| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00227/И |
| Дугаар | 137/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А , шүүгч Б.Г нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, ...-р баг, ...тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ш овогт Г-ын У г /РД: ...., утас: .../
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот Б дүүрэг ..-р хороо, ... тоотод оршин суух, хувиараа өмгөөлөгч ажилтай, Ш овогт О-ын Б /РД: ..., утас: .../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ..-р баг, . ..тоотод оршин суух хаягтай, ...ажилтай, И овогт У-ийн Б /РД: ..., утас: ..../-д холбогдох
Гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 66,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э , иргэдийн төлөөлөгч Ц.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , түүний өмгөөлөгч Ц.С , хариуцагч У.Б , түүний өмгөөлөгч Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.У нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ээж М.Х болон нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Гэтэл 2024 оны 06 сарын 07-ны өдөр У.Б нь .. ДГС улсын дугаартай В загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, миний ээж М.Х-ыг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон. У.Б-ыг миний ээж М.Х-ын амь насыг болгоомжгүй хохироосонтой холбоотойгоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/109 шийтгэх тогтоолоор У.Б-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.У миний биеийг сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээсэн. Миний бие Г.У нь айлын ганц охин бөгөөд аав нас барж, ээжтэйгээ л үлдсэн байсан учир төрсөн ээжийгээ алдсандаа маш их гомдолтой байгаа бөгөөд сэтгэл санааны асар их хямралтай байгаа. Монгол улсын иргэний хуулийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан учир өөрийн сэтгэцэд учирсан гэм хороо арилгуулах хүсэлтэй байна. Миний ээж М.Х нь нас барах үедээ 57 настай байсан бөгөөд 2024 оны статистикийн мэдээллээр Говьсүмбэр аймгийн эмэгтэй хүний дундаж наслалт 77,3 байна. Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхэд /660,000*150/ 99,000,000 төгрөг, нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхэд /77,3-57=20,3*5/ 66,990,000 төгрөг болж байна. Иймд миний бие хуулийн дээрх заалтын дагуу сэтгэцэд учирсан гэм хор арилгах, нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг хариуцагч У.Б-аас нэхэмжилж байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Г.У-ийн нэхэмжлэлтэй, У.Б-ад холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Г.У нь У.Б-аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг 66,990,000 төгрөг болгон багасгаж байгаа тул энэхүү хүсэлтийг маань хүлээн авч шүүх хуралдааныг товлож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч талаас эвлэрэх санал гаргавал эвлэрч болно. Б нь У-ийн төрсөн эх М.Х -ын амь насыг зам тээврийн осол гаргаж хохироосон. У нь өөрийн ээжийн зам тээврийн ослыг өөрийн нүдээр харсан тул сэтгэцийн хувьд маш их цочирдсон юм. Иймд хохирогч талд ашигтай байдлаар тооцож, 66,990,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.У-ээс гаргасан гэм хорын хохиролд 66,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие У.Б нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр болсон уг хэргийн шалтгаанаар 2024 оны 11 сарын 05-нд болсон шүүх хуралдаанаар 5 жил жолоо барих эрхээ хасуулж, 2 жил зорчих эрхээ хязгаарлуулсан учир ажлаа хийх боломжгүй болсон. Иймд уг нэхэмжлэлийн мөнгийг төлөх боломжгүй байна. Миний бие болон ар гэр мөн сэтгэл санааны дарамтад байна, та бүхэн нааштайгаар шийдвэрлэж өгнө үү. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнийн дүн маш өндөр байгаа. Энэ хохирлыг машины эзэн бас төлөхөө эрүүгийн хэрэгт илэрхийлж байсан. Шүүхээс шийдвэр гаргасан тохиолдолд тухайн машины эзэнд хэлнэ, хэрэв тэр хүн төлөхгүй гэвэл өндөр үнийн дүнг би ганцаараа төлөхөд хэцүү байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаан дээр гаргасан саналдаа: Хэн алиных нь буруутай үйлдэл байна гэж үзэж нэхэмжлэлийн үнийн дүнг багасган тогтоох боломжтой гэж дүгнэлээ гэв.
Нэхэмжлэгч талаас:
2025 оны 04 сарын 15-ны өдрийн Г.У-ээс О.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 04/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 5-21/
Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 2025/ДШМ/.. дугаартай магадлал /хх-ийн 22-26/
Ш овогт М-ын Х-ын нас барсны бүртгэл /хх-ийн 27/
Г-ын У-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лдавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28-30/
Говьсүмбэр аймгийн хүн ам, өрхийн статистик-2024 судалгаа /хх-ийн 31/
Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн тус шүүхэд гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-ийн 46/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн ЕГ0825/..дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/ зэрэг баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2024 оны 06 сарын 07-ны өдөр У.Б нь . ул.сын дугаартай В загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, М.Х-ыг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон. У.Б-ыг М.Х-ын амь насыг болгоомжгүй хохироосонтой холбоотойгоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/109 шийтгэх тогтоолоор У.Б-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.У-йн сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээсэн. Г.У нь айлын ганц охин бөгөөд аав нь нас барж, ээжтэйгээ үлдсэн байсан учир төрсөн ээжийгээ алдсандаа маш их гомдолтой байгаа бөгөөд сэтгэл санааны асар их хямралтай байгаа. Монгол улсын иргэний хуулийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан учир өөрийн сэтгэцэд учирсан гэм хороо арилгуулах хүсэлтэй байна. Миний ээж М.Х нь нас барах үедээ 57 настай байсан бөгөөд 2024 оны статистикийн мэдээллээр Говьсүмбэр аймгийн эмэгтэй хүний дундаж наслалт 77,3 байна. Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхэд /660,000х150/ 99,000,000 төгрөг, нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхэд /77,3-57=20,3х5/ 66,990,000 төгрөг болж байна. Г.У нь У.Б-аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг 66,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн үнийн дүн өндөр байгааг багасгуулна гэж маргасан.
2024 оны 06 сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумы.н . баг, ..тоот хашааны гадна талд зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгчийн ээж болох М.Х-ыг дайрч түүний амь насыг болгоомжгүйгээр хохироож амь хохирогчийн охин болох Г.У-ийн сэтгэцэд хор уршиг учирчээ. Хариуцагч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрсөн. Хариуцагч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн ээж болох М.Х-д хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 05-21/, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 2025/ДШМ/03 дугаартай магадлал /хх-ийн 22-26/, М.Х-ын нас барсны бүртгэл /хх-ийн 27/, 2024 оны Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн 2025 оны 08 сарын 29-ны өдрийн 61 дугаартай албан тоот /хх-ийн 83/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа 99,000,000 төгрөгөөр тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэмт хэрэг гарсан үеийн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээг амь хохирогчийн насны зөрүү 20,3-аар тооцон 66,990,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн ЕГО825/1862 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч Г.У-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна /хх-ийн 54-55/ гэж гаргасан боловч нэхэмжлэгч нь айлын ганц хүүхэд байсан, ээжийгээ зам тээврийн осолд орсон байдлыг өөрийн нүдээр харсан зэргээс шалтгаалан нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тооцсон болно.
Осол гарах үед нэхэмжлэгчийн ээж М.Х-ын цусанд 3,8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарахаар шинжээчийн дүгнэлт гарсан. Түүнчлэн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 003/2024 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар амь хохирогч М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, зам хөндлөн гар байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн /хх-ийн 05-21 тал/ байдал нь амь хохирогчийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж тооцсон болно.
Иймд хариуцагч У.Б-аас нийт 33,495,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж зааснаар иргэн Ц.С нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.С нь хариуцагчийг тодорхой хэмжээний нөхөн төлбөр болох сэтгэл санааны хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ хариуцагчийг харгалзан үзээд нэхэмжлэлийг багасгах талаар шүүхээс гаргасан шийдвэрийг дэмжинэ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч У.Б-аас 33,495,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 33,495,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У.Б-аас 325,425 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Ц.А
Б.Г