Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/561

 

 

 

 

 

    2024            5             14                                         2024/ДШМ/561                                                         

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Ө.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бт холбогдох эрүүгийн 2006000003030 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102 байрны 41 тоотод иргэн Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бумбат овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийн цагдан хоригдсон 360 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Биас гэм хорын хохиролд 13.643.342 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П-д олгож, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие талийгаачийн ар гэр, ах дүү нар болон өөрийн гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсөд та бүгдийн өмнө шүүн шийтгүүлэх гээд зогсож байгаадаа маш ихээр харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна.

Миний бие хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөөний 10 цагт гэрээсээ гараад хамт ажилдаг менежер Д.Б гэрт очсон. Бид хамтдаа “Болор жонш” ХХК-д ажилдаг бөгөөд уг компани жонш олдворлодог уул уурхайн компани юм. Бид хоёр тухайн үед уурхай руу явуулах хүнс, ногоо, сэлбэг зэргийг өдөржин цуглуулж бэлдээд орой 19 цагийн үед Д.Б 13 дугаар хороолол Шинэ монгол сургуулийн хажуу байдаг 45 дугаар байранд оройн хоол хийж идэн, тухайн өдрийн тооцоогоо бодож 1 сав пиво хувааж ууж байх үед 21 цагийн орчим надтай цуг Чех улсад 5 жил хамт сурч байсан Т.Б над руу залгаж, хүний утас асууж “чи хаана байна?” гэхээр нь “Д.Бд байна” гэхэд, “за за” гээд утсаа тасалсан. Д.Б тамхи дуусаад тамхинд гарсан. Тэгээд 22 цагийн үед Т.Б гаднаас орж ирэхдээ нэг танихгүй хүнтэй хамт нэг ширхэг архитай орж ирсэн. Тэр хүнийг манай Дарханы найз маань гэж танилцуулж байсан. Би хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Бид 4 цуг сууцгааж, Т.Бы авчирсан архийг хувааж уусан. Архи ууж байх үедээ, тэр хоёр “мөнгөний хэрэг гараад байна, Т.Бы машиныг зарж мөнгө олох гээд бүтэхгүй байна, мөнгө байна уу? бүтээгээд өг” гээд асуугаад байсан. Юу хийдэг, ямар ажил эрхэлдэг талаар асуухад “онцын ажил хийдэггүй, урьд нь алдаад шоронд сууж байсан” гээд шоронгийн тухай ярьж, “атаман явж байлаа” гээд элдэв юм ярьж байсан. Нэлээн ширүүн догшин харьцаатай хүн байсанд манай Б “архиа дууслаа, одоо тарцгаа, би унтаж амарлаа, маргааш ажилтай” гээд 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гаргасан. Тэгээд талийгаач болон Т.Бтай гарч гэр гэр рүүгээ явцгаах гээд төв зам руу такси барих гээд алхсан. Т.Б байшингийн буланд бие засаад талийгаач бид хоёр цааш алхаад явж байсан. Надаас “мөнгө хэрэг байна, мөнгө зохицуулчих, чи уурхайд ажилладаг, одоо бэлэн мөнгөтэй байгаа юм байна шүү дээ” гэх зэрэг зүйл ярьж байгаад такси барьсан. Тэгээд би “за та хоёр ингээд таксинд суугаад яв, би өөр таксинд суугаад явлаа” гэж хэлэхэд, Т.Б “хамтдаа цуг явцгаая, манайх ойрхон байгаа” гээд таксинд татаж суулгаад хамт явцгаасан. Ахмадын хороо хавьцаа очсон. Талийгаач түрүүнд явж хаалга онгойлгоод ороход талийгаачийн гэр гэж мэдсэн. Дөнгөж гэр рүү нь ороод бид 3 гадуур хувцсаа тайлж, ширээнд сууцгаасан. Ширээн дээр уугаад дууссан 1 ширхэг архины хоосон шил, 1 шил бүтэн архи байсан. Би ширээний үүдэн талд сууж, Т.Б ширээний баруун талд сууж, талийгаач цай хийж өгч, хиам зүсэж, ширээний зүүн талын буланд хананаас урагш харж суусан. Т.Б утсаа оролдож байгаад утсаа аваад 00-д ороод суучихсан. Тэгээд талийгаач бид 2 юм ярьж байтал талийгаач надад “за чи түрүүний ярианы талаар юу бодож байна, миний саналыг хүлээж авах уу, мөнгө зохицуулаад өгчих” гэж хэлэхэд нь гэнэт миний дургүй хүрээд “чи яагаад надаас мөнгө нэхдэг юм бэ, чамд би ямар өртэй биш” гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад “чи намайг танихгүй, мэдэхгүй байна, би урьд шоронгоор явж байсан, би хаана л бол хаана нэртэй хүн шүү, чамд мэдрүүлээд өгөх үү” гэж хэлээд, босоод ир архи хундагал гэж хэлсэн. Би “Т.Быг нойлоос гарч ирэхээр нь болъё” гэж хэлэхэд уурлаад “чи яасан олон үгтэй юм бэ, чи ямар том юм бэ?” гэж хэлээд өөрөө хундагалж, “босоод ир, надтай архи тулга, чамайг яавал ч яана шүү” гэх үгээр дарамталж эвгүй харилцаж эхэлсэн. Тухайн үед би айж цэрвэж очоод талийгаачийн урд талд нь очиж зогссон. Надад хундагатай архи өгөхөд нь би архи уугаагүй, амсаад буцааж өгөхөд “чи хүний өгсөн архийг голдог хэн бэ? чи намайг мэдэхгүй байна, би чамайг яавал ч яана шүү” гэхэд нь би “за за явлаа” гэсэн чинь талийгаач зүүн гартаа хутга бариад далайж “хандыг чинь хага дарна, ална чамайг” гээд баруун гараараа ширээгээ тохойлдоод дээш хагас өндийх агшинд л хутгатай гарыг нь түлхэж дараад хойш огцом ухраад хөргөгчийн хажууд очоод зогссон чинь талийгаач “ална чамайг” гээд цустай хутга өргөөд урагш хагас алхаад өнхөрч унасан. Тухайн үед сөхөрч хэвтэх хооронд Т.Б 00-оос гарч ирээд “хүн үхчихлээ шүү дээ” гээд хүзүүн дээр нь дарсан. Яг энэ үед манай эхнэр над руу залгаж таараад “яасан гэртээ ирж байна уу?” гээд асуухаар нь “хүн үхчихлээ, би хүн алчихжээ” гэж хэлсэн. Би тухайн үед цус хараад айсандаа шоконд орчихсон, юу ч хийж чадахгүй зогсож байсан. Т.Б цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа ирж бид хоёрыг хэлтэс рүү авч явсан. Болсон зүйл ердөө л энэ. Тухайн үед би намайг хутгалах гэж байна гэж бодоод сандарсандаа гарыг нь түлхэж, өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл маань хүний аминд хүрчихсэн байна. Үүнийг би огт үгүйсгээгүй. Болсон үйл явдал маш хоромхон хугацаанд болсон. Энэ үйлдлийг би хуулийн хүрээнд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байгаа. Хүн алчихсан гэх үү? хүнээс өөрийгөө хамгааллаа гэх үү? санамсар болгоомжгүй гэх үү? тайлбарлаж чадахгүй байна. Нэмж хэлэхэд, талийгаач бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Талийгаачийг огт таньж мэдэхгүй, хэрэг болдог өдөр л танилцсан. Уг нь хэрэг болсон өдрийн өглөө талийгаач Баянзүрх дүүргийн шүүхээр орж торгуулийн ялаар шийтгүүлээд, мөнгөний асуудалтай явж байсан гэсэн. Үүнийг нь хууль ёсны төлөөлөгч А.П мэдүүлэгтээ гэрчилдэг. Шударга шүүхийн өмнө зөвхөн үнэнийг мэдүүлнэ гэж хэлдэг мөртөө огт үндэслэлгүй худал мэдүүлж, хүнийг гүжирдэж, яаж энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтэй болгох вэ? гэж улаан цайм хүн рүү дайрч байгаа нь зүйд нийцэхгүй байна. Огт таньдаггүй байсан талийгаачийн гэр бүлийн хүмүүс, ах дүү нар нь бүгд таньдаг мэддэг болоод 6 хүмүүс бүгд гэрчийн мэдүүлэг өгч, хавтаст хэрэгт сүүлд хавсаргасан байх юм. Мөн талийгаачийн ах, дүү, эхнэр, хүүхэд нь байсаар байтал заавал эцэг өөр А.Пг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оруулж байгаа нь цаана өөр агуулгатай харагдаж байгаа юм. Талийгаачийн ах, дүү нар манай гэрийнхэн болон намайг таньж мэддэг гэдэг нь огт үндэслэлгүй. Миний ээж 1981 онд нас барсан. Талийгаач 5 настай П төрөөгүй байсан. Миний аав 1999 онд хүнд өвчний улмаас нас барсан. Мөн эд нарын хэн нь ч танихгүй мэдэхгүй. Би 1986 онд Чех улс руу сургуульд явж, 1991 онд төгсөж ирээд Улаанбаатар Сшин өнөөг хүртэл амьдарч байна. Тэгэхэд намайг сургуульд явахад талийгаач 11 настай, П гурваас дөрвөн настай байжээ. Эд нар намайг болон манай гэрийнхнийг огт мэдэхгүй. Намайг энэ хэрэгт санаатай болгох гэж дайрч байна. А.П нь одоогоос хориод жилийн өмнөх манай гэр бүлийн хүнтэй хувийн харьцаатай байсан тухайгаа ярьж, хэргийг санаатай болгох гэж дайрч байна. Үүний тод жишээ нь П болон ах, дүү нар мөн талийгаачийн өмгөөлөгч нар цорын ганц гэрчид шууд нөлөөлж, гэрч Т.Быг дарамтлан айлган сүрдүүлж цагдаагийн албан хаагч нартай мэдүүлгийг нь өөрчлүүлж, огт болоогүй зүйлийг мэдүүлж, “Бийг хутгалж байсныг харсан, цустай хутгаа гартаа бариад зогсож байсан гэж мэдүүл, тэгэхгүй бол чамайг хамт шоронд нь цуг хатаана” гэх зэргээр мэдүүлэг өгүүлж дарамталж, нөлөөлсөн гэж гэрч Т.Б шүүх дээр өгсөн мэдүүлэг, сүүлд өгсөн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлсэн байдаг. Талийгаачийн эхнэр гэх Хандааг манай дээд ангийн эгч гэхээс өөр зүйлийг мэдэхгүй. Хэнтэй сууж, хэдэн хүүхэдтэй талаар өнөөг хүртэл огт мэдэхгүй. Энэ мэтчилэн над руу дайрсан нотлох баримтгүй ам дамжсан мэдүүлгийг үндэслэл болгон шүүх тогтоолд бичсэн байгаад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харамсаж байна. Миний шүүх хурал 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр товлогдож, шүүх хурал болохгүй хойшлогдож, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болсон ба уг шүүх хурлын тогтоолыг шүүгч уншиж танилцуулахдаа 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тогтоох нь гэж уншиж танилцуулсан. Эндээс харахад хэт нэг талыг барьж, шүүгдэгч талын нотлох баримтыг хэлэлцэлгүй урьдчилсан байдлаар тогтоолоо гаргаад бэлдсэн байсан нь тодорхой байна. Иймд миний холбогдсон хэргийг дахин хянан шалгаж, бүх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөөгч Д.Цолмон давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ц.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод иргэн Ч.Дын хүзүүн тус газар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад буюу хүлээж авснаас хойш 5 хоногийн дараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурор М.Оюунбат миний үйлчлүүлэгч Ц.Бт холбогдох эрүүгийн 200600003030 дугаартай хавтаст хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ үед өмгөөлөгч нарын зүгээс Нийслэлийн ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг хяналтын прокурор М.Оюунбат нь мэдсээр байж миний үйлчлүүлэгч Ц.Б болон өмгөөлөгч бидний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, 2.11 дүгээр зүйл, 15.7 дугаар зүйлд заасан дээд шатны прокурорт хэргийг хянуулах эрхийг ноцтойгоор зөрчиж, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан.

Энэ асуудлаар анхан шатны шүүхэд урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж хянуулсан ч шүүх прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болохыг дурдаад хангуулах арга хэмжээ авалгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Шүүх зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан эрхийг минь сэргээх арга хэмжээг авах ёстой байсныг дурдмаар байна.

Өмгөөлөгч нарын зүгээс Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалтын” хүрээнд хийгдсэн тул гэмт хэрэгт тооцохгүй байх байр Стай мэтгэлцэж оролцсон.

Прокурор шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг алах” гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн тухайд үндэслэл бүхий нотолгоо баримтыг дурдаж тайлбарлаж, мэтгэлцэж оролцоогүй, гэм бурууг бүрэн нотолж чадаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дамжмал болон бусад нотлох баримтууд болох гэрч Н.М /1хх 80-82/, Х.Т/1хх 83-84/, П.Т/1хх 87/, Э.Б /1хх 93/, Н.Х /5хх 20-22/ нарын мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, /1хх 1/, дуудлагын лавлагааны хуудас, /1хх 2/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 3-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-25/, цагдаагийн 102 дугаарын утсанд 96083242 дугаараас дуудлага хийсэн мэдээллийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 64-65/, шинжээч З.Гд /5хх 66/, Н.Э /5хх 68-69/, О.Б /5хх 71-72/, М.А/1хх 140/ нарын мэдүүлэг, 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Т.М, Г.У, Х.Б нарыг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн тэмдэглэл, /5хх 73-80, 81-87, 88-91/, гэрч Т.М, Х.Б нарын мэдүүлэг /5хх 96, 98-99/ зэрэг нотлох баримтуудаар Ц.Б мэдүүлэг үндэслэлгүй, аргагүй хамгаалалтын үйлдэл хийгээгүй, харин талийгаач Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт чиглэж хутга барьж довтолсон, тодорхой хүч үйлчилсэн санаатай үйлдэл хийсний улмаас амь хохирогчийн зүүн мөрний дээд хэсэг рүү ир үзүүртэй хутга нэвтэрч, зүүнээс баруун ташуу, дээрээс доош чиглэлтэй хүчний үйлчлэлээр хутга 12.5 см босоо ташуу байрлалаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг гол судсыг гэмтээж, талийгаач цочмог цус алдалтаар амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил хорих ял шийтгэх шийдвэр гарсан.

 Шүүх нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой байдлаар хянаагүй, харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчийн тухайд “хүн алчихлаа” гэсэн үгийг эхнэр болон хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч нарт хэлсэн байсныг үгийн утгаар хөөцөлдөж, мэргэжлийн хуульч нарын хэллэгээр санаатай, санамсар болгоомжгүй, аргагүй хамгаалалтын улмаас бусдыг алсан гэж хэлсэнгүй гэж прокурор, шүүх иш татан буруутгаж байгаад харамсаж байна.

Ц.Бийн тухайд өөрийгөө хамгаалах гэсэн үйлдлийн улмаас Ч.Дын хутгатай гарыг цааш түлхэхэд зүүн эгэм тус газарт хутгалагдаж нас барсан болох талаар анхнаасаа маргадаггүй. Тэр ч утгаараа эхнэр Н.М утсаар залгахад нь “би хүн алчихлаа” гэж хэлсэн байдаг бөгөөд Н.М цааш нь Х.Т, П.Тнарт дамжуулж хэлсэн дамжмал мэдүүлгээр “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх нотлох баримт болгох боломжгүй юм.

Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа тууштай, тогтвортой, мэдүүлэг өгч байсан бөгөөд түүний “ална аа” гээд гартаа хутга бариад өндийхөд нь сандраад гарыг нь буцааж түлхээд суулгасан. ...” гэсэн мэдүүлэг нь хэргийн газарт анх ирсэн цагдаагийн алба хаагч Э.Бийн /1хх 93/ мэдүүлэгтэй нийцэж байгаа бөгөөд бусдыг санаатай алах санаа зорилго байгаагүй болох нь харагддаг.

Эдгээр мэдүүлгүүдийг шүүх үнэлж Ц.Б гэм буруутайд тооцсон дамжмал нотлох баримтууд нь Ц.Б талийгаач Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт чиглэсэн довтолж хутгалах үйлдэл санаатай хийсэн болохыг нотлоогүй бөгөөд харин талийгаач нь зүүн гартаа атгасан хутгаар хутгалагдаж, улмаар өөрөө сугалж атгасан чигтээ нас барсан үйл баримтыг гэрчилсэн байгааг онцлон дурдмаар байна.

Энэ хэрэгт хамгийн чухал нотлох баримт бол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 3-10-д байгаа “зүүн тохой хэсгээр нугаларч гарын бугалга тэнийн гарын сарвуу хагас атгасан. Сарвууны дотор хэсэгт ил харагдах боломжгүй, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байх ба хутганы үзүүр баруун урд зүгт ир хэсэг зүүн дээш харсан. Криминалистик мэргэжилтэн цогцсын зүүн гарт байсан хутгыг 3 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв.” /14 хуудас ар талын гэрэл зураг/.

Шүүх шинжилгээний шинжээч нарын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 569 тоот дүгнэлтийн 1 дэх заалтад зааснаар /4хх 211/ “хэргийн газрын үзлэгт буй хутганы өргөн цогцсын хүзүүний дор байх шархны урттай ойролцоо байгаа тул дээрх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээс талийгаачийн зүүн гарт атгаастай хутгаар талийгаач хутгалагдсан болох нь нотлогддог. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ уг нөхцөл байдал, болон үүнтэй холбоотой нотлох баримтуудад үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй. Тиймээс дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй.

 Дээрх 569 тоот дүгнэлтийн 2-т “хутга атгаж байгаад нас барсан бол тэр хэвээр байж болно”, 3-т “нас барсны дараа хутга атгуулах боломж байхгүй, булчин сулардаг” гэсэн байдаг. Тэгэхээр энэ дүгнэлтээс талийгаачийг нас барсны хойно хэргийн газрын үзлэг дээрх шиг нөхцөл байдлыг буюу талийгаачийн зүүн гарт хутга атгуулж гэмт хэргийн ул мөрийг Ц.Б баллах ямар ч боломжгүй байсан гэдэг нь нотлогдоно. Мөн талийгаач өөрт нь хутга зоогдсон үед өөрөө сугалах боломжтой талаар шинжээч Ц.Г мэдүүлсэн. Тухайлбал, “хэрэг дээрх байдлаар гаднын нөлөөтэй хутгалагдсан байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч өөрөө татаж авах, сугалах боломжтой эсэх, хариулт, хүзүүнд зоосон хутгыг өөрөө татаж авах, сугалах боломжтой.” /5хх 66/.

Хэрэв Ц.Б талийгаачийг санаатайгаар хутгаар довтолж /шүүхийн дүгнэлт шиг/ алаад зориуд хэргийн газрын зургаар бэхжигдсэн нөхцөл байдлыг хуурамчаар бий болгосон гэх юм бол түүнийг харах, үзэх боломжтой ганц хүн нь гэрч Т.Б байсан. Тиймээс Т.Бы 6 удаагийн мэдүүлгээс 5 удаагийн мэдүүлэгт Ц.Б талийгаачийн зүүн гарт хутга шургуулаагүй, хэргийн бодит байдлыг өөрчлөөгүй гэдэг нь нотлогдоно. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн /1хх 90-91/ мэдүүлгийг эрүүдэн шүүлт явуулж хууль бусаар тулгаж, авсан талаар шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б удаа дараа мэдүүлж ирсэн байгааг шүүх үнэлэхдээ харьцуулалт огт хийгээгүй.

 Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар дүгнэлтийн 2-т “Ч.Дын зүүн гарын 1 ширхэг хумс, Т.Бы зүүн гарын 2 ширхэг хумсан дээр цус илэрсэн. Ц.Бийн баруун болон зүүн гарын 10 ширхэг хумсанд цус илрээгүй.”, /2хх 2-3/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот дүгнэлтийн 1-т “шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрээгүй.”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 127 тоот дүгнэлтийн 1-т “холбогдогч Ц.Бийн өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн цамц хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотоож, ногоон өнгийн пүүз, цагаан өнгийн майк дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй.” 2-т “саарал өнгийн оймс дээр цус илэрсэн.” /1хх 239-240/, шинжээч М.А “Цусаар бохирлогдсон гарыг угаавал хумсны завсраас цусны ул мөр илэрнэ...” /3хх-138/ гэсэн мэдүүлэг, дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас харвал Ц.Б талийгаачийг санаатайгаар довтолж хутгалсан гэх үйлдэл оролцооны ул мөр, толбо, гарын хээ болон хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн гэх ул мөр илрээгүй байдаг.

 Өмнөх шүүх хуралдааны явцад прокурор хутгыг талийгаачийн гарт Ц.Б шургуулсан гэж таамаг дэвшүүлж мэтгэлцэж ирсэн байдаг. Үүнийгээ нотлох үүрэгтэй гэдэг байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мэтгэлцэж оролцсон. Гэвч эцсийн улсын яллагчийн дүгнэлтэд прокурор аргагүй байдалд орж, талийгаачийн хутгатай гарыг санаатай түлхэх үйлдэл хийсэн нь санаатай алах гэмт хэргийн үйлдэл гэж эргэж буцаж мэлзсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ Гэтэл шүүх прокурорын ялласан нөхцөл байдлаас огт өөр байдлаар дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчид ял шийтгэсэн.

Уг нь талийгаач хутгалагдсан гэх эд мөрийн баримтын хутга яаж яваад талийгаачийн гарт очив. Уг хутгыг түүний гарт шургуулах боломжтой юу гэдэг асуудалд шүүх бодитой дүгнэлт хийх үүрэгтэй байсан. Энэ хэргийн гол гогцоо бол энэ нөхцөл байдал. Тэгэхээр хэрэгт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэж үзээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа нь шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгааг дээр дурдсан нотлох баримтууд харуулж байна.

Шүүх яллах талыг барьж санаачилгаар хууль зөрчсөн нотлох баримтыг шүүрч авч дүгнэж, Ц.Б буруутгахыг урьтал болгосонд гүнээ харамсаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.

Шүүхийн Ц.Б голлон буруутгаж үнэлсэн нотлох баримт нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Т.М, Г.У, Х.Б нарыг оролцуулж явуулсан мөрдөн шалгах ажиллагааны туршилт /5хх 73-80, 81-87, 88-91/, тэдгээрийг гэрчээр асуусан Т.М, Х.Б нарын мэдүүлэг /5хх 96, 98-99/ гэж маш ойлгомжтой байна. Уг туршилтаар Ц.Бийн мэдүүлээд байгаа талийгаач хутга барьж өндийж довтлох гэх үед гарын түлхэж хутгалагдаж нас барсан гэх үйлдэл боломжгүй гэдэг байдал нотлогдсон гэж үзэж түүний мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт гэж үнэлсэн байдаг.

Тэгвэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн яллагдагч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, прокурорыг оролцуулан хийсэн туршилтын тэмдэглэл, /4хх 235-237/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад хийсэн туршилт, тэмдэглэл /4хх 52-78/ зэрэг нотлох баримтуудыг яагаад үнэлэх боломжгүй гэж үзсэн тухайд шүүх үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй. Уг туршилтад оролцвол зохих хуульд заасан бүхий л оролцогч нар орж нүдээр үзэж Ц.Бийн мэдүүлээд буй үйлдэл хийгдэх боломжтой гэдгийг гэрчилж нотолсон. Дахин туршилт хийх ямар бодит шаардлага шалтгаан цагдаагийн мөрдөгч нарын хувьд үүссэн бэ гэдэг нь ч тодорхойгүй байдаг. Тэр тусмаа хамт ажилладаг, нэг үйл хэргийн төлөө явдаг нэг байгууллагын алба хаагч нар маргалдагч талуудыг оролцуулахгүй далд үйл ажиллагаа явуулж Ц.Бийн мэдүүлэгт дурдаад буй үйлдэл хийгдэх боломжгүй тэмдэглэл гаргасанд үнэхээр хардлага, эргэлзээ төрдөг. Энэ асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хандахад хяналтын прокурор эрхийг зөрчдөг, шүүхэд гомдол гаргахад авч хэлэлцэхгүй үнэлж байгаа зэргээс шүүх шударга шийдвэр гаргаагүй, нөлөөлөлд орсон гэдэг дүгнэлтийг хийхэд хүрч байна. Мөрдөгч нарын тухайд гэрч Т.Бд анхнаасаа нөлөөлөх, хууль бусаар мэдүүлэг гаргуулах зэргээр Ц.Б буруутгах гэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь Т.Бы мэдүүлгээс харагддаг. Тухайлбал, Т.Баас анх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсны дараа мөрдөгч болон эрүүгийн төлөөлөгч нар тухайн өдрийн орой нь Ц.Бийн саатуулагдаж байсан өрөөнд оруулж уулзуулсан байдаг. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн/. Үүний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин мэдүүлэг авахад түүний мэдүүлэг эрс өөрчлөгдөж, Ц.Б цустай хутга бариад зогсож байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээ дараа дараагийн мэдүүлэгтээ үгүйсгэж эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч нар болон хохирогч талынхан айлган сүрдүүлж, худал мэдүүлэг өгөх талаар нөлөөлж байсан талаар тодорхой тайлбарлаж мэдүүлдэг. Цагдаагийн ажилтнууд эрүүдэн шүүсэн байж болзошгүй энэ нөхцөл байдлыг прокуророос огт шалгаагүй.

Тийм ч учраас мөрдөгч нар хуйвалдаж талуудыг оролцуулалгүйгээр өөрсдөө зохиомол туршилтыг явуулсан гэж үзэж байна. Уг туршилт нь ихээхэн онцлогтой. Архи ууж бие нь суларсан хүний булчингийн чангарлыг том фитнес булчин бүхий эрүүл, үйлдлийг эсэргүүцсэн хүнтэй харьцуулсан нь учир дутагдалтай байдаг. Түүнчлэн, талийгаачийн булчингийн хэмжээ болон оролцогч нарын булчингийн хэмжээг ч нарийвчлан тогтоогоогүй байж хийсэн зэргээс хууль бус туршилт гэдэг нь тодорхой харагддаг.

Түүнчлэн мөрдөгч нар нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж бэхжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.15-т Прокурорын эрх хэмжээг тодорхойлохдоо “мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож хяналт тавих” эрх хэмжээтэйг тусгасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан тэмдэглэлээр баталгаажиж бэхжигдэж байх ёстой. 28.3 дугаар зүйлийн 1-т “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.”, 3-т тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн тэмдэглэлтэй танилцахдаа мөрдөн шалгах ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүн зэргийг үнэн зөв бүрэн тусгасан эсэхийг хянаж үзнэ” гэж хуулиар заавал оролцогчоор гарын үсэг зуруулахыг үүрэг болгосон. Үнэхээр ажиллагаанд оролцсон прокурор буюу оролцож гарын үсэг зураагүй бол уг нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй учраас хууль ёсны нотлох баримт болохгүй. Нэгэнт оролцсон бол оролцогч нар бүрэн гарын үсэг зурагдаж байж нотлох баримт хууль ёсны болох ёстой. Ийм зүйлийг шүүх мэдсээр байж прокурорыг заавал оролцуулах ёсгүй гэж шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлж байгааг нөлөөлөл гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй байна.

Энэ бүхнээс үзвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үнэлбэл зохих нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, харилцан зөрүүтэй баримтуудыг авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэсэн байх тул шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн байна.

 Иймд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, /1хх-03-10/ үүнээс /1хх 7/, гэрч Т.Бы 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг /1хх 88-89/, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2-р мэдүүлэг /1хх 90-91/, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /4хх 52-78/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг /5хх 244-250/, Шүүх шинжилгээний шинжээч нарын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 569 тоот дүгнэлт /4хх 211/, шинжээч Ц.Гн мэдүүлэг /5хх 66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар дүгнэлт /2хх 2-3/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот дүгнэлт /1хх 142-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 127 тоот дүгнэлт /1хх 239-240/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /1хх 128-132/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн туршилтын тэмдэглэл, /4хх 235-237/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад хийсэн туршилт, тэмдэглэл /4хх-52-78 тал/, шүүгдэгч Ц.Бийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн /мөрдөн байцаалтын шатанд/ /2хх 24-27/, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт /Зхх 109-110/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт /4хх-55-56/, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд /5-хх-08-09/, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шатанд тус тус гаргасан мэдүүлэг зэргийг бодитойгоор үнэлж, талийгаач Д нь хутга гарган Ц.Б руу довтолж, түүний довтолгооныг Ц.Б зайлуулж, өөрийгөө хамгаалах явцад амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-т заасан үйлдэл хийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: “...Амь хохирогчийг хутгалсан хутга хаанаас гарч ирсэн, хэн довтолгоо эхлүүлсэн талаар, шийтгэх тогтоолын 17 дугаар талд: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрч Н.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаач нөхөр Ч.Д 2002 оны 03 дугаар сард танилцаж байсан бөгөөд тэр цагаас хойш хамт амьдарч байсан, ...талийгаач нөхөр маань баруун гараараа хоол хийдэг, хоолоо иддэг, баруун гараараа юм бичдэг, оёдог, ер нь бүх л зүйлийг баруун гараараа хийдэг байсан. Солгой гараараа юм хийх байтугай, солгой гараараа юм огт барьдаггүй байсан. ...” гэж мэдүүлэг, /5хх 20-22/,

“...шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өгсөн “...манай талийгаач ах Ч.Д нь бүх зүйлийг баруун гараараа хийдэг байсан. ...” гэж мэдүүлсэн,” гэх мэдүүлгүүдийг шүүх үнэлсэн байдаг.

Гэтэл шүүгдэгч Ц.Б “...талийгаач баруун гараараа архи хундагалж өгсөн, зүүн гартаа хутгаа нууж байгаад гэнэт далайсан архи хундагалж байх үед нь зүүн гартаа хутга нууж байсныг хараагүй.” гэж мөрдөн байцаалтын шатнаас эхлээд тогтвортой мэдүүлдэг.

Гэрч нарын мэдүүлж байгаагаар бол амь хохирогч хэрэв хутгатай байсан бол баруун гартаа хутгаа барьж довтолгоо эхлүүлэх байсан мэтээр мэдүүлжээ.

Тэгвэл Ц.Бийн мэдүүлсэн “зүүн гартаа хутгаа нуусан байсан” гэснийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж ирээгүй. Гэрч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулж дүгнэлт хийгээгүй. Нэг ёсондоо Ц.Бийн мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч нар мэдүүлэгтээ “...сурмаг дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх боломжгүй. Гарыг хөшиж дарах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн байдаг. Үүнээс харахад Ц.Б амь хохирогчийг гэнэдүүлээд юм уу араас нь хутгалаагүй нь ойлгомжтой байна. Гэрч Т.Б шүүхийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Хэрэв Ц.Б амь хохирогчтой зодолдвол дийлэхгүй. Амь хохирогч том биетэй Ц.Б жижиг биетэй” гэсэн мэдүүлэг өгдөг. Бас тэр хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон, ноцолдсон дуу чимээ гаргаагүй гэсэн байдаг.

Тэгэхээр шүүгдэгч болон амь хохирогч нарын дунд маргаан, зодоон, ноцолдсон ул мөр байхгүй байхад тухайн үед ямар үйл явдал болсон талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Шийтгэх тогтоолын 20 дугаар талд “...шүүх дүгнэхдээ амь хохирогч Д.Д, шүүгдэгч Ц.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, тухайн нөхцөл байдалд эрүүл ухамсарт ухаанаар хандалгүй, тухайн нөхцөлд тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн гэж үзэв.”,

мөн шийтгэх тогтоолын 21 дүгээр талд “...Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Ц.Б нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас Ч.Дын амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.” гэжээ.

Таарамжгүй харилцаа гэдгийг ямар утгаар шүүхийн шийтгэх тогтоолд оруулсныг ойлгохгүй байна. шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгээр амь хохирогч мөнгө нэхэж дарамталсан гэдэг. Өөрөөр, энэ 2 этгээдийн дунд харилцаа үүсээгүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо муудалцсан, таарч тохирохгүй үг хэрэглэж хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэсэн мэт ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ц.Б Ч.Дын амь насыг санаатай хохироосон нь тогтоогдсон гэх боловч шүүгдэгч амь хохирогч хоёрын хооронд ямар харилцаа үүссэн, амь хохирогчийн гарт байсан хутга хэний хутга болох, хэн хутга гаргаж ирсэн бэ? /үүнийг тогтоох боломжгүй бол хэн хутга гаргаж довтолгоо эхлэх боломжтой вэ? гэдэг асуултад бүрэн дүгнэлт хийх ёстой байсан/, хэн довтолгооныг эхлүүлсэн бэ? зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж, нотлоогүй.

Шүүгдэгч Ц.Б түрүүлж хутга барьж довтолгоон эхлүүлсэн талаар хэн ч гэрчлээгүй. Амь хохирогчийг хутга анх барьж довтолсон гэдгийг үгүйсгэж прокурор болон хохирогч талаас мэтгэлцээгүй болохыг анхаарах хэрэгтэй.

Туршилтуудыг харьцуулсан талаар шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “...2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Т.М, Г.У, Х.Б нарыг оролцуулж мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн тэмдэглэлд...” гээд дээрх оролцогч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Гэтэл туршилтад оролцсон Т.М, П.У, Х.Б нар нь цагдаагийн байгууллагад ажилладаг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэдгийг гэрчийн мэдүүлгүүдээс харж болно.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч, шинжээч, прокурор, шүүх бүрэлдэхүүнийг оролцуулан хийсэн туршилтыг /4 дүгээр хавтаст хэргийн 52-78 дугаар хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газар хийсэн туршилт /4 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар хуудас/-уудыг үнэлэхгүй яагаад ганцхан хэргийн оролцогчдыг оролцуулалгүй хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хийсэн туршилтыг үнэн, зөв гэж үнэлэх болов, энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Хэргийн оролцогчдыг оролцуулсан 2 туршилтаар шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг нотлогдож байна гэж үздэг. Харин хэргийн оролцогчдыг оролцуулалгүй хийсэн туршилтаар Ц.Бийн мэдүүлэг нотлогдох боломжгүй гэж үзжээ.

 Тэгвэл яагаад сүүлд хийсэн туршилт нь урд хийсэн 2 туршилтаас илүү хуульд нийцэж байгаа талаар дүгнэлт хийхгүй байна. Хэргийн оролцогчдыг оролцуулалгүй мөрдөгч нар өөрсдийн санаачилгаараа хийсэн сүүлчийн туршилтыг хууль зүйн үндэслэлгүй, үр дагавар үүсгэхгүй туршилт гэж маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг яаж няцаасан талаараа дүгнэлт хийгээгүй.

 Иймд тухайн үед шүүгдэгч амь хохирогч хоёрын хооронд ямар харилцаа үүссэн, амь хохирогчийн гарт байсан хутга хэний хутга болох, хутгыг анх хэн гаргаж довтолгооныг эхлүүлсэн, хэн довтолгоог эхлүүлэх боломжтой байсан бэ? зэрэг асуудлуудыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэг, хэргийн газар хийсэн туршилтуудыг үгүйсгэлгүй сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хийсэн туршилтыг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгон дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан болох нь нотлогдон тогтоогдсон. Хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авч, хэргийн газрын үзлэг хийж, гэрч болон холбогдогч Ц.Биас тайлбар, мэдүүлэг авч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг бэхжүүлсэн. Хэрэг гарсан даруйд “манай С гэх найз Дыг хутгалчихлаа” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, цагдаагийн дуудлага мэдээллийн 102 тусгай дугаарын утсанд хийсэн дуудлагын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурлын зэргийг тогтоосон тэмдэглэл, гэрч Т.Бы хэрэг гарсаны маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “би нойл ороод ирэхэд Д ширээний хажууд газар унасан байсан, Бь хажуухан талд нь зогсож байсан, тэгэхээр нь би Бьд “чи хүн хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлээд цагдаа руу залгасан, Бь эхнэр рүүгээ залгаад “би хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “би тухайн Биас “юу болчихов оо” гээд асуухад “чамайг нойлын өрөөнд байхад Д би шоронгийн атаман гээд бид хоёр маргалдсан, тэгээд би хутгалчихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Ц.Бийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “прокурорын тогтоолтой танилцлаа, ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг ойлгож байна, би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би бичиг үсэг мэднэ, уншиж чадна” гэх мэдүүлэг, Ц.Бийн эхнэр Н.Мийн хэрэг гарсны маргааш өгсөн “00 цагийн үед залгахад Бь утсаа аваад “би хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь итгэхгүй “үнэн юм уу” гэж асуухад би “үнэнээ хэлж байна” гээд утсаа салгасан” гэх, дараа нь “би хүн хутгалсан гэж үнэнээ хэлж байна, миний хутгалсан хүн уначихлаа, би цагдаа дуудсан гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд, Н.Мийн найз Х.Тийн өгсөн “Н.М над руу залгаад энд бөөн юм болоод байна, Бь хүн хутгалчихсан юм шиг байна, цагдаа ирчихсэн оруулахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч П.Тын өгсөн “тухайн үед Бь эхнэр рүүгээ залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн, Бийн эхнэр над руу залгаад би хаягаа зааж өгсөн” гэх мэдүүлэг, хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Э.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өгсөн “жижүүрийн шуурхай албанд “манай С гэдэг найз Дыг хутгалчихлаа гэх дуудлагыг өгсөн, юу болсон юм бэ” гэж асуухад “маргалдаад намайг ална гэхээр нь би хутгалчихсан, хүний амь ийм амархан байдаг юм уу” гэж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дамжмал нотлох баримт гэж үзэж байх боловч шүүгдэгчтэй хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шинжээч З.Ганболд, Н.Энхцолмон нар “Уг гэмтлийг урдаас, ардаас аль алинаар үүсгэгдэж болно, урд болон ард талаас хутгалах байдлаар дээрх гэмтлийг учруулах боломжтой, шархны байрлал чиглэлээс харахад урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй” гэж мэдүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилтын тэмдэглэл авагдсан бөгөөд туршилтад оролцсон цагдаагийн албан хаагчид “хутганы ирийг дотогш харуулан зүүн гараараа барьж, амь хохирогчийн биед учирсан шархны орчимд буюу өөрийнхөө хүзүүний зүүн хажуу орчимд хутганы үзүүрийг тааруулахад зүүн гарын булчингийн масст гар хөшигдөж боломжгүй байсан, харин хутгыг хүчээр дарж, миний биеийг хөндөхөд гар хөшигдөж хутганы ир эгмийн доод хэсэгт таарч байсан бөгөөд хүзүү хэсэгт хүрэхгүй байсан” гэж мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгүүдээр Ц.Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно. Шаардлагатай бол бусад байгууллага, мэргэжилтний туслалцааг авна” гэж тус тус зааснаас үзэхэд мөрдөгч явуулж буй туршилтдаа хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг заавал оролцуулахаар заагаагүй байна. Иймд мөрдөгчийн туршилт, хэрэгт авагдсан баримтууд хууль ёсны гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож, үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдолд Х.Т, Н.М нар нь хэргийн газарт байгаагүй хөндлөнгийн гэрч, нөхцөл байдлыг мэдэхгүй гэсэн үндэслэлээр гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Гэтэл 2022 оын 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Б луу залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухад “хүнтэй муудалцаад зодолдсон” гэж хэлээд утсаа салгасан байдаг. Энэ нь хэрэгт эсрэг ашиг сонирхолтой хүний мэдүүлэг биш юм. Гэрчүүдийн мэдүүлэг нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийгдэж, хэрэгт авагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.26 дахь заалтад зааснаар зөвтгөгдсөн. Гэрч Э.Б нь ажиллагаанд бодитоор оролцсон, хэрэгт ашиг сонирхолтой этгээд биш бөгөөд Ц.Бийн өөрийнх нь амнаас сонссон зүйлээ мэдүүлсэн. Тэрээр “намайг ороход зочны өрөөний ширээний дэргэд хүзүү орчимд хутгалагдсан шархтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байсан, эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн, Бь гэх хүн нь хар өнгийн бэлтгэлийн ногоон өнгийн гуталтай, буурал толгойтой байсан, хоорондоо маргалдаад намайг ална гэхээр нь би хутгалсан, хүний амь ийм амархан байдаг юм уу гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтууд юм. Дуудлага мэдээллийн төвд ирсэн дуудлагын талаарх сиди байдаг. Эхний сидид дуудлагын цаанаас “цагдаа юм уу, хуцаад бай” гэсэн нь бичигдсэн бөгөөд энэ нь 00 цаг 10 минутад буюу хэрэг болсноос 10 минутын дараа хийгдсэн дуудлага байдаг. Өөрөөр хэлбэл, тэнд Т.Б, Ц.Б гэх 2 хүн л байсан бөгөөд Т.Б дуудлага өгч байхад Ц.Б “цагдаа юм уу, хуцаад бай” гэж хэлээд дуудлагын таслуулсан. 2 дахь сидид “манай найз хутгалаад хаячих юм, яг ингээд байж байгаа байхгүй юу, одоо гэрт нь байна, энэ бүр үхчихлээ шүү дээ” гэсэн яриа бичигдсэн. Энэ нь хэргийн бодит нөхцөл байдал дээрээс дуудлага мэдээллийн төвд ирсэн баримт тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч М.Аригунтөгс “дээрх гэмтлийг сурмаг дадмаг хөдөлгөөнөөр богино хугацаанд үүсгэхэд маш хэцүү, бэрхшээлтэй, шархны чиглэлээс үзэхэд өөрөө өөртөө учруулахад бэрхшээлтэй” гэж мэдүүлсэн. Гэтэл давж заалдах гомдолд өөрөө өөртөө учруулах боломжтой мэтээр тайлбарлаж байна. “Хутгыг атгасан чигээрээ нас барахад атгасан чигээрээ л байна, харин нас барсны дараа хутгыг атгуулахад сул атгагдана” гэсэн байдаг бөгөөд хэргийн газрын үзлэгээр хутгыг сул атгасан байна гэж тэмдэглэл хийгдсэн. Шинжээч З.Ганболд “Урд болон ард талаас нь сууж байгаа үед хутгалах байдлаар дээрх гэмтлийг учруулах боломжтой” гэж мэдүүлсэн. Шинжээч эмч нарын мэдүүлгээс үзэхэд урдаас нь хутгалсан байх илүү боломжтой байна. Хутганы ирийг гадагш харуулсан байдалтайгаар амь хохирогчийн хүзүүн тус газар нь хутгалагдахад хутганы ир нь дээш харсан байдалтайгаар шарх, гэмтлийг учруулах боломжтой. Хутганы ир дотогш харсан байдалтай хүзүүн тус газар байрлуулахад хутганы ир дээш харах шарх, гэмтлийг учруулах боломжгүй. Гарыг яаж ч эргүүлсэн хүзүү хэсэгт хутганы ир дээш харсан шарх, гэмтэл үүсэхгүй. Энэ талаар мөрдөгч нарыг оролцуулж, 3 хүнд дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтээс үзэхэд 181 см өндөртэй, 81 кг жинтэй буюу жингийн хувьд бага Т.М, 170 см өндөртэй, 85 кг жинтэй Г.Ундрахбулаг нарыг оролцуулан туршилт хийсэн. Амь хохирогчтой ижил түвшний өндөр, биеийн жинтэй хүн, бага жинтэй хүнийг оролцуулахад хутганы ир хүзүү хэсэгт биш, эгэм хэсэгт ирнэ гэсэн дүгнэлт гарсан. Прокурорыг оролцуулсан туршилтаар хутганы ирний байрлалыг тогтоогоогүй бөгөөд Ц.Бийн хэлээд байгаа зүйлсийг л сэргээн тогтоосон. Гэтэл прокурорыг оролцуулсан туршилтаар хутганы ирний байрлал Ц.Бийн ярьж буй зүйлтэй нийцээгүй. Шинжээчийн 4 дүгнэлтээр Ч.Д өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжгүй, 3 мөрдөгчийг оролцуулсан туршилтаар өөрөө өөрийгөө хутгалах боломжгүй нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр 12 баримт нь Ц.Б гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоодог. 3 мөрдөгчийг оролцуулсан туршилтыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, прокурорын оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Ч.Д нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн хэрэг байхгүй байхад өмнө нь гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлаар нь буруутгаж болохгүй. Харин Ц.Б нь зөрчлийн баримтаас үзэхэд танхайрсан, олон нийтийг үл хүндэтгэсэн 3 удаагийн зөрчил үйлдэж байсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тогтоогоогүй хэрнээ амь хохирогчийн эрх зүйн байдлыг тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай нөхцөл байдал гэж үзэж байна. Ц.Бд хутга байгаагүй гэдэг боловч хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд хар өнгийн жижиг тонгорог авч явж байсан нь тэмдэглэгдсэн. 00 цаг 04 минутад дуудлага өгч, 00 цаг 42 минутад буюу гэмт хэрэг гарснаас хойш 38 минутын дараа дуудлагын дагуу ирсэн. Энэ хугацаанд юу ч хийгдэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ц.Бд холбогдох хэрэгт хийсэн үйл баримт болон эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзэж байна. Аргагүй хамгаалалт нь аюул, заналхийлэл тулгарсан, довтолгоон эхэлсэн, төгсөөгүй байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан. Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “амь хохирогч агсам тавьсан, ална гэж дайрсан” гэж мэдүүлдэг бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс энэ нь гэмт хэргийн шалтгаан, нөхцөл гэж үздэг. Хутгатай гарыг нь түлхэж талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг боловч шинжээчид “амь хохирогчийг сууж байхад ард болон урдаас аль алинаар хутгалах үед үүсгэгдэх боломжтой, урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй, хүзүүнд зоогдсон хутгыг амь хохирогч өөрөө сугалсан байх нь үгүйсгэгдэхгүй” гэсэн агуулгатай мэдүүлгүүд өгсөн. Мөн шүүгдэгч Ц.Б нь амь хохирогчийг хутга барин дайрсан гэж мэдүүлдэг боловч хууль бус довтолгоон эхэлсэн, довтолгооноос хамгаалсан гэх нөхцөл байдал хэргийн газрын үзлэг болон бусад баримтуудаар нотлогдоогүй. Шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг нь эх сурвалжгүй бөгөөд бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон яллах дүгнэлтэд дурдсан 12 баримтаар нотлогдон тогтоогддог. Хэргийн бодит байдлыг мэдэх боломжтой гэрч Т.Б “нойл ороод ирэхэд Ц.Б хутга барьсан зогсож байсан” гэж мэдүүлдэг. Ц.Б нь хүнийг хутгалах үйлдлээ хүсэж, түүний хор уршгийг мэдсээр байж буюу санаатай үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримтад хутга барьж байсан, барьж байгаагүй талаар авагдаагүй боловч сэргээн тогтоох боломжтой. Үүнээс дүгнэхэд Ц.Б нь Ч.Дыг хүзүүнд нь хутгалсан санаатай үйлдлийн улмаас амь хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн “...Талийгаач ах унтлаа гэж ганцаараа үлдсэн. Тэгээд 22:00 цагийн үед төрсөн эгч Мөнхбат бид нар манай гэрт байх үед талийгаач ах “гадаа салхилж байна, хүн тосож авах гэж байна” гэж утсаар ярьсан. Түүнээс хойш дахиж холбоо бариагүй бөгөөд шөнө цагдаагийн газраас мэдэгдсэн. Би гомдолтой байна...” /1хх 74-77/,

гэрч Н.Мийн “...Үүнээс хойш Ц.Б утсаар ярихгүй болохоор нь би 19 цаг 07 минут, 22 цаг 33 минут, 22 цаг 42 минут, 23 цаг 02 минутад тус тус залгахад тэрээр утсаа авахгүй байсан ба 00 цаг 00 минутад залгахад Ц.Б утсаа аваад “би хүн хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би итгэхгүйгээр “худлаа яриад бай, үнэн юм уу" гэж асуухад Ц.Б нь “би чамд үнэн хэлээд байна, би хүн хутгалчихсан” гэж ярьж байгаад утсаа салгасан 00 цаг 04 минутад би дахин Ц.Бийн утас руу залгаад учрыг нь асуугаад “чи цагдаа, эмч дуудсан уу, хаана байгаа юм бэ” гэж асуухад Ц.Б нь “би хүн хутгалсан гэж үнэнээ хэлээд байна, миний хутгалсан хүн уначихлаа, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. 00 цаг 17 минутад би Ц.Б руу дахин утсаар ярьж хаягийг нь асуухад хаягаа хэлж мэдэхгүй байсан ба хамт байгаа
Т.Баасаа хаягийг нь асуухад “Ахмадын хороолол” гэж хэлсэн. ...Тэгээд байрны гадаах цагдаагаас “та нар дуудлагаар ирсэн үү. Бь гэж хүн байна уу” гэж асуухад
цагдаагийн хэлтэс рүү аваад явсан байгаа гэж хэлсэн тул цагдаагийн хэлтэс дээр
ирсэн...” /1хх 80-82/,

гэрч Х.Тийн “...Тэгээд би унтах гээд орондоо ороод байж байтал 00:55
цагийн орчимд байх Н.М над руу залгаад “Бьтай ярьсан чинь хүмүүстэй
байж байгаад янз бүрийн асуудалд орсон юм шиг байна, сая надтай ярихдаа чамаас
болж зодоон цохион хийсэн гэж хэллээ” гээд их сандарсан байдалтай яриад утсаа
тасалсан. Тэгэхээр нь би Бийн утас руу залгахад эхлээд аваагүй, дахиад
залгахад утсаа авсан бөгөөд би Бийг “хаана байгаа юм” гэхэд хүнтэй
муудалцаад зодолдсон гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл Н.М над руу 01 цаг
өнгөрч байхад залгаад “энд бөөн юм болоод байна, Бь хүн хутгалчихсан юм
шиг байна, цагдаа ирчихсэн намайг оруулахгүй байна” гэж хэлсэн бөгөөд би хаана гэдгийг нь ойлгоогүй. ...” /1хх 83-84/,

гэрч П.Тын “...Тэгээд байрны гадаа байсан цагдаад хандаж “Мөнзөө гэмт хэрэг хийсэн хүний эхнэр нь байна орох гэсэн юм” гэж асуухад “сэжигтэй этгээдийг
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад явчихсан хохирогч нь энд
байгаа” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр
ирсэн юм. Тухайн үед Бь өөрөө эхнэр рүүгээ залгаад “би хүн алчихлаа” гэж
хэлсэн талаар нь Мөнзөө надтай утсаар ярихдаа хэлсэн. Бийн эхнэр надад
“миний гар утас руу Бь залгаад би хүн алчихлаа” гэж хэлээд байгаа газрынхаа
хаягийг зааж өгсөн гэсэн. ...” /1хх 87/,

гэрч Т.Бы “...Би 00 ороод гарч ирэхэд Д газар ширээний
хажууд уначихсан, харин Бь хажуухан талд нь зогсож байсан.
Тэгэхээр нь би Бьд “чи хүн хутгалчихсан байна ш дээ” гээд цагдаа руу залгасан.
Бь тухайн үед эхнэр лүүгээ залгаад “би хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан
бөгөөд Дын хүзүүний зүүн хэсгээс /гүрээний судас таарсан байна гэж
бодсон/ их хэмжээний цус гарч байсан, би шууд очоод тухайн хэсэгт нь гараараа
дарсан, намайг гараараа дарж байхад цус гарч л байсан. Д тухайн үед юу
ч яриагүй, цус ихээр гарч байсан. ...Маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны тухайн үед Биас “юу болчхов” гэж асуухад Бь надад хэлэхдээ “чамайг 00-
н өрөөнд байхад Д “би шоронгийн атаман” гэж яриад бид хоёр маргалдсан.
Тэгээд би Дыг хутгалчихсан юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “би яагаад
сонсоогүй юм” гэж асуухад “бид хоёр аажуухан ярьж байсан” гэж хэлсэн бөгөөд “ямар
хутгаар хутгалсан юм” гэхэд “өнгийг нь санахгүй байна” гэж хэлсэн. ...” /1хх 88, 90-91/,

гэрч Э.Бийн “...Жижүүрийн шуурхайн албанд “Манай С гэдэг найз
Дыг хутгалчихлаа” гэх дуудлага ирсэн бөгөөд намайг ороход тэр айлын
зочны өрөөний ширээний дэргэд хүзүүн орчимд хутгалагдсан шархтай эрэгтэй хүн
нас барсан байдалтай, эмч үзээд нас барсан гэж хэлсэн. Тухайн цогцсын дэргэд
Т.Б, Бь гэх хүн байсан бөгөөд дотогш ороод “юу болсон юм” гэж асуухад Бь гэх хүн нь /хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, ногоон өнгийн гуталтай, буурал толгойтой байсан гэх/ “хоорондоо маргалдаад “намайг ална” гэхээр нь би хутгалчихсан, хүний амь ийм амархан байдаг юм уу” гэж хэлж байсан. Тэр хоёр нэлээд согтолттой байсан бөгөөд Т.Б гэдэг залуу нь дуудлага өгсөн байсан. ...” /1хх 93/,

гэрч Т.Мын “...Хутганы ирийг доош харуулан, амь хохирогчид учирсан
шархны орчимд буюу өөрийнхөө хүзүүний хажуу хэсэгт хутганы үзүүр хэсгийг
тааруулж үзэхэд зүүн гарын булчингийн массан дээр гар хөшигдөж, боломжгүй
байсан. Харин хүний хүчний үйлчлэлийн улмаас хутгыг хүчээр дарж, миний бие рүү
түлхэхэд гар хөшигдөж, хутга биеэс хөндий, хутганы ир, үзүүр нь эгэмний доод
хэсэгт таарч байсан бөгөөд хүзүү хэсэг рүү хүрэхгүй ир нь байсан...”
/5хх 96/,

гэрч Х.Бн “...Миний биед талийгаачийн шарханд учирсан цэг дээр хутгыг тааруулж үзэхэд зүүн гарын булчингийн массан дээр гар хөшигдөж, боломжгүй байсан. Харин хоёрдогч этгээдийн хүчний үйлчлэлийн улмаас хутгыг хүчээр дарж, миний бие рүү
түлхэхэд гар хөшигдөж, хутганы ир, үзүүр нь эгэмний доод хэсэгт таарч байсан
бөгөөд хүзүү хэсэг рүү хүрэхгүй байсан...” /5хх 98-99/
,

Ц.Бийн яллагдагчаар “...Тэгээд Т.Б 00-н өрөө орсон бөгөөд Д намайг “босоод ир, хоёулаа нэг татчихья” гэхээр нь хажууд очсон. Би “ходоод муу, өнгөтэй архи уудаггүй” гэж хэлэхэд “чи архи голоод байгаа юм уу, лалар минь чи хэн бэ” гэхээр би “яриа нийлэхгүй юм байна” гэж хэлэхэд “чамд байтугай чамаас цаадахыг нь дарж явсан юм” гэж хэлээд ширээн дээрээс юм авах шиг болоод өндийх гэхээр нь би гарыг нь цааш түлхээд суулгахад “ална аа, муу хулгайчийг” гээд гартаа цустай хутгатай өндийж босч ирээд хагас алхаад доош сөхөр суусан. Тэр үед Т.Б 00-н өрөөнөөс гарч ирээд “юу болчихов” гээд Дын хүзүүний орчимд /цус гарч байгаа хэсэгт/ гараа дарсан. Тэр үед манай эхнэр Н.М над руу залгаад “яав” гэхээр нь би “хүмүүстэй уулзаад явж байсан юм, тэгээд хутга мэсний асуудал гаргачихлаа, би хатгачихсан юм шиг байна, цагдаа, эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...” /2хх 24-27/,

шинжээч З.Ганболдын “...Хүн биедээ гэмтэл авсан үед ямар тохиолдолд гараа хагас
хатгасан, эсхүл атгасан байдалтайгаар нас барах боломжтой болох, шалтгаан нь
юу болох? Хариулт: Амьд байх үедээ гараа атгасан байдалд байвал тэр чигээрээ
байна. Асуулт: Амь хохирогчийг сууж байх үед нь урдаас нь эсхүл ар талаас нь
хутгалах байдлаар биед үүссэн гэмтлийг учруулсан байх боломжтой эсэх? Хариулт: Урд болон ард талаас /сууж байгаа үед/ хутгалсан байдлаар дээрх гэмтлийг
учруулах боломжтой. Асуулт: Хэрэгт дээрх байдлаар гадны нөлөөтэй хутгалагдсан
байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч тухайн нөхцөлд өөрөө татаж
авах, сугалах боломжтой эсэх? Хариулт: Хүзүүнд зоосон хутгыг өөрөө татаж авах,
сугалах боломжтой. Асуулт: Хүн өөрийгөө хутгалсан эсхүл бусдын хүчинд автаж
хутгалагдсан аль тохиолдолд ямар үед хүн хэлээ хазсан байдалтай нас барсан
байж болох? Хариулт: Үхэх процесс явах үед таталт өгч хэл хазагддаг. Дээрх хоёр
тохиолдлын аль алинд нас барсан байдалтай байж болно. ...” /5хх 66/,

шинжээч Н.Энхцолмонгийн “...Асуулт: Хүн биедээ гэмтэл авсан үед ямар тохиолдолд гараа хагас хатгасан, эсхүл атгасан байдалтайгаар нас барах боломжтой болох, шалтгаан нь юу болох? Хариулт: Хүн нас барах үед булчингийн үйл ажиллагаа
зогсож булчингийн хөшилтийн улмаас янз бүрийн байрлалд орж болно. Гарыг
атгасан болон хагас атгасан аль ч байдлаар хөшилт үүсэж болно. Асуулт: Амь
хохирогчийг сууж байх үед нь урдаас нь эсхүл ар талаас нь хутгалах байдлаар биед
үүссэн гэмтлийг учруулсан байх боломжтой эсэх? Хариулт: Талийгаачид үүсгэгдсэн
үхэлд хүргэсэн хутган нь дээрээс доош чиглэлд зүүнээс баруун тийш ташсан
байдалтай явсан байна. Шархнаас үзэхэд уг гэмтлийг урдаас болон ардаас аль
алинаар нь үүсгэгдэж болно. Асуулт: Хэрэгт дээрх байдлаар гадны нөлөөтэй
хутгалагдсан байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч тухайн нөхцөлд
өөрөө татаж авах, сугалах боломжтой эсэх? Хариулт: Өөрөө сугалсан байхыг
үгүйсгэхгүй. Асуулт: Хүн өөрийгөө хутгалсан эсхүл бусдын хүчинд автаж
хутгалагдсан аль тохиолдолд ямар үед хүн хэлээ хазсан байдалтай нас барсан
байж болох? Хариулт: Хэлээ хазаж нас барсан байдал нь хутганы шархтай ямар нэг
холбоогүй...” /5хх 68-69/,

шинжээч О.Болорын өгсөн “...Хүн нас барах үедээ хийж байгаа үйлдлийн дагуу тухайн байрлал хадгалагдан үлдэж болдог. Нас барах үед гарын хагас атгасан байдалтай нас барсан бол тухайн байрлал хадгалагдан үлдэх боломжтой. Асуулт: Амь хохирогчийн сууж байх үед урдаас нь эсхүл ар талаас нь хутгалах байдлаар биед үүссэн гэмтлийг учруулсан байх боломжтой эсэх? Хариулт аль аль тохиолдолд үүсгэх боломжтой бөгөөд шархны байрлал, чиглэлээс харахад урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй. Асуулт: Хэрэгт дээрх байдлаар гадны нөлөөтэй хутгалагдсан байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч тухайн нөхцөлд өөрөө татаж авах боломжтой эсэх? Хариулт: Тийм байхыг үгүйсгэхгүй. Асуулт: Хүн өөрийгөө хутгалсан эсхүл бусдын хүчинд автаж хутгалагдсан аль тохиолдолд, ямар үед хүн хэлээ хазсан байдалтай нас барсан байж болох вэ? Хариулт Аль аль тохиолдолд хэлээ хазсан байдалтай нар барж болно. .../Танд 2020.12.18-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг харууллаа. Амь хохирогчид учирсан гэмтэл шарх, хутганы байрлал зэргээс амь хохирогч хагас суугаа байдалтай гартаа хутга далайсан байхад өмнө нь зогсож байгаа хүн хутгатай гарыг дарахад уг гэмтэл үүсэх эсэх талаар ярина уу? Хариулт: Гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад хутганы ирийг доош харуулан цавчиж барьсан байх бөгөөд хохирогчийн хүзүүн дэх шарх ир тал нь дээд талдаа байрласан байна. Үүнээс үзэхэд сурмаг дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх боломжгүй. Гарыг хөшиж дарах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй ч боломж багатай байна. Асуулт амь хохирогч гартаа барьсан хутгыг атгасан чигээрээ нас барах боломжтой эсэх? Хариулт: Болно. Дүгнэлтэд дурдсан байна. Нас барах үедээ гартаа хутга атгасан
тохиолдолд тэр хэвээрээ байх боломжтой бөгөөд нас барсны дараа булчин
сулардаг. Асуулт: Амь хохирогчийн нас барсны дараа хутгыг хэн нэгэн атгуулах
боломжтой эсэх, талаар ярина уу? Хариулт: Булчингийн хөшилт дээд мөчид 2-4
цагийн хооронд хөшдөг. Хөшилт үүсэхээс өмнө нас барсан даруйд булчин сулардаг
бөгөөд энэ үед нас барсан байрлал үлдэх боломжтой. Гарын атгасан буюу хагас
атгасан байрлалтай нас барсан тохиолдолд хөшилт үүсэхээс өмнө хутгыг гарт
атгуулах буюу шургуулах боломжтой. Асуулт: 2022.07.19-ний өдрийн 569 тоот
дүгнэлтийн дөрөвт нас барсны дараа хутга атгуулах боломж байхгүй. Булчин
сулардаг гэжээ. Энэ талаар тайлбарлана уу? Хариулт: Гар атгаагүй, гарын сарвуу
тэнийсэн байрлалд нас барсан тохиолдолд хутгыг атгуулах боломжгүй гэж
тусгасан.
...” /5хх 71-72, 4хх 231-232/,

шинжээч М.Ариунтөгсийн “...Таны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 30 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтэл буюу амь хохирогчид учирсан гэмтлийг өөртөө учруулсан боломжтой эсэх? Хариулт: Дээрх гэмтлийг сурмаг, дадмаг хөдөлгөөнд богино хугацаанд үүсгэхэд маш хэцүү, бэрхшээлтэй. Дээрх шархны байрлал, гүн, чиглэл зэргээс үзэхэд өөрөө өөртөө учруулах бэрхшээлтэй. Асуулт: Амь хохирогч зүүн гартаа хутга барьсан /үзүүр хэсгийг доош барьсан үед/ үед гарыг түлхэхэд уг гэмтэл үүсэх боломжтой эсэх? Хариулт: Тогтоох боломжгүй. ...” /1хх 140/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын
04-ний өдрийн шинжээчийн 30 дугаартай “...Талийгаачийн биед хийсэн Шүүх
эмнэлгийн шинжилгээгээр зүүн мөрний дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч гол
судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл
нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр дээрээс доош
чиглэлтэй үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн
байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч гол
судас гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ.
Талийгаач нь АВО системээр О/1/ бүлгийн цустай байна. ...” /1хх 128-132/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаартай “...1. Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О /1/ бүлгийн харьяалалтай байна. 2. Модон иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /1хх 147/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай “...1. Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ц.Б нь өөрийн үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. 3. Ц.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 247-248/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 569 дугаартай “...1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №30 үндэслэлтэй байна. 2. Хэргийн газрын үзлэгт буй хутганы өргөн, цогцсын хүзүүний зүүн дор байх шархны урттай ойролцоо байгаа тул дээрх хутгаар үүсгэгдсэн байж болно. 3. Хутга атгаж байгаад нас барсан бол тэр хэвээрээ байж болно. 4. Нас барсны дараа хутга атгуулах боломж байхгүй, булчин сулардаг. 5. Гол судасны хатгагдаж зүсэгдсэн шарх бага хугацаанд үхэлд хүргэдэг тул хэрэг болсон хугацаанд үүссэн байна. ...” /4хх 211-212/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 1/, дуудлага лавлагааны хуудас /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10, 11-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-22, 23-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 30-31, 32-33, 34-35, 44-45, 46-47, 48-49/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-58/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 64-65, 67, 68-70/, хохирлын баримтууд /2хх 76-94, 121/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /4хх 235-237, 238-242, 5хх 73-74, 75-80, 81-82, 83-87, 88-89, 90-91/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 3, 4-6/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102 байрны 41 тоотод иргэн Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Амь хохирогч Ч.Дын цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ч.Д нь цээжний хөндий рүү нэвтэрч гол судас гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Ц.Бийн хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” талаарх тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нараас “...мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомлуудыг тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал:

Гэмт хэргийг субъектив шинжээр зүйлчлэхэд нийгэмд аюултай хэрэгт гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийн хоорондын нийцэл тохироог анхаарч үздэг. Гэм буруутай этгээдээс тухайн төрлийн гэмт хэрэгт харьцсан оюун санааны болон хүсэл зоригийн агуулгаар санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг ялган зүйлчилдэг.

Шүүгдэгч Ц.Бийн амь хохирогч Ч.Дын амь насыг хохироосон талаар гэрч Т.Бы “...Би 00 ороод гарч ирэхэд Д газар ширээний хажууд уначихсан, харин Бь хажуухан талд нь зогсож байсан. Тэгэхээр нь би Бьд “чи хүн хутгалчихсан байна ш дээ” гээд цагдаа руу залгасан. Бь тухайн үед эхнэр лүүгээ залгаад “би хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг нь гэрч Н.М, Х.Т, П.Т, Э.Б нарын дамжмал нотлох баримт буюу мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаагаас гадна шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Ц.Биас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хэрэгт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 30 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд дээр шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 569 дугаартай дүгнэлтээр үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал, шинжээч эмч нарын мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хүнийг санаатай алах гэмт хэрэгт оюун санааны талын агуулга нь гэм буруутай этгээд хүний амь насыг хууль бусаар үрэгдүүлснээ ухамсарлаж, урьдаас мэдсэн, хүсэл зоригийн талын агуулга нь тус хор уршгийг хүсэж буй болгосон, эсхүл түүнд үйлдлээрээ зориуд хүргэснээр илэрдэг бол болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт халдахыг хүсээгүй, халдах боломжтой гэдгээ мэдээгүй, мэдсэн боловч өөрийн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаас болж хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан байхыг хамааруулдаг эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт билээ.

Шүүгдэгч нь хутгаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болохыг хор аюулыг хүсээгүй боловч гартаа барьсан санаатай үйлдлээрээ тэрхүү хор уршигт “зориуд” хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар амь хохирогч Ч.Д нь шүүгдэгч Ц.Бийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг халдан довтлоогүй, шүүгдэгчийн эрх, эрх чөлөөнд халдсан бодитой заналхийлэл бий болсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

          Түүнчлэн “гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор хуульчилсан ба гэмт хэрэг гарахад 00-ийн өрөөнд байсан Т.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний гэр бүлтэй хамаарал бүхий хуульд заасан эрх, үүрэг тайлбарлан хууль сануулж, болсон үйл явдлын талаар болон хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, амь хохирогчийн гартаа барьсан хутгыг түлхэх үйлдэл хийсэн” гэж байх боловч дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бийн гэмт үйлдлийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ