Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/505

 

         

*******д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор А.Дэлгэрмөнх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцэлд үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2311 01916 1456 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн *******гийн *******, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын *** дугаар баг, *** оршин суудаг, /РД:/,

******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний оногдуулсан 2 жил 02 сарын хорих ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 257 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сар хорих ял болгон өөрчилсөн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хуулийн тэгшитгэлээр суллагдсан.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялын 1 хоногийг эдэлж, 11 сар 29 хоногийн ялын үлдэгдэлтэй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын автобусны буудал дээр иргэн *******тэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын 2022/ХМШЗ/67 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн 1 жил 59 хоног зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ы энэ хэрэгт нийт 2 сарын хугацаанд цагдан хоригдсоныг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******аас 20,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ХМШ/67 дугаартай захирамжаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн шүүгдэгч нь ял эдлэх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, зорчих эрх хязгаарлах ялаас зайлсхийж, ялаас 1 хоногийн ялыг эдэлсэн.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан нь уг ялыг эдлэх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүх шүүгдэгчид дахин зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.

Тодруулбал, ял эдлэх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь гэмт хэрэгт шалгагдах явцад цахим бугуйвч зүүж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байсан зэргээс үл шалтгаалан, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялыг биелүүлээгүй гэж үзэж, зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа хоногийг тооцно.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Шүүх *******ыг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ёстой атал 11 сар 29 хоногийн ялын үлдэгдэл дээр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” гэсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.               

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***сын автобусны буудал дээр иргэн *******тэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай дуудлага лавлагааны хуудас, тэмдэглэл /хх 04-05/,

хохирогч *******: “...2023 оны 9 дүгээр сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад ******* над руу залгаад би чамд бэлэг авсан ажил дээр чинь очиж өгч чадахгүй байна. Гандан дээр хүрч ирээд аваад яваарай гэхээр нь би ажлаа тараад *******ы сууж байсан караоке дээр очоод уулзаад байж байтал 2-лаа гаръя гээд тухайн караокеноос гараад намайг эх нялхсын автобусны буудлаас суулгаад өгье гээд бид хоёр хамт явсан. ...Эх нялхсын автобусны буудал дээр ирээд би гэр рүүгээ явлаа гэсэн чинь намайг тэврээд явуулахгүй байхаар нь “чи зайл ямар ядаргаатай юм” гээд хаячхаад явтал араас гүйж ирээд хувцаснаас зулгаагаад нүүр лүү 2-3 удаа цохиод, надтай хамт хононо гээд намайг явуулахгүй гээд миний баруун нүд руу цохиж хөхрүүлсэн..." гэх мэдүүлэг /хх 08-09/,

Иргэний нэхэмжлэгч *******: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 2023.9.25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг, оношилгооноос 20,000 төгрөгийн үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын өрөнхий газрын лавлагаа бичиг, баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас 20,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх 12-14/,

Шинжээчийн 2023.9.22-ны өдрийн 11858 дугаартай дүгнэлт: “...*******ийн биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 23-25/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-20/,

Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 31, 91, 131/ гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.     

3. Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ял дээр Хэнтий аймгийн сум дундын 2022/ХМШЗ/67 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 59 хоног зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байна.   

4. Прокурор “...зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан нь уг ялыг эдлэх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүх шүүгдэгчид дахин зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ёстой атал 11 сар 29 хоногийн ялын үлдэгдэл дээр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч *******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзаж, хуульд заасан ялаас хамгийн хүнд ялыг буюу улсын яллагчын санал болгосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хэргийн 103 талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/26527 дугаар “Лавлагааны хариу хүргүүлэх тухай” албан бичгээс дүгнэхэд тэрээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1 хоногийг эдэлж, 11 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх бөгөөд уг зорчих эрхийг хязгаарлах ялыг санаатайгаар биелүүлэхээс зайлхийсэн үндэслэлээр хорих ялаар сольсон, эсхүл үлдэгдэл ялаас зарим хэсгийг эдэлсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Өөрөөр хэлбэл, ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн эсэхтэй холбоотой баримт, лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргадаг бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас гарган өгч буй тухайн баримтыг мөрдөгч, прокурор, шүүх хууль ёсны үнэн зөв гэж дүгнэнэ.

Иймд, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах 2024 оны 2 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 2 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Иймд, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Харин, анхан шатны шүүх ял нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг журамлаж хэрэглэдэг, энэ нь эрүүгийн эрх зүйн онол, практикт тогтсон ойлголт байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэсэн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн : 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ...”гэснийг” ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Б.АРИУНХИШИГ

                           ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                      С.БОЛОРТУЯА