Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М.Н холбогдох эрүүгийн 1711009470342 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн М.Н, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, Цагаандавааны 39-35 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8-238 тоотод түр оршин суух хаягтай,

 Архангай аймгийн дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар .  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-31 тоотод С.Уянгын нүүрсийг харж оршин суудаг байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын дундуур нүүрс авчруулахаар итгэмжлэн өгсөн 1.575.000 төгрөгийг болон 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хашаанд байсан нүүрснээс 500.000 төгрөгийн нүүрсийг бусдад зарж тус тус завшсан,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалант сумын нэг дүгээр багийн нутаг Хар нуур гэх газарт оршин суух иргэн С.Доржийн гэрээс хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, мөнгөн тоногтой хуучны хэт хутга зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.900.000 төгрөгийн хохирол,

2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт Н.Шинэчимэгийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл, самсунг нөүт 2 загварын гар утас зэргийг хуурч залилан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хувийн баталгаанд байх хугацаанд хохирогч Уянгын хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаа амлаж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Т.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын эхээр би хашаандаа борлуулахаар 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн нүүрсийг буулгасан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын дундуур манай хашааг манаж хамт нүүрс борлуулдаг М.Н, Б.Ариунбуян нар манай нөхөр Түмэнжаргалтай холбогдоод нүүрс худалдаж авахаар болоод Түмэнжаргалаас 1.575.000 төгрөгийг шилжүүлж авсан. Үүний дараагаар би 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-31 тоотод байх гэртээ ирэхэд Ариунбуян байхгүй, хашаан дотор 94-39 УНЯ улсын дугаартай портер маркийн машин нүүрс ачаад зогсож байсан. Би энэ юун нүүрс ачиж байна вэ? гэж асуухад энэ айлын эхнэр, нөхөр хоёр нүүрс 1 портерийг нь 100.000 төгрөгөөр зарсан юм. Би одоо 5 дахь удаагаа ачиж байна гэж портер машины жолооч хэлсэн. Тэгээд би хартал 80 тонн нүүрсний бараг тал нь байхгүй болсон байсан. Энэ талаар тодруулахаар Ариунбуян, Нямдорж нар руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. ...Би өмнө өгсөн байцаалтандаа хохирлын талаар буруу хэлчихсэн юм. Анх мэдэхгүй байсан болохоор барагцаагаар гэж бодоод хэлсэн ба дараа нь нөхөртөө хэлсэн чинь 2 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэсэн. Тэр хашаанд байгаа нүүрсийг дахин хэмжих боломж байхгүй. 4 тэвш нүүрс авсанд нь 500.000 төгрөг, дээр нь нүүрс авчруулахаар өгсөн 1.575.000 төгрөг. Нийт 2.075.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс одоо 400.000 төгрөг авсан ба Нямдоржийн ажилласан хоногийн хөлс гэж 600.000 төгрөг хассан. Тэгэхээр нөхөр бид хоёр ярилцаад одоо 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-15-18/.

Хохирогч С.Дорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, Хар Нуур гэх газарт мал маллаж амьдардаг юм. Би өөрийн малын А дансаа 700 гаруй тооны бог, бод малтай юм. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай хүү Болор-Эрдэнэ нь Улаанбаатар хотоос надад хөдөө туслуулахаар малчин авчирч өгсөн. Манай хүүгийн авчирсан малчны нэрийг Нямдорж, Ариунчимэг гэдэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нярай хүүхэдтэй байсан. Дээрх хүмүүс нь багцаагаар 20-25 насны хүүхдүүд байсан юм. Уг нь ажил төрөл их дажгүй хийгээд хамт амьдраад мал маллуулж болохоор хүүхдүүд байсан. Ингээд би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод Халамжийн сувилалд 10 хоног хэвтэхээр болоод туслах малчнаа гэртээ үлдээгээд явсан юм. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Халамжийн сувиллаас гараад Жаргалтхаан сум дахь гэртээ ирсэн чинь манай туслах малчид маань манай гэрээс хулгай хийгээд явчихсан байсан. Манай гэрээс хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, 5 лангийн хуучны хэт хутга /мөнгөн тоногтой/ алдагдсан байсан...” гэжээ /хх-102-103/.

Хохирогч Н.Шинэчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манайх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух Мэндсайхан овогтой Нямдорж гэх залууг хамтран амьдрагч Ариунбуянгийн хамт туслах малчнаар ажиллуулах болж Төв аймгийн Баянхангай сумын 1 дугаар багт байдаг өвөлжөөн дээрээ аваачиж малаа хүлээлгэн өгсөн. Тэгээд малаа маллуулж байтал 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай хүүхэд Бадамжавзандамбасүрэнгээс мотоциклтой чинь Атрын гуанз орж өмсөхгүй хувцсаа машинд өгч явуулчхаад ирье мөн утсаар чинь фэйсбүүк ороод ирье гэж мотоцикл утас хоёрыг аваад буцаж ирэлгүй тэр чигтээ алга болсон байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ариунбуянтай уулзахад Нямдорж алга болсон мотоцикл утсыг чинь зарсан гэж хэлсэн. Одоо бол мотоциклыг буцааж авсан ба утсаа буцааж аваагүй...” гэжээ /хх-142-143/.

Иргэний нэхэмжлэгч Б.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нэг танихгүй хүн мотоцикл зарна гэхээр нь мотоциклыг нь үзсэн. Тэгээд иргэний бүртгэлийн лавлагаа аваад ир тэгвэл мотоциклыг чинь 350.000 төгрөгөө авъя гэхэд тэр танихгүй залуу иргэний бүртгэлийн лавлагаагаа аваад ирсэн. Тэгэхээр нь 25.000 төгрөг өгөөд үлдсэн 325.000 төгрөгийг нь Хаан банкны дансанд тушаасан. Тэр залуугийн лавлагааг үзэхэд Мэндсайханы Нямдорж  /РД: АЮ92112213/ гэж байсан юм. Одоо би Нямдорж гэх тэр танихгүй залууд өгсөн 350.000 төгрөгөө нэхэмжилнэ. Мотоциклыг нь хураагаад аваад явсан.” гэжээ /хх-155-156/. 

Гэрч Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Нямдорж Ариунчимэг нар манай аав Доржийн гэрт нь амьдарч малыг нь хардаг байсан. Ингээд Нямдорж мал маллаж байгаад манай аав Хэнтий аймгийн төв рүү явах болоод манай гэрт Нямдорж, Ариунчимэг нар нярай хүүхэдтэйгээ гурвуулаа үлдсэн. Манай малыг орхиод гэрт байсан 2 ширхэг үстэй дээл, мөнгөн цөгц 2 ширхэг, хуучны хуйтай хутга зэргийг аваад явсан байсан...” гэжээ /хх-104-106/.

            Гэрч Б.Бадамжавзандамбасүрэн мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр  сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Бодонч гэх газар байдаг өвөлжөөн дээрээ байж байхад манай туслах малчин Нямдорж нь надад хандан эхнэр Ариунбуянгийн хамт мотоциклтой чинь Атрын гуанз орж өмсөхгүй хувцсаа унаанд дайгаад явуулаад ирье мөн утсаар чинь фэйсбүүк орчихоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоцикл болон Самсунг нөүт 2 маркийн гар утсаа өгөөд явуулчихсан юм. Тэгтэл Нямдорж, Ариунбуян нар буцаж ирээгүй тэр чигтээ явсан юм…” гэжээ /хх-149/.

Гэрч Б.Ариунбуян мэдүүлэхдээ: “...Би хамтран амьдрагч Нямдоржийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын туслах малчин хийх гэж нэг айлд очсон юм. Тэр айлын эзэн нь нэг өвөө Хэнтий аймгийн төв рүү эмнэлэгт хэвтэх гээд явсан хойгуур нь Нямдорж тэр айлын хүнтэй утсаар яриад бид 2 гэр авах гэж байгаа юм гээд сарынхаа цалингаа авах гэсэн юм гээд 250.000 төгрөг хэрэгтэй байна гээд авсан. Тэгээд би хүүхдээ тэврээд машинд суух гээд Нямдоржийг хүлээгээд байж байхад Нямдорж араас ирэхдээ хөнжил пүүгээ, хүүхдийн хувцсаа бариад ирсэн. Тэгээд Улаанбаатарт оройн 19 цаг 30 минут болж байхад ирээд Баянбүрд буудалд хоносон. Тэгээд буудалд орж ирээд байж байхад саарал цүнхэн дотор дээл, цөгц зэрэг эд зүйл байсан. Эдгээр зүйлүүдээр яах гэж байгаа талаар нь асуухад би өмсөх гэж авсан гээд хаанаас авсан талаараа яриагүй...” гэжээ /хх-110-111/.

Гэрч Г.Түмэнжаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр санагдаж байна. Манай хашааг хардаг Нямдорж, Ариунбуян гэх гэр бүлийн хоёр хүн байсан ба тэдний нөхөр Нямдорж нь манай хашаанд байсан нүүрсийг танихгүй хүмүүст зарсан байсан. Тэрнээс өмнө мөн Нямдорж миний явуулсан 1.575.000 төгрөгийг аваад гэрээсээ яваад алга болчихсон. Энэ маргаан нь дуусаагүй байхад дахин ирээд нүүрсийг маань зарсан. Энэ хоёр анх 2017 оны 4 дүгээр сард манай хашааг харах гээд ирсэн юм. Бага насны хүүхэдтэй болохоор нь бас гайгүй юм байх гэж бодсон. Нямдорж нь сүүлдээ миний нүүрсний ажилд туслаад Налайхаас нүүрс авчирдаг болсон юм. Ариунбуян манай найзын хамаатны хүн байгаа юм. Тэгээд надаас гуйхаар нь би зөвшөөрөөд хашаандаа гэр бүлээр нь байлгаж байсан. Харин Нямдорж нь нөхөр нь бөгөөд манай талхны цехэд эхлээд ажиллаж байгаад дараа нь нүүрс зөөдөг болсон. Би Налайхаас нүүрс авчруулахаар Нямдоржийг явуулсан ба нүүрсний мөнгө гэж 1.575.000 төгрөг өгсөн. Нямдорж надад хэлэхдээ нэг данс нь уурхайн тогооч, нөгөө данс нь уурхайн эзний данс гэж хэлээд авсан. Дараа нь явуулсан хүмүүсээ харсан чинь Гантуяа, Ариунгоо гэх нэртэй хоёр хүн байсан. Би энэ хоёр хүнийг танихгүй. Тэр хашаанд 40 гаруй тонн нүүрс байсан ба Нямдорж 4 портер тэвш нүүрс авсан байсан. Тэгэхээр 1 портер тэвш нүүрс 1 тонн болдог болохоор 4 тонн нүүрс авсан гэсэн үг. Одоо 1.000.000 төгрөгийн хохирол дутуу байгаа. Надад одоогоор 500.000 төгрөг Нямдоржийн ар гэрийн зүгээс өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг Нямдорж болон түүний ар гэр хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа ажил хийгээд ч хамаагүй төлж барагдуулна гэсэн...” гэжээ /хх-21-22/.

Гэрч М.Зоригт мэдүүлэхдээ: “...Би cap өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17-ын автобусны буудлын ойролцоо байдаг Гялгар гэх мод болон нүүрсний зах дээр хувийн автомашинаар нүүрс зардаг юм. Тэгээд өдөр ажил дээрээ байж байтал нэг 25 орчим насны эрэгтэй хүн ирсэн ба би нүүрс авах уу гэсэн чинь үгүй ээ ахаа харин нүүрс зарах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь ямар учиртай хаанахын нүүрс юм бэ гэхэд Налайхаас өөрөө авчирсан нүүрс байгаа юм. Машингүй болохоор зарж чадахгүй байсан гэсэн. Хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд нуруулдаад /тэвшний дээгүүр/ 180.000 төгрөг, тэвшний хэмжээгээр 100.000 төгрөг гэсэн ба 100.000 төгрөгөөр 5 тэвш авахаар тохирсон. Тэгээд би Дамбадаржаагийн уулзварын ойролцоо нэг газар очоод хашаанд нь байх нүүрснээс эхний тэвшээ аваад ажил дээрээ буулгасан чинь нөгөө залуу чинь ахаа би мөнгөө авчих уу гэхээр нь АТМ-ээс 500.000 төгрөг өгсөн ба үлдсэн тэвшээ ачиж байгаарай би ойрхон яваад ирнэ гэсэн. Тэгээд 5 дахь тэвшээ ачих гээд очсон чинь өөр машинтай эрэгтэй, эмэгтэй хүн хоёр хүн ирээд юу болоод байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би болсон зүйлийн талаар хэлэхэд надад нүүрс зарсан залуу тэр хүмүүсийн хашааг хардаг хүн гэж хэлсэн. Тэгээд манай нүүрснээс зөвшөөрөлгүй авсан гээд маргаан болсон. Би тэр хүмүүсээс яаж мэдэж ирсэн юм бэ гэхэд нөгөө хашаа болон нүүрсийг нь хардаг хүмүүс усанд орох гээд гэрт ирэхгүй байхаар нь ирсэн гэж хэлсэн Тийм болохоор би тэднийг ойр дотны хүмүүс байна гэж бодоод өөрийн мөнгөөрөө авсан нүүрсээ эргүүлж өгөхийг хүсээгүй. Тэр залуу 25 орчим насны хүн байсан ба дунд зэргийн нуруутай, бор царайтай эрэгтэй хүн байсан. Гаднаас нь харахад барилгын болон хар, бор ажил хийдэг залуу шиг харагдаж байхаар нь бас итгэл төрж байсан. 4 тэвш нүүрс аваад 5 дах тэвшээ ачих гэж байхад нөгөө нүүрсний эзэн гэх хүмүүс ирсэн. Харин би тэр залууд 500.000 төгрөгийг бүгдийг нь өгсөн. Би 9439-УБЯ улсын   дугаартай, портер маркийн автомашинаараа тэр нүүрсийг очиж авсан. Тэр залуугийн гэр нь тухайн хашаанд байсан болохоор би өөрийнх нь нүүрс мөн юм байна гэж итгэсэн юм. Би тэр хүнийг өөр хүний нүүрс зарж байна гэж бодоогүй...” гэжээ /хх-26-28/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-60, 65-77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-12-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-159-160/, эд зүйлийн үнэлгээ /хх-125, 158/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч М.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-31 тоотод С.Уянгын нүүрсийг харж оршин суудаг байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын дундуур нүүрс авчруулахаар итгэмжлэн өгсөн1.575.000 төгрөгийг болон 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хашаанд байсан нүүрснээс 500.000 төгрөгийн нүүрсийг бусдад зарж тус тус завшсан,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалант сумын нэг дүгээр багийн нутаг Хар нуур гэх газарт оршин суух иргэн С.Доржийн гэрээс хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, мөнгөн тоногтой хуучны хэт хутга зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.900.000 төгрөгийн хохирол,

              2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт Н.Шинэчимэгийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл, самсунг нөүт 2 загварын гар утас зэргийг хуурч залилан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Уянгын мэдүүлэг, хохирогч С.Доржийн мэдүүлэг, хохирогч Н.Шинэчимэгийн мэдүүлэг,  гэрч Г.Түмэнжаргалын мэдүүлэг, М.Зоригтын мэдүүлэг, Д.Болор-Эрдэнийн мэдүүлэг, Б.Ариунбуянгийн мэдүүлэг, Б.Бадамжавзандамбасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Нийг бусдын эд хөрөнгийг завшсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хуульд заасан хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Т.Уянга нь “...Мэндсайханы Нямдорж нь 400.000 төгрөг, 1.100.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгч хохирлыг барагдуулсан тул Мэндсайханы Нямдоржид гомдол байхгүй...” гэх 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Нийг хохирогч Т.Уянгад төлөх төлбөргүй болсон байна гэж дүгнэв.

Харин шүүгдэгч М.Ноос хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй хохирол болох 3.350.000 төгрөгийг гаргуулан үүнээс хохирогч С.Доржид 2.900.000 төгрөгийг, хохирогч Н.Шинэчимэгт 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт 350.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 118 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мэндсайханы Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Нид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ноос нийт 3.350.000 төгрөг гаргуулан хохирогч С.Доржид 2.900.000 төгрөгийг, хохирогч Н.Шинэчимэгт 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт 350.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шүүгдэгч М.Н нь хохирогч Т.Уянгад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН