Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00002

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00821/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай,

Хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас:

*******ын өөрийнх нь өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-13 дугаар байр, 75 тоот 2 өрөө байрыг хууль бусаар эзэмшиж буй *******аас чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байна.

******* нь 2017 онд Худалдаа хөгжлийн банкны зээлэнд хамрагдаж аав, ээж, ахынхаа амьдардаг Дархан сумын 13-р баг 25 байрны 22 тоот байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж зээл авсан.

Уг байрны зээл 2032 он хүртэл 15 жилийн хугацаатай бөгөөд сард 500,000 төгрөгийн хүү төлдөг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би зээлийн гэрээний хамтран зээлдэгч юм.

Хүү ******* нь 2015 оноос ******* гэх охинтой үерхэж улмаар 2015 оны 10 дугаар сарын 19-нд охинтой болж гэр бүлээ батлуулсан. *******ын анийн охин болох ******* нь 2018 оны 4 дүгээр сард 2 дагавар хүүхэд дүү нараа дагуулан ирж сургууль тартал танай байранд түр байя гэж түр суурчхаад одоо хүртэл тус байрнаас гарахгүй бүүр *******ын орон сууц, машиныг авна гэж цагдаа, шүүхэд хандаж байна.

******* *******ын хүүхдийг төрүүлсэн гэдэг ч миний хүүтэй хууль ёсны гэр бүл биш ба энэ орон сууцтай ямар ч холбоогүй юм. Орон сууцны зээлтэй холбоогүй бөгөөд одоог хүртэл тус байранд амьдардаг ч зээлийн төлбөр төлж байгаагүй.

Иймд хууль ёсны эзэмших эрхгүй *******ыг гэр бүлийн гишүүдийн хамт гаргаж орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

2016 оноос *******тай танилцан дотно харилцаатай болсон. Тэр үед энхэр хүүхэдгүй байсан бөгөөд бид гэр бүл болж байртай болохоор шийдсэн. Тухайн үед би Дархан сумын 5 дугаар багт байрлах Аз супермаркетыг ажиллуулдаг байсан. Орон сууны ипотекийн зээлд орон хүн ямар нэгэн зээлгүй байх нөхцөл шаардсан.

******* тэр үед Худалдаа хөгжлийн банкны 3,860,000 төгрөгийн зээлтэй байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дэлгүүрийн орлогоос, *******ын картын зээлэнд 800,000 төгрөг, зээлийн гэрээний барьцаанд тавьсан 1 өрөө байрны татварыг тус тус бүгдийг нь би төлж байсан.

Байрны урьдчилгаанд ээжээс нь 3,000,000 төгрөг, ******* бид 2 2,600,000 төгрөгийн цувуулж нийт 5,600,000 төгрөг банкинд төлсөн байдаг. Намайг зээлтэй гээд хамтран зээлдэгчээр оруулаагүй.

Байрандаа орохдоо гал тогтооны тавилга 850,000 төгрөг, хөшиг 300,000 төгрөг, аяга таваг, сав 600,000 төгрөгөөр авч өдөр тутмын зардал, байрны цахилгаан, дулаан, ус зэрэг мөнгийг төлж байсан.

Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү ******* төрсөн. Хүүгээ төрүүлэх гэж байх үед хүүхэдтэй хүүхэн гарч ирсэн. Үүнээс хойш бид 2 харилцаа муудаж сүүлдээ ******* нь гэртээ ирэхээ больсон. Хүү маань одоо 3 настай, хөгжлийн бэрхшээлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.төгсбаяр нь хүүхдээ орон байраар хангах үүрэгтэй гэжээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Ү-2003021081 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 9 дугаар баг 4 дүгээр хороолол 13 дугаар байрны 75 тоот орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. ...Хүүхэд маань одоо 3 настай, хөгжлийн бэрхшээлтэй. Гэрлэлтээ бүртгүүлээгүй болохоос бид гэр бүл байсан.

Би өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гэж зөндөө зардал гаргасан. Тэр үнэхээр энэ орон сууцыг өөрийн өмч гэж үзэж байгаа бол, хүүхдийнхээ тэтгэлийг төлөөд, эмчилгээний зардал өгөөд, хүүхдээ амьдруулах орон байрны асуудал шийдэлцвэл би маргахгүй.

******* төрсөн хүүхдээ хөөх эрхгүй, харин орон байраар хангах үүрэгтэй байх. Хүүхдэдээ нэг ч удаа анхаарал тавиагүй, зугтаж алга болоод орон байрнаасаа төрсөн хүүхдээ хөөж байгаад гомдолтой байна.

Намайг ажилтай, мөнгөтэй байхад ашиглаж, байрны зээлд хамрагдчихаад, хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болохоор орхиж зугтаасан гэж бодож байна.

Анхан шатны шүүх хүүхдийн эрх ашгийг хөсөрдүүлж, эцэг байх үүргээ умартсан хүнийг өөхшүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би хүүхдээ орон байраар хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй, Төгсбаярыг өөрийг нь ирүүлж энэ хэргийг шийдүүлмээр байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* миний хүү *******эгийн төрсөн эцэг нь ******* мөн бөгөөд төрсөн хүүгээ орон байраар хангах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулж, маргааны зүйл болох Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 75 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан байна.

Итгэмжлэлээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан ******* нь зээлдэгч *******ын төрсөн ээж бөгөөд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна.

Зээлийн гэрээний хугацаа 2032 онд дуусах бөгөөд зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийг төлж байгаа болно.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар тухайн орон сууцны өмчлөгчөөр *******ыг бүртгэж, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгө мөчлөх эрхийн улсын бүртгэлийн 000565889 тоот гэрчилгээг олгожээ.

Өмнө нь маргаж буй орон сууцаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэж, маргаж буй орон сууцтай холбоотой маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолоор *******ын нэр дээр бүртгэлтэй орон сууцыг зохигчийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад мөнгө оруулсан гэх тайлбараа ******* нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэжээ.

Хариуцагч *******ын маргаж буй орон сууц нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө, тухайн орон сууцыг авахад би мөнгө зарцуулсан, нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн хүү *******эг орон сууцаар хангах үүрэгтэй гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэх бөгөөд эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгт хамааруулан ойлгох хуулийн үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохыг хуульчилсан бөгөөд хуулийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно... гэж зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн төрсөн ээж *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөгчөөр оролцуулсан байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ын нэхэмжлэгч *******ыг өөрийг нь ирүүлж шүүх хуралдаанд оролцуулах, эцэг байх үүргээ умартсан хүнийг өөгшүүлж, хүүхдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1658.3-т зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                                                      ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                                                                      ШҮҮГЧ Л.АМАРСАНАА