Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 214/МА2021/00017

 

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Л.*******, Д.******* нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.*******, Д.******* нарт холбогдох,

 

Хохирол 16.180.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.*******, Д.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Н.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Ж.*******т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.*******т би дараах гэм хорын нэхэмжлэлийг гаргаж байна. Анх Булган аймаг Хутаг-Өндөр сум Хантай баг, Цагаанхөтөл гэх газар оршин суудаг Л.*******, түүний эхнэр Д.******* нар нь манай “Хантай-Баян” ХХК-д манаачаар ажилд орж ажиллаж байгаад 2007 онд таны малыг бид маллаж өгье гэж амаар ярилцаж, малыг минь малласан бөгөөд малын тэжээл, хужир, давс хадлангийн үеэр шатахуун тос зэргийг өгч байсан. 2007 оноос хойш 2019 он хүртэлх хугацаанд ганц удаа ч шүдлэнгээс дээш насны үхэр идшэнд хэрэглэх буюу зарж борлуулж байгаагүй. 2019 оны 12 сарын 10-ны өдөр идэш хийх гэж очихдоо малын тоо тооцоогоо хийх гэхэд 2-лаа уурлаж өглөө үүрийн харанхуйгаар идэр есийн хүйтэнд малаа аваад яв гэж хашаанаасаа үхэрнүүдийг гаргаж хөөсөн. Малыг минь тоо ёсоор нь хүлээлгэж өг гэж шаардахад тоогоогүй. Тооцоогоор бол мал их дутсан байсан. Малаа зүсээр нь хүлээлгэж өг гэхэд өгөөгүй.  ******* нь 2015 оны зун Орхон аймагт манай гэрт ирээд малаа нэг бүрчлэн зүс зүсээр нь, нас насаар нь хэлж хамт сууж бичиж байсан. Л.*******гийн ялгаж хөөсөн 32 тооны үхрээс 11 тооны үхрийг өвлийн хүйтнээр явган тууж бригад дээр авч ирж гаргаж, 9 тугалтай үнээ, 3 бяруугаа Хантай багийн шивэрт гэх газар оршин суудаг малчин ******* гэх айлд гуйж хүргэж өгсөн. Би малаа өсгөн үржүүлэх гэж л халуун намраар энэ айлд үхэр малынхаа өвс хадлан тэжээлийн шатахууныг бэлдэн өгч өвлийг өнтэй давах гэж л зорьсон. Гэтэл өвлийн их хүйтэнд өвөлжөө бууцнаас, халуун хэвтрээс нь үхэр малыг минь хөөж гаргасанд маш их гомдсон. Малчин хүн малынхаа тоо толгойдоо тааруулж өвс хадлангаа бэлддэг. Би айлд олон тооны малаа өвөлжүүлэх боломжгүй болж тугалтай үнээ, 3 бяруугаа үлдээж, бусдыг нь нутгийн хүмүүсийг гуйж 11 тооны үхрээ нядлуулсан. Би Д.*******д дараах малын тооцоо дутуу байгааг хэлсэн. Үүнд: 2015 оны байдлаар тугалтай үнээ 14, бяруу 8, сувай үнээ 1, бух 1 нийт 46 тооны үхэр байснаас 17 тооны үхэр хэрэглэж 29 тооны үхэр үлдсэн. 2016 онд тугалтай үнээ 11, бяруу 10, шүдлэн 4, хязаалан 4 нийт 40 тооны үхэр байснаас 7 тооны үхэр хэрэглэж 33 тооны үхэр үлдсэн. 2017 онд тугалтай үнээ 12, бяруу 11, шүдлэн 8, хязаалан 1, соёолон 1 гээд нийт 45 тооны үхрээс 6 тооны үхрийг хэрэглэсэн. 39 тооны мал үлдсэн. 2018 онд тугалтай үнээ 13, бяруу 12, шүдлэн 10, хязаалан 2, нас гүйцсэн эр үхэр 2 гээд нийт 52 тооны үхрээс 6 тооны үхрийг хэрэглэсэн. 46 тооны мал үлдсэн. 2019 онд тугалтай үнээ 14, бяруу 13, шүдлэн 10, хязаалан 6, нас гүйцсэн эр үхэр 4 гээд нийт 61 тооны үхрээс 35 тооны үхрээ *******гийнхээс тууж явсан. Энэ 35 тооны үхрээс 3 үхэр нь манай анхынх байсан. Би өөрийн 32 тооны үхрээ тууж авсан. Ингээд би Булган аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд намайг хохирогчоор тогтоож, гэрч Д.******* биднийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан ба хэргийг шалгагдах явцад Д.******* нь шүүх цагдаа гэж явмааргүй байна гэж гуйн, дутаасан малын хувьд 3 тугалтай үнээ, 6 хязаалан гээд 12 тооны бод, 5 хонь, 5 ямаа гээд нийт 10 тооны бог малнуудыг 2 хоногийн дотор багтаан өгөөд бүх тооцоогоо дуусгая гэхээр нь би зөвшөөрч 5 дахь өдөр би очиж авч амжихгүй гээд дахин гомдол гаргахгүйгээр тохиролцсон. Ингээд тооцоо нийлснээс хойш Д.******* нь хагас сайн өдөр манайх мал гаргахгүй тул бүтэн сайн өдөр ирж аваарай гэсний дагуу миний нөхөр Л.Мөнхбаатар, Д.*******ы хэлсэн ёсоор малаа авах гээд очиход нөхөр Л.******* нь уурлаад өгөхгүй гэж буцаасан байсан. Хэрэг шалгах явцад Л.******* нь би малын тоо толгойг мэдэхгүй эхнэр Д.******* л тооцоо нийлдэг байсан гэж мэдүүлдэг.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: тугалтай үнээ 3*1,500,000=4,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 6*1,800,000=10,800,000 төгрөг, хургатай хонь 2*200,000=400,000 төгрөг, төлөг 1*100,000=100,000 төгрөг, ишигтэй ямаа 2*150,000=300,000 төгрөг, борлон 1*80,000=80,000 төгрөг, нийт 16,180,000 төгрөгийг Л.*******, Д.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.*******т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2007 оноос хойш хариуцагч нараар малаа маллуулсан. 2008 онд 16 тооны үхэртэй байсан. 2009 онд Л.*******гийн ах Л.Эрдэнэбатад трактор зараад оронд үнээ, тугал нийлсэн 25 үхэр, 13 хургатай хонь, 10 ишигтэй ямаа авсан. 2015 он болтол манайх малаа зараагүй. Жилдээ 1 үхэр идшэнд хэрэглэдэг байсан. 2008 онд Хаш-Эрдэнэ гэдэг хүнд 1 тугалтай үнээ зарсан. 2012 онд Л.*******гийнд шүдлэн үхэр идшэнд нь өгч байсан. Мөн 2012 онд хужир зараад 30 тооны хонь, ямаа худалдаж авсан. 2015 онд 46 тооны үхэр байсан. Хариуцагч зүсээр нь хэлж өгөөд бичсэн тоо байна. 14 тооны тугалтай үнээ байсан ба 4 тугалтай үнээг нь зарсан. Намар 4 бяруу, 2 шүдлэн, 2 сувиа үнээ идшэнд хэрэглэсэн. Л.*******гийн хүүгийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг өгсөн. Өмнө нь 2 жил охинынх нь сургалтын төлбөрийг төлж байсан. Тэгээд 29 тооны үхэр үлдсэн. 2015 он, 2016 онд 7 тооны үхэр идшэнд хэрэглэх болон зарж борлуулсан. 2017 онд 6 үхэр, 2018 онд 5 үхэр зарсан. Тэгээд 2019 онд идэшээ хийх гээд Л.*******гийнд очсон. Гэтэл мал дутаад байна гэж хэлсэн. Би хамт сууж байгаад тооцоо нийлье гэсэн боловч тооцоо хийгээгүй. Өглөө нь харанхуйд малын хашаан дээрээ очоод малаа аваад яв, үхэр дутлаа гэж хэллээ гэж маргаан үүссэн. Тэгээд 32 тооны үхэр гаргаж өгсөн. Уг үхрүүд дандаа гунжин үхрүүд байсан. Тэгээд  энэ айлаас 41 тооны үхэр авахаас 32 тооны үхэр авсан. 2018 онд Д.*******ы тооцоогоор 12 үнээ тугалсан. Харин миний тооцоогоор 13 үхэр тугалах байсан. Би тэр үед цагдаад мэдэгдээд яах вэ гэж бодоод 9 тооны үхэр өгчих гэсэн. Тэгээд манай нөхрийг очиход Л.******* уурлаад хөөгөөд явуулсан байсан. Тиймээс би шүүхэд хандсан. Хариуцагч нар өвлийн хүйтэнд малыг маань өгсөн. Урьдчилж энэ талаар хэлээгүй. Тухайн үед тугалтай үнээгээ айлд гуйж тавиад бусад үхрээ бүгдийг нь нядалсан. Д.*******ы тооцоогоор 3 тугалтай үнээ, 6 хязаалан үхэр өгөхөөр тооцоо гарсан. Хязаалан үхэр байхгүй гэсэн тул би оронд нь 6 бяруу, 3 тугалтай үнээ авъя гэж тохирсон байсан.  Одоо нэхэмжлэлийн дагуу тугалтай үнээг 1,500,000 төгрөгөөр, хязаалан үхрийг 1,800,000 төгрөгөөр, хургатай хонио 200,000 төгрөгөөр, төлгийг 100,000 төгрөгөөр ишигтэй ямаар 150,000 төгрөгөөр, борлонг 80,0000 төгрөгөөр үнэлсэн ба нийт 16,180,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Л.*******, Д.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*******тын нэхэмжлэлтэй Л.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.

Ж.*******т нь шүүхэд гэм хорын хохирол 16,180,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.*******т 2007 онд өөрийн малыг маллуулах хүн гуйж байгаад бидэнтэй танилцаж улмаар 1 тугалтай үнээ, 2 бярууг Булган аймгийн Тэшиг сумаас тууж ирсэн. Түүнээс хойш 1 үнээг хүнээс нэмж авч маллуулсан. 2009 онд Ж.*******т нь өөрийн малнаас хадам ах Хаш-Эрдэнэ гэдэг хүнд 2 тугалтай үнээг өгч байсан. Энэ мэтээр жил бүр өөрийн малнаас идэш уушиндаа хэрэглэж, ойр зуур хэрэглэж байсан бөгөөд цаг тухайдаа малаа тоолж, тохироод явдаг байсан. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад малчны цалин хөлс гэх зэрэг зүйл огт өгч байгаагүй. 2018 оноос өмнө бол харилцан тохиролцоод явж болдог байсан. 2018 оноос эхлэн хариуцагч ******* нь биеийн байдал муу болсноор 2019 онд Ж.*******т идэшээ идэхээр манайд ирэхэд нь малаа буцааж авах талаар яриа гаргаж байсан. Ингээд 2019 оны 12 сарын 04-ний өдөр өөрийн гэх бүх малаа авч явсан. Түүнд 35 тооны үхрийг хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.*******т нь нэхэмжлэлдээ 3 тугалтай үнээ 4,500,000 төгрөг, 6 хязаалан насны үхэр 10,800,000 төгрөг, 2 хургатай хонь 400,000 төгрөг, 1 төлөг 100,000 төгрөг, 2 ишигтэй ямаа 300,000 төгрөг, борлон 80,000 төгрөг нийт 16,180,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Ж.*******т ийм хэмжээний мал  нэхэх ямар ч зүйл байхгүй, бид 2 түүний нэр зааж зүсэлсэн 35 үхрийг тоо ёсоор нь буцааж өгсөн. Харин ч тэрээр бидэнд  ямар нэгэн цалин мөнгө өгч байгаагүй атал бид малыг нь өөрийн малтайгаа ямар ч ялгаагүйгээр өсгөж олон болгож буцааж өгсөн байхад малыг манайхаас нэхэж шүүх, цагдаа болж байгаад гомдолтой байна. Манай мал 2018 онд нийт 529 байгаагаас адуу 40, хонь 84, Ямаа 344, үхэр 61 байсан. Үүнээс Ж.*******тын 35 үхэрийг өөрийн нэр дээр хамт тоолуулж байсан. Харин 2019.12.04-ний өдөр Ж.*******ын 35 үхэрийг хүлээлгэн өгч 2019 оны тооллогоор манайх нийт 561 мал үүнээс Адуу 35, Үхэр 36, Хонь 85, ямаа 405 мал тоолуулсан. Одоогийн байдлаар Ж.*******тад ямар нэгэн төлөх төлбөргүй, малын өргүй байхад манайхаас 16,180,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Ж.*******тын малыг маллаж өсгөж үржүүлэн сайхан маллаж байсны хариуд ямар ч үндэслэлгүй малыг манайхаас нэхэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж удаа дараа чирэгдэл учруулан, мөн шүүхэд өргөдөл өгч хүн чанаргүй загнаж байгаад гомдолтой байна. Тэрээр 1 жилд л гэхэд 4-7 тооны үхэр идэш хийж байсан ба мөн биднээс ямаа, хонь авч идэж байсан удаа олон бий. Ж.*******т нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж бид хоёрыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэх үндэслэлээр шалгуулсан боловч Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж хууль зөрчөөгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Ж.*******тын гомдолтой Л.*******, Д.******* нарт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан хэргийг 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 4/46 дугаар Прокурорын тогтоолоор хааж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ямар ч гэм буруугүй байхад гэм хорын хохиролд 16,180,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгөд... гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь тухайн этгээдэд гэм хор учруулсан байхыг шаардах, мөн гэм хор учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байхыг ойлгоно.

Иймд дээрх үндэслэлээр Ж.*******тад төлөх төлбөргүй, гэм хор учруулаагүй байгаа тул хариуцагчаас нэхэмжилсэн гэм хорын хохиролд төлөх 16,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед идшээ идэх гээд ирсэн байсан. Тэгээд манай хүний зүрх өвдөөд байгаа тул малаа ав гэж хэлсэн. Гэтэл өвлийн хүйтэнд малаа ав гэлээ гээд дургүйцсэн. Ярилцах гэтэл сумын төв рүү цагдаад мэдэгдэхээр явсан. Ирээд сувиа үхрээ ялгаад бригад руугаа туугаад явсан. Эднийх идшээ бригад дээрээ очиж иддэг байсан. Нөхрийг нь хавар ирэхэд хөөж туусан зүйл байхгүй. Надад энэ хүнд төлөх төлбөр байхгүй. Малыг чинь өдий болтол өсгөөд өглөө гэж хэлсэн. Түүнээс нөхрийг нь хэл амаар доромжлоогүй. Энэ хүн худлаа хэлж байна. Манай нутгийн ард түмнээс асуугаарай. Би худлаа ярьж, хулгай хийдэггүй. Бид нар олон жил найз нөхөд явсан гэв.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.*******т нь 2007 онд 1 тугалтай үнээ, 2 бяруу авч ирсэн нь үнэн. 2011 онд манай хадам ахаас 3 тугалтай үнээ, 1 шар авч ирсэн. Тухайн үед хонь, ямаа авч ирсэн боловч тийм олон байгаагүй. Төлгүй хонь, ямаа ирсэн. Бид хоёрыг байцаалт өгч байхад Төгөлдөр гэдэг цагдаа хадам ах руу залгаж төлтэй байсан эсэхийг асуусан. Тэгэхэд цөөн тооны төлгүй мал өгсөн гэж хэлсэн. 2008 онд Хаш-Эрдэнэ гэдэг хүнд 2 тугалтай үнээ зарсан. 1 үнээ мах комбинатад зарсан. 2009 оны хавар 1 цагаан үхэр ядарч үхсэн. 2010 онд цагаан үнээний гунж хорхойд хатгуулж үхсэн. 2011 онд 1 шар үхэр зарсан. 2012 онд халиун үнээ ядарч үхсэн. 2013 онд 1 тугалтай үнээг энэ хүний дүү Төгсөөд өгсөн. 2015 онд Хишигбат гэдэг хүнд бяруу зарсан. 2015 онд манайд 4 тугалтай үнээ зарж оронд нь 4,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Мөн Баатарван амралт сувлилын газарт 2 шүдлэн үхэр зарсан. 2015 онд 2 тугал ядарч үхсэн. 2013 онд 1 үнээ тээрч үхсэн. 1 шүдлэн үхэр манайд идшэнд өгсөн. Манай том хүүд 1 охин бяруу өгсөн. 2016 онд 7 тооны шүдлэн үхэр зарсан. 2016 онд 5 үхэр, 2018 онд 6 үхэр өгсөн. 12 жил малыг нь маллахад жилдээ 4-7 тооны мал идшэнд хэрэглэдэг байсан. Нэхэмжлэгчийн мэдүүлэгт жилдээ 1-2 үхэр иддэг байсан гэж зөрүү гарсан тул нүүрэлдүүлэн байцаалт авсан. Тэр үед бид хоёрыг хоорондоо тохиролц гэсэн. Бид хоёр шөнөжин тооцоо хийгээд өглөөний 5 цаг хүртэл байцаагдсан. Би тэр үед дутсан үхрийг төлөх ёстой гэж ойлгоод гарын үсгээ зурсан. Дутсан үхрийг бүтэн сайны өдөр өгөхөөр болсон. Тэгээд цагдаагийн газраас гараад энэ талаар нөхөртөө хэлсэн чинь төлөхгүй гээд намайг загнасан. Ингээд дахин маргаан үүсээд нэхэмжлэгч өргөдөл гаргасан байсан гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зохигчдыг эвлэрүүлэх саналтай байна гэв.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00456 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан хариуцагч Л.*******, Д.******* нараас тугалтай үнээ 3 буюу /1,500,000х3/ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, хязаалан үхэр 6 буюу /1,800,000х6/ 10,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөг, хургатай хонь 2 буюу /200,000х2/ 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, төлөг 1 буюу 100,000 /нэг зуун мянган/ төгрөг, ишигтэй ямаа 2 буюу /150,000 х2/ 300,000 /гурван зуун мянган/ төгрөг, борлон 1 буюу 80,000 /наян мянган/ төгрөг, бүгд 16,180,000 /арван зургаан сая нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******тад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,850 /хоёр зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 238,850 /хоёр зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.*******, Д.******* нар давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч дутагдуулсан малын төлбөр буюу хохирол 16.180.000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар тодорхойлсон... дээрх 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан хуульд заасан нөхцөл бүрдвэл Ж.*******т нь гэм хорын хохирол шаардах эрхтэй”, “...гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл эс үйлдэхүй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байх, үйлдэл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, гэм буруутай байх урьдчилсан нөхцөл бүрдсэнээр Л.*******, Д.******* нарт гэмт хор арилгах үүрэг үүснэ. Тодруулбал Л.*******, Д.******* нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, завшсан, үрэгдүүлсэн гэх үйлдэл тогтоогдож, дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан, гэм буруутай болох нь тогтоогдсоноор гэм хорыг арилгах үүрэг үүсэхийг ойлгоно”, “Зохигчийн гаргасан тайлбараас үзвэл Ж.Эрдэнэцацралт нь анх 2007 онд Л.*******, Д.******* нарт 1 тугалтай үнээ, 2 бяруу хүлээлгэн өгч 2008 оноос эхлэн нэмж мал худалдан авч малтайгаа нийлүүлэн маллуулахаар тавьж, 2019.12.04-ний өдөр 35 толгой малыг Ж.*******тад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдлоо....дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Л.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч Ж.*******тын малыг маллаж хадгалахаар хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, малын тооллогын А дансны баримт зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна”, “...хадгалагч нь шилжүүлэн авсан хөрөнгийг захиран зарцуулахгүйгээр түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах үйл ажиллагааг явуулж, хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардахад буцаан өгөх үүрэг хүлээдэг”, “...харин хариуцагч нар нь 9 тооны үхэр, хонь, ямаа нийлсэн 10 тооны бог малыг Ж.*******тад өгөөгүй болох нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан Прокурорын тогтоолтой 211500035 дугаартай хэргийн материалаас иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд Д.*******ы ...2015 онд Ж.*******тын 26 тооны үхэр, 2016 онд 28 тооны үхэр, 2019 онд 41 тооны үхэр байсан бөгөөд 2019 оны өвөл Ж.*******тыг 32 тооны үхрийг өгсөн. Одоо 9 тооны үхэр дутуу, нарийн мал хонь, ямаа нийлсэн 10 тооны малыг өгнө гэх мэдүүлэг, Д.*******ы гэж тайлбарласан малын тооцоо нийлсэн гар бичвэр зэргээр тогтоогдож байна /хх-ийн 8-10, 62 тал/...” гэж дүгнэсэн.

Шүүх шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлсэн, нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ/2021/00456 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үүнд: Шүүх шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Нэхэмжлэгч дутагдуулсан малын төлбөр буюу хохйрол 16.180.000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар тодорхойлсон... дээрх 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан хуульд заасан нөхцөл бүрдвэл Ж.*******т нь гэм хорын хохирол шаардах эрхтэй” байна гэж тодорхойлсон атлаа “ ...Ж.Эрдэнцацралт нь анх 2007 онд Л.*******, Д.Жаргапсайхан нарт 1 тугалтай үнээ, 2 бяруу хүлээлгэн өгч 2008 оноос эхлэн нэмж мал худалдан авч малтайгаа нийлүүлэн маллуулахаар тавьж, 2019.12.04-ний өдөр 35 толгой малыг Ж.*******тад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдлоо....дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Л.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч Ж.*******тын малыг маллаж хадгалахаар хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, малын тооллогын А дансны баримт зэргээр тогтоогдож байхтул талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох үндэслэлээ өөрөө тодорхойлдог. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлсэн ба түүнийхээ үндэслэлийг Иргэний хуулийн 497.1, 510.1 дүгээр зүйлээс тус тус тайлбарлан маргадаг. Гэтэл шүүх хэргийг Иргэний хуулийн 422.1 дүгээр зүйлд тусгасан хадгалалтын гэрээ гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч хадгалуулсан малыг нэхэмжлээгүй байдаг.

Мөн анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх бөгөөд ийнхүү нотлох баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхыг шаардана.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь өөрийн хүлээлгэж өгсөн малын тоо, зүсийг огт мэддэггүй бөгөөд шүүхэд хэзээ бичиж тэмдэглэсэн нь тодорхойгүй баримт бичгийг нотлох баримтаар гаргаж өгдөг. Энэхүү нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгчийн зүгээс “чи энэ гар бичмэл гэж нотлох баримтаар өгсөн дэвтрийг хэзээ, хаана бичсэн бэ, энэ дэвтэрт тэмдэглэсэн зүйлээ хариуцагч *******, ******* нартай тулгалт хийсэн үү” гэх асуултад нэхэмжлэгч “Би өөрөө сүүлд буюу 10 сард өөрөө бичсэн. Миний бие тухайн үед малын зүсээ мэдэхгүй, тоогоо мэдэхгүй байдаг. Тиймээс өөрөө бичсэн” /шүүх хуралдааны тэмдэглэлд / гэж тайлбарладаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй малын тооны тоо, малын нас хүйс, өнгө зүсийг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэж байх явцад талуудын нүүрэлдүүлэн байцаасан байцаалтыг нотолгооны баримт болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийг явцад тухайн нүүрэлдүүлэн байцаасан өдөр өглөөний 5 цагийг хүртэл бүтэн шөнөжин байцаалт явуулсан, аргагүй ирхэнд ядарсандаа болоод нэхэмжлэгчийн хэлсэн зүйлийг зөвшөөрье гэж хэлээд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж шүүх хуралдаанд хэлсэн.

Мөн хариуцагч ******* нь “...манай эхнэрийг бүтэн шөнөжин, нойргүй, хоолгүй байцаасан, өглөө үүрээр би эхнэрийгээ гаргаж авсан. Тэгээд гарч ирэхдээ би мал төлнө гээд хэлчихлээ, тэгэхгүй бол гарын үсэг зур гээд байна гээд хэлж байсан...” гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн *******, *******т 2 нүүрэлдүүлэн байцаалт өгсөн байдаг ба ******* уг ажиллагаанд оролцоогүй байдаг. Гэтэл уг баримтыг шүүх хэргийг гол нотлох баримт болгож хэрэг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Шүүх тухайн хэрэг маргаанд цугларсан баримтаар хэргийг шийдвэрлэх бөгөөд уг нотлох баримт нь хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн байж нотлох баримтын шаардлага хангах ёстой.

Түүнчлэн хариуцагчаар *******, ******* нарыг хоёуланг нь оролцуулсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөвхөн *******ы мэдүүлгийг үнэлж нөхөр *******гийн мэдүүлгийг огт авч хэлэлцээгүйгээс гадна үг хэлэхийг нь хориглох, загнаж зандарсан шинж чанартай уур амьсгалыг бий болгож байгаа явдал нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Хариуцагч ******* эрүүгийн хэрэг дээр нүүрэлдэн байцаагдсан, ингэхдээ нэхэмжлэгчийн шаардаж байгаа малыг өгөхийг зөвшөөрсөн байна гэх байдлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь ямар насны, ямар тооны, ямар зүсмийн малыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой байх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хэдэн мал байгаагаа болон ямар зүсмийн мал байгааг ч мэддэггүй, мал учир өсөх ёстой үхэж үрэгдсэн эсэх нь хамаагүй, ямар зүсмийн байх нь чухал биш гэсэн байдлаар өөрөө зохиомлоор мальн тоо гаргаж нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч хэрвээ мал хадгалуулсан гэж үзвэл ямар тооны, ямар зүсмийн малыг хэдий хугацаанд хадгалах талаар тодорхой харилцан тохирсон байхыг шаардана. Хадгалуулсан малыг дутаасан, үрэгдүүлсэн зүйл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байдаг. Анх нэхэмжлэгч ******* нь 1 тугалтай үнээ, 2 бяруу хүлээлгэн өгсөн /өөрөөр хэлбэл хадгалуулсан/ байдаг. Ингээд тухайн мал өсөж үржсэн гэдэг нь зохигчдын тайлбараар илэрхийлэгддэг бөгөөд 2007 оноос 2019 оныг хүртэл нийт 57 тооны малыг өөрөө идэш уушиндаа хэрэглэж, зарж үрж хэрэглэсэн. Ингээд үлдэгдэл 35 тооны мальг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл шүүх анх хадгалуулсан 1 үнээ, 2 бяруу нь хэдэн мал болсон, яг 35 тооны мал үлдэх үндэслэлтэй эсэх, дутаасан гэх 9 тооны мал нь ямар зүсмийн ямар мал болох зэргийг тогтоогоогүй шийдвэрлэсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 9 тооны мал нэхэмжилж байгаа боловч шүүх хуралд болон нэхэмжлэлд зөрүүтэй тайлбар өгдөг. Малын А дансанд 35 тооны мал хасагдсан байгаа боловч нэхэмжлэгч нь 32 болон 33 тооны мал гэж зөрүүтэй мэдүүлсээр байхад шүүх 9 тооны мал дутуу байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг  хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.*******т нь хариуцагч Л.*******, Д.******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 16.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч Ж.*******тын малыг 2007 оноос эхлэн хариуцан маллаж байсан нь үнэн 2019 онд 32 тооны үхэр  хүлээлгэн өгсөн одоо бидний хооронд ямар нэгэн малын тооцоо байхгүй нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.*******т нь 2007 оноос 2019 он хүртэлх хугацаанд хариуцагч Л.*******, Д.******* нартай тохиролцож малаа маллуулж хариуцагч Л.******* нь тухайн малыг өөрийн нэр дээр тоолуулж байсан нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хариуцагч нар нэхмжлэгч Ж.*******тад 2019 оны өвөл 32 тооны үхэр хүлээлгэн өгч үлдэгдэл 9 тооны үхэр, хонь, ямаа нийлсэн 10 тооны мал өгнө гэсэн  гар бичмэл, тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1.-т  заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. /х.х-ийн 8-10, 62/   

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 20-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  Л.*******, Д.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч Л.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

                                                                                    

                                                        ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР