Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 570

 

Г.Н-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр магадлалтай, Г.Н-т холбогдох 1918000000128 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Н овогт Г-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Н нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн байхад анхан шатны шүүх нэвтрэлт биш гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Н гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би хохирогч М.Г-ийн ажлын өрөөндөө цэнэглээд орхисон 160,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-2” загварын гар утсыг эзэн нь байхгүй байхад нь хууль бусаар аваад гарсан нь үнэн болно. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Анх тэнд очихдоо хулгай хийх бодол санаа байгаагүй, Халиунааг хайж яваад жижүүрийн өрөөгөөр ороход хүнгүй байсан ба гар утас ил байхаар нь авсан. Одоо энэхүү үйлдэлдээ гэмшиж байна, гар утсыг нь буцааж өгсөн. Анхан шатны шүүх миний үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа хууль хэрэглээний алдаа гаргаагүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Н-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ердийн хулгайн гэмт хэргийг шинжтэй гэмт хэрэг байна гэж үзэж хэргийг цагаатгасан. Гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын байрны өрөөнд иргэн М.Г-ийн цэнэглэж байсан “Самсунг жи-2” загварын гар утсыг авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно. 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Н-ыг “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын байрны өрөөнд мэдсээр байж хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь  уг харуулын байр нь “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ажилтан, албан хаагч нар үйлдвэрийн төв байранд нэвтрэх замд дайрч өнгөрдөг нийтийн эзэмшлийн орон зай бөгөөд тухайн байранд орохыг хориглосон болохыг анхааруулсан мэдээлэл, сануулга тавигдаагүй, мөн шүүгдэгч орохдоо түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй, урьдын танил Халиунаагийн утасны дугаарыг асуух гэж орсон гэх няцаагдаж үгүйсгэгдээгүй шүүгдэгчийн тайлбар зэргээс үзэхэд уг нэвтрэлт хууль бус байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хангалтгүй байна. Харин Г.Н- нь тухайн өрөөнд цэнэглэж байсан М.Г-ийн өмчлөлийн “Самсунг Жи-2” загварын гар утсыг хулгайлсан үйлдэл нь нотлогдсон боловч хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа уг байранд орсны дараа үүссэн гэж үзэхээр байна.

Г.Н-ын бусдын “Самсунг Жи-2” загварын гар утсыг хулгайлж 160,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуульд заасан “бага хэмжээ”-ний хохиролд хүрээгүй тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

“Самсунг Жи-2” загварын гар утас хулгайлагдсан тухай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн атлаа хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдолгүй  байх тул уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Энэ өөрчлөлтийг цагаатгах тогтоолд оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН