| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02297/И |
| Дугаар | 191/ШШ2025/05912 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05912
2025 07 04 191/ШШ2025/05912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Д.Батхуяг, Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..............., өөрийн байранд байрлах, Т ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. тоот хаягт оршин суух, О овогт Б.Л /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 76,433,777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, М.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Иргэдийн төлөөлөгч Ц.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Л-т холбогдуулан хохирол 76,433,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1....Хариуцагч Б.Л-ийг .......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.22-ны өдрийн 000000000 дугаар шийтгэх тогтоолоор Т-ны ............. аймаг дахь ................ тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291,685,500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэм хорын учруулснаас үүссэнээс хохирол төлбөр төлсөнтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай гэж тогтоосон.
Энэхүү шийтгэх тогтоолыг ........... аймгийн ......... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 0000000000 дугаар магадлалаар хэвээр үлдээж хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.2. Хариуцагч Б.Л нь Т-ны ................ аймаг дахь .............. тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа зээлдэгч П.А, Х.Э нарын нэр дээр 2017.09.15-ны өдөр 00000000000 дугаартай Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийг орон сууц барьцаалан жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Тухайн зээлийн барьцаанд барьцаалсан ................................ тоот хаягт байрлах Ү-00000000 улсын бүртгэлийн дугаартай .......... м.кв талбайтай, ...... өрөө орон сууцыг барьцаалахдаа, өмчлөгч болох П.А, Х.Э нарыг хуурч, Х.Э-ын гарын үсгийг хуурамчаар зурж тэдний өмнөөс зээл авч өөрөө ашигласан үйлдлийг бий болгосон энэхүү хэлцлийг Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг Танд даалгасан-ы дагуу тухайн орон сууцыг банкны 38/34 эрсдэлийн хорооны шийдвэрийн дагуу 2022.12.21-ний өдөр нэр бүхий иргэдэд чөлөөлж өгсөн.
Мөн тухайн зээлийн гэрээний үүрэг болох 30,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Л-ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Танд олгохоор тогтоосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд Т-наас олгосон 30,000,000 төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Л-ээс 30,000,000 төгрөг гаргуулж, Танд олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв гэж тогтоосон. Тус банкны зүгээс тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарах эрхтэй гэж үзсэний дагуу 42,433,777 төгрөгийн шаардлага гаргаж нэхэмжилж байна.
1.3.Мөн хариуцагч Б.Л тухайн үед Т-ны харилцагч, хадгаламж эзэмшигч байсан Ц.Ц-г хуурч хамтран эзэмшигчийн зөвшөөрөл гарын үсэггүйгээр банкан дахь түүний хадгаламжаас 17,000,000 төгрөг гаргуулж өөртөө ашигласан, мөн банкны харилцагч А.Ч-т зээл олгоно гэж хуурч та мөнгөө надад үлдээчих, би нэг дэх өдөр тушаагаад хоёр дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье гэж хууран мэхэлж 17,000,000 төгрөг тус тус залилж авсныг тогтоож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч Т-наас гаргуулж Ц.Ц, А.Ч нарт тус бүр 17,000,000 төгрөг буюу нийт 34,000,000 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу банкны зүгээс энэхүү хохирлыг бүрэн барагдуулсан...
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т энэ хуулийн 498.1 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсний дагуу хариуцагч Б.Л-ээс Ч.Ц-д олгосон 17,000,000 төгрөг, А.Ч-т олгосон 17,000,000 төгрөг буюу 34,000,000 төгрөг, мөн 2017.09.15-ны өдрийн Зээлийн болон Барьцааны 00000000000 дугаар гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү 42,433,777 төгрөг, нийт 76,433,777 гаргуулж ханган шийдвэрлэж өгнө үү... гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Л нь .......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.22-ны өдрийн №00000000000 дугаар Шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Шийтгэх тогтоолоор Б.Л нь бусдад учруулсан хохирол төлбөрийн талаар хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байдаг. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад зааснаар Т-наас 34,000,000 төгрөгийг гаргуулж, тус гэмт хэргийн хохирогч Ч.Ц, А.Ч нарт олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус төлбөрийг Т ХК нь 2022.04.13-ны өдөр хохирогч нарт төлсөн байна. Нэгэнт энэхүү төлбөр нь Б.Л-ийн буруутай үйлдлээс шууд хамааралтай, бусдад учруулсан хохирол төлбөрт хамаарч байх тул Б.Л нь дээрх 34,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Харин 2017.09.15-ны өдрийн №00000000000 дугаартай Зээлийн гэрээний улмаас үүссэн гэм хорын хохирол гэх 42,433,777 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тус Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг .......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.22-ны өдрийн №00000000000 дугаар Шийтгэх тогтоолоор тогтоож, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нэгэнт энэхүү гэрээ нь байгуулагдсан үеэсээ эрх зүйн үр дагаварт хүргэхгүй бөгөөд Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг төлөх талаар Шийтгэх тогтоолоор шийдвэрлэн, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Түүнчлэн Шийтгэх тогтоол /16 дугаар хуудас/-д: ...Т-ны 2017.09.15-ны өдрийн №00000000000 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул зээлийн гэрээний төлбөр 30,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Л-ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Танд олгож шийдвэрлэлээ.... Т-наас олгосон 30,000,000 төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Л-ээс 30,000,000 төгрөг гаргуулж, Танд олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Т нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохирол, хор уршигт тооцож нэхэмжлээгүй гэдгийг тодорхой тусгасан байна.
Нэхэмжлэгч Т нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 76,433,777 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар шаардаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэл болгосон байна. Гэтэл Танд 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хохирогч нь нэхэмжлэгч өөрөө байх тул хуулийн дээрх зохицуулалт нь тус шүүхэд гаргасан 42,433,777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байгаа юм.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Т ХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохирол, хор уршигт тооцож нэхэмжлээгүй, анх зээл байгуулснаас хойш 7 жилийн дараа, хэргийг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул дээрх шаардлагын хэмжээгээр хэргийг шийдвэрлэж, үлдэх 42,433,777 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хариуцагч нь 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 42,433,774 төгрөгийг төлөх шаардлагагүй. Энэ тухайд гэм буруугүй гэж үзэж байна... гэв.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.12.24-ний өдрийн 01/6593 дугаартай Н.Б, М.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 00000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2024.12.12-ны өдрийн 859 тоот ...... дүүргийн ......... дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-2017.09.15-ны өдрийн 00000000000 дугаар Зээлийн гэрээ /хх-ийн 7-10 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 11 х/,
-2017.09.15-ны өдрийн 00000000000 дугаар Барьцааны гэрээ /хх-ийн 12-15 х/,
-Т-ны Мемориалын баримт /хх-ийн 16 х/,
-Зээл, хүүний тооцооны хуудас /хх-ийн 17-18 х/,
-2022.12.21-ний өдрийн 38/14 дугаартай Эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэр /хх-ийн 19 х/,
-2022.03.29-ний өдрийн 01/674 тоот Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 20 х/,
-Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 21 х/,
-Т-ны Мемориалын баримт /хх-ийн 22 х/,
-.......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 00000000000 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 23-43 х/,
-........... аймгийн ......... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 000000000 дугаар Магадлал /хх-ийн 44-56 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.03.25-ны өдрийн 0069 дугаар Г.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 59 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 63-64 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Т ХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Л-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа .......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 0000000000 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоосон бөгөөд 2017.09.15-ны өдрийн №00000000000 дугаартай 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү 42,438,777 төгрөгийг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
2.1. Мөн хариуцагч нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч байсан Ц.Ц-д 17,000,000 төгрөг, харилцагч А.Ч-т 17,000,000 төгрөгийн хохирол учруулсныг ажил олгогчийн хувьд төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу нийт 76,433,777 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3.Хариуцагч Б.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Ц, А.Ч нарт төлсөн 34,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй. Харин 2017.09.15-ны өдрийн №00000000000 дугаартай зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 42,438,777 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
3.1. Дээрх гэрээ нь байгуулагдсан үеэсээ эрх зүйн үр дагаварт хүргэхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Т ХК-д олгохоор шийдвэрлэж, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
3.2.Эрүүгийн шийтгэх тогтоол гарснаас хойш 4 жил гарангын дараа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
4.Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хариуцагч Б.Л нь Т ХК-ийн .............. аймаг дахь ............... тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
.......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 0000000000 дугаартай шийтгэх тогтоолоор ...Шүүгдэгч Б.Л-ийн албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий зарим хохирогчид учруулсан хохирлыг ажил олгогч Т хариуцан төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагч Т-наас 34,000,000 төгрөгийг гаргуулж Ч.Ц-д 17,000,000 төгрөг, А.Ч-т 17,000,000 тус тус олгох нь зүйтэй..., Т нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэм хор учруулснаас үүссэнээс хохирол төлбөр төлсөнтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай гэжээ. /хх-ийн 23-43 х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр ...шүүгдэгч Б.Л-ийн ажиллаж байсан байгууллагаас 34,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ц-д 17,000,000 төгрөг, А.Ч-т 17,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр газраас 2021.04.07-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийг Т ХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 21, 22 х/
4.2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зохицуулсан.
Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн гэм хорыг арилгуулахаар заасан нь зөвхөн ажилтан албан хаагчийг хөдөлмөрийн гэрээнд болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад нь хамаардаг.
Хуулийн дээрх зохицуулалтаар гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.
Энэхүү эс үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг учраас Т ХК нь 34,000,000 төгрөгийг 2022.04.13-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 202204138113890814756 дугаартай Мемориалын баримтаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 22 х/
5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд Б.Л-ийн бусдад учруулсан гэм хорыг Т ХК арилгасан байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан 34,000,000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцдаа хууль бус, гэм буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул нэхэмжлэгчид учирсан 34,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нь хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
6.Харин Т ХК нь 2017.09.15-ны өдрийн №00000000000 дугаартай 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү 42,438,777 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,
453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн заалтууд нь хүчин төгөлдөр зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрхэд хамаарах бөгөөд бусдын учруулсан гэм хорыг арилгах шаардах эрхийн үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан өөрт учирсан хохирол-ын хэмжээг тухайн байгууллагын бусдад төлсөн төлбөрийн мөнгөн дүнгээр тодорхойлох бөгөөд гэм хор учруулсан этгээдийн гэм буруугийн хэлбэр нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хохирлын хэмжээнд хамаарахгүй.
7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэжээ.
.......... аймаг дахь сум дундын .......... хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 0000000000 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргасныг ........... аймгийн ......... хэргийн давж заалдах шатны шүүх 2021.09.01-ний өдөр хүлээн авч уг хэргийг 2021.10.27-ны өдөр хянан хэлэлцэж, 00000000000 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Т ХК нь дээрх хугацаанаас хойш 2025.03.12-ны өдөр хохиролд 76,433,777 төгрөгийг Б.Л-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацааны дотор байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч Б.Л-ээс 34,000,000 төгрөгийг гаргуулан Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,433,777 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ц.У ...Хариуцагч нь 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 42,433,774 төгрөгийг төлөх шаардлагагүй. Энэ тухайд гэм буруугүй гэж үзэж байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Л-ээс 34,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 327,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б.Л-ээс 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,433,777 /дөчин хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Л-ээс 327,950 /гурван зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ
Д.БАТЦЭЦЭГ