Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2025/00446

 

 

 

 

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.О-т холбогдох зээлийн тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.О-ээс тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ 65,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х.О  нь гэр бүлийн хамтаар 2025 оны 01-р сарын 27-ны өдөр анх Замын-Үүд сумын төв талбай дээр ирж миний унаж явсан ногоон дэвсгэр бүхий .. улсын дугаартай суудлын авто машиныг худалдан авахаар саналыг тавьсан. Ингээд харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар 2025 оны 01 сарын 29-ний өдөр гэрээг байгуулсан. Хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг банкны зээл авч төлнө гэсэн шалтгаанаар гэрээг байгуулсан бөгөөд тохиролцсон дагуу тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалтын эрхийг шилжүүлсэн болно. Гэтэл хариуцагч нь тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлж авсан дараагаас авто машиныг 55,000,000 төгрөг болгож үнийг бууруулахгүй бол авахгүй буцааж өгнө гэх мэтээр гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Компани гэрээний үүргийг биелүүлж, харилцан тохиролцсон хэлцлийнхээ дагуу тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлсэн, ашиглах эрхийг өгч, авто машиныг хүлээлцсэн, хүлээлгэн өгсөн тул талуудын хооронд 2025 оны 01 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний үнэ буюу авто машиныг худалдан авсан үнэ 65,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар хариуцагч Х.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х.О-т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Л  нь Х.О-т холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Тодруулбал Г.Л  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.О-т холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Тээврийн хэрэгсэл дээр үзлэг хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Миний бие Г.Л  нь... улсын дугаартай тээврийн хэрэгслээ хүлээн авсан болно гэжээ.

           Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Х.О--ээс үл хамаарах шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Го  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.О-т холбогдох тээврийн хэрэгслийн үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийн 50 хувь буюу 241,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 241,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                        ШҮҮГЧ                                   Э.Б