Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х************** НҮТББ /РД:/

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/ дугаартай Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: А НҮТББ /РД:/ хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, Ж.О түүний өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/ дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад Х************** ТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Х************** ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах,

1.2. А ТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас А ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/ дугаартай, Багц-18-Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад Х************** НҮТББ оролцжээ.

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/145 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...ХБХХЕГ/ дугаартай тендерийн Багц-18-д хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэхэд ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан... гэж Х************** НҮТББ-д мэдэгдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Х************** НҮТББ-аас үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ... А НҮТББ-ын тендер техникийн тодорхойлолтын 2 дахь хэсэгт заасан хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, онош зэрэг мэдээллийг нууцалж ирүүлсэн байх боловч уг мэдээллийг нууцалж буй хууль зүйн үндэслэлийг тайлбарласан маягтыг ил болголгүйгээр ирүүлсэн нь дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн, мөн тус төрийн бус байгууллагын тендерт санал болгосон ажилтнуудын тусгай сургалтын гэрчилгээ нь гадаад хэл дээр байх бөгөөд үүний орчуулгыг хавсаргаж ирүүлээгүй байхад шаардлага хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, гомдолд дурдсан үндэслэлийн дагуу тус оролцогчийн 11 дүгээр багцад шалгарсан материал болон энэ багцад ирүүлсэн мэдээллийг магадалсан эсэхийг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 34 дүгээр зүйлд заасны дагуу чадавхыг дахин магадалж үзээгүй тул тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг... Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт мэдэгдсэн.

2.4. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж, А НҮТББ-ыг шалгаруулсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/317 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Хуульд заасны дагуу дахин үнэлж Багц-18-д танай тендер хуульд заасан шаардлагыг хангаагүй тул тус багцад шалгараагүй... болохыг мэдэгдсэн.

2.5. Тус шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2026 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ш******* нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Х************** НҮТББ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Манай байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах ХБХХЕГ/ ХБХХЕГ/ урилгын дугаартай, шалгаруулалтын дугаартай тендерийн 17, 18 дугаар багцад оролцсон бөгөөд тендерийн үнэлгээний хорооны тус багцуудтай холбогдох хурлын тэмдэглэлийн хэсэгтэй 2026 оны 2 дугаар сарын 26-ний өдөр танилцаад тус үнэлгээний хороог тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн, шаардлага хангаагүй тендерийн материал ирүүлсэн байгууллагыг шалгаруулсан тухай гомдлыг албан бичгээр Сангийн яаманд гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 тоот албан бичгээр захиалагчийн тус тендер шалгаруулалтын 18 дугаар багцад холбогдуулан гаргасан 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/165 тоот шийдвэрийг хүчингүй болгож тендерийн тухай хуулийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

3.2. Гэвч тус Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь тендерийн үнэлгээг дахин хийсэн нэрийн дор дээр дурдсан Сангийн яамны шийдвэрийг үл хэрэгсэж хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр 2026 оны 04 сарын 09-нд А ТББ-тэй гэрээ байгуулах гэрээ эрх олгосон асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамнаас захиалагчийн шийдвэрийг хавсаргаагүй байгаа тул гомдлыг буцаасан тухай албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь дахин хийсэн тендерийн үнэлгээтэй холбогдох албан ёсны мэдэгдэл, шийдвэрийн талаар бидэнд мэдэгдээгүй нь санаатайгаар манай байгууллагыг гомдол гаргах боломжгүй нөхцөл байдалд оруулсан байна. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан гомдол шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл биелүүлсэн зүй бус үйлдэл юм.

3.3. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хариуцагчийн хууль бус шийдвэр, үйлдлийг хүчингүйд тооцуулах, мөн уг шийдвэрийн үндсэн дээр байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/ дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцад нэхэмжлэгч Х*******,******* ТББ-аас хүргүүлсэн тендерийн баримт бичгийг Үнэлгээний хороо хянаад бичиг баримтын шаардлага хангахгүй гэж үнэлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 1/145 албан бичиг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 1/317 албан бичгээр тус тус Үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлсэн байдаг.

3.4.Тодруулбал, ХБХХЕГ/ дугаартай тендер шалгаруулалтын ТШЗ 19.1 Сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй, мөн Сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх Хөдөлмөр засалч сэргээн засахын эмч байхгүй, Нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх х******* хамгааллаар мэргэшсэн ажилтан байхгүй гэж үнэлсэн. Гэтэл тендерийн материалын 81 дэх хуудаст Б овогтой Бийн 2030 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусах хөдөлгөөн засалч мэргэжлээр сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хавсаргасан, манайх х******* бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр гарган ажилладаг ба хөдөлгөөн засалч болон хэл засалч мэргэжилтэнтэй, мөн Э ТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хавсаргасан. Манай байгууллагын нийгмийн ажилтан А.Дгийн диплом, х******* хамгааллаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримтуудыг тус тус хүргүүлсэн юм. Ийнхүү манай байгууллагаас хүргүүлсэн тендер нь дээрх шаардлагыг хангасан материал хүргүүлсэн байхад үндэслэлгүйгээр хүний нөөцийн бүрдэл дутуу гэж үзэж, сонгон шалгаруулалтыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...

3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/145 дугаар албан бичгээр Х************** ТББ-д сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эрхлэх ажилтан байхгүй, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх хөдөлмөрийн засалч сэргээн засах эмч байхгүй, нийгмийн хамгаалалд үйлчилгээ үзүүлэх, х******* хамгаалалтын ажилтан байхгүй гэсэн. Хүний нөөцийн мэдээллүүд болон чадавх дутуу, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шаардлага хангаагүй гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт мөн тайлбар хүргүүлсэн. Тендерийн баримт бичигт байхгүй гэж байгаа баримтууд бүгдээрээ байна. Тодруулбал, тендерийн баримт бичгийн 81 дүгээр хуудаст Б овогтой Бийн 2030 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хөдөлгөөн засалч мэргэжлээр сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байна. Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч байхгүй гэж байгаа боловч манай байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэрэлийн түүчээ ТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хавсаргасан.

3.6. Мөн сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, хөдөлгөөн засалч, хэл засалч мэргэжилтнүүд байгаа. Эдгээр ерөнхий шаардлагуудыг хангаж байгаа баримт бичгүүд тендерийн баримт бичигт байгаа талаар илэрхийлсэн. Нийгэм хамгааллын чиглэлээр дипломтой нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн байхгүй гэж үзсэн. Гэтэл хүргүүлсэн баримтуудад байгаа. н.Д нь социологийн ухааны бакалавр, гэр бүл судлалын магистрын дипломтой хүн ажиллаж байгаа. Энэ шаардлагын хүрээнд социологи, гэр бүл судлал нь нийгэм хамгааллын хүрээнд хамаарах нийгмийн ажилтны код индекстэй таарч байгаа. Иймд дээрх татгалзсан 3 үндэслэл нь манай байгууллага хангаж байна. Өөрөөр хэлбэл, манай байгууллага хүний нөөцийн чадавх дутмаг гэх үзүүлэлтэд хамаарахгүй. Манай байгууллага Сангийн яамнаас гомдол гаргаад Сангийн яам хянан үзэж А ТББ-ын тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэх нь зүйтэй гэж үзсэн.

3.7. Тендер шалгаруулалтын зааварчилгаанд аливаа мэдээллүүдийг нууцлахгүй гэж тусгайлан заасан. Гэтэл гуравдагч этгээд мэдээллийг нууцалж яагаад нууцалсан талаар тайлбар ирүүлээгүй байсан. Энэ нь тухайн шаардлагыг хангаагүй гээд тухайн тендерээс татгалзахуйц үндэслэл юм. Энэ нь хууль болон бусад журмын дагуу ноцтой үр дагавартай. Эрх зүйн ямар нэгэн байдлаар зөвтгөх үндэслэл болдоггүй учраас шаардлага хангаагүй гэж үзэж татгалзах үндэслэл болно. А ТББ нь өөр тендерт шалгарсан. Энэ талаар дахин магадалгаа хийх нь зүйтэй гэж үзсэн. Дахин магадалгаа хийгээгүй учир буруу дүгнэсэн гэж үзсэн. Хүний нөөцийн чадавхын мэдээлэл гадаад хэл дээр байх бөгөөд орчуулагдаагүй байна. Иймд дахин үнэлүүлэхээр тендерийг буцаасан шийдвэр гарсан. Дахин Тендерийн үнэлгээний хороо хуралдаж хамгийн сайн тендерээр А ТББ-ыг шалгаруулсан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг харвал тухайн хөндсөн асуудлууд дээр дахин үнэлгээ хийж, магадалсан зүйл байхгүй. Өмнөх тендерийн үнэлгээний хорооны хурлаас харвал 17 болон 18 дугаар багц гээд 2 багц яригдаж байгаа. 17 болон 18 дугаар багц нь ижилхэн шаардлагатай байгаа. 17 дугаар багцын тендерийг үнэлсэн Үнэлгээний хороо нь А ТББ-ыг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн боловч 18 дугаар багцад шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ингэж үнэлсэн нь логикгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна. А ТББ нь тендерийн шаардлага хангахгүй байгаа учраас Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, гэрээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/ дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй х******* боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд Үнэлгээний хорооны даргаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Ж, Үнэлгээний хорооны нарийн бичгээр Сургалт, нөлөөллийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Г, Үнэлгээний хорооны гишүүнээр харьяа байгууллага болох Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Захиргаа, санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Т.Г, Хөндлөнгийн гишүүнээр /зөвшилцсөнөөр/ Э******* ТББ- ийн удирдах зөвлөлийн дарга Ч.О, Хөндлөнгийн гишүүнээр /зөвшилцсөнөөр/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төвийн менежер Г.О нар ажилласан.

4.2.Үнэлгээний хороо нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичиг боловсруулж, саналаа хэлэлцэн шийдвэрлэн Захиалагчаар батлуулж, Хөгжлийн бэрхшээлтэй х******* боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах 8,155,250,000 (найман тэрбум нэг зуун тавин таван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй ХБХХЕГ/ (цахим систем) дугаартай 21 багцтай тендер шалгаруулалтын урилгыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэн зарлаж, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад нээсэн ба 21 багцтай тендер шалгаруулалтад нийт 31 байгууллага материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо нь 2026 оны 02 дугаар сарын 03, 04, 05, 06, 16, 24-ний өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар"-ын дагуу тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлэх ажиллагаа хийсэн.

4.3.Хурлыг хуульд заасны дагуу нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны ирцтэй байх зарчмыг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байранд хорооны бүх гишүүдэд нээлттэй байхаар тендерийн материалыг нэг бүрчлэн дэлгэцээр танилцуулж хурлын тэмдэглэлээр албажуулан зохион байгуулсан.Нийт 70 шалгуур үзүүлэлтээр үнэлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Тухайлбал: Ерөнхий шаардлага 8, санхүүгийн чадавх 4, хүний нөөцийн чадавх 11, техникийн чадавх 7, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 40 үзүүлэлтээр үнэлж, шалгаруулсан. Ийнхүү Зөвлөмжийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Захиалагчид хүргүүлж Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн "28.1.1 хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2 шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудад тус тус хүргүүлж цахим системд нийтэлсэн.

4.4.Багц 18 Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ 680,000,000 (Зургаан зуун наян сая) төгрөг бүхий төсөвт өртөгтэй багцын хувьд нийт 7 байгууллага тендер ирүүлсэн ба Захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/165 дугаар албан бичгээр А ТББ-д гэрээ байгуулах эрх олгогдсон. Сангийн яамнаас 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03/1317 дугаар албан бичгээр Багц 18-тай холбогдуулан гомдол гарсан тул Захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг хүргүүлэн авсан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дах заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн ба Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдан хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж Зөвлөмжийг Захиалагчид хүргүүлж 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/313 дугаар албан бичгээр "А" ТББ-д дахин гэрээ байгуулах эрх олгогдсон болно. Дахин үнэлгээг хийхэд тус нэхэмжлэл гаргагч байгууллага (Х*******,******* ТББ) болон "А" ТББ-ын үйлчилгээ үзүүлэх эсэх талаарх чадавхыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.9-т заасны дагуу гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадалсан. Үүнд:

- Х*******,******* ТББ

Х*******,******* ТББ нь тус ХБХХЕГ/ (цахим систем) дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй х******* боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах" тендерт нийт 2 багцад оролцсоноос шалгарсан багц байхгүй. Тус байгууллага нь тухайн тендерийн шалгаруулалтын үндсэн үзүүлэлт болох хүний нөөцийн чадавхын хувьд үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангахгүй гэж тооцогдсон. Үүнд:

ТШЗ 19.1 Сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. ТШЗ 19.1 Сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх Хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч байхгүй. ТШЗ 19.1 Нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх х******* хамгааллаар мэргэшсэн ажилтан байхгүй.

Дээрх хүний нөөцийн чадамжийн байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө гэж үзэн тус байгууллагын 18 дугаар багцад ирүүлсэн тендерийг шалгаруулаагүй.

-"А" ТББ:

Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 дугаар албан бичигт Үнэлгээний хорооны дараах шийдвэрүүд үндэслэлгүй байна, дахин үнэлгээ хийх тухай дурдсан. Үүнд:

Гадаадын их дээд сургуулийн диплом, гэрчилгээ нь орчуулга хавсаргаагүй.
 Тус байгууллага багц 11-д шалгарсныг 18 дугаар багц шалгаруулахад магадалж үзээгүй. ТШЗ 25.5 ил болох баримт бичгийн жагсаалтын шаардлагыг бүрэн хангаагүй. Дахин үнэлгээний дүнг мэдэгдээгүй. Гадаадын их дээд сургуулийн диплом, гэрчилгээ нь орчуулга хавсаргаагүй байх нь тендерт оролцогч байгууллагуудын хувьд түгээмэл байсан бөгөөд үнэлгээний хороо харгалзан үзэж уг шалтгаанаар оноо бууруулсан нэг ч байгууллага байхгүй болно.

4.5.Нэхэмжлэл гаргагч байгууллага болох Х*******,******* ТББ-ын хүний нөөцийн зарим мэдээлэл болох ажилчдын гадаад сургуулийн сертификат, диплом ч мөн орчуулга хавсаргаагүй байсан боловч үнэлгээний хороо тухайн асуудлаар оноо хасаагүй. 11-р багц нь орон нутгийн багц юм. "А" ТББ-ын Эрдэнэт хот дахь салбар нь 11-р багц дээр хуулийн дагуу шалгарсан. Эрдэнэт хотод үйлчилгээ авах шаардлагатай 1000 гаруй х******* байдаг боловч зөвхөн 2 байгууллага тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "А" ТББ-ын салбар нь тухайн 2 байгууллагын нэг нь юм.
 
"А" ТББ нь 18 дугаар багцад ТШЗ 25.5 ил болох баримт бичгийн жагсаалтын шаардлагыг бүрэн хангаагүй боловч нийт 70 шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан материал боловсруулан ирүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн 18 дугаар багцад тэнцүүлсэн.
 
"Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно гэж заасны дагуу гаргасан бүх шийдвэрийг нийтэд ил тод мэдэгдсэн. Үнэлгээний хороо нь Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийж, үр дүнг худалдаан авах ажиллагааны цахим системд ил тод байршуулсан болно.

4.6.Ийнхүү тендер шалгаруулалтын явцад Үнэлгээний хорооны хувьд Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 3.6-д заасны дагуу үнэлгээний хорооны хэвийн үйл ажиллагааг зохион байгуулсан.Үнэлгээний хорооны гишүүд хуулийн 52-д зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд оролцох үүргээ биелүүлж ажилласан ба үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэн ажилласан. Үнэлгээний хорооны дарга, гишүүд, хөндлөнгийн гишүүдээс албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсээгүй болно... гэжээ.

 

5. Гуравдагч этгээд А НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Багш мэргэжилтний тоо хүүхдүүдтэй харьцуулахад 4-ийг харьцах нь 1 байх ёстой. Энэ шаардлагыг манай байгууллага давуулж биелүүлсэн. Манай байгууллага 100 х******* авах хүчин чадалтай юм. Үйл ажиллагаа 2022 оноос хойш явуулж байгаа салбартаа чанартай байгууллага юм. Энэ салбар нь энгийн хүүхдүүдтэй ажиллахаас өөр учраас нарийн мэргэшил, мэргэжил шаарддаг. Дөнгөж 2025 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулах нөхцөл байхгүй. Учир нь ердийн биш тусгай онцлогтой хүүхдүүд хүлээж авдаг. Иймд энд мэргэшил, мэргэжлээс гадна сургалтын хөтөлбөр, чанар, үнэлгээ зэрэг олон асуудал яригдаж байгаа. Олон хүүхдэд зориулаад улсаас төсөв гаргаж байгаа нь маш том боломж боловч энэний цаад шалгуур нь маш нарийн байгаа. Шалгуурын дагуу манай байгууллага 2025 онд тендер зарлахад байгуулагдаад тендер шалгаруулалтад ороогүй. 4 жилийн хугацаанд мэргэжилтнүүдээ бэлдэж Монголд бэлтгэх боломжгүй бол гадаад улсын байгууллагад бэлдэж олон улсын стандарт шаардлагын дагуу өндөр төлбөртэй сургалтад хамрагдуулж бэлдэж байна.

5.2.Хүний нөөц дээр маргаж байна. Манай байгууллагад үндсэн ажилтнууд байгаа. Эдгээр ажилчдыг бэлтгэхийн тулд маш их хүч хөдөлмөр гаргасан. Туслах 2 багш байгаа. Бусад нь үндсэн багш юм. Багш х*******тэй ажилладаг мэргэжилтэн гэдэг зүйл байгаа. Мэргэжилтнүүдийн тоогоор манай байгууллага 80 х******* хүлээж авдаг. 100 х******* хүлээн авах хүчин чадалтай. 17 дугаар багцад манай байгууллага унасан. Унасан шалтгааныг харвал хүчин чадлын хувьд ахин 40 х******* хүлээн авах боломжгүй гэсэн. Манай байгууллага Эрдэнэт хотод тусдаа салбар байгууллага байгаа. Эрдэнэт хотод тусдаа хүний нөөц бүрдүүлсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахаар тусдаа хүний нөөц бүрдүүлсэн. Улаанбаатар хотын үйл ажиллагаа нь хүчин чадлын хувьд 80 х******* авах боломжтой. Иймд бид нар 2 багцад 80 х*******тэй тендерт орсон. Бид нар олон жилийн хугацаанд хичээж чанартай үйл ажиллагаа үзүүлэхийг зорьдог. Нарийн мэргэшүүлснээр чанартай үйлчилгээ үзүүлнэ гэж бодож байна. Хүний нөөц дээр маргах зүйлгүй стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч байгууллагын хүний нөөцийн мэдээлэлд 70 дугаар сургуулиас 2 багш 2025 онд байгуулахтай зэрэгцэн шилжиж ирсэн гэж байна. Энэ салбар жижигхэн хөгжиж буй салбар шүү дээ. 70 дугаар сургуульд бүртгэлтэй жирэмсний амралт авсан багш байна. Нэхэмжлэгч байгууллага хардах эрхтэй гэж тайлбарласантай ижил хардаж байна. 2025 онд тендер зарлагдах үед гэнэт энд тэндээс хүмүүс авчирч байгуулдаг салбар биш юм. Хүний нөөц дээр үндсэн ажилтантай эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлох боломжтой эсэхийг харгалзан үзэхийг хүсэж байна. Энэрэлийн түүчээ ТББ-тай гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээ хэрэгжсэн эсэх тодорхойгүй байна. Энэ төрийн бус байгууллагаас гэрээт ажилтнуудыг бүрдүүлнэ гэж тендерийн баримт бичигт бүрдүүлсэн байсан.

5.3. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд зааснаар тухайн тендерийг зохион байгуулах эрх, шалгаруулах эрх захиалагчид олгож шалгаруулахад харгалзан үзэх шаардлага зэргийг зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг харахаар үндсэн зарчмын хүрээнд л маргаж байх шиг байна. Нэхэмжлэгч тал манай байгууллагыг шалгаруулах ёстой байтал А ТББ-ыг шалгаруулсан, хамгийн тендерийг ирүүлсэн гэж маргаж байгаа боловч хэргийн материалд цугларсан баримтуудыг судалбал энэ нь нотлогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь энэ талаар мэдэж байгаа гэж үзэж байна. Учир нь энэ хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтуудыг судалж хамгийн сайн хүний нөөцтэй, тендерийн материалаа бүрэн ирүүлсэн, сайн тоног төхөөрөмжтэй байгууллага энэ тендерт шалгарсан. Нотлох баримтуудаар хамгийн сайн тендер ирүүлсэн байгууллага нь манай байгууллага болох нь харагдана.

5.4. Мөн нэхэмжлэгч талаас нарийн тайлбарлаж байна. Жишээлбэл, хүний нөөцийн шаардлагад давхар ажил эрхэлдэг хүмүүсийг бүтэн цагийн ажилтнаар оруулж ирсэн байна. Үүнийг хариуцагч байгууллага шалгаж үзэн мониторинг хийж хүний нөөцийн шаардлага хангаагүйг дурдсан. Хариуцагч байгууллага шалгарч буй байгууллагад итгэлтэй байхын тулд тендерийн баримт бичиг бүрэн шалгарсан байгууллагууд дээр очиж мониторинг хийсэн. Ингэхдээ тухайн тендерийн баримт бичигт дурдсан бүх зүйл нь байгаа эсэх, хүний нөөц шаардлага хангаж байгаа эсэх, тоног төхөөрөмж байгаа эсэхийг шалгаж шийдвэр гаргасан. Тендер шалгаруулалтын хороо нь тухайн байгууллага ямархуу чадамж, чадвартай байгууллага гэдгийг дүгнэхийн тулд бүтэн сарын хугацаанд ажиглаж ажилласан. Ийм процесс болж байхад дурын нэг байгууллага шалгарсан, шалгараагүй гэх үндэслэлээр ш******* гомдол гаргаж хүчингүй болгуулах нь үндэслэлгүй байна. Тухайн тендерийг шалгаруулах хүртэл зарлахаас авхуулаад тендерийн хорооны гишүүдийн цалин хөлс зэрэг маш олон зардал гарч байгаа.

5.5. Мөн тендерт шалгарсан компаниудын хүч хөдөлмөр болон олон жилийн хөтөлбөр явж байгаа. Энэ дундаас хамгийн түрүүнд тавигдах чухал эрх ашиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тендерт шалгарснаас хойш асаргаа үйлчилгээний төлбөрийг авч явж байгаа олон хүүхдүүд бий. 09 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх талаар тайлбарлах шаардлагатай. Тендерийг унагаснаар өөрсдөө шалгарч үлдэж буй 03 сарын тендер авах гэж байгаа юм уу, 03 сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллах гэж байгаа юм уу, эсвэл өмнөх 09 сарын манай байгууллагат өгсөн төлбөрийг гаргуулж өөрсдөдөө авна гэж байгаа юм уу? Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэдий ч ямар эрх ашиг сэргэх талаар тайлбар хэлж чадаагүй байна. Үндсэн хуульд зааснаар өөрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалуулахаар ш******* нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх байгаа хэдий ч уг эрх ашиг хөндөгдсөн талаар тодорхой болгож ш******* хандана. Ямар эрх, ашиг, сонирхол хөндөгдсөн талаар тайлбар хийж ирүүлээгүй байгаа.

5.6. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/28 тоот албан бичгийг ш******* ирүүлсэн. Уг өөрчилсөн шаардлагын үндэслэлд тендерийн баримт бичгийн 81 дэх хуудсанд байгаа Бын Б нь 2030 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусах хөдөлгөөн засалт мэргэжлээр сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хавсаргасан. Энэ хүн манайд ажилладаг. гэж тайлбарласан. Энэ хүний материалыг харахад улсын 10 дугаар цэцэрлэг буюу тусгай хэрэгцээтэй цэцэрлэгт 2020 оноос 2025 он хүртэл ажиллаж байгаа гэж анкет бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2025 оноос хойш эдний байгууллагад ажиллаж байгаа мэт ойлголт төрүүлэхээр анкет бөглөсөн. Гэтэл Б.Б нь өнөөдрийг хүртэл 10 дугаар цэцэрлэгт үндсэн ажилтнаар ажиллаж байна. Тендерийн шаардлагаар бол х*******тэй дор хаяж 5 цаг ажиллах ёстой. Өдрийн ажлын цаг 8 цаг байдаг. Энэ 8 цагийн хэдийд нь хоол ундаа идэж, 5 цаг тухайн х*******тэй ажиллаж, үндсэн 8 цагийн ажлаа хийх вэ гэх асуудал гарч ирж байна.

5.7. Тэмүүжингийн андууд цэцэрлэгт ажиллаж буй ажилтан нар буюу бусад туслах багш нар 7, 8 ажилтан ажилладаг гэж оруулсан. Нөхцөл байдал ийм байхад яагаад шаардлага хангасан хамгийн сайн тендер гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Хамгийн сайн тендер гэж үнэлэхэд хүний нөөцийн шаардлагыг хангасан байх ёстой. Үндсэн ажилтан, гэрээт ажилтнуудтай 2 байгууллагын үндсэн ажилтантай байгууллага нь давуу эрх эдэлнэ. Гэрээт ажилтнуудтай гэдгийг нь тооцож оноог нь өгсөн. Захиалагч байгууллага дэмжих төвөөр дамжуулж өөрсдийн хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал болон тендер шалгаруулалт явуулах ямар шаардлага үүссэн гэдгийг зорилго зорилт нь биелсэн эсэх дээр шүүх дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Тэгэхээр уг тендер шалгаруулалтын зорилгын хүрээнд бол тухайн ажлыг захиалагч байгууллага хийж чадахгүй тул өөр бусад байгууллагаар бараа үйлчилгээг худалдан авах замаар хийлгэе гэх гол санаа байна. Иймд захиалагч байгууллага шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц, үндсэн ажилчдын тоо зэргийг хүүхдийн тоонд харгалзана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага уг шаардлагуудыг хангаж чадаагүй.

5.8. Нэхэмжлэгч байгууллагад байнга ашиглагдах байранд байх хэрэглэгдэхүүн байхгүй. Тухайн хэрэглэгдэхүүн нь байнга тэр байгууллагад байрлах шаардлагатай. Түрээсэлсэн гэж тайлбарлаж байгаа. Засаг даргын тамгын газраас түрээсэлсэн бол зураг хавсаргах, хөдөлгөөний саажилттай, аутизмтай хүүхдийн хэл яриаг засахад чиглэгдсэн төхөөрөмжүүд энэ байна гээд үзүүлэх боломжтой байсан. Зургаа явуулсан боловч тухайн байранд байхгүй нөхцөл байдалтай байна. Иймд хамгийн сайн тендер ирүүлсэн байдлыг жинлэж үзэж байгаа. Ийм нөхцөл байдалд яагаад өөрсдийгөө хамгийн сайн тендер гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

5.9. Тендерийн үнэлгээний хороо ажил нь дуусаж татан буугдсан. Тухайн үед тендерийн үнэлгээний хорооны дарга байсан хүн өөрийн үндсэн ажлаа хийгээд явж байгаа энэ нөхцөлд тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах боломж байгаа эсэх, мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангасан тохиолдолд ямар арга замаар тендер дахин зохион байгуулж шалгарах талаар, ахин тендер шалгаруулахад шаардлагатай төсөв хөрөнгийг хэн гаргах талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Манай сурагч хүүхдүүд ахин 3 сарын хугацаанд төлбөрөө авах ёстой. Бид нар 06 болон 07 сарын төлбөр авах талаар илэрхийлсэн боловч хүлээж авч чадаагүй, 2 сарын төлбөрөө хасуулсан нөхцөл байдалтай байгаа. Бид нар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Аливаа нэгэн этгээд ш******* үнэн зөв мэдүүлэг гаргах үүрэгтэй. Шүүхээс зохигчийн эрх үүргийг тайлбарласан. Манай үндсэн ажилтан гэж тайлбарлаж байгаа нь худал мэдүүлэг гаргасан эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Бид нар 10 дугаар цэцэрлэгээс энэ хүн багшилдаг эсэх талаар асуухад үндсэн ажилтнаар 2020 оноос хойш ажиллаж байгаа гэж хэлсэн. Бүтэн цагийн ажилтан гэж тайлбарласан. Бүтэн цагийн ажилтан хийж байгаа хүн яаж энэ байгууллагад очиж 5 цаг ажил хийх талаар тодруулсны дараа маргааныг шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хууль зүйн хувьд хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар няцаагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг шалгаруулах ХБХХЕГ/ дугаартай нийт 21 багц тендерийг зарласан, нэхэмжлэгч Х************** НҮТББ-аас Багц-18: Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад оролцож, захиалагчийн А НҮТББ-ыг шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч, тус ш******* нэхэмжлэл гаргажээ.

3. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Тендерийн үнэлгээний хорооноос 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээж, /1хх-110/ тус өдөртөө багц тус бүрээр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлсэн, Багц-18: Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээг шалгаруулах тендерт материалаа ирүүлсэн оролцогчдын тендерийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж /1хх-145-148/, Х*******,******* НҮТББ-ыг ....сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэжилтэн, хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч байхгүй, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх эмч байхгүй, ...нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх х******* хамгааллаар мэргэшсэн ажилтан байхгүй... гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангаагүйд тооцож, А НҮТББ-ыг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулан гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэр гаргасан.

4. Нэхэмжлэгч Х************** НҮТББ-аас тус шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03/1757 тоот албан бичгээр ... тендер шалгаруулалтын 18 дугаар багцад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх-ийг даалгасны дагуу Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар дахин үнэлэх ажиллагааг явуулж, А НҮТББ-ыг шалгаруулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/313 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгож, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ХБХХЕГ/, 04/19 дугаартай гэрээг байгуулсан бол 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр Х************** НҮТББ-ыг тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

5. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар дахин үнэлэхдээ /1хх-178-179/ ...А НҮТББ-ын санал болгосон ажилтнуудын диплом гадаад хэл дээр бичигдсэн байдлыг үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, үйлчилгээ үзүүлэх хүүхдүүдийн онош, нэр, төрсөн огноог нууцалсан нь тендерээс татгалзах шалтгаан биш... гэж, Х************** НҮТББ-ыг ...сэргээх засах чиглэлийн эмнэлгийн мэргэжилтний шаардлагыг хангахгүй... гэсэн үндэслэлээр шалгаруулах боломжгүй гэж үзсэн, хариуцагчаас ш******* ...Тендерийн үнэлгээний хорооноос тендерийг үнэлэхдээ үйлчилгээ үзүүлэх төвүүдээс аль илүү шаардлага хангасныг шалгаруулсан..., хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалчийн мэргэжилтэй хүн цөөн байдаг тул оролцогчдын хүний нөөцийг харьцуулаад илүү шаардлага хангасныг сонгосон... гэж үндэслэлээ тайлбарлана.

6. Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ-19.1-д Техникийн болон туршлагын шаардлага хэсэгт үйлчилгээ үзүүлэх хүний нөөц: Шаардана гээд эрүүл мэндийн үйлчилгээ /бие бялдрын үйлчилгээ/ үзүүлэхэд, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн байх шаардлагыг тавьсан.

7. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан тус шаардлагын тухайд, нэхэмжлэгч Х************** НҮТББ-аас Маягт 7, хүний нөөцийн хэсэгт: хэл засалчид Д.Эрдэнэтуяа, хөдөлгөөн засалчид Б.Б, сэтгэл засалчид Б.Гэрэлмааг санал болгосон, үүнээс өөрөөр сэргээн засах чиглэлийн эрүүл мэндийн ажилтантай байх, тухайлбал, сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн санал болгохгүйгээр тендерийг илгээжээ. /цахим баримт-ХБХХЕГ0101-79-.zip, 40-42/

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ....тендер шалгаруулалтын баримт бичигт заасан тухайн шаардлагыг бичигдсэн бүх мэргэжилтэн байх ёстой гэж ойлгоогүй, аль нэг нь байхад шаардлага хангагдсанд тооцно гэж ойлгосон... гэж тайлбарласан, гэвч тус тендер шалгаруулалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилго хангагдах учиртай, иймд нэхэмжлэгчийн тендер тус шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдох тул тус тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3.-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах. гэж заасныг зөрчөөгүй байна.

9. Хэрэв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага тодорхойгүй байх тохиолдолд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно. гэж зааснаар тодруулга авах боломжтой, нэхэмжлэгчээс энэ эрхээ хэрэгжүүлээгүй байхаас гадна тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг буруу ойлгосон нь тухайн шаардлагыг хангаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

10. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ...Энэрэлийн түүчээ НҮТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр эмнэлгийн мэргэжилтэн авч ажиллуулахаар тогтсон... гэх боловч тус хамтран ажиллах гэрээнд Энэрэлийн түүчээ НҮТББ-аас сэргээх засахын эмч, хөдөлмөр засалч, сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эрүүл мэндийн ажилтныг Х************** НҮТББ-д ажиллуулахаар тохиролцсон нь тогтоогдсонгүй. /цахим баримт-ХБХХЕГ0101-79-.zip, 31-32/

11. Гуравдагч этгээд А НҮТББ-ын илгээсэн тендерийн тухайд, маягт-12, БНТУ-ын "Алги" Тусгай сургуулийн Зөвлөх үйлчилгээний гэрээ болон сургалтад хамрагдаж байсан, хамрагдах хүүхдүүдийн мэдээллийг тус тус нууцалсан байдлаар тендерийг илгээсэн /цахим баримт- ХБХХЕГ0101-79-.zip/ энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ, 22.6-д Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ, 22.6.1-д энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг, 22.6.2-т тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл, 22.6.3-д энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл, 22.6.4-д тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг гэж тус тус заасан.

13. ТШЗ-ын 25.5-д Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт гээд ТШЗ 16.1.2-т заасан шаардлага хангасныг нотлох баримт бичиг, хуулийн 22.6-т заасан баримт бичиг, мэдээллийг заавал ил болгож илгээнэ. Тендерт оролцогч нь Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг тусад нь файл үүсгэн ирүүлнэ. Тус файлын эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн эрх бүхий этгээд баталгаажуулан ирүүлнэ. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрт хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг IV бүлгийн Маягт 10-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэжээ.

14. Хэдийгээр гуравдагч этгээдээс сургалтын гэрээ болон хүүхдийн мэдээллийг нууцалсан үндэслэлийг бичгээр тайлбарласан баримтыг илгээгүй боловч Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг нууцалж ирүүлж болохоор заасны дагуу нууцалсан байхаас гадна Тендерийн үнэлгээний хорооноос үнэлгээ хийхдээ нууцалсан мэдээллээр гуравдагч этгээдэд давуу байдлыг үүсгээгүй байх тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдийг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэх боломжгүй.

15. Харин хүний нөөцийн шаардлагын хувьд, Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-д Дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж буй х*******, мэргэжлийн боловсролын багш, эсхүл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх гэж заасан, Багц-18: Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ үзүүлэхэд, тухайн төв нийт 10 багштай байх шаардлага тавигдана, А НҮТББ-аас хүний нөөцийн мэдээлэл /цахим баримт- ХБХХЕГ0101-79-.zip, 2/ хэсэгт бүлгийн багшаар Г.Оийг санал болгосон, тухайн ажилтан нь сэтгэл зүйч мэргэжилтэй, түүнээс бусдаар зан үйл засалч гээд Х.Ц*******, А.А, Б.З, А.А*******, Б.Б, Л.Э, А.У нарыг багшийн орон тоонд ажиллуулахаар тендерээ илгээж, ...багшийн орон тоонд зан үйл засалч гэсэн албан тушаалыг санал болгосон, ...АВА хөтөлбөрийг төгссөн нь хэрэглээний зан үйлийн сургагч гэсэн чиглэлээр мэргэшиж байгаа тул багшийн шаардлагыг хангана... гэж тайлбарласан.

16. Тус төвийн нийт ажилтнуудаас Д.Э*******, Г.Э*******, Х.Ц*******, З.М*******, Ш.С******* нар багшийн мэргэжилтэй, зан үйл засалчид санал болгосон А.А, А.А*******, Л.Э нар сэтгэл зүйч, Б.З гэр бүл судлаач, Б.Б, Л.Э нар сэтгэл судлаач мэргэжилтэй болох нь тогтоогдоно.

17. Мөн гуравдагч этгээдээс АВА хөтөлбөрийн гэрчилгээтэй тул багшийн шаардлагыг хангана гэх боловч тус гэрчилгээ нь гадаад хэл дээр бичигдсэн нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл гэсэн шаардлагад нийцээгүй, тухайн гэрчилгээг үндэслэн багшлах эрхтэй гэж шууд дүгнэх боломжгүй.

18. Иймд, гуравдагч этгээд А НҮТББ-ын боловсролын үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн шаардлага, багш, сурагчийн харьцаа 4:1 байх шаардлагыг хангана гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй нь баримтаар нотлогдохгүй байна.

19. Гэвч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгыг хангахуйц хүний нөөцийн шаардлагыг илүү хангасан нь А НҮТББ-ын тендер байсан тул шалгаруулсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1.-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; гэж заасанд нийцсэн гэж шүүхээс үзлээ.

20. Учир нь дээр дүгнэснээр нэхэмжлэгч Х************** НҮТББ нь сэргээн засах чиглэлийн эмнэлгийн мэргэжилтэнтэй байх шаардлагыг хангаагүй, харин гуравдагч этгээд А НҮТББ-ын хувьд тухайн шаардлагыг хангасан, мөн боловсролын үйлчилгээг үзүүлэх 7 зан үйл засалч, нэмээд багшийн мэргэжилтэй 5 ажилтныг санал болгосон байх тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн шаардлагыг илүү хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

21. Түүнчлэн, Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой.

22. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн агуулгаар захиргааны актыг хүчингүй болгох хоёр урьдчилсан нөхцөлийг заасан буюу акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхыг эн тэнцүү хоёр нөхцөл болгосон.

23. Иймээс захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг хянахаас гадна уг хууль зөрчсөн актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шалгаж тогтоон, хэрэв нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хүчингүй болгосноор сэргэх эрх, ашиг сонирхол үүсэхгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй гэж үзнэ.

24. Нэхэмжлэгч Х************** НҮТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/ дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад Х************** НҮТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Х************** ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах-аар маргасан.

25. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х************** НҮТББ-ын илгээсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангахгүй байхад Тендерийн үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож тухайн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгах боломжгүй, энэ агуулгаар А НҮТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас А НҮТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд түүнд сэргэх эрх, ашиг сонирхол үүсэхгүй, Х************** НҮТББ тендерт шалгарах үр дагавар бий болохгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй.

26. Дээрх үндэслэлээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, түүнд сэргэх эрх үүсэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг баримтлан Х************** НҮТББ-ын гаргасан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/ дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, ...Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/ дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад Х************** ТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Х************** ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, А ТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас А ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны ш******* гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ