Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0103

 

2018 оны 02 сарын 07 өдөр     Дугаар 221/МА2018/0103             Улаанбаатар хот


З.Л, Б.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч З.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, З.Л, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.1, 7.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дүгээр “Номын үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Ц.Д, Т.Б бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан эрхийн дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын зарим заалт болох Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тавьсан 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-нд хуралдсан хурлын шийдвэрийн 10 дугаар хуудасны доороос 1-2 дугаар мөр буюу Тогтоох нь хэсэгт бичигдсэний 6-7 дугаар мөр, 11 дүгээр хуудасны дээрээс 1-2 дугаар мөрөнд бичигдсэн Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасанчлан Захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир захиргааны актыг хүчингүй болгуулах.
Нэг: Шалгалтын удирдамж, түүний дагуу хийсэн шалгалт хууль бус болох нь:
1.1. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны жилийн төлөвлөгөөг 2017 оны 04 дүгээр сарын 10-нд Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Н баталж, хавсралт хуудсыг Ховд аймгийн Засаг дарга Д.Г баталсан нь Засгийн газрын 2015 оны 483 тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасанчлан Дотоод аудитын нэгж нь тухайн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагч батална гэж зааснаар Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч Д.Г батлах ёстойг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч Б.Н баталж зөрчсөн төдийгүй төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн хуваарийн дагуу шалгаж байна гэж 2017 оны 01 дүгээр сарын 18-нд шалгалтыг эхлүүлж 2017 оны 03 дугаар сарын 10-нд дуусгасан байтал төлөвлөгөөт шалгалтын хуваарь нь 2017 оны 04 дүгээр сарын 10-нд батлагдсан нь хууль бус байна. /Хавтаст хэрэг дугаарлагдаагүй учир Н, Г-ийн гарын үсэг зурсан хуудасны дугаар бичээгүй/.
1.2. Ховд аймгийн Засаг дарга Д.Г 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 35/02/04 тоот албан бланкгүй цаасан дээр гарын үсэг зурж баталгаажуулсан Байгаль орчин аялал жуулчлалын газар хяналт хийх шалгалтын удирдамж нь Засгийн газрын 2015 оны 483 тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2. Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасан аудитын удирдамжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч батална гэж заасны дагуу тухайн төсвийн ерөнхийлөн захирагч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Н баталгаажуулах ёстойг Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга Д.Г гарын үсэг зурж баталсан нь хууль бус байна. /Өмгөөлөгч Б 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурал дээр ярьсан нь шүүхийн шийдвэрт бичигдээгүй байна/.
1.3. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба улсын байцаагч гэсэн бланктай актын дээрээс 7-11 дүгээр мөрөнд бичсэнээр ...Ховд аймгийн Засаг даргын баталсан 35/02/04 тоот удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 01дүгээр сарын 18-с ажлын 8 хоногт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц шалгалт хийлээ... гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6 шалгалт эхлэх болон дуусах хугацаа гэж заасанчлан Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр удирдамж баталсны 2 дугаар нүүрэнд дээрээс 3 дугаар мөрөнд 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс эхэлж ажлын 8 хоногт... гэж удирдамж баталсныг зөрчиж нэг хоногийн өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-нд шалгалтыг эхлүүлсэн нь хууль бус байна. /Нэхэмжлэгч З.Л 2017 оны 11 дүгээр сарын 13-нд шүүх хурал дээр ярьсан боловч бүрэн бичиж тэмдэглээгүй байна/.
1.4. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүд хяналт хийх шалгалтын удирдамж нь 2017 оны 01 дүгээр сарын 18-нд батлагдаж мөн өдөрт шалгалт эхэлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана гэсэнчлэн 5-аас доошгүй хоногийн хугацаанд урьдчилж мэдэгдээгүй шалгалтыг эхлүүлсэн нь хууль бус байна. /З.Л шүүх хуралдаан дээр ярьсан боловч шүүхийн шийдвэрт тэмдэглэгдээгүй байна/.
1.5. З.Л би Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалт акт тавьсныг 5 дугаар сард шүүхээс нэхэмжлэл ирэхээр мэдсэн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх... гэж заасан шалгуулах этгээд болох З.Л, Б.Б бидэнд мэдэгдээгүй, дуудаж уулзаагүй акт тавьсан нь хууль бус байна. /Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд нэхэмжлэгч З.Л-с гаргасан тайлбарын хоёрдугаар хэсгийн 11 дүгээр хуудасны доороос 8-1 дугаар мөрөнд бий/.
1.6. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба улсын байцаагч гэсэн бланктай актын дээрээс 5 дугаар мөрөнд бичсэнээр 2017 оны 03 сарын 06-ны өдөр гэж бичсэн нь акт тавьсан өдөр бөгөөд Санхүүгийн дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4. Улсын (ахлах) байцаагч хяналт шалгалтын дүнгийн талаар шалгалт дууссанаас хойш ажлын 7 хоногийн дотор шалгалтын тэмдэглэл бичиж, нэгжийн даргад танилцуулна гэж заасны дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц 2017 оны 01 дүгээр сарын 18-аас ажлын 8 хоногт шалгалт хийгээд 01 дүгээр сарын 26-нд шалгалт дуусч 7 хоногийн дотор тайлбар бичих хугацааг тооцсоноор 02 дугаар сарын 02-ны дотор нэгжийн даргад танилцуулсан байх ёстой атал хууль зөрчиж 45 хоногийн дараа 2017 оны 03 дугаар сарын 06-нд “Акт” тавьж байгаа нь хууль бус байна. /Тайлбар нэхэмжлэлд бичигдсэн. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд нэхэмжлэгч З.Л-с гаргасан тайлбарын хоёрдугаар хэсгийн 5 дугаар хуудасны доороос 1-7 дугаар тайлбарт бий/.
1.7. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтыг З.Л, Б.Б бид огт мэдээгүй, актыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасныг зөрчсөн нь хууль бус. /Хурал дээр ярьсан боловч тэмдэглэлд ороогүй байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд нэхэмжлэгч З.Л-с гаргасан тайлбарын хоёрдугаар хэсгийн 8 дугаар хуудасны 9. 10 дугаар тайлбарт бий/.
1.8. З.Л, Б.Б бидэнд шалгалтын тэмдэглэл, тавьсан актыг өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй, өгөөгүй, танилцуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ... гэж заасан шалгуулагчид өгөөгүй нь хууль бус байна. /2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурал дээр Б.Б, З.Л нар давтаж ярьсан боловч бидэнд ирсэн 47 тоот Шүүхийн шийдвэрт тэмдэглэгдээгүй байна/.
1.9. Шүүх хурал дээр 35/02/28 тоот актын хамгийн доод хэсэгт актын төгсгөлд хэрэв актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэзээ, хэнд хандах талаар бичих ёстойг бичээгүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.3-т шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэж заасанчлан хэнд хандаж хэдэн хоногийн дотор Санхүүгийн хяналт аудитын албанд хандахыг бичээгүй байгааг маш тодорхой ярьсан. /З.Л 2017 оны 11 дүгээр сарын 13-нд хурал дээр тодорхой яригдсан нь хурлын шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй байна./
1.10. З.Л, Б.Б бидний гаргасан нэхэмжлэлийн сүүлийн хуудасны дээрээс 20 дугаар мөрөнд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах гэж заасан тухайн дүрмийг хэрэгжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй, гарын үсэг аваагүй нь хууль бус байгааг ярьж, тайлбарласан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц хэзээ ямар акт тавьсныг мэдэгдэж гарын үсэг авахаар хуульчилсныг зөрчиж биднийг хэлмэгдүүлж Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн байгууллагад шалгуулах, Ховд аймгийн прокурорт шалгуулж нэг ч байцаалт авалгүйгээр хавтаст хэргүүд бүрдүүлсэн нь биднийг хэлмэгдүүлсэн /З.Л 2017 оны 11 дүгээр сарын 13-ны хуралд тайлбарлаж ярьсан боловч хурлын шийдвэрт тэмдэглэгдээгүй. Тухайн хуралд гаргасан тайлбарт хоёр дугаар тайлбарын 4 дүгээр хуудсанд бий/.
1.11. Засаг дарга Д.Г-ийн гарын үсэг зурж баталгаажуулсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг шалгах удирдамжид шалгалтын дуусах хугацааг тодорхой заагаагүйгээс 2017 оны 03 дугаар сарын 06-нд акт тавьж Санхүүгийн хяналт аудитын дүнгийн хурлыг 2017 оны 03 дугаар сарын 10-нд хийсэн хурлын тэмдэглэл байгаа нь даруй шалгалт 50 гаруй хоног үргэлжилсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д шалгалт эхлэх болон дуусах хугацааг гэж хуульчилсныг зөрчсөн нь хууль бус байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 28-нд гаргасан нэхэмжлэлийн 4 дүгээр хуудасны 14-15 мөрөнд заасанчлан Захиргааны ерөнхий хуулийн бүх зүйл заалтыг зөрчиж сонсох үйл ажиллагаа явуулаагүй нь бидний эрхийг зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир 2017 оны 03 дугаар сарын 06-нд тавьсан 35/02/28 тоот захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
Хоёр: Хууль бус удирдамжаар шалгалт хийж тавьсан акт хууль бус болох нь:
2.1. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан 35/02/04 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүд хяналт хийх шалгалтын удирдамжийн 1 дүгээр хуудасны дээрээс 24-25 дугаар мөрөнд ...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг хамруулна... хэмээн маш тодорхой заасан байхад 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай актын дээрээс 8 дахь мөрнөөс 11 дүгээр мөрөнд бичсэн нь ...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 18-аас ажлын 8 хоногт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч шалгалт хийлээ... Шалгалтаар 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 160 тоот төлбөрийн хүсэлтээр... гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж хуульчилсныг зөрчиж 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгах удирдамжаар 2015 оны нэмэлтийн харилцахыг шалгасан нь хууль бус байна. /Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны хуралд нэхэмжлэгч З.Л-с тайлбарыг бичгээр гаргаж өгсөнд бий/.
2.2. Хариуцагчийн Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурал дээр мэдэгдсэнээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар одоо ажиллаж байгаа Л.Б 2 ширхэг номны канондсон хувийг манай өрөөнд ирж өгсөн нь одоо ч миний ширээн дээр байгаа. ...Үүнийг шалга 2015 оны төсвөөс ашигласан байх магадлалтай гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны нэмэлтийн харилцахыг үзэж сэтгүүл, номны үнэтэй холбогдуулж акт тавьсан гэж ярьсан нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах журмыг зөрчсөн мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчиж 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгах удирдамжаар 2015 оны нэмэлтийн харилцах шалгаж ашиглан хийгээгүй сэтгүүл, номны үнэтэй холбогдуулан төсвийг буруу зарцуулаагүй, харин нэмэлтийн харилцахаас сэтгүүл нэрээр мөнгө гарч хүндэтгэлийн хүлээн авалтад зарцуулсан баримтыг асууж шалгалгүйгээр 2,105,000 төгрөгийн “акт” тавьж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар одоо ажиллаж байгаа Л.Б-ын заавраар ажиллаж байгаа нь хууль бус. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь “батлагдсан төсөв”-ийг зориулалтын бусаар зарцуулсан болохыг илрүүлсэн бол уг төсвийг албан хэрэгцээнд зарцуулсныг тогтоож “албан шаардлага” бичих зөрчил гэж үзэж байна. 2017 оны 11 сарын 13-ны өдөр 10 цагт эхэлсэн Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201 тоот өрөөнд болсон шүүх хурал дээр уг 2,105,000.00 /Хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгийг хувийн шинж чанартай ар гэр ахуй амьдралдаа зарцуулаагүй, албан хэрэгцээнд зарцуулсан болохыг баримтаар нотолсон. Бидний нотлох баримтад үндэслэн гаргасан тайлбар мэдүүлгийг Ж.Ц гаргаж тайлбарласан мэтээр Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаартай шийдвэрт тусгасан байгаад туйлын гомдолтой байна. /2017 оны 11 дүгээр сарын 13-ны хурал дээр яригдсан нь шүүх хурлын тодорхойлох буюу үндэслэх хэсэгт бичигдээгүй байна/.
2.3. 2015 онд хэрэгжсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Ц-ийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны №ЗД-19 дугаартай гэрээний дагуу Ховд аймгийн Засаг дарга асны А/343 тоот захирамжаар үйл ажиллагаа зохион байгуулагдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлэг Захиргааны гэрээ 57 дугаар зүйл Захиргааны гэрээний гүйцэтгэл 57.1. Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасанчлан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүх дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг хамруулсан сургалтыг явуулаад манай байгууллагын мэргэжилтнүүд нягтлан бодогч Б.Б-ийн удирдлагаар санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулснаар Гэрээт ажлыг хүлээж авснаас 2 жилийн дараа бүхлээр нь буюу хэсэгчилж цуцлаагүй байхад Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвийг үргүй зарцуулсан хэмээн “гүтгэж” 35/02/28 тоот 2,105,000 төгрөгийн акт тавьж байгаа нь хууль бус. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үнэнд нийцэхгүй байгаад гомдолтой байна. /Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-нд хуралд нэхэмжлэгч З.Л-с гаргасан тайлбарын хоёрдугаарт 7 дугаар хуудсанд 2 дугаарт дээрээс 6-10 дугаар мөрөнд тайлбарласан/.
2.4. Ховд аймгийн Засаг даргын Б/343 тоот захирамжаар Байгаль хамгаалах сангаас Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нэмэлт санхүүжилтээр ирсэн мөнгийг үргүй зарцуулахаас урьдчилан сэргийлж мэргэжилтнүүдээр Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын талаарх ололт, амжилтыг бичүүлж сэтгүүл 30 гаруйг 240,000 төгрөгөөр хэвлүүлж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад цаг, үзэг, номны хамт бэлэглэсэн нь олны талархлыг хүртсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын газарт З.Л би даргаар ажиллаж байх хугацаанд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 7 удаа шалгалт ирж ямар нэгэн санхүүгийн зөрчил үүсээгүй байхад Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба 2015 оны санхүүгийн үйл ажиллагааг үзээгүйгээр “гүтгэж” нэмэлтийн харилцахаас зарцуулагдсан 2,105,000 төгрөгт акт тавьсан нь хууль бус. /2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлд бий мөн шүүх хурал эхлэхэд нотлох баримт болгож №ЗД-19 тоот гэрээ, Засаг даргын Б/343 тоот захирамжийг өгөөд тайлбарлаж ярьсан/.
2.5. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймгийн аудитын газрын шалгалт 2016 оны 01 дүгээр сарын 14-өөс 2016 оны 01 дүгээр сарын 17-ны хооронд шалгалт хийж, аудитын тайланг 2016 оны 01 дүгээр сарын 18-нд эцэслэн баталгаажуулж байгууллагын удирдлагад хүлээлгэн өгч “зөрчилгүй” гэрчилгээ олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт 13.1. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасанчлан нягтлан бодох, бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргасныг баталж байхад 2015 оны нэмэлтийн харилцахыг 2 жилийн дараа 2017 оны 1 дүгээр сард Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба шалгаад Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймгийн аудитын газрын нэг жилийн өмнөх шалгалтыг үгүйсгэж буруутгах эрх аудитын тухай хуульд алга байна. /2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлд тайлбарласан мөн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-нд хуралд нэхэмжлэгч З.Л-с гаргасан тайлбарын хоёрдугаарт 3 дугаар хуудсанд 2.1 дугаарт дээрээс 13-27 дугаар мөрөнд тайлбарласан/.
2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, төсвийн зарцуулалтын үр ашигт гүйцэтгэлийн аудитыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 29-нд аудитор Д.М, аудитын менежер А.Ц, тэргүүлэх аудитор Л.Г нар шалгаж зөрчил үүсээгүй байхад Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2 жилийн дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасныг иш болгон буруутгаж 2,105,000 төгрөгийн акт тавьж байгааг зөвшөөрөхгүй бид 2015 оны төсвийн үйл ажиллагаанд алдагдал гаргаагүйг санхүүгийн 7 удаагийн шалгалт баталдаг. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2015 оны төсвийн санхүүгийн үйл ажиллагааг огт үзээгүй, шалгаагүйгээр зөвхөн нэмэлтийн харилцахыг үзээд 2015 оны төсвийг үргүй зарцуулсан гэж буруутган “гүтгэж” 2017 оны 03 дугаар сарын 06-нд 2,105,000 акт тавьсан нь хууль бус.
2.7. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны бүрдэлгүй ажил үйлчилгээг бүртгээгүй байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно. Зүйл заалтыг зөрчсөн гэж биднийг гүтгэхдээ давхар Монгол улсын Аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газраас 2 удаа, Монгол улсын Үндэсний архивын газрын архив, бичиг хэргийн үзлэгийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны үзлэгийг үгүйсгэх эрх байхгүй учир хууль зөрчиж, 2,105,000 төгрөгийн акт тавьж намайг эрүүгийн болоод захиргааны хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй хийгээгүй байхад хэрэглэх ёсгүй хууль Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэж акт тавьж байгаа нь өөрөө гэмт хэрэг юм.
2.8. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5-д агентлагийн дарга тус агентлагийн төсвийн захирагч байна гэж заасанчлан ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд хууль зөрчиж ажиллах эрх бидэнд байхгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасанчлан ажиллаж ирсэн байтал гүтгэсэн нь хууль бус. Нягтлан бодогч Б.Б-ийн удирдлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд 300 хүний хүлээн авалтад 3 удаагийн хоол, 2 удаагийн цай, нэг удаагийн хүндэтгэлийн хүлээн авалт зоог барилтыг зохион байгуулсан байхад 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орлого зарлагын падааны бичлэгийг харж нэг төгрөг, нэг мөнгөний ашиглан хийх байтугай мөнгөний барааг нь ч хараагүй байхад 2,105,000 төгрөгний акт бичиж хилс хэргээр “гүтгэх нь” хууль бус гэж үзэж давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
2.9. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тавьсан “акт” нь “гүтгэсэн”, “хуулийн зөрчилтэй” зориуд биднийг хохироох зорилготой байна. Бид Төсвийн тухай хуулийн 24.4-д заасан Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно зүйл заалтыг хатуу баримтлан Төсвийн тухай хуулийн 24.5-д заасан Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан байна гэж заасныг баримтлан сайд, Ховд аймгийн Засаг даргын 2015 оны гэрээт “Нэмэлт санхүүжилт”-тэй ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үндсэн төсвийн 160013001 харилцахаас биш Засаг даргын А/343 дугаар захирамжаар 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэмэлтийн … гүйлгээ хийж зарцуулсан.
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч огт шалгаагүйгээр “төсвийг үргүй зарцуулсан” гэж гүтгэх эрхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар одоо ажиллаж байгаа Л.Б-ын захиалгаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ховд аймгийн Засаг даргын №ЗД-19 дугаартай гэрээ А/343 тоот захирамжаар хийгдсэн ажлын нэмэлт санхүүжилтийг шалгаад Төсвийн тухай хуулийн ямар ч зөрчил гаргаагүй байхад “гүтгэж” Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 70.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулсан байхад түүнийг мэдэхгүйгээр Төсвийн тухай хуулийн 2011 оны хуулийг ухрааж хэрэглээд тэр тусмаа Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн хэрэглэнэ гэж заагаагүй зүйл заалтыг хэрэглэн “гүтгэж” байгааг шүүх хурлын шийдвэрийн Тодорхойлох нь, Үндэслэх нь, Тогтоох нь хэсэгт авч судлахгүй хууль зөв хэрэглэж чадаагүй хариуцагчийг зөвтгөж, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хууль бус байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна хэмээн “гүтгэж” энэ хуулийг зөрчсөн гэдэг үгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зүйл заалтад хэрэглэж акт тавьж байгаа нь гэмт хэрэг бөгөөд 2011 оны Төсвийн тухай хуулийн 70.6-д заахдаа 70.4.1. 70.4.3. 70.4.5-70.4.9, 70.4.11-д заасан шийтгэлийг Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ногдуулна хэмээн хуульчилсан нь шинэчлэн найруулсан хуулиар бүгд хасагдсан. Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч эдгээр хуулийг мэдэхгүй байна гэхэд ... зориуд гүтгэж байгаа нь гэмт хэрэг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг эс хүндэтгэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож байгаад гомдож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
2.10. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-нд 35/02/28 тоот актыг тавиад Тогтоох нь: 1... үргүй зардлын хэмээн нотлох баримтгүйгээр 2,105,000 төгрөгийг дарга З.Л, Б.Б нараар төлүүлж... гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь хэн дуртай нь гүтгэлэг явуулж, нэр төрд халдах эрхгүй. 2. Актын төлбөрийн 2,105,000 төгрөгийг аймгийн төрийн сан банкин дахь бусад төлбөр хураамжийн дансанд 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор шилжүүлэхийг дарга, нягтлан бодогчид хариуцуулсан нь хууль бус бөгөөд хариуцлага хүлээсэн тэдгээр эрх мэдэлтэнгүүд хуулиа мэдэхгүй, уншаагүйгээр бидний өмнөөс гарын үсэг зурах эрхгүй байхад өөрсдөө сайн дураар гарын үсэг зурсан учир хариуцлагаа мэдэх эрхтэй. Үүрэгтэй.
2017 оны 03 дугаар сарын 06-нд 35/02/28 тоот актын хамгийн сүүлд зөвшөөрсөн хэмээн Л.Б, Г.Ч нар гарын үсэг зурсан нь 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд дээрх хүмүүс оролцоогүй бөгөөд мэдэхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зүйл заалтыг зөрчиж гарын үсгээ зурж баталгаажуулж байгаа нь хууль бус.
Тогтоосон хэмээн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч гарын үсэг зурсан нь зориуд хохироох гэсэн үйлдэл гэж үзэж гомдолтой байна учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үйл ажиллагаа явуулаагүйгээр акт тавих эрхгүйг З.Л, Б.Б бид 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн сүүлийн хуудасны дээрээс 13 дугаар мөрөнд бичсэн бий.
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын батлагдсан төсөв гэдэг нь … тоот үндсэн дансанд харьяалагдах төсөв юм. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны батлагдсан төсөв иь 330,642,600.00 төгрөг /Гурван зуун гучин сая зургаан зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ ба уг төсөвт дээрх 2,105,000.00 төгрөг /Хоёр сая нэг зуун таван мянга/ батлагдаагүй болно. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан байхад батлагдсан төсөвт тусгагдаагүй зардлыг батлагдсан төсвийг үргүй зарцуулсан мэтээр оруулж гүтгэн 2,105,000.00 төгрөгний акт бичиж буцааж төлүүлэхээр тусгасанд гомдолтой байна.
Батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан болохыг зөрчлөөр илрүүлсэн тохиолдолд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь акт, албан шаардлага бичдэг ба акт тавих утга агуулга нь тухайн дарга, нягтлан бодогч нар нь ар гэр, ахуй амьдралдаа хувийн ашиглан шамшигдалтын шинж чанартай төсвийн мөнгийг зарцуулсан нь шалгалтаар тогтоогдож, баримтаар нотлогдсон тохиолдолд төсвийн мөнгийг буцаан төлүүлэхээр акт тавьдаг атал бид нар хувьдаа 1 ч төгрөг ашиглаагүй тул уг актыг хүлээн зөвшөөрөхгүй.
2017 оны 3 дугаар сард Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас дуудаж байцаалт өгөхийг шаардаж утастахад Г.Ч-с асуухад Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас шалгаж акт тавьсан гэж хэлэхэд нь миний бие хотод Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар орж ажилд эгүүлэн тогтоосон учир шийдвэр хүлээж байх хооронд намайг ажилд оруулахгүйн тулд дээрх ажлыг зохион байгуулсан байсан. Би нягтлан бодогч Г.Ч руу 3 удаа ярьж шаардаж байж актын канондсон хувийг интернетээр авч цочирдон Ховд руу ирсэн боловч цагдаа нэг ч байцаасангүй.
Захиргааны акт хууль бус болохыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 13-нд болсон шүүх хурал дээр Захиргааны ерөнхий хуулийн 13 зүйл заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 зүйл заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 12 зүйл заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 22 зүйл заалт, Төсвийн тухай хуулийн 3 зүйл заалт зөрчигдсөнийг маш тодорхой хэлснийг шүүх хурлын шийдвэрт огтхон ч тэмдэглээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасанчлан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасныг хэрэгжүүлэхэд улам ч хүндрэлтэй болгож байгаад гомдож байна.
2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шудрага ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах бөгөөд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно заасан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай хурлыг ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна зүйл заалтыг зөрчиж, хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тавьсан 35/02/28 тоот сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай актыг хууль бусаар тавьсныг нэхэмжлэгч хуулийн зүйл заалтаар буруутган ярьсан боловч хуулийн зүйл заалтыг орхигдуулсан, 2,105,000 төгрөгийг хэрхэн зарцуулсныг худалдан авалтын падаан барьж тайлбарласныг хариуцагч тайлбарласан мэт бичээд, өмгөөлөгчийн Санхүүгийн хяналт, аудитын албаны удирдамж буруу байгаагаас хяналт шалгалтын улсын байцаагчийн үйл ажиллагаа буруу явагдсаныг тайлбарласныг орхигдуулан бичиж хариуцагчийн талыг барьж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-нд тавьсан сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай 2,105,000 төгрөгийн акт нь гүтгэлгийн чанартай Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Аудитын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зөрчлийн тухай хууль Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрэм, Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан 24 дугаартай Төрийн сангийн үйл ажиллагааны журам гэх мэт олон хууль, дүрэм, журмаас гадуур акт тавьсныг тогтоолгохоор Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 47 дугаартай Шүүхийн Шийдвэр нь Тодорхойлох ба Үндэслэх хэсэгт бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим заалт болох анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудасны дээрээс 35-36 дугаар мөр буюу Тогтоох нь хэсэгт бичигдсэний 6-7 дугаар мөр, 11 дүгээр хуудасны дээрээс 1-2 дугаар мөрөнд бичигдсэн Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай сэтгүүлийн үнэ төлүүлэх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн хянаж бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан Захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан З.Л, Б.Б нар “Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 35/02/27, “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28, “Номын үнэ төлүүлэх тухай” 35/02/29 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Харин Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 246 дугаар захирамжаар зөвхөн З.Л-ийн “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-ийн 35/02/27 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/06 дугаар “Гадаадад семинар явсан тухай” актуудыг хүчингүй болгуулах”-ыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Гэтэл анхан шатны шүүхэд З.Л, Б.Бг нар дээрх нэхэмжлэлийг хамтдаа гаргасан байхад шүүх Б.Б-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгээгүй атлаа Б.Б-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм.
Зүй нь анхан шатны шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шүүгч хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл Б.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэсэн захирамж гаргах, эсхүл 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл тогтоогдвол түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ З.Л, Б.Б нар тодорхойлон гаргасан байхад эдгээр иргэдийн шаардаагүй нэхэмжлэлийн шаардлагаар буюу “35/02/06 дугаар “Гадаадад семинар явсан тухай” актуудыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон хүн, хуулийн этгээдээс нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх ёстой.
Түүнчлэн Б.Б нь “данс бүртгэлээр 1 ширхэг сэтгүүлийн үнэ болох үргүй зардлын 2,105,000 төгрөгийг З.Л, Б.Б нараар төлүүлэхээр” тогтоосон Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байхад анхан шатны шүүх Б.Б-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгээгүй атлаа түүний нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэв.
Хэдийгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн №160 дугаартай “Төлбөрийн хүсэлт”, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Шаардах хуудас” зэрэг санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан боловч дээрх маргаан бүхий улсын байцаагчийн акттай холбоотой “Ховд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэсэн сэтгүүлийг хэвлэсэн гэх “Э-Х” ТББ-ын гаргасан “Байгаль орчин аялал жуулчлалын газрын тооцоо” гэсэн баримт дээр “... нийт 466500 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн. Үлдэгдэл болох 1638500 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н.Ц-т бэлнээр хүлээлгэн өгсөн болно” гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү баримтад дурдсан 1,638,500 төгрөгийг мэргэжилтэн н.Ц авсан эсэх, уг мөнгийг буцааж байгууллагын дансанд бүртгэсэн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Мөн дээрх баримтаар “Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэсэн сэтгүүлийг “Э-Х” ТББ-аар хэвлүүлсэн нотлох бөгөөд байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс бодитойгоор хэвлүүлсэн сэтгүүлийн зардал хасагдаж тооцох үндэслэл байгаа эсэхийг тодруулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
   1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР