| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/06046/И |
| Дугаар | 191/ШШ2025/06424 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ******** давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,682,147 төгрөг гаргуулахаар Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагч этгээд А.*******ы хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иргэн А.*******ыг 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2024/01783 тоот шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулж Сэлэнгэ аймгийн ******* байранд оршин сууж буйг олж тогтоосны дагуу Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаар манай байгууллага нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй А.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-с иргэн А.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-33/.
3. Нотлох баримт тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, А.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ00190803 дугаартай зээлийн гэрээ /хх-6-8/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ФГ00190803 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх-9-10/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 316/ШЗ2025/01484 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-11-12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024-6-11-ний өдрийн 30ш4-2/3061 дугаартай А.******* нь Сэлэнгэ аймгийн шаамар ********* байранд оршин сууж байгаа нь тогтоогдсон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг /хх-13/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01783 дугаартай А.*******ыг эрэн сурвалжлах тухай шийдвэр /хх-14-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр А.*******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-21/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-22-23/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н *******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ00190803 дугаартай зээлийн гэрээ /хх-6-8/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ФГ00190803 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх-9-10/ зэрэг баримтаас үзэхэд А.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/28186 дугаар захирамжаар А.*******ы оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17-р хороо, шар хад 50-р гудамж 10 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-21/.
Дээрх хаягаар А.*******ыг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлж /хх-23/, баталгаат шуудангийн магадлагаанд заасан хаягт ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-22/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* нь ******** тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан тухайн хорооны засаг даргын тодорхойлолт,
Сэлэнгэ аймаг, ****** байранд оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 316/ШЗ2025/01484 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байна.
6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ00190803 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ФГ00190803 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нд А.******* нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-н *******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-33/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-н *******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.*******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул /холбоо барих утас-99048036/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ