Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00040

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                         О.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ц.Цогзолмаа

 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Эад холбогдох 1832000000030 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 02 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, *96 тоотод оршин суух хаягтай, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй, 2007 оны 12 сарын 10-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2-р шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Боржигон овогт Оюунчимэгийн Э. РД:/*/

 

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Хараа зочид буудалд М.Мөнх-Эрдэнийг нүүрэн тус газарт нь архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: ...... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Хоорондоо эвлэрсэн, бид найзууд байгаа юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Хохирогч М.МЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:….. Би 2018 оны 03 дугаар сарын 18-ний орой 20:00 цагийн орчимд баарны гадаа Бд, Э хоёртой тааралдаж, Төгсбаяр бид хоёр, тэр хоёр дээр очиж дөрвүүлээ “SS” бааранд орж бид нар пиво уусан. Би 3 лааз пиво уусан. Тэгээд тэндээс гараад бид нар 23:00 цаг өнгөрч байхад Төгсбаяр, Бд хоёр нэг нэг шил архи авсан. Тэгээд бид нар “Хараа” буудалд орж ууцгаасан. Бид нартай 1 хүүхэн хамт орж ирсэн байсан. Сайн танихгүй. Тэгээд Э бид хоёр юунаас болсон юм мэдэхгүй нэг мэдэхэд бид хоёр маргалдаад би түрүүлээд Эыг цохисон байсан. Тэгтэл Э хажууд байсан шилээр миний толгойруу цохиж архины шил нь хагарсан байсан. Тэр үед бид хоёр барьцалдаж ноцолдох үед гар хуруугаа хагарсан шилэнд зүсч эсгэсэн байсан. Би яг тухайн үеийн асуудлыг сайн мэдэхгүй тасраад их согтсон байсан. Энэ байдлыг эмнэлэг дээр очоод мэдсэн. Төгсбаяр намайг эмнэлэг авч явсан байсан. Тэгээд намайг хэн ингэснийг асуухад Тегсбаяр Э тэгсэн гэж байсан. Маргааш нь Э надад бас би тэгсэн байна. Андыгаа уучлаарай өчигдөр сонин юм болчихжээ гэж хэлж байсан. Тэр үед хэн байсныг сайн санахгүй байгаа юм. Бид дөрөв болон нэг эмэгтэй байсан. Өөр хүн байгаагүй.

Би дээгүүрээ хар цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, доогуураа ногоон өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй изриаль гуталтай явсан.Миний толгойн эрүү хэсэгт шилэнд зүсэгдсэн, мөн баруун гарын шууны дотор хэсэгт зүсэгдэж, нийт 14 оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Миний бие зүгээр. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э өөрөө надад хэрэгтэй эмчилгээний зүйлсийг авч өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/

 

Гэрч Г.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Би       2018   оны 03 дугаар сарын 18-ний орой 18:00 цагийн орчимд найз Этай замын хойно тааралдаад урагшаа гарч “JN” баар орсон. Тэнд ороод бид хоёр пиво уусан. Тэгээд 20:00 цагийн орчимд МЭ, Төгсбаяр хоёртой “JN” бааранд тааралдаж бид 4 тэндээс гарч “SS” баарлуу орсон. Тэнд нэг хүн 4-5 пиво уучихаад тэндээс би нэлээд согтсон байдалтай гарч бид нар бүгдээрээ “Хараа” буудал орсон. Замаасаа Төгсбаяр архи, идэж уух юм авч тэнд бид нар уусан. Тэнд бид 4 хөзөр тоглож байгаад МЭ, Э хоёр 00 орж уулзаж байгаад хоорондоо маргалдаж ганц нэг цохилцоод гарч ирээд өрөөндөө орж ирээд зодолдсон байсан. Тухайн үед би нэлээд согтуу зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Би яг тэр үед цохихыг нь тасраад согтсон байсан учир харсанаа сайн санахгүй байна. Өрөөнд орж ирэхийг нь хальт санаад байгаа юм. Би тухайн үед өрөөнд хажууд нь байсан. Танай нэг нь нэгнийгээ архины шилээр цохисон гэж буудлын үйлчлэгч эгч хэлж байсан. Бодвол тэр хоёр зодолдсон болохоор Э цохисон нь ойлгомжтой байсан юм. Би тэгж бодсон. Э эрүүлжүүлэхээс гараад надад маргааш нь би цохичисон гэж хэлж байсан. Нэрийг нь мэдэхгүй намхан жижигхэн 40 гаруй насны эгч байсан. Танихын хувьд танина. Нэрийг нь мэдэхгүй. Бид хоёр тэр зодоонд огт оролцоогүй. Согтоод унтаж байх үед түргэн ирээд Мөнх-Эрдэнийг авч явж, цагдаа Эыг авч явсан байсан. Миний мэдэхээр 1 шил 0.75 литрийн архи уусан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Ат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Манай буудалд миний мэдэхээс Төгсөө, Баска бас 2 эрэгтэй нэрийг нь мэдэхгүй, мөн 1 хөл муутай эмэгтэй нийт 5 хүн орж ирж манай 205 тоот өрөөнд орсон. Тэд нар анх орж ирэхдээ бүгдээрээ нэлээд халамцуу байдалтай байсан. Тэгээд орсоны дараа Э, МЭ гэдэг 2 залуу нь хоорондоо маргалдаад чанга чанга яриад байсан. Би 2 удаа очиж сануулга өгөхөд тэр хоёр л маргалдаад байсан. Тэгээд байж байтал пижигнээд зодолдоод унах шиг болохоор нь 3 дахь удаагаа очиж гаднаас нь хаалгыг түлхүүрээр онгойлгоход МЭ нь чи миний толгойг хагалчихлаа ш дээ гээд зогсож байсан. Нөгөө цохисон Э нь шүд уначихлаа, чи миний нүүрийг адилхан аймаар болголоо гээд зогсож байсан. Тэгэхэд МЭ гэдэг залуугийн толгой нь хагараад цус гоожчихсон, гараараа дараад байж байсан. Мөн гарын зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдэж ангайсан, хөмсөгний орчимд байх бас зүсэгдсэн байдалтай байсан. Эын биед болохоор ил шарх сорви, гоожсон цус байгаагүй. Тэгээд тэр үед унтаж байсан Төгсөө босож ирээд аниа юу болов юу болоод та нар яагаад байгаа юм гээд миний утсаар зодуулдаг Мөнх-Эрдэний эхнэрийг нь утсаар дуудсан. Тэгээд тэд нарт цагдаа , эмнэлэг дуудья гэхэд дуудуулаагүй юм.Тэгээд эхнэр нь 40-өөд минутын дараа ирээд тэд нар хамт явцгаасан. Өрөөнд Баскаа, орж ирсэн хүүхэн 2 босоогүй унтаад байсан. Зодоон хийдэг Эыг Төгсөө загнаад унт гээд үлдээсэн юм. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Төгсөө цагдаа нартай орж Эыг аваад явсан.МЭ, Э буюу /Онгоороо/ гэдэг эн хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийсэн. Яг зодоон цохион хийх үед би хараагүй. Дараа нь буюу зодоон цохион болох үед очиход Э нь МЭийхээ толгойг архины шилээр цохиж хагалсан байдалтай 2 шил архины хагарсан лонх, шилний үйрмэг газраар байсан. МЭ нь намайг орход чи хамынхаа толгойг хагалчихлаа шдээ гээд цус гоожсон толгойгоо бариад байж байсан. Тэр хоёроос өөр хүн байгаагүй. Нөгөө гурав нь согтуу унтаж байсан. Урдныхаа л зүйлүүдээс болж хоорондоо анх маргалдаад байх шиг байсан. Анх маргалдах үед нь очиход нэг нэгэндээ том дуугараад л утасаа авсангүй, нөгөөдөх нь утасны дууг нь хачихсан байсан гэх мэтээр л том том дуугараад байсан. Өөр юунаас болсныг сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

 

   Шинжээчийн дүгнэлт:............

           2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 48 дугаартай .....

           

            1.М.Мөнх-Эрдэнийн биед эрүү, баруун гарын шуу, цээжинд шарх, хүзүү цээж, баруун гарын шуу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/

 

          Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

          Шүүгдэгч О.Эыг ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 31 дүгээр хуудас/

          Сэлэнгэ аймгийн Мандалын сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 32 дугаар хуудас/,

          Шүүгдэгч О.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 33 дугаар хуудас/

          Шүүгдэгч О.Эын гарын хээний дардас /ХХ-ийн 35 дугаар хуудас/

          Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн № 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Хараа зочид буудалд М.Мөнх-Эрдэнийг нүүрэн тус газарт нь архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн шүүхийн мэдүүлэг болон хохирогч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/, гэрч Г.Бдийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.Атгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч О.Эыг хохирогч М.Мөнх-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Эыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Хараа зочид буудалд М.Мөнх-Эрдэнийг нүүрэн тус газарт нь архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч прокурортой ял шийтгэлийн талаар тохиролцсон зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч М.МЭ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар О.Э нь торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.