Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/645

 

                                                           *******ад холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн *******ад холбогдох эрүүгийн 2403000790110 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн гийн , 1976 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, /РД:/,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч *******а нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Тэц-4 ДЦС-ын зүүн талын Шунхлай шатахуун түгээх станцын урд замд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 11 цаг 15 минутын орчимд Nissan Condor маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Subaru Samba маркийн ******* *******, Toyota Camry ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зорчигч ийн эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...*******ын “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний хариуцагч *******аас ******* ******* улсын дугаартай Toyota camry XV 50 маркийн автомашины өмчлөгч, иргэний нэхэмжлэгч *******ат 690,000 төгрөгийг, ******* ******* улсын дугаартай Subaru Sambar-TT маркийн автомашины өмчлөгч, иргэний нэхэмжлэгч *******эд 995,000 төгрөгийг гаргуулан тус тус олгож, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 3 дугаар зэрэглэл тогтоогдсон  байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 8,580,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч т олгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гарах үед *******ын жолоодож явсан улсын дугаартай, Nissan Condor маркийн тээврийн хэрэгсэл нь түүний төрсөн дүү *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд ******* нь уг тээврийн хэрэгслийг осол болохоос 7 хоногийн өмнө буюу 2024.01.17-ны өдөр бусдаас худалдан аваад өөрөө хэд хоног жолоодож байгаад ах *******ад хүлээлгэн өгсөн талаар мэдүүлжээ. Үүнээс үзэхэд *******а нь тухайн тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар жолоодоогүй байна. Иймээс *******ыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан байна.

Осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч *******ыг Иргэний хуулийн 499-р зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд иргэн *******а, ******* нарт учирсан хохирлыг түүнд хариуцуулсан байна. Гэвч иргэний нэхэмжлэгч *******ад учирсан 690,000 төгрөг, *******эд учирсан 995,000 төгрөгийн хохирлуудын 70%-ийг даатгалаас, 30%-ийг *******а төлсөн. Иргэний нэхэмжлэгч *******а, ******* нар нь шүүх хуралдаанд оролцоогүй, хохирол нөхөн төлөгдсөн талаар тодруулаагүйн улмаас тэдгээрт дээрх хохирлыг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. *******а нь хохирогч ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн 320,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Хохирогч ийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэж 3-р зэрэглэлд хамааруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч ийн сэтгэцэд УДШүүхийн 2023.07.03-ны өдрийн 25 тоот тогтоолын хавсралтын 2-р зүйлийн 2.1-д заасны дагуу ямар эмгэг учирсан болох нь тодорхойгүй, тогтоогдоогүй байна. Түүнчлэн дээрх 8,580,000 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХ-ийн 499-р зүйлийн 499.4-т заасантай нийцэхгүй байна. Учир нь хохирогч ийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл энэ 8,580,000 төгрөг нь ЕА-ийн 2.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцогдох бөгөөд хохирол, хор уршиг нь бүхэлдээ “гэм хор” гэх ойлголтод багтах бөгөөд ИХ-ийн 499-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байна. Гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд бусдад төлөх өр төлбөргүй гэж шүүх үзсэн байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. *******а нь өөрийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эдгээр нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, ялаас чөлөөлөх боломжийг хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялаас чөлөөлөх боломжийг хангасан гэж үзэж байна. Иймд түүнд ял шийтгэл оногдуулалгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024.04.18-ны өдрийн 2024/ШЦТ/304 тоот шийтгэх тогтоолын 2, 3, 4, 8 дахь заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.  ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “. ...Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг жишиг аргачлалын дагуу шийдвэрлэх боломжтой, үүнийг шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үзнэ. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцохдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж тооцсон. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож эхэлсэн тул 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргасан. Үүнийг шүүгдэгч *******аас гаргуулж, т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлыг төлсөн талаар баримтууд анхан шатны шүүхэд байгаа хэмээн ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс “хохирогчид учирсан хохирлыг даатгалаас 70 хувийг төлсөн, үлдсэн 30 хувийг төлнө. Даатгалын бичиг баримтаа хөөцөлдөж байгаа” гэж ярьж байсан. Анхан шатны шүүхээс ямар ч баримт гаргаж өгөөгүй тул иргэний хариуцагч *******аас 690,000 төгрөгийг *******ат, 995,000 төгрөгийн *******эд гаргуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар баримтууд одоог хүртэл шүүхэд байхгүй байна. Прокуророос түүний хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэн жолоодох эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөн явахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэн жолоодох эрхийг нь хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч *******а нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Тэц-4 ДЦС-ын зүүн талын Шунхлай шатахуун түгээх станцын урд замд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 11 цаг 15 минутын орчимд Nissan Condor маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Subaru Samba маркийн ******* *******, Toyota Camry ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зорчигч ийн эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

хохирогч ийн “. ...гэнэт л өөдөөс том ачааны машин гулсаж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэр үед миний зүүн гар өвдөөд байхаар нь эмнэлэгт очоод
үзүүлтэл гарын сарвуу цуурч гэмтсэн байсан.
...” /хх 18/,

иргэний нэхэмжлэгч *******ын “. ...нөхөр Мягмаржаргал руу утсаар залгахад станцын замд явж байхад том Mighty машин гулгаад өөдөөс урсгал сөрж орж ирээд манай машины арын гупер хэсэгт мөргөчихлөө, цаашаа гулгаад ард явж байсан амьжиргаа цагаан машиныг мөргөсөн. Мөргүүлсэн машин дотор сууж явсан хүн гэмтсэн байна гэж хэлсэн. Манай нөхрийн жолоодож явсан Toyota camry маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ хийлгэж гарсан төлбөрийг нэхэмжилнэ. Төлбөрөө бүрэн барагдуулчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /хх 21/,

иргэний нэхэмжлэгч *******ийн “. ...Миний бие өөрийн эзэмшлийн Subaru sambar маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 2 дугаар сар хавьцаа өөрийн найз т 7,500,000 төгрөгөөр зараад нэрээ шилжүүлээгүй байгаа бөгөөд манай найз над руу утсаар яриад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зам тээврийн осолд холбогдсон талаар мэдэгдсэн. ...” /хх 25/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* “. ...Nissan Condor маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 17-нд хувь хүнээс худалдаж аваад Таван толгой түлш ХХК-нд сайжруулсан шахмал түлшний тээвэрт бүртгүүлээд өөрийн төрсөн ах тай ээлжилж явахаар тохиролцоод хэд хоног өөрөө явж байгаад хөдөө Өмнөговь аймаг руу явж ажиллахаар болоод ахдаа машинаа хүлээлгэж өгөөд явсан. ...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө манай ах над руу утсаар яриад миний нэр дээр бүртгэлтэй байдаг Nissan Condor маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож машиныхаа дугуйг янзлуулчхаад нүүрсээ ачихаар ТЭЦ-4 замаар Шунхлай ШТС-ийн урд замаар явж байгаад машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдсэн. ...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор, хохирлыг төлж барагдуулах хуулийн заалтыг ойлгосон. ...” /хх 35, 38/,

гэрч ын “. ...эхнэрийн эзэмшлийн Toyota camry маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод сонсголонгийн замаар яваад ТЭЦ-4 дулааны цахилгаан станц өнгөрөөд Шунхлай ШТС-ийн дэргэдүүр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй эсрэг урсгалтай 2 эгнээ замаар зам орчны байдал түгжрэл ихтэй халтиргаа гулгаатай байсан учраас маш бага 10 орчим км цагийн хурдтай зорчиж явж байхад өөдөөс том оврын ачааны машин гулгаж орж ирэхээр нь баруун гар тал руугаа замын хашлага руу шахаад холдуултал нөгөө машин гулгасан чигээрээ орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гупер хэсэгт мөргөөд миний ард явж байсан амьжиргаа буюу жижиг ачааны тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. ...Машинаас буугаад иртэл нөгөө арын машинд зорчиж явсан зорчигч эгчийн гар нь гэмтсэн байдалтай байсан. ...” /хх 42/,

гэрч *******ын “. ...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний нуруу өвдөөд байхаар нь Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхээр эхнэр ийн хамт Нисэхээс гэрээсээ гараад би Subaru Sambar маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод манай эхнэр миний хажууд суугаад бид хоёр Сонсголонгийн замаар яваад ТЭЦ-4 дулааны цахилгаан станц өнгөрөөд Шунхлай ШТС-ийн харалдаа эсрэг урсгалтай хоёр эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөдөлгөөн ихтэй түгжрэл үүссэн ойролцоогоор 5-10 орчим км цагийн хурдтай явж байтал өөдөөс эсрэг урсгалаар буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй эгнээгээр ирж явсан ачааны машин гулсаж орж ирээд манай урд явж байсан хар өнгийн суудлын машиныг мөргөхөөр нь би машинаа баруун гар тийшээ замын хашлага руу шахаад зогстол нөгөө ачааны машин зогсолгүй манай машины зүүн урд хэсгийг мөргөөд зогссон. Манай эхнэрийн зүүн гар нь гэмтсэн бололтой байхаар нь би хүүхдүүд рүүгээ залгаад манай хүүхдүүд түргэн тусламж дуудаад байсан. ...” /хх 44/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “ийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1955 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/,

тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Жолооч *******а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” ... гэснийг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Subaru Sambar маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******, Toyota camry маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх магадлагаа /хх 81-82/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх 63-66/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-6, 7-8, 9-11/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 40/, жолоодох эрхийн лавлагаа /хх 101/, Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 75-80/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-14/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэл “...гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлддэг хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, түүний гэм буруутай үйлдэлд оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 230.2 дахь хэсэгт заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй, харин тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу тухайн хэргийн иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч *******ын ******* ******* улсын дугаартай “Toyota camry XV 50” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 690,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ийн ******* ******* улсын дугаартай “Subaru Sambar-TT” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 995,000 төгрөгийг тус тус иргэний хариуцагч *******аас гаргуулж шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “...анхан шатны шүүхэд гомдлын хамт хохирол төлөгдсөн талаарх баримтыг гаргаж өгсөн...” гэх боловч уг хохирлыг нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, өмгөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд ямар нэг баримт хавсаргасан талаар дурдаагүй байгаа тул уг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.   

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                   ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                   ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА