2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/05660

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 26 191/ШШ2025/05660

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, Э овогт Ц.О /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. байранд байрлах, Э ТБАГУТҮГ /РД:000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Гэрч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ............................. харьяа Э ТӨАГУТҮГазар /цаашид Э гэх/-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Миний бие Ц.О нь Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг 2025.01.15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос гаргасан шийдвэрийг Э хангаагүй тул тус шүүхэд дээрх гомдлыг гаргаж байна.

Ц.О миний бие 0000.00.00-ны өдөр ........... аймгийн ................ сумын Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. 1986 онд ........... аймгийн ................ сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг, 1988 онд Улаанбаатар хотын ................ дунд сургуулийн ........... мэргэжлээр, 1998 онд .............. их сургуулийн ................ мэргэжлээр, 2001 онд ................. сургуулийг .................. мэргэшлээр тус тус төгсөж, 2015 онд ............... магистр, 2017 онд ................ ахлах, 2024 онд ...................... зэргийг тус: тус хамгаалсан.

Миний бие 2003.03.04-ний өдрөөс ............................. харьяа Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-....................-нд хуулийн зөвлөх, Захиргаа санхүүгийн албаны дарга, Засгийн газрын 2012.09.22-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөн байгуулагдсан ............................. харьяа-Э-ийн Захиргааны албанд Хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2017 онд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанд Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, 2018 онд Эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн энэ онд Захиргаа санхүү, удирдлагын албанд Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оноос Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.

Миний бие ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүй болон хөдөлмөрийн харилцаанд сахилгыг мөрдөж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүргийг мөрдөж, улмаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай гүйцэтгэж байсан.

Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж, 2024 оны 12 дугаар сард ээлжийн амралтын үлдэгдэл 3 өдрийн амралтаа эдлэхээр байгууллагын Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б-д мэдэгдэж улмаар 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд биеэр эдэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг үүссэн болно.

Миний бие 2024.12.25-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ямар ч мэдээлэл өгөөгүй, тухайн сарын 26-ны өдрөөс ээлжийн үлдсэн амралтаа биеэр эдэлсэн байхад 2024.12.25-ны өдрөөр огноолсон Э-ийн захирлын Б/89 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж тэтгэмж олгох тухай тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг дараахь үндэслэлээр зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.5 дахь заалтад зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна:

1.Миний бие 2024.12.25-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ямар ч мэдээлэл өгөөгүй, улмаар ээлжийн амралттай байх хугацаанд байгууллагын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Б Байгууллагын Viber групп дэх өөрийн хаягаар 2024.12.26-ны өдрийн 14:50 цагт Системээс ажилласан жил татагдаад санхүүгээс төрд ажилласан 26 жилээр мөнгө нь бодогдоод данс руу нь орох юм байна. Гэнэт юун мөнгө, яав ийв гэх вий гэсэн мэдээллийг над руу явуулсан. Улмаар миний хувьд дээрх тушаалыг 2025.01.10-ны өдөр Монгол шуудан компанийн хүргэлтээр намайг гэртээ эзгүй байх хугацаанд гэрт оруулснаар би мэдсэн болно. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.

2.Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 79.1 дэх заалтыг баримталсан боловч эдгээр заалтыг баримталсан үндэслэл нь буюу нотлох баримт нь тогтоогдохгүй болно. Учир нь, хэрэв ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа бол ажилтны гэрээ цуцлах тухай хүсэлтийг албажуулах үүрэгтэй. Гэтэл тушаалд намайг 2023.12.22-ны өдөр өргөдөл гаргасан гэж тушаалын хууль зүйн үндэслэх хэсэгт заасан бөгөөд хэрэв миний энэ хугацаанд гаргасан өргөдлийг ажил олгогч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлд заасан хугацаанд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа үйлчлэх байхад энэ хугацаанд шийдвэрлээгүй атлаа өргөдөл гаргасан мэтээр тушаалд үндэслэсэн нь дээрх хууль тогтоомжийн заалтыг зөрчихийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.4 дэх заалтыг зөрчиж байна.

3.Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаар тэтгэвэр тогтоолгох асуудлыг хойшлуулах, мөн 2006, 2009 оны бүрэн төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтийг 2024.10.07-ны өдөр бичгээр гаргасан. Гэтэл уг хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй бөгөөд миний бие хүсэлт өгснөөс хойш үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн учраас хүсэлтийг хангасан гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

4.Тушаалын 2 дахь заалтад нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгохоор заасан нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1, 3.1, 4.2, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн. Уг тушаалын дагуу миний Х-ны 000000000 дугаар дансанд 2024.12.26-ны өдөр Т-ны 0000000000 дугаар данснаас 27,040,693.33 төгрөгийн орлого орсон нь уг буцалтгүй тусламж гэгдэх зүйл байсан. Гэтэл тухайн буцалтгүй тусламж тооцох цалингийн хэмжээг тогтоохдоо үндэслэл нь ойлгомжгүй буруу тогтоосон. Миний хувьд төрийн байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж байсан болно.

5.Дээрх журмын 5.3 дахь хэсэгт Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан бөгөөд миний бие дээрх тэтгэмжийг авах талаар хүсэлт огт гаргаагүй болно. Иймээс миний бие 2025.01.02-ны өдөр Т-ны 0000000000 дугаар дансанд 27,040,693.33 төгрөгийг буцаан шилжүүлсэн болно. Мөн түүнчлэн миний бие байгууллагын ЭБАТ-ын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ЭБАТ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тухайн байгууллагын удирдлага ЭБАТ-ыг өөрчлөх, албан тушаалаас чөлөөлөх, шинээр томилох тохиолдолд АТГ-т мэдэгдэх үүрэгтэй атал энэ үүргийг албан ёсоор биелүүлээгүй болно.

Иймд, Э-ийн захирлын 2024.12.25-ны өдрөөр огноолсон Б/89 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж тэтгэмж олгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10, 60.1.1, 78.1.9, 79.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1, 3.1, 4.2, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчиж төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай 154.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг хянан үзэж зөрчигдсөн хөдөлмөрийн харилцааг сэргээж, Э-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Э итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.О-ийн 2023.12.22-ны өдрийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Э-ийн Захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж олгож шийдвэрлэсэн байдаг.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг 2024.12.25-ны өдөр гаргаж, Ц.О-т танилцуулж, улмаар үдэн гаргах ёслол хийгдэх бэлтгэл ажил хангагдсан байхад тэрээр тушаалтай танилцахгүй хэмээн ажлаас гарч явсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэдэг нь үндэслэлгүй худал мэдээлэл юм.

Харин тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалтай танилцахгүй хэмээн ажилдаа ирээгүй бөгөөд 2025.01.02-ны өдөр ажил цуглахад ирсэн атлаа мөн тушаалтай танилцахгүй гарч явдаг бөгөөд гадуур ажилтай хэмээн танилцуулах боломж олгоогүй.

Мөн тэрээр 2023.12.22-ны өдрийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх тухай хуулийн дагуу, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.2-т заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлээгүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь тэрээр өөрийн гаргасан хүсэлтдээ 2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн дурдсан байдаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сар хэмээн тодруулан бичиж өгсөн байдаг.

Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан хүсэлтийн дагуу, өөрийнх нь тогтоосон хугацааны дагуу бүхий л зүйлийг төлөвлөж, 2024 оны төсөвт түүнд олгох тэтгэмжийг суулган өгч, хүсэлтэд нь дурдагдсан 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажил үүргийг нь гүйцэтгүүлж, улмаар тус хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах гэтэл Ц.О нь 2024.10.07-ны өдөр дахин хүсэлт гаргасан байдаг.

Энэхүү хүсэлтэд тэрээр хуульд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. ... нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 7 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн өргөдлийг гаргасан байдаг.

Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сард багтаан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байсныг хойшлуулж хүсэлтэд дурдагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон асуудлыг бүрэн судалж, хүлээн авч, нөхөн төлөлт хийж шийдвэрлэж өгсөн.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс холбогдох материалыг бүрдүүлэн 2024.11.13-ны өдрийн 1200 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 2024.11.15-ны өдрийн 28/0078 дугаартай Улсын байцаагчийн актаар Ц.О-ийн 2006 оны 6, 7, 8, 9-р сар, 2009 оны 7-р сарын (хүүхэд асарсан хугацааны) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг дутуу төлснийг нөхөн төлөхөөр тогтоож, тус актын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг алдангийн хамт 131,231.25 төгрөгийг 2024.11.22-ны өдөр холбогдох дансанд төвлөрүүлж, ийнхүү шийдвэрлэсэн тухайгаа Ц.О-т 2024.11.27-ны өдөр Захиргаа, санхүү, удирдлагын алба /хуучнаар/-ны дарга Л.О, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Б, Нягтлан бодогч П.С нар биечлэн уулзаж мэдэгдсэн байдаг.

Ийнхүү төвийн захирлын 2024.12.25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, тэтгэмж олгох тухай Б/89 дүгээр тушаалыг мөн өдрийн 12 цагийн үед танилцуулах гэсэн боловч тэрээр ажлын байрандаа байхгүй байсан тул Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана гэж заасны дагуу Хүний нөөцийн мэргэжилтний цахим шуудангаас таны албан и-мэйл буюу ....................... цахим хаягаар тушаалыг хүргүүлсэн.

Мөн 2025.01.02-ны өдөр Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б тушаалыг түүнд гардуулахаар уулзахад тэрээр хүлээн авахаас татгалзаж, мөн өдөр төвийн захирал 11:00 цагт хүлээн авч уулзахаар хэд хэдэн удаа утсаар залгаж дуудуулахад түүний зүгээс гарч явсан байна, уулзах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул аргагүйн эрхэнд тушаалын эх хувийг Ц.О-т 2025.01.04-ний өдөр, ажил хүлээлцэх тухай мэдэгдэх хуудсыг 2025.01.07-ны өдөр Монгол шуудангаар тус тус хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1, 2.2-т заасны дагуу үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын (ТҮ-8 зэрэглэл) сүүлийн 3 жилийн дунджаар тооцсон.

Сүүлийн 3 жилийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан ТҮ-8 зэрэглэлийн цалин:

2022 оны ЗГ-ын 472-р тогтоолын 10-р хавсралтаар 832,357 төгрөг,

2022 оны ЗГ-ын 107-р тогтоолын 2-р хавсралтаар 832,357 төгрөг,

2022 оны ЗГ-ын 488-р тогтоолын 6-р хавсралтаар 898,946 төгрөг,

2023 оны ЗГ-ын 241-р тогтоолын 10-р хавсралтаар 1,114,000 төгрөг,

2024 оны ЗГ-ын 128-р тогтоолын 11-р хавсралтаар 1,337,000 төгрөг буюу дундаж нь 1,040,026.67 төгрөгийг таны төрийн албанд ажилласан 26 жилээр үржүүлэн Х дахь дансанд нь 27,040,693 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Ц.О-ийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж үзэж байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6 х/,

-2024.12.25-ны өдрийн Б/89 дугаар Э-ийн захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцалж, тэтгэмж олгох тухай тушаал /хх-ийн 7 х/,

-Шуудангийн баримт /хх-ийн 8 х/,

-2025.01.07-ны өдрийн 20 тоот Э-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 9 х/,

-Шуудангийн баримт /хх-ийн 10 х/,

-2024.10.07-ны өдрийн Э-д гаргасан өргөдөл /хх-ийн 11 х/,

-Худалдаа хөгжлийн банкны Дансны хуулга /хх-ийн 12 х/,

-Худалдаа хөгжлийн банкны Дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 13 х/,

-2025.02.24-ний өдрийн 41 дугаартай Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-ийн 14-16 х/,

-2025.03.13-ны өдрийн 254 тоот Э-ийн Ажлын байр санал болгох тухай албан бичиг /хх-ийн 66 х/,

-2021.02.26-ны өдрийн 000000 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 82-85 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 115 х/,

-2025.06.05-ны өдрийн 0158 дугаартай С.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 123 х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий гэрчилгээ /хх-ийн 22 х/,

-2025.03.24-ний өдрийн 302 тоот М.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 23 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 27-29 х/,

-2023.12.22-ны өдрийн Ц.О-ийн гаргасан өргөдөл /хх-ийн 69 х/,

-2024.11.13-ны өдрийн 1200 тоот Э-ийн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 71-75 х/,

-2024.11.15-ны өдрийн 28/0078 тоот Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагийн акт /хх-ийн 111 х/,

-2024.11.15-ны өдрийн Хяналт шалгалтаар НДШимтгэлийн баримтаар илэрсэн зөрчлийн жагсаалт /хх-ийн 112 х/ зэрэг баримтыг ирүүлсэн.

 

5.Тус шүүхийн 2025.04.07-ны өдрийн 191/ШЗ2025/15226 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар хариуцагчаас Ц.О-ийн Э-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан хугацаанд олгосон цалингийн 2024 оны дэлгэрэнгүй /хх-ийн 36 х/,

-Эийн 2024.08.12-ны өдрийн 784 дугаартай Авлигатай тэмцэх газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 37 х/,

-Эийн 2024.12.23-ны өдрийн 1355 дугаартай Авлигатай тэмцэх газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 38 х/,

-Эийн захирлын баталсан Албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн тогтоосон 2025 оны тушаал, түүний хавсралт /хх-ийн 39-41 х/,

-Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 42-56 х/,

-Эийн ЕRР цахим системээр 2024.12.25-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дарга баталгаажуулж шийдвэрлэсэн эсэх талаарх баримт /хх-ийн 57 х/,

-2024.10.07-ны өдөр Ц.О-ийн Э-д бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 70 х/,

-Тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 191/ШЗ2025/25051 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчаас Эрүүл мэндийн сайдын 2025.02.06-ны өдрийн А/38, 2025.03.11-ний өдрийн А/25 дугаартай тушаалуудыг хавсралтуудын хамт /хх-ийн 86-110 х/,

-Ц.О-ийн 2024 оны цалингийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 122 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Э-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж, 2024.12 сард ээлжийн амралтын үлдэгдэл 3 өдрийн амралтаа эдлэхээр байгууллагын Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б-д мэдэгдэж улмаар 2024.12.26, 27, 30-ны өдрүүдэд энэхүү амралтаа эдэлж байхад ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

Эийн захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 60 дугаар зүйлийн 60.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1-д тус тус заасныг зөрчиж ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн ээлжийн амралттай байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасаар байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Э ...Ц.О нь 2023.12.22-ны өдөр 2024 онд багтаан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ажил олгогчид гаргасны дагуу тус төвийн захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанд Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлсөн.

Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан хүсэлтийн дагуу, өөрийнх нь тогтоосон хугацааны дагуу бүхий л зүйлийг төлөвлөж, 2024 оны төсөвт түүнд олгох тэтгэмжийг суулган өгч, хүсэлтэд нь дурдагдсан 2024.11 сар хүртэл ажил үүргийг нь гүйцэтгүүлж, улмаар тус хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах гэтэл Ц.О нь 2024.10.07-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтэд тэрээр хуульд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сар, 2009 оны 7 сар дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн өргөдлийг гаргасны дагуу байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заажээ.

 

4.2.Нэхэмжлэгч Ц.О нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2025.02.24-ний өдөр 41 дүгээр шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 14-16 х/

 

Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2025.02.27-ны өдөр хандсан. Мөн хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.

 

5.Нэхэмжлэгч Ц.О нь 2003.03.04-ний өдрөөс 2024.12.25-ны өдрийг хүртэл ............................. харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .................. газар /хуучнаар/ буюу одоогийн Э-д Захиргааны албаны хуулийн зөвлөх, захиргаа, санхүүгийн албаны дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанд Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.Талуудын маргаан нь ажилтан сайн дураар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсөн эсэх, мөн үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргах эрхтэй эсэх талаар байх тул шүүх эдгээрт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

6.1.Нэхэмжлэгчийн 2024.10.07-ны өдөр Э-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан гэх үндэслэлийн тухай

Нэхэмжлэгч Ц.О-ийг Э захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2, 2.3 дахь заалт, ............................. чиглэл хүргүүлэх тухай 2024 оны 7/327 дугаартай албан бичиг, Э-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.7.3, 4.7.6 дахь заалт, Ц.О-ийн 2023.12.22-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн ...тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан... гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлжээ. /хх-ийн 7 х/

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж ангилсан бөгөөд мөн хуулийн 10.3-т энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж,

мөн хуулийн 14 дүгээр 14.1.2-т төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна гэж,

60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.

 

Төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, түүнтэй холбоотой харилцааны хувьд, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.3.10-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж зааснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дууссан тохиолдолд тухайн албан хаагчийн санал, хүсэлтийг үндэслэлгүйгээр захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх эрх хэмжээтэй байх ба төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль эхлэн үйлчилж, улмаар түүний хүрч зохицуулаагүй хэсэгт Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтууд хамаарна.

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч Э захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан,

-79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй,

-79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно,

-Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно,

-Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна

-2.3-т Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална

-Ц.О-ийн 2023.12.22-ны өдөр гаргасан өргөдөл гэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт, шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл сонирхлын дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдлөө гаргасан байх ёстой.

 

Нэхэмжлэгч Ц.О нь 2023.12.22-ны өдөр Миний бие тус төвд 2003 оноос өнөөдрийг мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би холбогдох хууль, журамд заасны дагуу 2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн,

Мөн 2024.10.07-ны өдөр дахин Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтэн Ц.О би тодорхой шалтгааны улмаас холбогдох хуульд заасан журмын дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. Би Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 7 дугаар сарынх тус тус төлөгдөөгүй, 2006 оны 5, 11 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн өргөдлүүдийг тус тус гаргаж байжээ. /хх-ийн 11, 70 х/

 

Ажил олгогчийн зүгээс ажилтны дээрх хүсэлтэд дурдагдсан хугацааны Нийгмийн даатгалын төлөгдөөгүй болон дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлөхөөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2024.11.13-ны өдөр 1200 тоот албан бичгээр Эд ажиллаж байсан даатгуулагчийн 2004 оны 10, 11, 12-р сар, 2005 оны 02, 05, 06, 07-р сар, 2006 оны 03, 06, 07, 08, 09-р сар, 2009 оны 07-р сарын нийгмийн даатгалын нөхөн тайланг илгээж холбогдох шимтгэлүүдийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Мөн энэхүү заалтын тайлбарт: Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад нийт 31 жил үүнээс 2003.03.04-ний өдрөөс 2024.12.25-ны өдрийг хүртэл нийт 21 жил 9 сар 21 хоногийн хугацаанд ............................. харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ................ газар буюу одоогийн Э-д ажиллаж байсан болох нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх зохицуулалтын дагуу 2024 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, Э-ийн захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаал гаргах үед 56 нас 10 сар, 3 хоногтой байсан байх тул ажилтны өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024.12.31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр цааш үргэлжлүүлэн ажиллах эсэх талаарх хүсэлтээ ажил олгогчид тодорхой илэрхийлэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн 2024.10.07-ны өдөр ажил олгогчид гаргасан өргөдлийн агуулгаас үзвэл 2024 онд тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж, Э-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

6.2.Талуудын маргааны эхлэл нь нэхэмжлэгчид олгох 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг буруу тооцоолсноор үүдэлтэй болох нь ...2024.12.26-ны өдөр .................-ны 0000000000 дугаар данснаас 27,040,693.33 төгрөгийн орлого орсон нь уг буцалтгүй тусламж гэдэг зүйл байсан. Гэтэл тухайн буцалтгүй тусламж тооцох цалингийн хэмжээг тогтоохдоо үндэслэл нь ойлгомжгүй буруу тогтоосон. Миний хувьд төрийн байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж байгаа..., миний хувьд буцалтгүй тусламж авах хүсэлтээ гаргаагүй... гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо тооцооллын алдаа гаргасан болон нэхэмжлэгч нь 27,040,693.33 төгрөгийг байгууллагын дансанд буцаан шилжүүлсэн талаар маргаагүй. /хх-ийн 12, 13 х/

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно,

-Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заасан.

 

Дээрх зохицуулалтын дагуу төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо заавал түүний буюу ажилтны хүсэлтийг үндэслэх шаардлагагүй юм.

 

6.3.Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 60.1.1-д ээлжийн амралттай гэж заасныг зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлийн тухай

 

Хариуцагч нь энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Ц.О-ийн 2023.12.22-ны өдрийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Э-ийн захирлын 2024.12.25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалтай танилцахгүй хэмээн ажлаас гарч явсан ба 2024.12.26, 2024.12.27, 2024.12.30-ны өдрүүдэд ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэдэг нь үндэслэлгүй гэж маргаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.8-д Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна гэж,

Эийн захирлын 2022.09.20-ны өдрийн А/103 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтны эдлээгүй ээлжийн амралтын хугацааг ажилласан хугацаагаар тооцож, ээлжийн амралтын тооцоог олгоно гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгчийн 2024.12 сард ажиллавал зохих өдөр нь 22 хоног байх ба үүнээс ажилласан өдөр 22 хоног ажилласан байх тул түүний 2024.12.26, 2024.12.27, 2024.12.30-ны өдрүүдэд ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж, Эийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тодорхой гаргасан, мөн ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэх тайлбараа тус тус баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхээ эдлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.О-ийн хариуцагч Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан Э-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай Ц.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА