Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2018/ЦШТ/30

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

Нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул  

Шүүгдэгч: Ч.Б-ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1827000400031 дугаартай, 146/2018/0026/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг 3 дугаар гудамж 3 тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Ө овогт Ч.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 08-ны өдөр 13 цагийн үед Ж.Д-ийн гудамжны үзүүрт машинаа янзалж байхад Ж.Д над дээр ирээд юу болсон бэ гэсэн тэгэхээр нь би машины нэг утас салчихсан байна энийг холбочихвол асах байхаа гэсэн. Тэгсэн Ж.Д машинаа зарах уу гэсэн зарна гэхэд Ж.Д машиныг унаж үзсэн. Тэгээд Ж.Д-ийг гэрийнх нь үүдэнд буулгаж өгсөн.  ...Тэднийд  0.75 гр архи уусан. Бид хоёр согтуу байсан. Бид өмнө нь Архангай аймайгт уурхайд хамт ажиллаж байснаа ярьсан. Сүүлдээ тэр ярианаас болж маргасан. Ж.Д намайг гаргаж өгий гээд хашааны гадаа гаргаж өгөхдөө араас цохисон. Больчих байх гэж бодсон чинь болихгүй намайг нүдээд байсан. Би хоёр удаа зугтаасан араас нэхэж ирээд зодсон. Би сүүлдээ дийлэхгүй болохоор нь уруулнаас нь хазсан. Маргааш нь манайд хоёр найзтайгаа согтуу орж ирсэн. Тэгсэн уруул хазсан байна гэсэн. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирээд хот явж уруулаа үзүүлмээр байна гэсэн. Би толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг орсон эмнэлэг дээр байхад Ж.Д ирээд би хот явж үзүүлмээр байна мөнгө өг гэсэн би 1.000.000 төгрөг байна гэхэд 3.000.000 төгрөг өг гэсэн. Би Ж.Дт 3.000.000 төгрөг өгсөн гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Д 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг манай хашааны үүдэнд болсон асуудал юм. Өдөр 14 цагийн үед манай хашааны баруун үзүүрт Ч.Б-ын машин эвдэрсэн бололтой машиныхаа копудыг сөхчихсөн зогсож байсан. Би өөрийнхөө унаж явсан машиныг хашааныхаа үүдэнд тавьчихаад яваад очсон. Очоод машин чинь яасан юм бэ юу нь болохоо байсан юм чирч асаах уу гэтэл нэг утас нь салчихсан байгаа юм болчих байхаа гэсэн. Ойр зуурын юм ярьж байгаад Ч.Б машинаа зарна гэж хэлэхээр нь би унаж үзэхээр ойрхон газар явсан. Тэгээд бид хоёр манай хашааны гадаа ирж зогсон ярьж байгаад Ч.Б яваад өгсөн. Орой 21 цаг 30 минутын үед болов уу хүүхэд халуураад байхаар нь эм авахаар эмийн сан  явсан. Би буцаад гэр рүүгээ орох гээд явж байтал манай хашааны үүдэнд Ч.Б халамцуу бололтой зогсож байхаар нь би зогсож уулзаад Ч.Б танайд оръё машинаа чи авах уу 15 саяас буураад 13 саяд чи авах уу гэхэд нь би гэр рүүгээ ортол араас дагаад ороод ирсэн. Цагаан сар болоод удаагүй байсан болохоор манайд 0.75 литрийн архи байснаас бид 2 гурван хундага архи уусан. Ч.Б архийг тэг дунд ортол уусан. Архи ууж байх явцдаа Ч.Б манай эхнэрийг жил болгон төрөх юмаа ахиад хэзээ төрөх гэж байгаа юм гэж хэлсэн. Шийртийн алтны уурхайд боосууд надаас дандаа мөнгө зээлдэг. Хоёр, гурван сая төгрөг зээлчих гэхээр нь би шилжүүлчихдэг гээд байсан. Би Ч.Б-ыг чи согтсон байна харьж амар гаргаад өгье гээд хамт гарсан. Ч.Б гэрээс түрүүлж гарсан. Би араас нь гартал эргэж хараад миний нүд рүү цохиод авсан. Тэгээд хашаан дотор гэрийн үүдэнд бид хоёр барилцаж аваад дээр доороо орж хоёр, гурав өнхөрөөд бид хоёр босоод чи яагаад намайг цохиж байгаа юм гэж маргалдаад хашаанаас гарсан. Хашааны үүдэнд гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хоёр удаа толгой руу нь дэлсээд авсан чинь намайг тэврээд авахад нь хамт газар унаад би дээр нь гарч суугаад чи яагаад намайг доромжлоод байгаа юм одоо харьж амар одоо хоёулаа болъё гэж хэлсэн. Ч.Б-ыг хашааны үүдэнд үлдээчихээд орох гэтэл гадаа хөлдчихвий гэж бодоод орхиж чадаагүй. Бид хоёр босоод Ч.Б-ыг чи явж чадахгүй бол манайд ороод унт гээд хашаа руугаа чирээд оруулсан. Ч.Б цааш гүйгээд хашааны буланд суухаар нь би очоод чи яагаад намайг доромжлоод байгаа юм яах гээд байгаа юм гээд өмнө нь явган сууж байтал гэнэт уруулаас хазаад эргэсэн. Би эргэсэн зүг рүү нь дагаад эргэсэн. Тэгээд Ч.Б босоод зугтаасан. Миний дээд уруулын арьс өмрөөд доош унжсан. Дээд, доод уруулаас их хэмээний цус алдахаар нь би гэр рүүгээ орж түргэн дуудахад О.О эмч ирээд миний уруулд оёо тавьсан. Өвчин намдаах тариа хийлгээд унтсан. Өглөө нь босоод би Ч.Б руу залгатал утас нь холбогдохгүй байхаар нь П, Д нартай хамт гэрт нь очтол Ч.Б гэртээ хэвтэж байсан. Тэгээд чи миний уруулыг хазчихаад өглөө ядаж утсаар залгачихад яадаг юм гэхэд утасны цэнэг дууссан гэж хэлсэн. Тэгээд бид гараад явсан. Үдээс хойш Ч.Б эхнэртэйгээ манайд ирсэн. Хоёулаа зохицоод энүүгээрээ өнгөрье гэсэн. Тэгээд тэр хоёр явсан. Маргааш нь уруулаас цус гоожоод өвчин ороод байхаар нь хот явж үзүүлэхээр болсон. Би Ч.Б руу залгаад хаана байна гэтэл н.Г гэх айлын гадаа байна гэхээр нь яваад очсон. Тэгээд би хот руу явж үзүүлэхгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Тэгтэл Ч.Б мөнгөний хэрэгтэй бол надаас нэг сая төгрөг аваад яв гэхээр нь би ядаж гурван сая төгрөг өгчих нэг сая төгрөг юу ч болохгүй гэхэд уучлаарай миний буруу гээд гурван сая төгрөг шилжүүлсэн. Хэрэв чи хот орж эмчлүүлээд мөнгөний хэрэг гарвал дахиад хэлээрэй гэж хэлсэн. Намайг хотод байхад мөнгөний хэрэг болж байна уу гэж мэссэж бичсэн. Ч.Б миний дээд, доод уруулыг хазсан, баруун нүд тэс цохиж нүдний ухархайны ялтан яс цөмөрсөн шарх, хоёр өвдөг зулгарсан, хоёр хонго зулгарсан, баруун тохой зулгарсан гэмтлүүд үүсгэсэн. Дээрх гэмтлүүдийг Ч.Б нь шүдээрээ дээд, доод уруул хазаж, нуруу руу сагсаар цохиж, нүдийг гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй... гэжээ. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч О.О 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төв дээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө дуудлага ирээд Бат-Өлзий сумын төв 5 дугаар багт байрлах Ж.Д-ийн гэрт яасан нь мэдэгдэхгүй цус алдаад байна гэх дуудлагаар очсон. Намайг очиход Ж.Д-ын дээд, доод уруул, хамраас цус гарсан байдалтай байсан. Үзэхэд дээд, доод уруул нь хөндлөн язарсан шархтай байсан. Цус алдаад байхаар нь оёдол тавьж цусыг тогтоон боолт хийсэн. Өглөө очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Гэтэл ирээгүй. Хүнтэй зодолдсон чинь хазчихлаа гэж хэлсэн. Хэнтэй зодоон хийсэн талаар нь асуугаагүй гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3550 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Д-ийн биед уруулд шарх, уруулын салстын язрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хоёр өвдөг, өгзөг, бүсэлхий, ууцанд зулгаралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6-7, 10, 13 дугаар хуудас/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 30 дугаар хуудас/

    Шүүгдэгч Ч.Б-ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт Ж.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Д, гэрч О.О, шинжээчийн 3550 тоот дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь хохирогчид хохиолд 3000000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

          Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

          Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 8 ширхэг фото зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хэвээр үлдээж, бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

            Хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Ч.Б-ын гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Ч.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг фото зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Ч.Б-ын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Хүйтэн горхийн 3-3 тоот 806 м.кв талтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц хүчингүйд тооцсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА