Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00874

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/01050/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ********/-гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.******* цахимаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Гүүд профис ХХК-ийн оёдлын үйлдвэрт боловсон хүчнээр 2000 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Тус компанийн бичиг баримт архивд байхгүй байна. Иймд Гүүд профис ХХК-д 2000 оны 10 дугаар сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан 1 жил 3 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Анх Гүүд лаак байж байгаад Гүүд профис ХХК болсон юм гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч С.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.    Хүсэлт гаргагч С.******* нь Гүүд профис ХХК-д 2000 оны 10 дугаар сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.

 

4. Хүсэлт гаргагч С.******* нь ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч ******* өгсөн ...С.******* нь намайг Гүүд лак ХХК-д 2001 онд ажилд ороход тус байгууллагын боловсон хүчнээр ажиллаж байсан. Ингээд намайг тус байгууллагад орсноос хойш 2 жил орчим ажиллаад С.******* ажлаасаа гарсан. Яг хэдэн сарын хэдэнд ажлаасаа гарсан талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч С.*******г Гүүд профис ХХК-д 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож, С.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г Гүүд профис ХХК-д 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА