| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05220/И |
| Дугаар | 191/ШШ2025/05659 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/05659
2025 06 26 191/ШШ2025/05659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........................ тоот барилгын .............. давхарт байрлах, Е ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт оршин суух, Б овогт Д.А /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
(Хариуцагчид шүүх хурлын товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1....Е ХХК нь ..................... хаягт байрлах, нэгж талбарын дугаар 000000000 дугаар бүхий 000 м.кв, 0000 га газрыг хуулийн дагуу эзэмшиж, жил бүр газрын төлбөрийг төлж байна. Тус газар дээр иргэн Д.А-ийн гарааш байх бөгөөд Е ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус гараашийг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тус хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 182/Ш32024/08883 дугаартай шүүгчийн захирамж гаргасан.
Манай компани нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд дээрх газар албадан чөлөөлүүлэхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024.07.01-ний өдөр албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд тус маргааныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.
Иймд дээрх маргаан бүхий гараашийг буулгаж, газрыг Д.А-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.03-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-Аж ахуйн нэгж, байгууллагын 00000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 х/,
-2024.05.06-ны өдрийн А-02/24 дугаар бүхий Н.Б, Э.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 7 х/,
-2019.11.05-ны өдрийн 000000000000000 дугаар бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 8-12 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13 х/,
-Гэрэл зураг /хх-ийн 14-16 х/,
-2024.07.18-ны өдрийн 01-07/4934 тоот Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-ийн 17 х/,
-2024.05.14-ний өдрийн 182/ШЗ2024/08883 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 18-19 х/,
-2024.08.15-ны өдрийн А-08/24 дугаар бүхий Н.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 20 х/,
-2024.08.15-ны өдрийн А-07/24 дугаар бүхий Б.Ч-од олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,
-Е ХХК-ийн Амралтын талбай загвар зураг /хх-ийн 40-49 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.10.23-ны өдрийн 0864 бүртгэлийн дугаартай Г.М-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 28 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 29 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.21-ний өдрийн 182/ШЗ2024/19958 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 х/-ийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан ................................ хаягт байршилтай, нэгж талбарын 000000000 дугаартай 000 м.кв талбай бүхий газар дээрх гараашийг буулгаж, газрыг Д.А-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0000000000 дугаартай гэрчилгээ, 2019.11.05-ны өдрийн 000000000000000 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ, нэгж талбарын 000000000 дугаартай газрын байршлын кадастрын болон гэрэл зураг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 2024.07.18-ны өдрийн 01-07/4934 тоот албан бичиг, 2024.12.20-ны өдрийн 2024/37 дугаартай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч Е ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.12.23-ны өдрийн А/993 тоот шийдвэрээр ................................ хаягт байршилтай, нэгж талбарын 000000000 дугаартай 000 м.кв талбай бүхий газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /контор/-ын зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшихээр эрхийн улсын бүртгэлийн Э-0000000 дугаарт 2019.11.05-ны өдөр бүртгүүлж Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0000000000 дугаартай гэрчилгээ авч, мөн өдрөө Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 000000000000000 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-г байгуулан эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. /хх-ийн 5, 8-11, 12 х/
а.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хуульд заасан энэ журмаар эзэмших эрхээ олж авсан байх тул түүний эрх хамгаалагдах ба Нийслэлийн Засаг даргын 2015.12.23-ны өдрийн А/993 тоот шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх тул Е ХХК нь өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
б.Тодруулбал, нэхэмжлэгч Е ХХК нь нэгж талбарын 000000000 дугаартай, ................................ хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг гэрчилгээ хүчин төгөлдөр байна. Харин хариуцагч Д.А нь уг газрыг эзэмших эрхгүй этгээд байна.
в.Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024.12.20-ны өдрийн 2024/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Иргэн Д.А-ийн эзэмшлийн гэх гаражийн байршлыг газар дээр нь хэмжиж, хэмжилтийн үр дүнг боловсруулсан. Уг хэмжилтийн дүнг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй Е ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 000000000 дугаар бүхий 80 м.кв талбайтай газартай давхцуулан шалгасны үндсэн дээр тус гараж нь дээрх нэгж талбарын 000 м.кв талбайтай давхцаж байна... гэжээ. /хх-ийн 61-63, 64 х/
3.2.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч тухайн газрыг эзэмших, ашиглах эрхийг олгосон ямар нэгэн баримт ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
4.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэх боломжтой байна.
Иймээс нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, түүний эзэмшлийн ................................ хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий газарт хууль бусаар баригдсан хариуцагч Д.А-ийн эзэмшлийн гаражийн давхацсан хэсэг /000 м.кв/-ээр газрыг албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгох хуульд нийцнэ.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
Хариуцагч Д.А нь 2024.10.10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2024.10.23-ны өдөр 0864 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг төлөөлөгч Г.М-д олгосны дагуу төлөөлөгч нь 2025.04.25-ны өдөр өмгөөлөгч У.Т-тэй Шүүх хууль хяналтын бусад байгууллагад төлөөлөх хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. /хх-ийн 28, 74, 75 х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь 2025.05.27-ны өдөр өмгөөлөгч У.Т-гээс татгалзаж байгаа хүсэлтээ, мөн 2025.06.10-ны өдөр хариуцагчийг төлөөлөхөөс татгалзаж байгаа хүсэлтийг тус тус ирүүлсэн учир шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.А-д хурлын тов мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбараа гаргаж, мэтгэлцэх боломж олгохоор 2025.06.19-ний өдөр 191/ШЗ2025/26855 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар 2025.06.26-ны өдрийн 11:00 цагт болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны түүний 0000000 дугаарын утсаар нь мэдэгдэхэд Нөгөө газрын маргаантай асуудал уу. За ойлголоо гэсэн хариуг өгсөн байна. /хх-ийн 121 х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, түүний эзэмшлийн ................................ хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий газарт хууль бусаар баригдсан хариуцагч Д.А-ийн эзэмшлийн гаражийн давхацсан хэсэг /000 м.кв/-ээр газрыг албадан албадан чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА