| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00506/И |
| Дугаар | 304/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00479
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Автотээврийн төвд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Приүс-20 маркийн ........ арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00504/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Ц*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч Булган аймгийн Автотээврийн төвд холбогдуулан Приүс-20 маркийн ......... арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
“Миний бие Ц.Ц******* нь 2021 онд Л.Ө*******аас Prius-20 маркийн ......... УНТ улсын дугаартай автомашиныг худалдан авсан билээ. Тухайн үед бид худалдах худалдан авах гэрээ хийж мөнгийг төлж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон ........ УНТ усын дугаарыг дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд Улаанбаатар хотын харьяат болох шаардлагатай байсан учраас би шилжүүлж авах гэсээр байтал хугацаа их алдсан. Харин Улаанбаатар сери дугаартай ........ гэх азын дугаар үнэтэй болохтой зэрэгцээд машины дугаарыг өөр хүний нэр дээр дамжуулан шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг машины тээврийн хэрэгслийг тухайн машины арлын дугаартай нь харьцуулан үзэж байж тээврийн хэрэгслийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ёстой. Гэтэл Автотээврийн төв миний эзэмшлийн ........... арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргуулан өгснөөр би өөрийн өмчлөлийн машиныг эрхийн зөрчилтэй болж унаж хэрэглэж тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй байна. Тээврийн хэрэгслийг худалдаж байгаа хүмүүс зөвхөн Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан авдаг учир миний эрхийг Автотээврийн төв хохироосон гэж үзэж байгаа болно. Өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулахаар хандсан боловч миний машин нь Булганд байгаа боловч ............ арлын дугаараар өөр тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулсан байна гэж тайлбарласан. Харин тухайн зөрчлийг бид дангаараа арилгахгүй шүүхэд хандаж шийдвэрлүүлж байж бид сольж өгөх боломжтой гэж тайлбарласан.
Авто тээврийн Үндэсний төв нэгдсэн бүртгэл программтай, би өөрийнхөө машины гэрчилгээг Авто тэзврийн үндэсний төвийн Булган аймаг дахь салбараас гаргуулах авах боломжтой, харин тухайн байгууллага нь миний тээврийн хэрэгслийн арлын дугаарыг шалгаж үзэж зөвхөн ганц арлын дугаараар ганцхан л тээврийн хэрэгсэлд гэрчилгээ гаргах ёстой байтал миний машины арлын дугаарыг ашиглан өөр хүнд гэрчилгээ гаргаж өгснөөр миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Тээврийн хэрэгслээ унаж, хэрэглэж байгаа ч Булган аймгаас гарах боломжгүй, гэрчилгээгүй, улсын дугааргүй, албан бус тээврийн хэрэгсэлтэй байна.
Булган улсын дугаар авч өөрийн худалдаж авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтэй. Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулаад гэрчилгээгээ авах гэхэд өөр хүний нэр дээр бичиг баримт нь гарч ирж байгаа. ........ УНТ улсын дугаартай маргаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арлын дугаарыг өмнө нь шалгахад өөр хүний нэр дээр өөр дугаартай Орхоны нэр дээр гарч ирж байсан. Сая арлын дугаарыг шалгахад өмнөх хүн нь хасалт хийлгэсэн байна. Иймд тээврийн хэрэгслийн арлын дугаараар бүртгэл байхгүй тул сэргээх боломжтой болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч Булган аймгийн Автотээврийн төвд холбогдуулан Приүс-20 маркийн ........... арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц*******ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Автотээврийн төвд холбогдох Приүс-20 маркийн .......... арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Булган аймгийн Автотээврийн төвөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ