Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 131

 

                                                                 

 2018        05            03                                                    2018/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт А Б холбогдох эрүүгийн 1721003260096 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд -ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 сарын 19-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 7 сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаартай, бие эрүүл, овогт А Б.

            Шүүгдэгч ******* ******* нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газраас хохирогч ******* 2 тооны адууг улаан өнгийн “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 9 дүгээр сараас Дорнод аймгийн Баяндун суманд очиж мал, мах худалдан авч эхэлсэн юм. ...2017 оны 09 дүгээр сард Амгалан, Бялжиг гэх 2 залуугаас хар зүсмийн бүдүүн морь, бор зүсмийн бүдүүн морь зэргийг худалдаж авсан. ...Тэгээд уг 2 морио 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр Баяндун сумын “Билүүт” гэх газарт малчин Раднаабазар гэх хүнд аваачиж өгсөн юм. Ингээд дээрх адууг аваачиж өгснөөс хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр Раднаабазар ах над руу залгаад дээрх 2 тооны адуу чинь аргамжаатай байж байгаад алга болчихсон гэж хэлсэн. Би дээрх 2 тооны адууг нэгийг нь 600,000 төгрөгөөр худалдаж авсан нийт 1,200,000 төгрөг өгч худалдаж авсан юм. Иймд ******* 2 тооны адууны мөнгө болох 1200000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын дунд үеэр манай нутгийн Сугарсүрэн нь өглөө 10-аас 11 цагийн орчимд над руу залгаад та 2 тооны бүдүүн морь худалдаж авах уу, сумаас баруун тийш манай нөхөр Б мотоциклтой 2 тооны адуу авчирч байхад нь мотоцикл нь эвдэрсэн гэж байна гэж хэлэхээр нь би адууг нь авахаар болоод өөрийн 58-30 УБН дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр төрсөн дүү Отгонбаатарыг Сугарсүрэнгийн хамтаар явуулсан. Ингээд Сугарсүрэн, Б, Отгонбаатар нар орой манай хашаанд ирээд 2 тооны адуу буулгасан, би одоо яг ямар зүстэй, тамгатай адуу байсан талаар санахгүй байна. Ингээд Б авчирсан 2 тооны  адууг  өөрт өмнө байсан 3 тооны адуутай хамт хашаандаа 2 хонуулаад амьдаар нь ачиж  Дорнод аймаг руу явж аймгийн зүүн талд “Бунхан” гэх газар байх мал мах худалдан авах зах дээр аваачиж нядлуулж зарсан юм. Тухайн үед дээрх 5 тооны адууны зургийг мал нядалгааны цэг дээр авсан байх гэж бодож байна. Иймд ******* нь хулгайн адууг худал хэлж өгөөд ажил чирэгдэл болж байгаад гомдолтой байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 10 сарын 20-доор байхаа намайг гэртээ байхад Б утсаар ярихдаа би ах эгчээсээ 2 тооны адуу авсан чи машин аваад хүрээд ирээч гээд байхаар нь манай сумын мал, мах авдаг Дэлгэрцэцэг эгч рүү та адуу авч байгаа юу? гэхэд адуу авч байгаа гэхээр нь манай нөхөр Б ******* 2 адуу ахаасаа аваад наашаа ирэх гэсэн чинь болдоггүй намайг машин олоод ир гэсэн юмаа, та машинаараа яваад өгөөч гэхэд за гэж хэлээд өөрийнхөө дүү Отгонбаатарт машинаа өгөөд явуулсан байхаар нь бид хоёр хамт яваад Баяндун сумын зүүн талд байдаг Амар гэдэг айлын гадаа очиход Б гарч ирээд 2 тооны адуу хашаанд байгаа гээд очоод машин дээр ачаад бид нар суманд ирээд 1 тооны адууг нь 500,000 төгрөгөөр Дэлгэрцэцэг эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 10 сард манай сумын Б гэх залуу баруун хойноос нар жаргахын үед 2 тооны адуу мотоциклоор тууж ирээд манай малын хашаанд хаагаад гэрт орж ирэхээр нь манай эхнэр Энхчимэг хаанаас ямар адуу аваад явж байгаа юм гэхэд би хүнээс авлагаа аваад явж байна гэж байсан. Тэгээд манайд утсаар яриад байж байгаад 19 цагийн орчимд Б эхнэр гэх нүдний шилтэй хар намхан эмэгтэй, цэнхэр өнгийн портер машинтай 2 хүн ирэхэд нь Б 2 тооны адууг ачаад шууд урагшаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газраас хохирогч ******* 2 адууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны сүүлээр 10 дугаар сарын дунд үеэр Баяндун сумын төвд явж байгаад орой 17-18 цагийн орчимд “Билүүт” гэх газар руу ганцаараа алхаж байгаад 23 цагийн үед Раднаа гэх айлын ойролцоо очиход 2 тооны адуу гэрийнх нь урд аргамжаатай байхаар нь  дээрх 2 тооны адууны аргамжааг нь тайлж аваад нэг адууг нь унаж нөгөөг нь хөтөлж яваад Баяндун сумын зүүн талд байх гэх айлын зүүн хойд талын модонд дээрх хулгайлсан 2 тооны адуугаа уяж тэр хавьдаа үд өнгөртөл байж байгаад ганцаараа сумын төв ороод 3 хоносон. Би суманд байх хугацаандаа Дашбалбар суманд байх Сугарсүрэн руу залгаж би хамаатнаасаа 2 тооны адуу авсан юм. Наанаас чинь адуу ачаад явчих унаа олдох уу? гэхэд Сугарсүрэн би олоод очно гэхээр би дээрх 2 тооны адуугаа модноос мотоциклоор тууж ын хашаанд хашnж орхиод байж байхад орой Сугарсүрэн ачааны машин авч ирэхээр нь бид нар тэр шөнөдөө 2 адуу болон мотоциклийг машин дээр ачиж Дашбалбар сум руу явж Дима гэх хүнд адууг зарсан. Би Сугарсүрэнтэй хамт ирсэн машины жолоочийг танихгүй. Миний хулгайлсан адуу нь хар зүсмийн, бор зүсмийн бүдүүн морьд байсан, би тэр адууг 3-н нүдний чандмань тамгатай байна гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч ******* өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сард Амгалан, Бялжиг гэх 2 залуугаас хар зүсмийн бүдүүн морь, бор зүсмийн бүдүүн морь зэргийг худалдаж авсан. ...2017 оны 10 дугаар сарын дунд үеэр Раднаабазар ах над руу залгаад дээрх 2 тооны адуу чинь аргамжаатай байж байгаад алга болчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, иргэний нэхэмжлэгч Дэлгэрцэцэгийн өгсөн: “...Сугарсүрэн, Б, Отгонбаатар нар орой манай хашаанд ирээд 2 тооны адуу буулгасан, би одоо яг ямар зүстэй, тамгатай адуу байсан талаар санахгүй байна. ...Б авчирсан 2 тооны  адууг  өөрт өмнө байсан 3 тооны адуутай хамт хашаандаа 2 хонуулаад амьдаар нь ачиж  Дорнод аймаг руу явж аймгийн зүүн талд “Бунхан” гэх газар байх мал мах худалдан авах зах дээр аваачиж нядлуулж зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч ******* бусдын малыг хулгайлахдаа улаан өнгийн “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашигласан гэж яллах дүгнэлтдээ тусгасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь бусдын 2 адууг хулгайлах үедээ явган явж авсан байх бөгөөд уг 2 адууг хулгайлан авч хэд хоног модонд нууж уяж хонож байгаад бусдын эзэмшлийн мотоциклоор тууж ирсэн болох нь нотлогдож байх тул түүнийг хулгайн хэрэгтээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах  бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцдог бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг бусдын хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдсэн төгссөн гэмт хэрэг  гэж үзнэ. Харин гэмт хэрэг төгссөний дараа бусдын мотоциклоор 2 адууг тууж ирсэн үйлдлийг тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч ******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлан бусдад 1000000 төгрөгөөр зарж борлуулж ашиг олсон байх тул түүнээс энэ мөнгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Б.Бат-Эрдэнэд 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол 2000000 төгрөгийг төлж барагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖА81062472 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, *******гийн эзэмшлээс 300000 /гурван зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг 5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 2 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг эзэмшигчид нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А Б бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бат-Эрдэнэд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, *******гийн эзэмшлээс 300000 /гурван зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг 5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,  түүний эдлэх ялыг 2018 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР