| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00640/И |
| Дугаар | 191/ШШ2025/05935 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05935
2025 07 04 191/ШШ2025/05935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух, Б овогт Н.Э /РД:0000000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ тоот хаягт байрлах, М ХХК /РД:0000000/,
Хариуцагч: .................. тоот хаягт байрлах, ИЭ ХХК /РД:000000/,
Хариуцагч: .................. тоот хаягт байрлах, И ХХК /РД:000000000/-иудад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: .................. тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
(Хариуцагч ИЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товийг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч М ХХК, ИЭ ХХК, И ХХК-иудад холбогдуулан .................. тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Н.Э би анх ИЭ ХХК-тай 2022.12.06-ны өдөр №000000000 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч ИЭ ХХК нь нийслэлийн .................... тоот хаягт 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Н.Э би гэрээний 5.1-т зааснаар 140,828,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээ ёсоор миний бие 2022.12.06-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 38,000,000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн. Харин хариуцагчдын хувьд гэрээний 6.1-т зааснаар орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ зөрчиж, 2023.12.30-ны өдөр захиалагч надад орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Гэвч тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй намайг хохироосоор байна. Гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа шалтгаан нь хариуцагч М ХХК, ИЭ ХХК, И ХХК нарын хоорондын харилцааны асуудал гэж хариуцагч нар өөрсдөө тайлбарладаг бөгөөд М ХХК-ийн хувьд дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч захиалагч надтай 2023.12.30-ны өдөр №000 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, захиалагч надад хүлээлгэн өгөх, гэрээний 3.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Ийм байтал дээрх 2 хариуцагч хэн аль нь нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд үүнийгээ хариуцагч И ХХК-иас шалтгаалж байна хэмээн тайлбарладаг ба ИЭ ХХК нь 2023.01.27-ны өдөр М ХХК-д №004/23 тоот Хүсэлт гаргах нь албан бичиг, мөн 2023.12.28-ны өдөр И ХХК-д №073/23 тоот Хүсэлт гаргах нь албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгүүдэд маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч надад худалдсан, мөн төлбөр тооцоо дууссан, түлхүүр болон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн.
Дээрхээс үзвэл хариуцагч нар нь миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх асуудалд надтай байгуулсан 2 удаагийн Орон сууц захиалгын гэрээ болон өөр хоорондоо байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр хамтран хариуцах нөхцөл байдал илэрхий тодорхой харагдаж байгаа юм.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Э намайг нийслэлийн .................. тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий үйл баримтын хувьд 260 айлын барилга барих байсан. Манай компани И ХХК-тай 130 айлын барилга барих гэрээ байгуулсан.
ИЭ ХХК нь 70 хувьтай байхад нь хаяад явсан. 2023.12.02-03-ны өдрүүдэд нэг гараш давхардаад зарсан байна гэх маргаан гарсан. ИЭ ХХК-тай холбоотой зар тараасан. Их олон хүмүүс ирсэн. Гарашийн асуудал дугаарлалт буруу байсан. Эдгээрийн нэг нь нэхэмжлэгч Н.Э. ИЭ ХХК-тай байгуулсан гэрээгээ бариад ирсэн. ИЭ ХХК байр борлуулах эрхгүй гэж бид хэлсэн.
Манай компанийн зүгээс иргэдийг гадаа байлгаж болохгүй, түлхүүрийг нь өгөөд оруулъя. Энэ компанид төлсөн мөнгөө аваад манайд өгөөрэй гэж хэлсэн. Бид 2023.12.30-ны өдөр гэрээ байгуулаад орон сууцанд нь оруулсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь манай компанид төлбөр мөнгө нь орж ирээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.
3.Хариуцагч ИЭ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани 2020.04.20-ны өдөр И ХХК-ийн орон сууцны барилгын А блок угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон М ХХК-тай №00000 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дүн 90 хувь бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр манай компанид олгогдсон.
Уг бартерт манай компанид олгогдсон байруудыг бараа материал, ажлын хөлсөнд бартер болон бэлэн мөнгөөр борлуулан уг төслийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. 2023.11.29-ний өдөр И ХХК-ийн үйлчилгээтэй 260 айлын 2 блок төсөлд улсын комисс ажиллаж орон сууцуудыг захиалагч нарт хүлээлгэн өгч эхэлсэн. М ХХК-иас 2023.12.02-ны өдөр манай захиалагч нарыг дуудан захиалгын гэрээ бичиг баримтыг хувилан авсан байсан. Гэвч манай захиалагч нарт байрны түлхүүр өгөхгүй хүлээлгэж байсан.
2023.12 дугаар сарын дунд үед И ХХК , М ХХК , ИЭ ХХК-иудын захирал удирдлагууд захиалагч нартай барилгын талбайд манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас М ХХК болон И ХХК-иуд нь гэрчилгээ гаргахгүй тооцоо дууссаны дараа гаргана гэсэн. Энэ байрнууд дунд манай компанид бартерт олгогдсон ......... орцны ....... давхрын 000 өрөө 0000 м.кв В загварын байрыг Н.Э-д гэрээ байгуулан борлуулсан байсан. Захиалагчид байрандаа орсон.
Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон ................ хороо, И ХХК-ийн 260 айлын орон сууцны А блок ... дүгээр орцны ....... давхрын 000 өрөө 0000 м.кв байрыг захиалагч Н.Э-д үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан болно. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ.
М ХХК болон И ХХК-иудын захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
4.Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани М ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ........... дүүрэгт баригдаж ашиглалтад бүрэн орсон И хотхоны барилга угсралтын ажлуудыг гүйцэтгүүлсэн.
ИЭ ХХК-тай манай И ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байхгүй бөгөөд тухайн компанийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг манайд байхгүй. Энэхүү нэхэмжлэгч талын маргаж буй И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар .... тоот хаягт байрлах, 0000 м.кв байрыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт М ХХК-д олгосон.
Нэхэмжлэгчийн манай И ХХК-д холбогдуулж гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тайлбар, нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэнэ... гэв.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.23-ны өдөр 862,090 төгрөг төлсөн баримт /хх-ийн 5 х/,
-2025.01.22-ны өдрийн 0054 бүртгэлийн дугаартай Э.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-2022.10.06-ны өдрийн 000000000 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 7, 10-12 х/,
-2023.12.30-ны өдрийн 000 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-ийн 8-9 х/,
-....... давхрын технологийн байгуулалтын зураг /хх-ийн 13 х/,
-Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 14 х/,
-2023.01.27-ны өдрийн 004/23 тоот ИЭ ХХК-ийн албан бичиг /хх-ийн 15 х/,
-2023.12.28-ны өдрийн 073/23 тоот ИЭ ХХК-ийн албан бичиг /хх-ийн 17 х/,
-2025.06.23-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 54 х/ зэрэг баримтуудыг,
6.Хариуцагч М ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.03.31-ний өдрийн 2025-55 дугаартай Д.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 24 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 25, 90 х/,
-2025.06.25-ны өдрийн 2025-106 дугаартай Д.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 24 х/ зэрэг баримтуудыг,
7.Хариуцагч ИЭ ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 32 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 36 х/,
-2025.06.24-ний өдрийн 021/25 дугаартай Г.Н-д олгосон итгэмжлэл /хх-ийн 55 х/ зэрэг баримтуудыг,
8.Хариуцагч И ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.03.19-ний өдрийн 25/0174 дугаартай Ч.П-д олгосон итгэмжлэл /хх-ийн 27 х/,
-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 28 х/,
-Компанийн дүрэм /хх-ийн 29-30 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 61 х/,
-2023.12.15-ны өдрийн 23/010 дугаартай И ХХК болон М ХХК-ийн хамтран ажилласан гэрээний дүгнэлт /хх-ийн 62 х/,
-2024.10.01-ний өдрийн 2024-138 тоот М ХХК-ийн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 63-64 х/,
-2020.03.30-ны өдрийн 0000 дугаартай ........ дүүргийн ..... хороо, И ХХК-ийн 260 айлын орон сууц ба Үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ /хх-ийн 65-68 х/,
-И хотхон бартераар авсан байр жагсаалт А, Б блок /хх-ийн 69-71 х/,
-2024.10.18-ны өдрийн 000000000 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 72-76 х/,
-2024.10.03-ны өдрийн 2024-105 тоот М ХХК-ийн албан бичиг /хх-ийн 77 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 78 х/,
-2020.04.20-ны өдрийн №00000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 79-81 х/,
-2023.12.25-ны өдрийн М ХХК, ИЭ ХХК тооцоо /хх-ийн 82-86 х/,
-2025.07.04-ний өдрийн 25/0173 дугаартай Б.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 87 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч М ХХК, И ХХК, ИЭ ХХК-иудад холбогдуулан .................. тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардаж эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч ИЭ ХХК-тай 2022.10.06-ны өдөр 000000000 дугаартай Орон сууц захилгын гэрээ-г байгуулж, 140,828,000 төгрөгийн үнэ бүхий ........... дүүрэг, ......... хороо, И хотхон, А блок, ... дүгээр орц, ..... давхарын 0000 м.кв /В орон сууц/ 000 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээнд заасны дагуу 140,828,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь 00000000 тоот дансанд 2022.12.23-нд 38,000,000 төгрөг, 2022.12.06-нд 100,000,000 төгрөгөөр тус тус төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Гэтэл хариуцагч ИЭ ХХК нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулах үүргээ зөрчиж 2023.12.30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөөгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Хариуцагч ИЭ ХХК нь Манай компани 2020.04.20-ны өдөр И ХХК-ийн орон сууцны барилгын А блок угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон М ХХК-тай №00000 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дүн 90 хувь бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр манай компанид олгогдсон...
Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон ............... дүүргийн ........ дугаар хороо, И ХХК-ийн 260 айлын орон сууцны А блок ... дүгээр орцны ....... давхрын 000 өрөө 0000 м.кв байрыг захиалагч Н.Э-ы тооцоо дууссан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
4.Хариуцагч И ХХК нь манай компани М ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ........... дүүрэгт баригдаж ашиглалтад бүрэн орсон И хотхоны барилга угсралтын ажлуудыг гүйцэтгүүлсэн..., нэхэмжлэгч талын маргаж буй И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар .... тоот хаягт байрлах, 0000 м.кв байрыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт М ХХК-д хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага манай компани хамааралгүй гэж тайлбарлаж байна.
5.Хариуцагч М ХХК нь манай компани 2020.03.30-ны өдөр И ХХК-тай ............... дүүргийн ......... хороонд байрлах 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт гадна тохижилтын ажлын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2 дугаар барилгын 130 айлын орон сууцны барилга болон гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг ИЭ ХХК-тай байгуулсан боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүйгээр ажлыг 70 хувьтай байхад нь хаяад явсан. 2023.12.02-03-ны өдрүүдэд нэг гараш давхардаад зарсан байна гэх маргаан гарсан учраас манайх ИЭ ХХК-тай холбоотой зар тараасан. Гэтэл их олон хүмүүс ирсний дотор нэхэмжлэгч Н.Э нь ИЭ ХХК-тай байгуулсан гэрээгээ бариад ирсэн.
Тухайн үед нь бид ИЭ ХХК байр борлуулах эрхгүй гэж хэлсэн. Манай компанийн зүгээс иргэдийг гадаа байлгаж болохгүй, түлхүүрийг нь өгөөд байранд нь оруулъя. Энэ компанид төлсөн мөнгөө аваад манайд өгөөрэй гэж хэлээд 2023.12.30-ны өдөр гэрээ байгуулаад орон сууцанд нь оруулсан.
Нэхэмжлэгчийн хувьд манай компанид орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбарыг үндэслэн шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.
6.1. Захиалагч И ХХК нь 2020.03.30-ны өдөр гүйцэтгэгч М ХХК-тай 0000 дугаартай ............... дүүргийн ......... хороо, И ХХК-ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт гадна тохижилтын ажлын гэрээ байгуулж, М ХХК нь энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 1.6-д зааснаар ............... дүүргийн ......... хороо И ХХК-ийн тэнхлэгээрээ (48.0 x 17.0) м хэмжээтэй техникийн давхар бүхий зоорьтой, ..... давхар 2 блок 260 айлын орон сууц, (12.0 х 17.0) хэмжээтэй зоорьтой 2 давхар үйлчилгээний барилга, гадна тохижилт (тухайн төсөлд хамаарах бүх материалууд, гүйцэтгэх ажлууд, тоног төхөөрөмж, ус, цахилгаан, дулааны төлбөр болон гадна тохижилт)-ын авто замаас бусад ажлыг 2020.03.30-ны өдрөөс 2021.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд 26,367,000,000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэх,
И ХХК нь 26,367,000,000 төгрөгийг М ХХК-д 2,636,700,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 23,730,000,000 төгрөгт бартер байхаар харилцан тохиролцож, бартерийн байрны жагсаалтыг гэрээний хавсралт 2-т тусгажээ. /хх-ийн 65-68 х/
Тодруулбал, гэрээний хавсралт И хотхон бартераар авсан байрны жагсаалт А блок гэсэн хүснэгтийн 4-т 1 давхар, ... дүгээр орц баруун загвар В 0000 м.кв талбайтай, 000 өрөө буюу маргаан бүхий орон сууцыг захиалагч И ХХК нь М ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан байна. /хх-ийн 69-71 х/
6.2. Дээрх гэрээг байгуулснаас хойш М ХХК нь 2020.04.20-ны өдрийн 0000000 дугаартай ............... дүүргийн ......... хороонд байрлах И ХХК-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ-г захиалагчийн төлөөлөн ИЭ ХХК-тай байгуулсан байна. /хх-ийн 79-81 х/
ИЭ ХХК нь энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар ............... дүүргийн ......... хороонд А ХХК-ийн захиалгаар баригдах И ХХК-ийн тэнхлэгээрээ (48 x 17) 000 м.кв хэмжээтэй техникийн давхар бүхий зоорьтой, ..... давхар, техникийн давхар өргөтгөл 000 м.кв хэмжээ бүхий нийт 0000 м.кв бүхий орон сууцны барилгын /А блок/ барилга угсралтын ажил, иж бүрэн, гадна шугам сүлжээний ажил, гадна талбай тохижилт /явган хүний зам, сагсны болон тогтоолын талбай/-ын ажлыг 2020.03.30-ны өдрөөс 2021.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12,835,447,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 бартераар авах,
Захиалагч М ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийн дүн болох 641,772,350 төгрөгийг 4 жилийн хугацаанд барьцаа болгон авч үлдэх, 4 дүгээр зүйлд зааснаар ажил дууссаны дараа холбогдох баримт бичгийг гүйцэтгэгчээс хүлээн авах, гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.01 хувийн алданги тооцох, гэрээний санхүүжилтийн хэмжээг бууруулах, гүйцэтгэсэн санхүүжилтийг буцаан нэхэмжлэх,ажлыг зогсоох, хүлээн авахгүй байх, учирсан хохирлоо бүрэн төлүүлэхээр шаардах, гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх эрх үүргийг хүлээсэн байна.
6.3. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба И ХХК, М ХХК-иудын хооронд байгуулсан 2020.03.30-ны өдрийн 0000, М ХХК, ИЭ ХХК-иудын 2020.04.20-ны байгуулсан 0000000 дугаартай гэрээнүүдэд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсчээ.
а. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээний зүйл нь гүйцэтгэх ажил, ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
б.2023.12.15-ны өдөр 23/010 тоот албан бичгээр Манай И ХХК нь 2020.03.З0-ны өдөр М ХХК-тай ............... дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээтэй 260 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон №0000 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний санхүүжилтийг манай талаас гүйцэтгэгч талд 100% өгсөн бөгөөд гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг 100% хийж гүйцэтгэн 2023.11.29-ний өдөр байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Иймд хоёр талаас уг гэрээг 100% үйцэтгэлтэй гэж дүгнэн албан бичгээр баталгаажуулан хааж байна гэж И ХХК, М ХХК-иудын нь 2020.03.30-ны өдрийн 0000 дугаартай гэрээг дүгнэсэн байх ба талуудын хоорондох тооцоо дуусгавар болсон байна. /хх-ийн 63 х/
в.Мөн гэрээний 2020.03.30-ны өдрийн 0000 дугаартай гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч И ХХК нь маргаан бүхий орон сууц буюу И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар .... тоот хаягт байрлах, 0000 м.кв байрыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт М ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцыг хариуцагч М ХХК-д шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч И ХХК-ийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага манай компани хамааралгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэстэй.
г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасанд нийцэж байна.
д.Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч Ирээдүйн бэлэг ХХК, И эм эн констракш ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Хариуцагч М ХХК нь 2023.12.30-ны өдөр ............... дүүргийн ......... хороо, И хотхоны А блок, ..... давхар В загвар буюу .... тоот 0000 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Н.Э-т хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй.
7.1. Харин маргааны үндэс нь нэхэмжлэгч Н.Э орон сууцыг хүлээн авсан өдрөө хариуцагч М ХХК-т 000 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г дахин байгуулсантай холбоотой байх ба уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 140,828,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 сарын дотор буюу 2024.06.30-ны өдрийн дотор төлнө, 2.2-т Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг ИЭ ХХК-д төлсөн гэжээ. /хх-ийн 7-8 х/
а. Талуудын орон сууц захиалгын гэрээний харилцаанд орсон үндэслэл, статус ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, захиалагч М ХХК, гүйцэтгэгч ИЭ ХХК-иуд нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, бизнесийн эрсдэлийг зохих түвшинд үнэлж, үйл ажиллагаа явуулж, ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгчид байх тул бизнесийн үйл ажиллагааны эрсдэлээ өөрсдөө хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
б. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд гүйцэтгэгч ИЭ ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гэрээнд тусгагдсан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөн нь тохиолдолд захиалагч М ХХК нь 2020.04.20-ны өдрийн 0000000 дугаартай гэрээтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
в. Мөн М ХХК, ИЭ ХХК-иудын хооронд байгуулсан 2020.04.20-ны өдрийн 0000000 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6.5-д учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх, 5 дугаар зүйлийн 5.3.2-т аль нэг тал гэрээгээ хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон байх боловч хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, ажлын хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий орон сууцыг М ХХК нь буцаан авсан үйл баримт тогтоогдсонгүй.
г. И ХХК, М ХХК, ИЭ ХХК-иудын тус тус байгуулсан гэрээ /үндэслэх хэсгийн 6.1, 6.2/-г дээр нь дүгнэсэн ба хэрэгт авагдсан М ХХК, ИЭ ХХК-иудын 2023.12.25-ны өдрийн Тооцоо баримтаар маргаан бүхий И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий орон сууцыг 2021.10.08-ны өдөр гүйцэтгэгч ИЭ ХХК-д шилжүүлсэн байх тул байх тул хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. /хх-ийн 82-85 х/
8. Ийнхүү М ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий орон сууцыг ИЭ ХХК нь 2022.10.06-ны өдөр Н.Э-тэй 000000000 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 9-13 х/
а. 2022.10.16-ны өдрийн 000000000 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар гүйцэтгэгч ИЭ ХХК нь захиалагч Н.Э-д ............... дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах, И хотхоны А блок, ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх,
5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар захиалагч Н.Э нь гэрээний нийт үнэ 140,000,000 төгрөгийн 71 хувь болох 100,000,000 төгрөгийг 2022.12.06-ны өдөр, үлдэх 29 хувь буюу 40,828,000 төгрөгийг 2023.02.05-ны дотор Хаан банкны 00000000 тоот дансанд төлөх,
6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ИЭ ХХК нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байгааг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаа бус 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
в. Талууд гэрээгээ орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Учир нь М ХХК, ИЭ ХХК-иудын хооронд байгуулсан 2020.04.20-ны өдрийн 0000000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлын төлбөрт 2021.10.08-ны өдөр захиалагчаас гүйцэтгэгчид маргаан бүхий орон сууц шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон тул И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий орон сууцны үнийг ИЭ ХХК нь 140,000,000 төгрөгөөр тогтоож, Н.Э нь 2022.12.23-нд 38,000,000 төгрөг, 2022.12.06-нд 100,000,000 төгрөгөөр тус тус төлсөн байгаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.
г. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд М ХХК-ийн ИЭ ХХК-тай байгуулсан 2020.04.20-ны өдрийн 0000000 дугаартай гэрээ, ИЭ ХХК-ийн Н.Э-тэй 000000000 дугаартай гэрээ тус тус өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иймээс ............... дүүргийн ......... хороо, И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Эыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн болно.
9.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2025.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 862,000 төгрөгийг гаргуулж Н.Э-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ............... дүүргийн ......... хороо, И хотхоны А блокын ... дүгээр орц, ..... давхар В загварын 0000 м.кв талбай бүхий 000 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Э-ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч И ХХК, И эм эн констракш ХХК-иудад холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Э-ы татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2025.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 862,000 төгрөгийг гаргуулж Н.Э-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА