Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/583

 

 

 

 

 

                                                                        

     2024            5             21                                        2024/ДШМ/583

                                                       

М.Тд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

цагаатгагдсан этгээд М.Тгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/206 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан давж заалдах гомдолд болон прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэл зэрэгт үндэслэн М.Тд холбогдох эрүүгийн 2210005990332 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Т нь “one-xbet” нэртэй Олон улсын бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.Аы харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 3,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

мөн А.Аы фейсбүүк хаягаар Э.У, Ж.Т нартай холбогдож, дансандаа 255,000,000 төгрөгтэй мэтээр хуурч, удахгүй буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Э.Уаас 20,000,000 төгрөг, Ж.Таас 100,600,000 төгрөгийн үнэ бүхий нэгжийг тус тус залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Тгийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хохирогч А.А, С.Ц, Э.У, Ж.Т нарын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч А.А, Э.У, Ж.Т нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхээс гаргасан дүгнэлт, тогтоол гэмт хэрэгтнийг өөхшүүлсэн, ял завшуулсан үйлдэл болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэргийн ойлголт шинж чанар, тухайн хууль тогтоомжид заасанчлан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Үүгээрээ ч хариуцлага оногдуулдаг. М.Тгийн үйлдсэн гэмт хэрэг дээрх шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас миний үйлчлүүлэгч нар хохирсоор байна.

М.Т нь тухайн хэрэг хийсэн талаараа мөн нийгэмд учруулсан хор уршгийг арилгахаа илэрхийлсэн. Нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан мөн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусдад их хэмжээний хохирол хор уршиг учруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хангалттай бэхжүүлэн хавтаст хэрэгт хавсарган, прокурор яллах дүгнэлт үйлдэн өгсөөр байтал мөрдөгч болон прокурорын хийсэн ажлыг үнэгүйдүүлэн, гэмт хэрэгтнийг өөхшүүлж ял завшуулж цагаатгаж байгаад харамсалтай байна.

Бооцоот тоглоомын нэгж гэх ойлголтыг төгрөгөөр худалдан авдаг талаарх нотлох баримт, сайтад хийсэн тэмдэглэл зэргээс хангалттай харж болохоор байхад шүүх хор уршгийг тооцоололгүй дүгнэлт гаргасан нь учир дутагдалтайгаас гадна ойлгомжгүй. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь заавал хор уршиг шаарддаг. Энэ тохиолдолд нэгэнт үүссэн, бий болсон хөрөнгийг бусдаас хулгайлан хууран мэхэлж урьдын танил харилцаагаа ашиглан итгэл төрүүлэн үйлдсэн байтал үүнийг гэмт хэрэг биш гэж дүгнэж хэргийг цагаатгасанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” хуульчилсан. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ М.Т тухайн бооцоот тоглоом тоглоход шаардлагатай нэгжийг шилжүүлж авсан нь үйл баримтаар тогтоогдож байна гэсэн атлаа цагаатгах тогтоолд эсрэг дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, татгалзлаа тайлбарлаж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Дээрх гэмт хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх хүртэлх 2 жилийн хугацаанд хохирогч нар тэвчээртэй хүлээсэн. Гэтэл анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргасны улмаас үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл хохирсоор байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно. ... гэв.

Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч А.Агийн: “...Би нэгж авчихсан байдаг бөгөөд надаар дамжуулан зарим хүмүүс тоглох хүсэлт гаргадаг. Үүний дагуу би заримдаа хүмүүсийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлж аваад ...тэр хүмүүст ID эрх рүү нь өгсөн мөнгөнд нь дүйцэхүйц нэгжийг шилжүүлж өгдөг. Миний ID данснаас Т ...43 сая төгрөгийн үнэ бүхий нэгжийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байсан. *******, ******* бид гурваас гадна хоёр хүнээс мөн миний нэрийг барьж ID данс руу нэгж шилжүүлэн авсан байгаа юм гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Тын “...*******ы чатаас над руу ID кодоо явуулсан. ID 154820763 дугаартай Temuulen гэж хүний хаягийг явуулсан. Би Т гэж хүний ID данс руу эхлээд 6,000,000 төгрөгийн үнэ бүхий нэгж, дараа нь 10,000,000 төгрөг, дараа нь 38,000,000, дахиад 11,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг, дараа нь 30,000,000 төгрөг, дараа нь 1,400,000 төгрөг, дараа нь 12,600,000 төгрөг, нийт 93,000,000 төгрөгийн үнэ бүхий бооцоот тоглоомын нэгжийг “Temuulen” гэх хүний ID данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Уын “...би 154820763 М.Temuulen гэсэн ID хаяг руу 20,000,000 төгрөгийн үнэ бүхий нэгж шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, хохирогч С.Цийн “...13 цагийн үед *******ы фейсбүүкийн чатаас цэнэглэлт хийх үү гэсэн утгатай чат явуулсан байсан. ...Би серверээс нь нэг нэгжийг нэг төгрөгөөр аваад бид нар цааш нь хүнд өгөхдөө нэг төгрөгөөр борлуулдаг, ашиг нь гэвэл надаас нэгж худалдаж аваад бооцоот тоглоомд оролцож хожсон тохиолдолд нийт хожсон мөнгөний хоёр хувийг one-xbet бооцоот тоглоомын төвөөс надад шилжүүлдэг. ...” гэсэн мэдүүлэг, гэрч *******ын А.А, Ж.Т, Э.У нар бол one-xbet бооцоот тоглоомын агент буюу бооцооны нэгж зарах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гэсэн мэдүүлэг тус тус авагдсан ба эдгээр мэдүүлгээр хохирогч нар цахим бооцоот мөрийтэй тоглоом тоглох нэгж шүүгдэгч М.Тд шилжүүлсэн үйл баримт байна.

Мөн хохирогч Э.Уын “...Оросын холбооны Улсад сервер нь байдаг, мэргэжлийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, олон улсын чанартай тэмцээн уралдаан, интернэт тоглоомууд дээр бооцоо тавьж оролцох спортын бооцоот сайт юм. *******, ******* бид нар уг сайтад нэвтэрч тоглох гэж байгаа хүмүүст мөнгөөр нь бооцоо тавих нэгж өгөх, хожсон хүмүүсийн мөнгийг нь гаргаж өгөх үйлчилгээ үзүүлдэг. ...” гэсэн мэдүүлэг, гэрч *******ын “...one-xbet спорт бооцоот тоглоом нь Орос Улсад анх 2007 онд анх үүсгэн байгуулагдсан шиг санаж байна. Агент буюу нэгж зардаг хүмүүс нь олон улсын карт ашиглан Голомт банкаар one-xbet спорт бооцоот тоглоомын сервер рүү нэгж авах мөнгөө шилжүүлэн тодорхой хэмжээний шимтгэл төлж нэгжээ авдаг. ...Тоглож хожсон хүний нийт хожсон мөнгөний 2 хувь нь дараа сарын эхэнд миний дансанд нэгж хэлбэрээр орж түүнийг нь бид нар цааш нь борлуулах үйлчилгээ явуулдаг. ...” гэсэн мэдүүлэг /1хх 103-104/, гэрч *******ийн “...one-xbet ( спорт бооцоот тоглоом Орос Улсад байдаг. ...агент буюу нэгж зардаг хүмүүс нь Олон улсын карт ашиглан Голомт банкаар one-xbet спорт бооцоот тоглоомын сервер лүү нэгж авах мөнгөө шилжүүлэн 2,5-4 хувийн шимтгэл төлж нэгжээ авдаг. ...Надаар цэнэглүүлээд тоглож хожсон хүний нийт хожсон мөнгөний 2 хувь нь дараа сарын эхэнд one-xbet спорт бооцоот тоглоомын төвөөс миний дансанд нэгж хэлбэрээр ирдэг. ...” гэсэн мэдүүлэг /1хх 107- 108/, гэрч *******н “...one-xbet гээд мөрий тавьдаг Олон улсын спорт бооцооны сайтад агент хийж байсан. Агент гэдэг нь тухайн улсын дотоод хэрэглэгчдийн хаягийг мөнгөн дүнгээр цэнэглэж өгөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг хэлдэг. ...Агентын эрхийг албан ёсоор Монгол улсад зөвшөөрөл олгодог асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлгээс /4 хх 62/ үзвэл one-хbet гэдэг нь гадаад улсад төв нь байдаг цахим бооцоот мөрийтэй тоглоом байх ба, иргэд өөрсдөө агент /төлөөлөгч/ нэршилтэйгээр тоглогч нарт тоглох нэгжийн үйлчилгээ үзүүлдэг.

Тодруулбал агент гэдэг нь one-xbet тоглоомын сайтад хандаж тоглогчид one-xbet -д цэнэглэлт хийх буюу нэгж татаж өгдөг, борлуулдаг, тоглогч валютын ханшаас хамаарч 2.4-5.5 хувийн шимтгэл агентад төлж нэгж авдаг, бооцоо тавих, нэгж өгөх, мөрийний мөнгийг бооцоо тавьж өгч оролцон, бооцоо тавьсан мөнгөн дүнгийн тодорхой хувийг ашиг болгон хүртэх, бооцоо тавьсан хүн аз туршсан үйл ажиллагааны улмаас хожиж мөрийгөө авахад мөрийний хожлын мөнгөний үнийн дүнгийн 3 хувиар урамшуулал авдаг, мөн one-xbet бооцоот тоглоомд тоглогчийн ID данстай, агент нь one-xbet бооцоот тоглоомын төвөөс Олон Улсын карт, Арилжааны банкны данс ашиглаж нэгж авч, нэгжийг тоглогчийн ID данс руу нь шилжүүлдэг нөхцөл байдал байх ба үүнээс дүгнэхэд хохирогч нар one-xbet гэсэн бооцоот мөрийтэй тоглоомын агент гэсэн нэршлээр тоглоомын нэгж татаж өгдөг үйлчилгээ үзүүлдэг субъектүүд байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4-т “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэж хуульчилжээ.

One-xbet-д цахим бооцоот мөрийтэй тоглоом нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөлгүй, бүртгэлгүй болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/1593 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн заалтын тухайд Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, бусдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон бол гэмт хэрэг, зөрчилд тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий хохирогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, хулгайлах гэмт хэргийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Тг цагаатгаж шийдвэрлэсэн нь хохирогч А.А, Ж.Т, Э.У, С.Ц нар Монгол Улсад бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах,...”, 12-д заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” заалтуудыг эрх, эрх чөлөөнд халдсан, хэргийн бодит байдал нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хохирлыг хэмжээг тогтоох заалтын хүрээнд one-xbet нэртэй сайтад үзлэг хийсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт гаргуулсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол Улсын харилцаа холбоо зохицуулах хороонд “one-xbet сайт үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй эсэх” талаар тус тус хандаж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9-10408 дугаартай албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/1593 дугаартай албан бичгүүдийг гаргуулсан, гэрч *******г гэрчээр байцаах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно.” 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж тус тус хуульчилсан байх ба хэрэгт авагдсан баримтуудаар А.Ад 43,000,000 төгрөг, Э.Ут 20,000,000 төгрөг, Ж.Тд 93,000,000 төгрөг, С.Цэд 45,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

3. Эрүүгийн хуулийн арван долоодугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан, тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэж, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжээр тус тус хуульчилжээ. Үүгээр дээрх гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилсан гэсэн шинжийг шаардсан.

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.Агийн one-xbet сайтын харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.Ад 43,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн А.Агийн фейсбүүк хаягийг ашиглан Э.У, Ж.Т, С.Ц нартай холбогдож, тэднийг төөрөгдөлд оруулан залилж нийт 158,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдсон, хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

Тодруулбал хохирогч нар нь one-xbet сайтын харилцах дансаа нэгжээр цэнэглэхдээ тухайн нэгжийн хэмжээтэй тэнцүү дүнгээр худалдан авалт хийж цэнэглэлт хийдэг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон one-xbet сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар илтэд тодорхой байхаас гадна хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь тэдгээрийн гаргасан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нь зүй ёсны байх боловч энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

4. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Хохирогч нар Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдөөгүй one-xbet цахим бооцоот тоглоомын сайтаас тоглогч нарт нэгж татах үйлчилгээ үзүүлдэг байх тул тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээх тухай ойлголтод хамаарахгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хохирогч нар нь Монгол Улсад хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй one-xbet нэртэй цахим бооцоот тоглоомын нэгжийг мэдээллийн технологи ашиглан шилжүүлсэн гэх үйлдлийг хөрөнгө хулгайд алдсан, эсхүл залилуулсан гэж хохирогчоор тогтоосон нь хууль ёсны, шударга ёсны зарчимд тус тус нийцээгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр one-xbet-т цахим бооцоот мөрийтэй тоглоом нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй боловч түүнийг хууль бус гэж тодорхойлсон эрх зүйн орчин байхгүй, мөн хохирогч нар нь өөрсдийн шударгаар олж авсан хөрөнгө, мөнгөөр тухайн сайтаас цэнэглэх эрх худалдан авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд хохирогч нарын уг эрхийг шүүхээс хууль бус, мөн иргэний өмчид хамаарахгүй талаар дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иргэний хуулийн 486 дугаар зүйлд Тоглоом, мөрийний талаар заасан ба уг зүйлийн 486.1 дэх хэсэгт “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”, 486.2 дэх хэсэгт “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгааг түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ,” 486.3 дахь хэсэгт “Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй” гэж хуульчилжээ.

Гэвч шүүхээс эрүүгийн эрх зүйн харилцааг иргэний эрх зүйн хэм хэмжээтэй хольж, дээр дурдсанчлан бусдын өмчлөх эрхийг тэдгээрийн хууль ёсны эрхэд хамаарахгүй талаар дүгнэж буй нь үндэслэл муутай болсон байхаас гадна дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа талаар тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдал нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруугийн хэлбэр, цагаатгах болсон үндэслэлээ бүрэн тайлбарлаж чадаагүй атал хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ... гэв.

Цагаатгагдсан этгээд М.Тгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурор Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулж бусдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон бол гэмт хэрэг, зөрчилд тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн. Шууд гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй боловч мөрийтэй тоглоомтой холбоотой зохицуулалтыг Иргэний хуулийн 486 дугаар зүйлд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, уг заалтад мөрийнд шаардах эрх үүсэхгүй гэж заасан. Үүнтэй холбоотойгоор прокурор эсэргүүцэлдээ шүүх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээтэй иргэний эрх зүйн хэм хэмжээг хольж хэрэглэсэн гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хууль болон бусад хуулийг чанд сахина” гэж зааснаас үзэхэд шүүх Иргэний хуулийг хэрэглэх боломжтой учраас эсэргүүцэл үндэслэлгүй. Мөн прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдсон гэж байгаа боловч энэхүү байдал нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй болох нь цагаатгах тогтоолд тодорхой дурдагдсан. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдаас хууль бусаар шилжүүлэн авахыг шаарддаг. Гэтэл нэгж гэгч нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх ч биш. Үүнийг цагаатгах тогтоолд маш тодорхой тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс хохирол эргэлзээгүй тогтоогдох ёстой байтал энэ талаарх ажиллагааг тодорхой хийгээгүй гэж үзээд хэргийг буцаасан. Үүнийг прокурор эргэлзээгүй тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэг буцаж хэд хэдэн ажиллагаа хийсний нэг нь мөрдөгч “One-x bet сайтад 5,000 төгрөг оруулахад 5,000 нэгж орж байна” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. Гэвч энэ нь хангалтгүй. Мөн шинжээч томилсон боловч шинжээч “1 төгрөг 1 нэгжтэй тэнцэж байна гэдгийг тогтоох боломжгүй” гэж дүгнэж, дүгнэлт гаргахаас татгалзсан. Харин ч энэ нь нотлогдоогүй болохын тод жишээ юм. Нөгөөтэйгүүр, улсын бүртгэлийн газраас “One-x bet нь Монгол Улсад бүртгэлгүй” гэсэн албан тоотыг ирүүлсэн. Ийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч нарын өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Тгийн гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос “ “one-xbet” нэртэй Олон улсын бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.Агийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 3,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

мөн А.Аы фейсбүүк хаягаар Э.У, Ж.Т нартай холбогдож, дансандаа 255,000,000 төгрөгтэй мэтээр хуурч, удахгүй буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Э.Уаас 20,000,000 төгрөг, Ж.Таас 100,600,000 төгрөгийн үнэ бүхий нэгжийг тус тус залилж, их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдаг бөгөөд гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинж нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөртөө авч захиран зарцуулах боломж бүрдсэн үеэс төгссөнд тооцогдох бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

хохирогч А.Агийн “...Яг тэр үед ганц 70.000.000 төгрөг биш миний 43.000.000 төгрөг, бусад хүмүүсээс зээлсэн нийт 204.000.000 төгрөгөөр тоглосныг мэдсэн. ...Оросын
Холбооны Улсад сервер нь байдаг, Олон Улсын хэмжээнд зохион байгуулагдаж
байгаа тэмцээн уралдаанд бооцоо тавих, таавар тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоом
юм. Энэ тоглоомоор тоглох гэж байгаа хүн нь эхлээд иргэний үнэмлэх, регистрийн
дугаар, иргэний үнэмлэх олгосон огноо, оршин суугаа хаяг зэрэг зүйлсийг нь
апликейшн рүү орж бөглөх ба цаанаас нь мэйл хаягт нь
ID дугаар болон нууц код
ирнэ. Ингэснээр тухайн хүн тоглох эрхтэй болдог. Уг тоглоомыг нэгжээр тоглох ба
нэг нэгжийг нэг төгрөгөөр авдаг, тоглоомоос шалтгаалаад хамгийн доод талын
бооцоо нь 500 нэгж, дээд тал нь тухайн тоглоомоосоо хамаараад янз бүр байдаг.
Би нэгж авчихсан байдаг, надаар дамжуулан зарим хүмүүс тоглох хүсэлт гаргадаг.
Үүний дагуу би зарим заримдаа хүмүүсийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлж
аваад би өөрийн нэгжээ тэр хүмүүст ID эрх лүү нь өгсөн мөнгөнд нь дүйцэхүйц
нэгжийг шилжүүлж өгдөг. Би ямар нэгэн ашиг хардаггүй, цаанаас би нэг нэгжийг 1
төгрөгөөр авдаг. Би хүмүүст нэг нэгжийг 1 төгрөгөөр бодож өгдөг. Би 1
xbet-д
бүртгүүлэхэд ямар шалгуур тавигддаг болох талаарх мэдээллийг гаргаж өгнө.
...*******аас 93.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж, *******аас 20.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж өөрийн ID бүртгэлтэй цэнэглэх данс руу авч эалилан мэхэлсэн байгаа юм. Миний ID данснаас Т тухайн өдөр 43.000.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байсан. 1xbet
бооцоот тоглоомын ID дансны хуулгыг сервер лүү хүсэлт явуулж байж авдаг.
Монгол Улсад энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй, хууль эрх
зүйн хувьд хориглосон зүйл байхгүй. Энэ нь аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт төлбөрт таавар, бооцоот,
тааварт тоглоомын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд тусгай зөөшөөрөл
олгохоор заасан байдаг боловч журам нь батлагдаагүй байгаа. ...” /1хх 72-74/,

хохирогч Ж.Тын “...нийт 93.000.000 төгрөгийн үнэ бүхий бооцоот тоглоомын нэгжийг ID данс руу шилжүүлсэн. ...Т нь надад хэлэхдээ “би *******ы чатаар өөрийн чинь чат руу чат бичиж өөрийн ID данс руу таны шилжүүлсэн нэгжийг аваад бооцоо тавиад алдчихсан, би маргааш гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаад мөнгийг чинь
эргүүлж төлнө, уучлаарай” гэж хэлсэн. ...Спорт бооцоо тавьдаг сайт, Орос Улсад сервер нь байдаг. Энэ сайтад бүхий л спорт байдаг. Сагсан бөмбөг гэхэд л хоёр багын аль нь хожих талаар таамаг дэвшүүлэн бооцоо тавих зэргээр тоглодог бооцоот тоглоомын сайт байгаа юм. *******, ******* бид нар агент буюу тоглох гэж байгаа хүмүүст нэгж борлуулах бол уг сайтад нэвтэрч тоглох гэж байгаа хүмүүст мөнгөөр нь бооцоо тавих нэгж өгөх, хожсон хүмүүсийн мөнгийг нь гаргах өгөх үйлчилгээ үзүүлдэг. Бооцоот тоглоомын сайтад орж бүртгүүлэн тоглох, бид нартай адил агент болох эрх хүн болгонд нээлттэй байдаг. Би нэгж авахдаа долларын ханшнаас шалтгаалаад янз бүрийн шимтгэл төлдөг. 4.5-аас 5.5 хувийн шимтгэл төлдөг, мөн дээрээс нь бид нараас нэгж худалдан авсан хүн хожиж мөнгөө гаргуулан авсан тохиолдолд би өөрөөсөө тухайн хүмүүст үнийн дүнгийн 2 хувийн урамшуулал олгодог. Заавал өгөх ёсгүй, бид нар хүнээ татах үүднээс л тэгдэг. Нэгжийг бооцоот тоглоомын 1 нэгж нь 1төгрөгтэй тэнцдэг. Бид нар 1хЬе1-ийн серверээс 1 нэгжийг 1 төгрөгөөр бодож авдаг. Серверээр нэгж авахдаа Хас, Голомт банкны дансанд байршуулаад картын дугаараар шилжүүлэг хийдэг. Тэгээд миний дансанд шилжүүлсэн
мөнгөн дүнтэй дүйцэх нэгж миний ID дансанд ордог. ...” /1хх 86-88/,

            Хохирогч Э.Уын “...Түүнийх нь дагуу би 154820763 M.Temvvlen гэсэн
ID хаяг руу 20.000.000 төгрөгийн үнэ бүхий нэгж шилжүүлсэн. ...Энэ нь Оросын холбооны Улсад сервер нь байдаг, мэргэжлийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, олон улсын чанартай тэмцээн уралдаан, интернэт тоглоомууд дээр бооцоо тавьж оролцох спортын бооцоот сайт юм. *******, ******* бид нар уг сайтад нэвтэрч тоглох гэж байгаа хүмүүст
мөнгөөр нь бооцоо тавих нэгж өгөх, хожсон хүмүүсийн мөнгийг нь гаргаж өгөх
үйлчилгээ үзүүлдэг, ямар ч хүн өөрөө бооцоот тоглоомын сайтад орж бүртгүүлэн тоглох, мөн бид нартай адил агент болох эрхтэй байдаг. Бооцоот тоглоомын сайтад нэвтрэхэд агент болох гэсэн хэсэг байдаг, түүн рүү орж агент болохоор бүртгүүлж болдог, тэр нь хүн болгонд нээлттэй байдаг. Би уг бооцоот тоглоом тоглох гэж байгаа хүнд мөнгөөр нэгж зарах, хожсон мөнгийг нь гаргаж өгснийхөө төлөө дараа сарынх нь эхний долоо хоногт 1 хожсон мөнгөнийх нь 2 хувь нь орж ирдэг. Би нэгж авахдаа 4.5-аас 5.5 хувийн шимтгэл
төлдөг. Мөн дээрээс нь бид нараас нэгж худалдан авсан хүн хожиж мөнгөө
гаргуулан авсан тохиолдолд би өөрөөсөө тухайн хүмүүст үнийн дүнгийн 2 хувийн
урамшуулал олгодог. Энэ нь бид нар хүнээ татах зорилготой ийм үйлчилгээ
үзүүлдэг. Мөн надаас нэгж авч тоглодог хүмүүст спортын анализ хийдэг хүмүүсээс
тоглодог хүмүүст зөвлөгөө өгүүлж хожих боломжийг нь нэмэгдүүлэх ажил давхар
хийдэг. Бооцоот тоглоомын
ID дансны хуулга гэж байдаг, хуулгыг сервер лүү хүсэлт явуулж байж авдаг. Монгол Улсад энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж байхгүй, хувь хүмүүс л байдаг. ...” /1хх 79-81/,

Хохирогч С.Цийн “...Нийт 45.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “мөнгийг чинь гараад бэлэн мөнгөний машинаас шилжүүлж өгье” гэж хэлсэн. ...Би 2021 оны 9 дүгээр сараас хойш бооцоот тоглоомын нэгжийг борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь Орос Улсад сервер нь байрладаг Олон улсын бооцоот тоглоомын сайт юм. Би серверээс нь нэг нэгжийг нэг төгрөгөөр аваад бид нар цааш нь хүнд өгөхдөө нэг төгрөгөөр борлуулдаг, ашиг нь гэвэл надаас нэгж далдаж аваад бооцоот тоглоомд оролцож хожсон тохиолдолд нийт хожсон мөнгөний хоёр хувийг бооцоот тоглоомын төвөөс надад шилжүүлдэг. Хожсон хүнээс бол мөнгө төгрөг авдаггүй. Надад нийт 45.000.000 төгрөгийн хохирол учирсан. Бооцоот тоглоомын нэгжийг Олон улсын картын гүйлгээгээр Голомт банкнаас бооцоот тоглоомын төв рүү мөнгө шилжүүлээд тухайн үнийн дүнгээрээ нэгжээ
буцааж авдаг. ...” /1хх 181-182/,

гэрч А.*******гийн “...*******д би 2021 оны 10 дугаар сараас хойш 2022 оны 01 дүгээр сарын эх хүртэл цувуулаад 67.000.000 орчим төгрөг зээлсэн. Мөнгөө буцааж аваагүй. Би *******аас мөнгөө нэхэхээр нь “хүнд алдчихсан, мөнгийг чинь ямар ч байсан гаргаж өгнө” гэж хэлдэг. ...” /2хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-60, 61-66/, “1xbet” тоглоомын ID эрх нээхэд тавигдах шаардлага /1хх 146-148/, М.Тгийн Хаан банкны дансны хуулга /1хх 221-225/, А.Агийн Хаан банкны дансны хуулгууд /2хх 58-173/, С.Цийн Хаан банкны дансны хуулгууд /2хх 176-250, 3хх 1-5/, Э.Уын Хаан банкны дансны хуулгууд /3хх 11-133/, Ж.Тын Хаан банкны дансны хуулгууд /3хх 135-159/,  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан бичиг /4хх 9/, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /4хх 10/, “1xbet” сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 56-59/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичиг /4хх 70/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хохирогч нарын ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, учирсан бодит хохирол нь юу болох талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагдаг эд хөрөнгөөр хохирлын хэмжээг тодорхойлдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. ...” гэж заасан байна.

М.Тгийн “one-xbet” нэртэй Олон улсын бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор А.Аы харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 3,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг авсан, мөн А.Аы фейсбүүк хаягаар Э.У, Ж.Т нартай холбогдож, Э.Уаас 20,000,000 төгрөг, Ж.Таас 100,600,000 төгрөгийн үнэ бүхий нэгжийг тус тус авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжийг, мөн залилах гэмт хэргийн бусдыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг агуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад “...төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх. ...” гэж хуульчилсан бөгөөд “Оne-xbet” нэртэй Олон улсын бооцоот тоглоом нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, хуульд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, уг бооцоо тоглоомын үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэлгүй тул хохирогч нарт учирсан хохирол тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын “агент нь нэгж авч хүмүүс тоглуулан урамшуулалд нэгж авч түүгээр дахин өөр хүн тоглуулдаг гэх...” мэдүүлгээс үзэхэд уг бооцоот тоглоомын төлбөр тооцоо нь төгрөгөөр бус нэгжээр илэрхийлэгдэж байх тул хохирогч нарын хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар тогтоож чадаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч болон прокурорын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар бичсэн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/206 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан давж заалдах гомдолд болон прокурор З.Бат-Амгаангийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ