| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00493/И |
| Дугаар | 304/ШШ2025/00458 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00458
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О.Ц*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00493/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Ц******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Барилгын техником төгсөж Сэлэнгэ аймгийн Хөтөлд хуваарилагдаж 1 жил ажиллаад 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Барилга угсралтын конторт бригадын даргаар ажилласан. 1988 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Бетон арматурын цехэд эд шалгагчаар шилжин ажилласан. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуульд бичээчээр ажилласан. 1988 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр төрж амаржаад чөлөө авч 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орж 1989 оны 10 дугаар сараас ажлаасаа гарсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага үүсэхэд 1986 оны 05 дугаар сарын 04 ний өдөр ажилд орсон ч хөдөлмөрийн дэвтэр 1988 он гэж нээгдсэн байна гэхээр нь лавлагаа авсан. 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрж амаржаад чөлөө авч 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ороход орсон гарсан тушаалын он зөрүүтэй, бригадын дарга, эд шалгагчаар ажиллаж байсныг ажилтан гэж бичсэн байна. Мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Тухайн үед нийгмийн даатгал байхгүй байсан тул хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр ажилласныг нотлох тул албан тушаалын зөрүүтэй байдал үүсэхгүй гээд шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 5-7-р хуудас/,
-БНМАУ-н Улсын Барилгын хорооны Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай ажилд авах, чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,
-БНМАУ-н Улсын Барилгын хорооны Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаартай нярай хүүхдээ асрах цалинтай нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21-р хуудас/,
-Барилгын материалын үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 22-р хуудас/,
-1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.О*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 23-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Х*******, С.Ц******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Ц*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч О.Ц******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эд шалгагч, бригадын даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. О.Ц******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эд шалгагч, бригадын даргаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай 1987-1988 оны цалингийн цэсийн лавлагаа, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай О.Ц*******ыг 07 дугаар сарын 15-наас эхлэн хүрмэн блокийн цехийн бригадын даргаар ажиллуулсугай гэх тушаалын хуулбар, БНМАУ-н Улсын Барилгын хорооны Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Бетон арматурын цехийн эд шалгагчаар блокийн цехийн ажилчин О.Ц*******ыг түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж... гэх тушаалын хуулбар, БНМАУ-н Улсын Барилгын хорооны Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаартай О.Ц*******д ...98 хоногийн нярай хүүхдээ асрах цалинтай нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилгын материалын үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаартай О.Ц*******ыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Булган аймгийн Барилга угсралтын конторын мэдэлд шилжүүлсэн тушаалын хуулбар, 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.О*******гийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрч Д.Х*******, С.Ц******* нарын барилга угсралтын конторт хамт ажиллаж байсан үнэн гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Ц*******ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эд шалгагч, бригадын даргаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О*******ын Ц*******ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эд шалгагч, бригадын даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ