг нь асуух гэсэн боловч М утсаа огт авахгүй байсан болохоор буцаад бааран дээрээ очиход Ж явчихсан байсан. Тэгээд би ахиад явах гэхэд баарны дотор талаас манай менежер Б, манай зохион байгуулагч Б нар гараад ирсэн. Бид 3 цааш алхаад зам гарч харахад хойд замын голд нэг хүн хэвтэж байсан, ойртож очоод хартал Х зүүн талын хавирганаас маш их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би такси бариад Хг М хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. ...” /1хх 37-38/,

           

            гэрч Б.Б “...Би дотор ажлаа хийгээд байж байхад манай баарны хамгаалагч Мөнх-Ирээдүй “гадаа хүн хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би О, М нарын хамтаар цааш алхаад зам гарахад хойд замын голд нэг хүн хэвтэж байсан. Ойртоод хартал зүс таних Х цусанд холилдсон хэвтэж байсан. Тэгээд би такси бариад Хг М хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. ...” /1хх 42-43/,

 

У.Жгийн яллагдагчаар “...Тэр үед Х дүү Ц рүү орилоод дайраад Ц уйлаад доошоо суучихсан байхаар нь би тэр үед машины урд хайрцагт хөдөө гадаа явахдаа хэрэглэдэг хар өнгийн иштэй 20-25 орчим сантиметр урттай ажлын хэсэгтэй хутгыг аваад шууд яваад очтол Ц өөдөөс агаа гээд уйлаад ирсэн. Би Ц зөрж очоод яг яаж хэрхэн хутгалсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан “хөөш чи муу” гээд бөгс хэсэг рүү хутганыхаа ишээр нэг удаа хатгаснаа санаж байна. Тэгээд нэг ухаан ортол би зам дагуу алхчихсан, Ц намайг гараас хөтлөөд “ахаа, та хүн хутгалчихлаа” гэсэн. Би шууд баарны гадаа ирэхэд О гэх “Вайбе” баарны зохион байгуулагч гэж надад өөрийгөө танилцуулж байсан залуу баарныхаа үүдэнд зогсож байхаар нь би очоод “ах нь Хүрлээг хутгалчихлаа, чи гэмтлийн эмнэлэгт хүргээд өгчихөөрэй” гэж хэлээд би машиндаа очиж суусан. Би тэндээс гараад шууд гэр рүүгээ явсан. ...” /1хх 121-124 / гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2694 дугаартай “...Талийгаач Д.Хын цогцост цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд 6, 7 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтрэн бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн шарх, нарийн гэдэсний урагдал, зүүн 6 дугаар хавирганы зүсэгдэл, хугарал, өрцний зүсэгдсэн шарх, өрцний шархаар цээжний зүүн хөндий рүү их хэмжээний иврэлт, цээж, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, хэвлийн хөндийд дэлүүний булан орчмын цусан хураа, хамрын сүвний үүдэвч хэсгийн шарх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хамрын сүвний үүдэвч хэсгийн шарх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээж, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжил, үжлийн хатгаагаар хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн харъяалалын цустай байна. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн 15909 тоот өвчний түүхт дурьдснаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад нас баржээ. Цус, ходоодны шингэн, шээс, цөсөнд спиртийн агууламж илрээгүй...” /1 хх 92-99/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 900 дугаартай “...У.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Ж сэтгэцийн хөгжил өөрийн насны түвшинд тохирсон байна. У.Ж сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 120-121/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

 

 гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2, 3-4/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-6, 7-8/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 125-127, 128-129/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 130-133/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 144-146/, хохирлын баримтууд /1хх 170-244, 2хх 130-133/, өвчний түүх /2хх 100-121/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3505 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 18-ны 3441 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4907 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3596 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5148 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч У.Ж ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч У.Ж амь хохирогч Д.Хыг цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээж, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжил, үжлийн хатгаагаар хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Жд хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

У.Ж нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. /1хх 248/

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, мөн хуулийн 4, 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.Жгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд хамаарч байх тул уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 952 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1.650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялаас 300.000 төгрөгийг У.Ж нь төлсөн буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй тул нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж зааснаар шүүгдэгчийн дээрх торгох ялаас төлөөгүй үлдсэн 1.350.000 төгрөгийн торгох ял нь 1.350.000:15.000=90 хоног буюу 3 сар болж байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 9 сар болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.   

           Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболдын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч У.Жгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч У.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дид 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн эдэлж дууссан баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг дарааллын хувьд 2 удаа оруулж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Жд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650 /нэг мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар тус тус сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650.000 төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн торгох ялаас төлөөгүй үлдсэн 1.350.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

 

            шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жд оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жд оногдуулсан 10 /арав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Шүүгдэгч У.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дид 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ