Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/584

 

 

 

 

        2024           5              21                                        2024/ДШМ/584

 

Ц.Ц, Г.Ж, Т.Х нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Ц, Г.Ж, Т.Х нарт холбогдох эрүүгийн 2305020500048 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ЫЦ.Ц, Т.Х, Г.Ж нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20-1 тоотод гэртээ байсан иргэн ******* “Рэдми Нөтэ 11 про” загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, түлхэж унагаан, хүч хэрэглэж, хууль бусаар булаан авч дээрэмдэх гэм гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Ц, Т.Х, Г.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.Ж, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгийн цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Х, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь хохирогч ******* 600.000 төгрөг /зургаан зуу мянга/ төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь анх удаа эрүүгийн хэргийн гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж, бүхий л зүйлст дүгнэлт хийж байгаа. Түүнчлэн хорих ял авахаар хэмжээнд хүрэх үйлдлийг тухайн цаг үед нь ойлгож, ухамсарлаж чадаагүйдээ хоригдсон цагаасаа өдийг хүртэлх цаг хугацаанд харамсаж байна. Мөн аав минь нас барсан, ээж минь өвчтэй ахыг маань асардаг. Би сурч боловсрон, дахин хэзээ ч буруутай үйлдэл, нөлөөнд автахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэн зөв амьдрахыг хүсэж байгаа. Хувийн байдлыг минь харгалзаж үзэн, цаашид эдлэх хорих ял, шийтгэлээс минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгч нар нь хохирол төлбөр барагдуулсан хэдий ч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг огт харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын шинэлэг бөгөөд дэвшилттэй талуудын нэг нь яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээх явдал. Үүнийг хуульд онцгойлон авч үзэн, хохирол нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим тохиолдолд түүнийг ялаас чөлөөлөх хүртэл шийдвэр гаргахаар болсон.

Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, өөрөө сайн дураараа хэргээ хүлээн мэдүүлсэн байдлыг огт харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёроос дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээнйи хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан. Ц.Ц хувийн байдлын хувьд урьд өмнө нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй, анх удаа хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгдөг, хохирлоо төлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн зэрэг нөхцөл байдлууд байгаа.

Тиймээс Ц.Цгийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн ялыг хоёр дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах гомдолдоо: “…Энэ хэрэгт хохирогч нь 61 настай, холбогдогч 19 настай өөрийнхөө ач охинд санхүүжилт хийнэ, гэж садар самууны сайтад хандаж бүтэн 7 сар яллагдагч ******* руу ярьсан байдаг. Гэтэл манай улсын хуулиар эмэгтэй хүнийг мөнгөөр худалдаж тохиролцохыг зөвшөөрсөн хууль байхгүй. Дээрх байдлыг илт хохирогчийн буруутай үйлдэл байсаар байхад шүүх огт дүгнэлт өгөөгүй нь Г.Жы эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг эдлүүлээгүй, эрх ашгийг нь зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй эрх зүйн байдлыг дордуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Жы хувийн байдлыг огт тогтоогоогүй, энэ нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг эдлүүлээгүй, эрх ашгийг нь зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй эрх зүйн байдлыг дордуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн *******гийн зургийг дотуур хувцаснаас өөр хувцасгүй авсан байдаг нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй мөрдөх ажиллагаа хүний эрхэнд халдсан байдаг нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн. Г.Ж нь мөрдөн байцаах шатнаас эхлэн гэм буруугаа ойлгож, хэргийг үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Энэ байдалд шүүх огт дүгнэлт өгөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй нь Г.Жы хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг эдлүүлээгүй, эрх ашгийг нь зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийг хэрэглэж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. …” гэв.

 

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргийн материалтай танилцаад шүүгдэгч нар эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна гэж үзэж байна. Гэвч ******* нь биеэ үнэлэх зорилгоор хохирогчийн гэрт нь очиж биеэ үнэлсэн. Харин дээрх нөхцөл байдал дээр шүүгдэгч нар нь урьдчилан тохиролцож *******г гарсны дараа *******,******* нар нь хохирогчийн гэрт орж “******* нь насанд хүрээгүй учир цагдаа дуудна” гэх мэтээр заналхийлж эд хөрөнгийг нь авахаар тохирсон болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр орсон байна. Гэтэл хохирогчтой уулзсаны дараа ******* нь *******,******* нартай тохиролцсоноос зөрж хохирогчийн гар утсыг булаан авч зугтсан байна. Хавтаст хэргээс харахад хохирогчийг сүрдүүлэх зорилготой байсан нь тогтоогддог боловч хохирогчийн гэрлүү орохоос өмнө хүч хэрэглэхээр тохиролцсон үйл баримт огт дурдагддаггүй байна. Улмаар гүйцэтгэгч болох ******* нь бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж харахаар байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг эхнээсээ төгсөх хүртэл санаа зорилгыг нарийвчлан шалгаагүй, шүүгдэгч нарын мэдүүлэг нь зөрүүтэй байна. Ямар ч тохиолдолд үйлдлийн арга нь сүрдүүлэх буюу хүч хэрэглэхгүйгээр заналхийлэх шинжтэй байсан боловч хохирогчийн гэрт орсны дараа ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн байна.

Харин *******ы зөрж гүйцэтгэсэн хэрэгт Т.Х нь хамтран оролцогч биш байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн анхан шатны шүүх нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн. ...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн. ...”, 1.4 дүгээрт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн /биеэ үнэлэгч авах/ зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би сандарсан байсан. Ийм хэрэг хийнэ гэж мэдээгүй. Би Г.Жыг гар утас авч гар гэж хэлээгүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед гар утсыг би авч явсан. Т.Х энэ хэрэгт ямар ч хамаагүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж байгаа ч уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хэлсэн. Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгчөөс зөрж гүйцэтгэсэн, анхнаасаа дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилгогүй орсон гэж ярьж байна. Хэрэгт шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Ц.Цгийн зүгээс “ийм хүн байна, санхүү авъя гэж байна, би ороод уулзаадахъя, та хоёр араас орж ирээд гар утсыг нь аваад яваарай”  гэж анхнаасаа харилцан тохиролцсон. ...” гэдэг. Үүнээс үзэхэд дээрэмдэх гэмт хэргийн сэдэлттэйгээр хохирогчийн гэрт орсон сэдэл, санаа зорилго тогтоогдсон гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Ц.Ц, Т.Х, Г.Ж нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20-1 тоотод гэртээ байсан иргэн ******* “Рэдми Нөтэ 11 про” загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, түлхэж унагаан, хүч хэрэглэж, хууль бусаар булаан авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч ******* “...2023 оны 5 дугаар сарын 01-ний шөнө гэртээ байсан чинь “Гэгээ Энхжин” гэсэн цахим хаягаас “над руу уулзах уу, хоногийн 150.000 гэж байна. Хаягаар очвол таксины мөнгө шилжүүлнэ” гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй гаднаас намхан бор, махлагдуу бүлтгэр нүдтэй охин манайд орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас хоёр залуу орж ирээд нөгөө охин руу харснаа “чамайг хайгаад байна, хүлээж байя” гээд гараад явсан чинь нөгөө охин араас нь гараад явсан. “Наад охин чинь 18 настай” гэхэд нь “би мэдэхгүй, наад охин чинь надад насаа 20 настай гэж хэлсэн. Би цагдаа дуудлаа” гэхэд миний утсыг булааж аваад, намайг түлхэж унагаад зугтсан. ...” /хх 15-16/,

Ц.Цгийн гэрчээр “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 40-45 орчим насны ахтай чаталж байгаад уулзаж байсан. ...******* найз маань хөдөө гэр рүүгээ явах гээд зардалгүй гэж байсан. Над руу залгаад “уулзах уу гээд ярьсан ах нь гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэхээр нь “та 20.000 төгрөг явуулчих, би яваад очий” гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд бид 3 очсон. ...******* над руу залгаад “би нөгөө ахын утсыг авчихлаа, таксины мөнгө байна уу” гэж байсан. Би мөнгө шилжүүлээд 00:00 цагийн үед уулзаад 25 дугаар эмийн санд ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан. ...” /хх 23-24/,

Г.Жы яллагдагчаар: “...Тухайн хэрэгт******* тэр хүнийг дээрэмдэхийг мэдэж байсан. Гэр рүү нь хамт орсон. 2023 оны 5 дугаар сарын эхээр *******гийн гэрт******* бид хоёр хамт байсан. ******* “нэг хөгшин ах санхүү авна гэнээ, би очоод гэрт нь ороод сууж байя та хоёр араас орж ирээд утсыг нь аваарай” гэж зааж өгөөд нэг гэр рүү ******* түрүүлж орсон. Араас нь******* бид хоёр ороод “манай дүү танайд юу хийж байгаа юм” гэж хэлээд *******г “гэрээс гар” гэж хэлээд гэрт байсан 1 настай хүн гар утсаараа ярьж эхлэх үөд нь гар утсыг нь авч зугтсан Тэгээд ******* тухайн гар утсыг ломбардад тавиад ******* бид хоёр Баянхонгор аймаг явсан. ...” /хх 89-90, 93-94/,

Т.Хгийн яллагдагчаар: “...******* “нэг өвөө байна, гэртээ ганцаараа амьдардаг юм байна. Би ороод мөнгө аваад байж байя, та хоёр жоохон байж
байгаад ороод ир, та хоёрыг орж ирэхээр би гараад зугтана, та хоёр сүрдүүлж байгаад
гараад ирээрэй” гэж бид гурав тохиролцоод Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” худалдааны төвийн ойролцоо гудамжид очсон. ...Тэгсэн чинь найз ******* “орох уу” гээд гэрт яваад ортол ******* цай уугаад сууж байсан. Тэгээд би ******* руу хараад “чи юу хийж байгаа юм, чамайг хайгаад байна” гэж хэлсэн чинь юм дугараагүй гэрийн эзэн *******г гэрээс гарах гэж байхад нь араас нь дуудаад мөнгөө авах үед ******* гэрээс гарч зугтаагаад явсан. Гэрийн эзэн бид хоёрт хоол унд хийж өгөөд ******* “бид хоёр явлаа” гэсэн чинь “таксины мөнгө авах уу” гэж асуухад ******* “утсаа өгч байгаач дуүтэйгээ ярих гэсэн” юм гэж хэлээд тухайн гар утсыг аваад зугтаасан. ...” /хх 100-101, 104-105/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн дүгнэль /хх 29-31/, барьцаат зээлийн гэрээ /хх 35/, хохирогч ******* Хаан банкны дансад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх 40-41, 42/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 43-44, 45-49, 50-51, 52-56, 57-58, 59-63/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 69/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 117-119, 120-123/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн зохих хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ц, Т.Х, Г.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин прокуророос шүүгдэгч Ц.Ц, Т.Х, Г.Ж нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг ялгаж дүгнээгүйгээс анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо яллах дүгнэлтийг хуулж бичиж хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “дээрэмдэх гэмт хэргийг илээр, хууль бусаар хүч хэрэглэж үйлдсэн” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж зөвгөн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдолдоо “...Т.Х нь хамтран оролцогч биш байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахын тулд өмчлөгч этгээдэд хүч хэрэглэж, довтолж, хууль бусаар авсан үйлдлийг ойлгох ба хавтаст хэрэгт тухайн гэмт хэргийг үйлдэхээр төлөвлөсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоодсон тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Ц, Т.Х, Г.Ж нар ямар гэм буруутай, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

            Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч З.Ариунжаргал нар “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. ...” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах; ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч З.Ариунжаргал нарын “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

            2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.  

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Жы өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Ж, Т.Х нарын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                                              ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

                                              ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ