Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 214/МА2021/00015

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2021/00893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, М.******* нар /онлайн/, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 2 дугаар сард тус тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор томилогдсон. 7 жил 3 сар ажилласан бөгөөд мэргэшсэн жолооч. Бүтцийн өөрчлөлт гээд намайг ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байгаа. Надад эхлээд амралтын мэдэгдэл өгөөд, дараа нь ажлаас чөлөөлсөн. Манай алба өмнө нь 5 жолоочтой байсан ба 2020 онд 1 жолооч нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Ингээд уг хүний сул орон тоон дээр Засаг дарга өөрийн жолоочоо дагуулж ирэн ажилд томилсон. Үүний дараа бүтцийн өөрчлөлт хийж жолоочийн 3 орон тоотой болсон. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Тамгын газрын дарга намайг өөрийн эзэмшиж байгаа машинаа шилжүүлж өг гэхэд нь би өөрийгөө сул байгаа старикс машиныг нь жолоодох юм байна гэж ойлгосон. Тэгтэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар хэлсэн. Старикс машин одоог хүртэл жолоочгүй уг машин гаражид байгаа. Мөн миний өмнө нь барьж байсан соната маркийн машин зүгээр хэвийн ажиллаад явж байгаа. Ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн гэдгийг нь ойлгохгүй байгаа, гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Би ямар нэгэн намын гишүүн биш. Төрийн үйлчилгээний албан тушаал хашдаг хүн. Үүнийг үнэн, зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би цалингаас өөр нэмэлт орлого байхгүй байсан тул 3-4 сарын хугацаанд цалингийн зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд 6 жижүүрийн орон тоон дээр 2 жижүүрийн орон тоо нэмэгдээд, 2 угтах үйлчилгээний орон тоо хасагдаад 1 үйлчлэгчийн орон тоо, мөн Засаг даргын зөвлөх, техник, тоног төхөөрөмжийн ажилтны орон тоо гэж нэмэгдсэн байсан. Энэ нь өмнө батлагдсан 31 ажлын байрны орон тоо хэвээр батлагдсан гэсэн үг. Яагаад орон тоогоо цөөрүүлсэн гэж үзэж байгааг нь ойлгохгүй байгаа. Би хэдий санхүүгийн талаар мэдлэг дутмаг ч 2021 оны байгууллагын төсөвт жолоочийн цалин, хангамжийг багтаасан байсан гэж ойлгож байна. Засаг даргын зөвлөх, техник, тоног төхөөрөмжийн ажилтан жолоочийн цалин, хангамжаас илүү гэж бодож байна. Төсөв хэмнэсэн зүйл харагдахгүй байна. Яагаад заавал ажлаас халах шаардлагатай байсан гэдгийг нь сайн ойлгохгүй байгаа. Гаргасан шийдвэрээ эргэн харна уу гэж өргөдөл бичсэн. Хариуг нь надад огт танилцуулаагүй. Хуулиндаа шилжүүлэн ажиллуулах тохиолдолд эрхэлж байгаа албан тушаал, цалингаас нь дордуулж болохгүй талаар заасан байдаг гэж ойлгосон. Миний хувьд мэргэшсэн жолоочийн нэмэгдэл зэргийг үндсэн цалин дээр нэмүүлээд Нийтлэг үйлчилгээний албаны цалингийн шатлалын хамгийн өндөр цалинг нь авдаг байсан. Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-нд ажиллавал аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсантай адил хэмжээний цалин, хөлс авч чадахгүй гэж ойлгосон. Иймээс намайг урьд эрхэлж байсан ажилд минь буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2019 оны Нийтлэг
үйлчилгээний бүтэц, орон тоог баталсан захирамж байдаг. Уг захирамжид
жолоочийн орон тоог 5 байхаар тогтоосон. Харин 2021 оны А/194 дүгээр
захирамжаар жолоочийн аж
лын байрны орон тоог 3 болгож цөөрүүлсэн. Энэ нь
2 үндэслэлтэй. Нэгдүгээрт: Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаанд
ашиглагддаг 3 автомашин байдаг боловч 5 жолоочтой байгаа нь тохиромжгүй
байна гэж үзсэн. Хоёрдугаарт: 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төсвийн
хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолд орон
нутгийн бүх шатны байгууллагын төсөв захирагч нарт байгууллагын ажилтны
ажлын чиг үүргийн давхардлыг арилгах, цалингийн зардлыг хэмнэх чиглэл өгсөн
байдаг. Ингээд 3 автомашинтай атлаа 5 жолооч ажиллуулж байгаа асуудал
яригдахад хүрсэн. Тамгын газар дотоод зохион байгуулалтын арга хэмжээ
авахдаа үйлчилгээний ажилтны ажлын ачаалал харьцангуй байсан. Жишээ нь,
Тамгын газрын үйл ажиллагаа явуулж буй объект нь 3 давхар бөгөөд үүнд
хүрэлцэхээргүй бага үйлчлэгч байсан тул үйлчлэгчийн орон тоог нэмэгдүүлсэн.
Мөн ээлжээр ажилладаг албан тушаал болох жижүүрийн хувьд 24 цагаар
ажиллаж, 48 цаг амардаг байхаар зохицуулалт хийсэн. Харин хэвийн горимоор
ажилладаг жолоочийн орон тоог ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн тоотой
уялдуулан цөөрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д
зааснаар ажилтныг аж
лаас чөлөөлөх үед тодорхой арга хэмжээг авсан байх шаардлагатай бөгөөд үүнийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Үүнд: нэхэмжлэгч Ч.*******ад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудсыг өгсөн бөгөөд үүнийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч гардуулсан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж, гардуулсан. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч танилцаж, гардан авсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд авах ёстой холбогдох арга хэмжээг авсан гэж үзэж байна. Өмнө тайлбарласан зүйл дээр нэмж хэлэхэд ажлаас чөлөөлөхөөс өмнө 2 асуудлыг шийдэж өгөхийг зорьсон. Нэгдүгээрт: ажиллаж байх үеийн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хоёрдугаарт, өөр бусад байгууллагад жижүүр болон жолоочийн орон тоо сул байгаа эсэхийг судлаад Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-ийн захирал н.Нацагдоржтой уулзан уг асуудлын талаар ярилцахад “Хүмүүсээ явуулчихаарай” гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ч.*******ыг уулзсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Үүнтэй холбоотой албан бичгийг өөрөө хүлээн авсан байсан.

Мөн нэхэмжлэлдээ ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн талаар дурдсан байсан. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудас олгосон байсан. Энэ дээр харин манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн алдаа гаргасан байсан. Эрүүл мэндийн сайдын ээлжийн амралт олгох журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх, ээлжийн амралт олгох маягтыг тус тус баталсан байдаг. Гэтэл хүний нөөцийн ажилтан маань ээлжийн амралтын тооцоо хийх маягт олгох байтал ээлжийн амралт олгох маягтыг андуурч өгсөн байдаг бөгөөд энэ нь төөрөгдөл үүсгэсэн байж магадгүй. Уг хуудсанд буцаж ажилдаа орох хугацааг тавиагүй байгаа. Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу ажлаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтантай заавал ээлжийн амралтын тооцоо хийсэн байх шаардлагатай. Үүний дагуу ээлжийн амралтын тооцоо хийсэн. ...Таван жолоочоос хэнийг нь сонгож чөлөөлөх эсэх нь Засаг даргын Тамгын газрын даргын өөрийн эрхийн асуудал юм. Үүнтэй холбоотой холбогдох ажилтнаас нь тодруулахад, жолоочийн албан тушаал нь даргын хувийн болон албаны нууцтай холбогддог, мөн жолоочийн ур чадвар, туршлага, итгэл даах чадвар зэргийг харгалзан дарга нар жолоочоо сонгосон гэдгийг тайлбарласан. *******, *******, Батмөнх, *******, Энхболд гэх нэр бүхий 5 жолоочоос *******, ******* нарыг жолоочийн ажлаас нь чөлөөлсөн. Гурван жолоочийг авч үлдэхдээ жолооч н.******* нь 20 гаруй жил жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар ажлын хариуцлага алдаж байгаагүй учир аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.******* нь соната-7 маркийн машиныг бариулж, жолоочоор ажиллуулахаар болсон. Ч.******* өмнө нь 2018 онд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдаж байсан тул түүнийг сонгож ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын орлогч н.Энхболд гэх жолоочийг мөн сонгож өөрийн жолоочоор ажиллуулахаар болсон. Ажил олгогчийн сонголтын хүрээд бүтэц, орон тоогоор батлагдсан 3 жолоочийг сонгон ажиллуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжпэгч Ч.*******ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар давж заалдах гомдолдоо: Хариуцагч байгууллагын зүгээс Ч.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь албан хэрэгцээний 3 авто машинтай боловч 5 жолоочийн орон тоотой байсан тул ажлын байрны давхардлыг арилгах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг шинэчлэн батлахдаа жолоочийн орон тоо 5 байсныг 3 болгож цөөрүүлсэн. Улмаар жолоочоор ажиллаж байсан Ч.*******ад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөн, ажлаас халагдсаны тэтгэмж олгосон байдаг. Харин тус маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ дараах байдлаар үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 893 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт /11-р тал/ “...Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоо тогтоох тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог 3 байхаар баталсан болох нь тогтоогдож байх боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Ч.*******ыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар тушаалд тусгаагүй.” гэжээ. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/56 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг маш тодорхой оруулж өгсөн байхад шүүх тушаалд тусгаагүй гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн 11 дэх талд “... Тодруулбал ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо цөөрсний улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж гаргадаг бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэл, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлүүдийг нэг дор заасан учраас ажил олгогчийн зүгээс тушаалыг 40.1.1-д зааснаар гаргах нь зүйн хэрэг. Харин шүүгч тухайн хуулийн заалтыг ямар байдлаар тайлбарлаж дээрх дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй болжээ. Мөн шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд “...хариуцагч, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн 5 орон тооноос Ч.*******ыг сонгож ажлаас чөлөөлсөн болохыг нотолсон баримтыг буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаатай холбоотой холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ямар байдлаар ажилтныг сонгож ажлаас чөлөөлөх тухай асуудлыг зохицуулаагүй тул ажил олгогч ямар үндэслэлээр 5 жолоочоос 2-ыг сонгож ажлаас чөлөөлснөө зайлшгүй нотлох үүрэг үүсэхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ч шүүх хуралдаанд энэ тухай тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл шүүх ажил олгогчид хуулиар олгоогүй чиг үүргийг тулгаж, заавал нотолсон байх ёстой гэж дүгнэсэн нь өөрөө хуульд нийцэхгүй. Эцэст нь анхан шатны шүүх “...Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаартай “Ч.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байх тул Ч.*******ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан байдаг. Харин тус шүүхийн шийдвэрт шүүх аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/56 дугаар тушаал нь ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн, жолоочоор ажиллаж байсан Ч.*******ад Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ямар эрх, ашгийг хэрхэн зөрчсөн тухайгаа тайлбарлаж чадаагүй буюу хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2021/00893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны засаг даргын тамгын газрын даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.******* тайлбартаа: Аймгийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Б/194 дүгээр захирамжийг үндэслэн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан тамгын газар 5 жолоочтой байсныг 3 болгож цөөрүүлсэн ажилд эгүүлэн авах боломжгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албанд засаг даргын тамгын газрын даргын жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч Ч.*******ыг ажлаас нь чөлөөлөх тухай 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаар тушаалдаа “...хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д” заасныг үндэслэл болгожээ. 

Ажил олгогч буюу эрх бүхий албан тушаалтан нь тухайн  ажилтныг ажлаас халах тухай гаргасан шийдвэр нь /тушаал, захирамж/ эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаагаа тодорхой тусгаж хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтласан байх нь хуульд нийцнэ.

 Хариуцагч Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар жолоочийн орон тоог цөөрүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг үндэслэсэн гэж тайлбарласан атлаа 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/56 дугаар тушаалдаа “... орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан” гэж тухайн хуулийн зүйл заалтанд байхгүй зүйл бичсэн нь хууль буруу хэрэглэжээ.

Нөгөөтэйгүүр ажил олгогч нэхэмжлэгчид ээлжийн амралт эдлүүлэх тухай мэдэгдэлийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж тухайн өдрөө Б/56 дугаар тушаал гаргаж ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2.-т заасныг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

                                                                                    

                                      ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР