Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 214/МА2021/00016

 

 

И.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2021/00461 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 15.519.176 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

   Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь ******* сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 тоот захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Энэ асуудлаас үүдэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс намайг ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 6,040,467 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянуулахаар гомдол гарган явсаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхэд хэрэг нь ирэхгүй байсаар тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан.

Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор /947903*16 сар=15,166,448 төгрөг, 8*44091=352,728 төгрөг/ нийт 15,519,176 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Цалинг анхан шатны шүүхийн шийдвэрт тооцсон өдөр сарын цалин бодолтоор тооцсон. Иймд хариуцагчаас 15,519,176 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг 2021 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч И.******* нь Засаг даргын зөвлөлийн хурлаар 3 удаа орсон. Нэхэмжлэгчтэй албан хаагч нар нь хамтран ажиллах боломжгүй гэдэг. Хэрвээ И.*******ыг ажилдаа эргэн орвол ажилчид нь ажлаасаа гарна гэсэн хүсэлт гаргасан. Энэ мэт алдаа дутагдлыг гаргасан. Би холбогдох материалтай танилцсан. Нэхэмжлэгчийг ажлаас халагдсанаас хойш 3 сарын хугацаанд ажлын байр нь сул байсан. Тэгээд Соёлын төвийн эрхлэгчээр өөр хүнийг ажиллуулсан. Энэ хүн өнөөдрийг хүртэл бид нартай ирж уулзаагүй. Ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр 09 сард гарсан. Тухайн үед би коронавирусын халдвар аваад эмчилгээ хийлгэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын газраас манай суманд шалгалт ирсэн байсан. Би ажилдаа ороод Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтнээ энэ хүний гэр лүү явуулахад гэрт нь хүн байгаагүй. 2 удаа гэр лүү нь хүн явуулсан. Шүүхийн шийдвэрийг дагаж нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилно. Одоо Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Монголжинд ажил хүлээлцэхэд бэлдээрэй гэж хэлсэн. Энэ хүн ******* суманд огт байдаггүй. Тийм байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Одоо цаг үеийн нөхцөл байдлаас болж төсөв мөнгө танагдсан байгаа. Миний хувьд 6,000,000 төгрөгийн цалинг гаргаж, ажилд нь буцааж томилох саналтай байна.  Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг гаргах ямар ч боломжгүй байна. Энэ хүн ажилдаа буцаж орохгүй байснаар нэхэмжлэлийн шаардлага нь нэмэгдэж байна. Одоо төрийн албаны нөхцөл байдал ямар байгаа билээ. Та хувь хүнд нэхэмжлэл гаргаагүй. Уг мөнгийг гаргаж өгөхөд манай байгууллагад хүндрэлтэй байна. Удирдах албан тушаал хашиж байсан хүний хувьд та үүнийг мэдэж байгаа. Бид бүхэн ковидын эсрэг зардлаасаа танд гаргаж өгнө. Тэгээд ч таньд бид бүхэнтэй хамт ажиллахад хэцүү байх гэж бодож байна. Бид бүхэн бусад зардлаасаа болон ямар нэг аргаар 6,000,000 төгрөгийг гаргах боломжтой. Харин 15,519,176 төгрөгийг гаргах ямар ч боломжгүй гэв.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2021/00461 дугаар шийдвэрээр:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас И.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 /арван таван сая таван зуун арван есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******ад олгож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан И.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 235, 546 /хоёр зуун гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж ,Төрийн санд оруулж, хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 235, 546 /хоёр зуун гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар давж заалдах гомдолдоо: ...Манай ЗДТГ Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийн дагуу И.*******ыг ажилд нь буцаан томилох шийдвэрийг биелүүлэх зорилгоор удаа дараа дуудсан боловч огт ирдэггүй, тус суманд амьдардаггүй, хаана байгаа нь огт мэдэгддэггүй, утасны дугаараар нь холбогдож чадаагүй учраас ажилд нь томилж чадахгүй өдийг хүрсэн.

Миний бие Шүүхийн шийдвэрийг биелүүлж энэ хүнийг ажилд нь томилуулахад ямар нэгэн байдлаар цааргалах татгалзах зүйлгүй болно. Гэтэл энэ хүн өөрөө орон нутагтаа ирж ажилдаа орох сонирхолгүй байж цаг хугацаа хожиж төрөөс ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж байгаа нь хэт өрөөсгөл болж шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт өмнө нь Улсын дээд шүүхийн шийдвэрлэсэн ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж гэдэгт тулгуурлан хэт муйхар шийдвэр гаргаж байгаад харамсалтай байна.

Тус сумын ЗДТГ нь энэ хүний өөрийн санаачлагагүй хариуцлагагүй байдлаас төсвийн алдагдал хүлээж байна. Шүүх 2 талын аль алинд нь тэнцүү байдлаар хандаж маргааныг шийдвэрлэх байтал нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг бүхлээр нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг болон хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж хууль нийцүүлэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Булган аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 18 хоног ажилгүй байсны цалин 15.519.176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* сумын засаг даргын тамгын газрын төлөөлөгч Ч.******* нэхэмжлэлийн 15.519.176 төгрөгийг төлөх боломжгүй харин Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр төлөхөөр гарсан 6.040.467 төгрөгийг төлнө гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.******* хариуцагч Булган аймгийн ******* сумын засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны Б/41 дугаар захирамжаар тус сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 6.040.467 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 19 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэснийг хариуцагч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 530 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “... хариуцагч ******* сумын тамгын газраас 6.040.467 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгч И.******* нь Хяналтын шатны шүүхийн тогтоол 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болсныг нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2020 оны 5 дугаар сарын 25-наас 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор 15.519.176 төгрөгийг ******* сумын засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч И.******* нь 2021 оны 5 дугаар сарын 25-наас 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 4 сар 18 хоног ажилгүй байсан нь нотлогдож байх тул /947.903*4 = 3.791.612, 18*44.091 = 793.630/ нийт 4.585.250 / дөрвөн сая таван зуун наян тав мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагч ******* сумын засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.933.926 /арван сая есөн зуун гучин гурван мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2   дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргы Тамгын газрын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 461 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дүгээр заалтыг “15.519.176 /арван таван сая таван зуун арван ёс нэг зуун далан зургаа/ төгрөг гэснийг “4.585.250 /дөрвөн сая таван зуун наян таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.933.926 /арван сая есөн зуун гучин гурав мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг “... засаг даргын тамгын газраас 235.546 /хоёр зуун гучин таван мянга таван зуун дөчин зургаа”/ төгрөг гэснийг 88.314 /наян найман мянга гурван зуун арван дөрөв/ гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                                                    

                                           ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР