| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2024/09597/И |
| Дугаар | 191/ШШ2025/05808 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/05808
2025 07 01 191/ШШ2025/05808
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Д /РД:0000000/,
Хариуцагч: ..................... тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Д /РД:000000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Н,
Хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024.05.16-ны өдөр Б.Д-тай холбогдож, би хуулийн байгууллагад ажилдаг хүн, манай байгууллагад хураагдсан машин байгаа юм, маш хямд зарах гээд байна 23 онд үйлдвэрлэсэн приус 41 байгаа юм, та дансанд 18,000,000 төгрөг байршуулчих гээд 0000000000 тоот Ч.Д гэх хүний данс өгсөн. Дээрхи дансанд нийт 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 18,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөхгүй маргааш нөгөөдөр гэсээр машин ч байхгүй 6 сар гаруй хугацаа өнгөрч байна. Иймд машин худалдан авах гэрээнээс татгалзаж, нийт 14,000,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Хариуцагч Ч.Д-оос 7,000,000 төгрөг, хариуцагч Б.Д-аас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрэх боломжтой. Хариуцагч Ч.Д-ид холбогдох шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч Б.Д нь үлдэх 10,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй С.Н-гийн нэхэмжлэлтэй, Ч.Д, Б.Д нараас зээлийн үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохирч, үлдэгдэл 14,000,000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4,000,000 төгрөгийг хасч тооцох, хариуцагч Ч.Д-оос татгалзаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвхөн Б.Д-аас гаргуулах, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ч.Д, Б.Д нарт холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ч.Д болон нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс тус тус татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2025.08.01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хариуцагч Ч.Д-оос 2025.04.15-ны өдөр Б.Д-д 1 жилийн хугацаатай, 0411 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрхийг олгосны дагуу төлөөлөгч нь дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.18-ны өдөр төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 10,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Н-гийн нэхэмжлэлтэй, Ч.Д, Б.Д нарт холбогдох 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2025.08.01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ч.Д-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Д-аас 10,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.18-ны өдөр төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА