2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06051

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 18 191/ШШ2025/06051

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................. тоот хаягт байрлах, Ф ББСБ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Т /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 37,117,857 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товийг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Т-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,117,857 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Зээлдэгч Ц.Т нь Ф ББСБ ХХК-тай 2022.12.02-ны өдөр FХ000000000 дугаартай Зээлийн гэрээ болон FХ000000000 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтөө төлөхгүй, зээлийн гэрээ зөрчигдсөн, манай байгууллагаас удаа дараа зээлээ төлөхийг анхааруулсан боловч ямар нэг үр дүн гараагүй, зээлдэгч Ц.Т нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу уг зээлийг авсан цагаасаа хойш төлөөгүй байна. Фидуцийн гэрээний зүйл болох автомашин нь зээлдэгч Ц.Т-ын эзэмшил, ашиглалтад байгаа болно.

Зээлдэгч нь ББСБ-аас зээл авснаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Мөн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч Ц.Т-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 15,905,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,125,127 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 37,117,857 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ф ББСБ ХХК-ийн 37,11,857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2022 онд манай төрсөн дүү болон хүргэн нар намайг өөрийн нэр дээр машин зээлээр аваад өгөөч бидний нэр дээр зээл гарах боломжгүй байна гэхэд нь Ф ББСБ ХХК-тай FХ000000000 тоот зээлээр автомашин худалдан авах гэрээ, мөн FХ000000000 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Би зээл төлөгдөөгүй тухай сүүлд мэдсэн. Энэ тухай мэдмэгцээ зээлээр авсан автомашиныг хайж олоход жил шахам хугацаа зарцуулсан учир нь дүү хүргэн хоёр минь салчихсан байсан.

Одоо тус автомашиныг би өөр дээрээ олоод авчихсан байгаа тул 2022.12.02-ны өдрийн дугаар FХ000000000 тоот фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлд дурдсан нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.29-ний өдөр 343,539 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2025.04.28-ны өдөр Ш.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Зээлдэгчийн бүртгэл /хх-ийн 5 х/,

-Зээлийн гэрээний мэдээлэл /хх-ийн 6 х/,

-Зээл хүсэгчийн өргөдөл /хх-ийн 7 х/,

-2025.04.18-ны өдрийн 30д3-2/2697 тоот Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-ийн 8 х/,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.03-ны өдрийн 191/ШШ2025/00974 дүгээр шийдвэр /хх-ийн 9-11 х/,

-2024.03.11-ний өдрийн 30ж2-2/1863 тоот Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-ийн 12 х/,

-Нэхэмжлэх /хх-ийн 13 х/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 14, 52 х/,

-2022.12.02-ны өдрийн 7687 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 15-16, 53-54 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 17 х/,

-2022.12.02-ны өдрийн FX000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 18-21 х/,

-Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 22 х/,

-2022.12.02-ны өдрийн FX000000000 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ /хх-ийн 23-25 х/,

-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 26 х/,

-2019.12.16-ны өдрийн 00000000 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 51 х/,

-2022.12.05-ны өдрийн Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 55 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.07.03-ны өдрийн 0710 дугаартай М.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 39 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 45 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

2.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Т-ад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 37,117,857 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.Зээлдэгч нь 2022.12.02-ны өдөр FX000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 19,000,000 төгрөгийг 26 сарын хугацаатай жилийн 34.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг 2025.12.05-ны өдөр төлж дуусах байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй.

б.2022.12.02-ны өдрийн FX000000000 дугаартай Фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очсон боловч ямар нэг үр дүн гараагүй, тухайн тээврийн хэрэгсэл байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр гаргуулахаар нэхэмжлэлээ дэмжиж байна.

в.Иймд үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөг, хүүний төлбөрт 15,905,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,125,127 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 37,117,857 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч Ц.Т нь 2022 онд манай төрсөн дүү болон хүргэн нар намайг өөрийн нэр дээр машин зээлээр аваад өгөөч бидний нэр дээр зээл гарах боломжгүй байна гэхэд нь Ф ББСБ ХХК-тай FХ000000000 тоот зээлээр автомашин худалдан авах гэрээ, мөн FХ000000000 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Би зээл төлөгдөөгүй тухай сүүлд мэдсэн. Энэ тухай мэдмэгцээ зээлээр авсан автомашиныг хайж олоход жил шахам хугацаа зарцуулсан учир нь дүү хүргэн хоёр минь салчихсан байсан. Одоо тус автомашиныг би өөр дээрээ олоод авчихсан байгаа тул 2022.12.02-ны өдрийн дугаар FХ000000000 тоот фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлд дурдсан нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг ирүүлсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зээлийн гэрээний үүрэгт 37,030,157 төгрөгийг шаардах эрхтэй эсэх талаар

а.Ф ББСБ ХХК болон Ц.Т нарын хооронд 2022.12.02-ны өдөр FX000000000 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

б.Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

в.Зохигчийн 2022.12.02-ны өдөр байгуулсан FX000000000 дугаартай Зээлийн гэрээ-гээр хариуцагч Ц.Т нь 19,000,000 төгрөгийг, жилийн 34.8 хувь, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зорилгоор 2025.12.05-ны өдрийг хүртэл зээлж, зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь зээлийн мөнгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан дансанд шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

г.Энэ өдөр Ф ББСБ ХХК нь FX000000000 дугаартай Зээлийн гэрээ-нд заасны дагуу автомашин борлуулагчийн Хаан банкны 00000000 тоот дансанд ...EB-FX/00000 gereenii tolbor shiljuulev... гэсэн утгатайгаар 27,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр хариуцагч Ц.Т нь автомашин борлуулагч П.Б-тэй 2022.12.02-ны өдөр 7687 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, ................... арлын дугаартай, .................... маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авсан байх ба үүнээс хойш 2025.04.28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй болох нэхэмжлэгчийн тайлбар, зээлдэгчийн бүртгэл, зээлийн гэрээний мэдээлэл, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

д.Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

е.Зохигчийн байгуулсан FX000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлд зааснаар зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг энэхүү гэрээний Хавсралт 1-д тодорхойлж, хариуцагч нь 2023.01.05-ны өдрөөс 2025.12.05-ны өдрийг хүртэл төлөхөөр талууд тохиролцжээ. Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгад дурдагдсанаар хариуцагч нь 2023.01.05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул хариуцагчийн ...2022 онд манай төрсөн дүү болон хүргэн нар намайг өөрийн нэр дээр машин зээлээр аваад өгөөч бидний нэр дээр зээл гарах боломжгүй байна гэхэд нь Ф ББСБ ХХК-тай FХ000000000 тоот зээлээр автомашин худалдан авах гэрээ, мөн FХ000000000 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Би зээл төлөгдөөгүй тухай сүүлд мэдсэн... гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

 

ё.Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог учраас хариуцагчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

ж.Тодруулбал, хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.-д Зээлийг олгох хэлбэр: Зээлдэгч тухайн автомашины худалдан борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан автомашины үнийн дагуу борлуулагчийн Хаан банк дахь харилцах 00000000 дугаар дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг төлбөрийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.2.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

а.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зээлдэгч нь ББСБ-аас авсан зээлийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу ... төлөх, гэрээний 2.2, 2.3, 2.4-т зээлдэгч зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээл, зээлийн хүүг төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцсон байна.

 

б.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Т нь гэрээний 2.5-д заасан үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

в.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох гэж тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийг зээл олгох эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргаагүй тул, шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

г.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

д.Зохигчийн байгуулсан FX000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.4-т зааснаар зээлийн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байх талаар гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр байх тул гэрээний хугацааг хэтрүүлсэн 878 хоногт зээлийн хүү 15,905,030.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,125,126.66 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй байжээ.

 

е.Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол хариуцагч Ц.Т нь 2025.04.28-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 15,905,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,125,126 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-ийн 5 х/

 

е.Тодруулбал, Зээлийн гэрээний хугацаа 2025.12.05-ны өдөр дуусах байсан боловч зээлдүүлэгч нь Зээлийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлд заасны дагуу 2025.05.02-ны өдөр шүүхэд хандаж, зээлийн гэрээг энэ өдрөөс цуцалж, үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү зээлийн хүү 15,905,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,125,126 төгрөг нийт 37,030,157 төгрөгийг хариуцагч Ц.Т-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

5.Хариуцагчийн Ф ББСБ ХХК-тай байгуулсан FХ000000000 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-ний дагуу автомашиныг буцаан өгөхөөр шаардах эрхтэй эсэх талаар

а.Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан.

 

б.Дээрх зохицуулалтуудын агуулга нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эдийн засгийн ашиг сонирхлын тулд үүргийн гүйцэтгэлийг хангах нэг хэрэгсэл нь эд хөрөнгийн үнийг шилжүүлж авна, ингэснээрээ үүрэг хүлээгч хийх ёстой үүргээ биелүүлээгүй үед шилжүүлэн авсан зүйлээс үүргийг хангуулах боломжтой болох бөгөөд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох, хууль зүйн үр дагаврын хувьд бодит бус хийсвэрээр тодорхойлогддог. Фидуцийн гэрээ байгуулагдан, өмчлөлд шилжсэн ч түүнийг ашиглах эрхгүй байх, захиран зарцуулах эрхгүй байх үр дагаврууд нь уг хөрөнгийн өмчлөх эрх хийсвэр байх агуулгыг илэрхийлж байна.

 

в.Өөрөөр хэлбэл, шилжүүлсэн баталгааны зүйл нь талуудын урьдчилан тохиролцсон байдлаар шилжих бөгөөд үүрэг хүлээгч үүргээ хууль ёсоор биелүүлснээр шилжүүлэн авсан зүйлийг буцааж өгдөг. Гэтэл хариуцагч нь фидуцийн гэрээний зүйл болох 00-00 ААА улсын дугаартай ............. маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлээгүй, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өмчлөлдөө авах үүргийг хүлээхгүй учраас нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг мөнгөөр шаардаж байгааг буруутгах боломжгүй.

 

6.Нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг шаардах эрхтэй эсэх талаар

а.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг тус тус хохиролд тооцож нэхэмжилсэн ба хариуцагч нь уг зардлуудыг төлөхгүй гэж татгалзсан байна.

 

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх боловч хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 удаа эрэн сурвалжлах шийдвэр гарч байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.03-ны өдрийн 191/ШШ2025/0974 дүгээр шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.03.11-ний өдрийн 30ж2-2/1863, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025.04.18-ны өдрийн 30ḡ3-2/2697 дугаартай албан бичгүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй.

 

в.Харин нотариатын зардал 17,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Учир нь зээлийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 17,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэстэй.

 

Иймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү зээлийн хүү 15,905,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,125,126 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 37,100,356 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

7.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.29-нд төлсөн 343,539 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 343,452 төгрөгийг гаргуулж Ф ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Т-аас 37,100,356 /гучин долоон сая нэг зуун мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,500 /арван долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.29-нд төлсөн 343,539 /гурван зуун дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 343,452 /дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Ф ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА