| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/02185/И |
| Дугаар | 191/ШШ2025/05969 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/05969
| 2025 7 08 | 191/ШШ2025/05969 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Түшээтбулаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух О******* овогт Х******* Б******* холбогдох,
Гэрээний үүрэгт 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, А.П******* нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Х.Б******* нэг литр түлшийг 3320 төгрөгөөр тооцож, нийт 50,610 литр шатахууныг 168,025,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу 2022.06.09-ны өдөр 168,025,200 төгрөгийг Х.Б Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Тус тохиролцооны дагуу Х.Б нь Их Хөгжил Констракшн ХХК болон Шунхлай ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Шунхлай ХХК-иас манай байгууллагад түлш нийлүүлэхээр болсон. Төлбөр шилжүүлснээс хойш Х.Б нь шатахууныг өгөхгүй байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хуваан өгөхөөр болсон. Манай байгууллагын цистерн машинууд Шунхлай ХХК-ний агуулахын гадна олон хоног хүлээсний эцэст 46,900 литрийн багтаамжтай цистерн машины дугаарыг өгч зөвшөөрөл авсаны дагуу 155,708,000 төгрөгний түлшийг Шунхлай ХХК-иас авсан. Үлдэгдэл 3,710 литр түлшийг одоо болтол өгөхгүй байгаа тул түүний төлбөр болох 12,317,200 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй байна. Х.Б******* төлбөрийг удаа дараа шаардсан боловч өгөхгүй байна. Нэхэмжлэл шаардлага: Иймд 3,710 литр түлшийн төлбөр 12,317,200 (арван хоёр сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун) төгрөгийг Х.Б******* гаргуулж, Түшээт Булаг ХХК-нд олгож өгнө үү. Мөн Х.Б******* Түшээт булаг ХХК-д нийлүүлсэн 46,900 литр шатахууны төлбөр 155,708,000 төгрөгөнд борлуулалтын НӨАТ-ын баримт шивж өгөхийг даалгах тухай шаардлагаар дээрх хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Манай байгууллага нь 2022 оны 06 сарын 09-ны өдөр Х.Б******* литр тутмыг 3320 төгрөгөөр тооцож нийт 50,610 литр шатахууныг 168,025,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Улмаар Х.Б Голомт банкны тоот данс руу 168,025,200 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дагуу 155,708,000 төгрөгний үнэ бүхий 46,900 литр түлшийг манай байгууллагат нийлүүлсэн боловч борлуулагч нь өдийг хүртэл НӨАТ-ын баримтыг шивж өгөөгүй байна. Х.Б нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна", 8.1.1 дэх хэсэг Бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд" гэж заасны дагуу татвар төлөх үүрэгтэй бөгөөд үүнийгээ татварын байгууллагад мэдүүлж, НӨАТ-ын баримт шивэх ёстой боловч өдийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Х.Б нь шатахуун борлуулсны орлого болох 155,708,000 төгрөгний 10 хувийн НӨАТ болох 15,570,800 төгрөгний баримт шивж өгөх ёстой юм. Иймд Х.Б******* 3,710 литр түлшний төлбөр 12,317,200 төгрөгийг гаргуулж, Түшээт булаг ХХК-д 15,57,800 төгрөгний НӨАТ-ын баримт шивихийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний танил Н.С нь дизель түлш авах хүн байвал олж өгнө үү гэсэн хүсэлт тавьсанд би Түшээт булаг ХХК-нд санал болгоход тэд зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс миний Голомт банкны дугаарын данс руу 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 168,025,200 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд энэ мөнгийг дээрхи Н.С гэх хүний Голомт банкны 1905103191 тоот дугаарын данс руу түүний өөрийнх нь хүсэлтээр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс надаар дамжуулж шатахууны мөнгөө шатахуун худалдсан хүндээ өгсөн болохоос биш надтай албан ёсны худалдах, худалдан авах болон ямар нэгэн гэрээ хийгээгүй. Миний зүгээс нэхэмжлэгч компанитай түлш өгч авалцах талаар хуульд заасан үүрэг хүлээгээгүй байхад шүүхэд хариуцагчаар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрхи мөнгийг надаас биш энэ хэргийг түүнд шатахуун худалдахаар мөнгийг нь авсан Н.С гэдэг хүнээс нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Зохигчдоос Түшээтбулаг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн төлбөрийн баримт, Голомт банкны 2022 оны 6 дугаар сарын 09, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн мемориалын баримт, Шунхлай трейдинг ХХК-ийн Их хөгжил групп ХХК-нд нийүүлсэн шатахууны тооцоо, Их хөгжил групп ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 25/23 дугаартай тодорхойлолт, Шунхлай трейдинг ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын падаан,
Шүүхийн журмаар гэрчээр Н.Сыг асуусан тэмдэглэл, Шунхлай трейдинг ХХК-иас Их хөгжил групп ХХК-тай байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дизель түлшний агуулахын болон жижиглэнгийн үнийн мэдээлэл, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Түшээтбулаг ХХК нь хариуцагч Х.Бацагэрэлд холбогдуулан гэрээний үүрэгт 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ...2022 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Х.Б******* нэг литр түлшийг 3320 төгрөгөөр тооцож, нийт 50,610 литр шатахууныг 168,025,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсны дагуу 46,900 литр 155,708,000 төгрөгний түлшийг Шунхлай ХХК-иас авсан. Үлдэгдэл 3,710 литр түлшийг одоо болтол өгөхгүй байгаа тул түүний төлбөр болох 12,317,200 төгрөгийг гаргуулж, нийт нийлүүлсэн 155,708,000 төгрөгийн 10 хувийн НӨАТ болох 15,570,800 төгрөгийн баримт шивж өгөх ёстой гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Нэхэмжлэгчийн зүгээс надаар дамжуулж шатахууны мөнгөө шатахуун худалдсан хүнд өгсөн харин надтай албан ёсны худалдах, худалдан авах болон ямар нэгэн гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч компанитай түлш өгч авалцах талаар үүрэг хүлээгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.3. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Түшээтбулаг ХХК-иас 168,025,200 төгрөгийг Х.Б дансанд Түшээт булаг ХХК ******* шатахууны үнэ гүйлгээний утгаар шилжүүлсэн байх ба талууд уг үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 5 дахь талд/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Нэг талаас шатахуун худалдан авах нөгөө талаас шатахуун нийлүүлэх хүсэл зоригийг харилцан илэрхийлсэн байх тул хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй энэ хүсэл зориг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцэж байна.
2.а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Тодруулбал, гэрээнд оролцогч нар нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд энэ агуулга нь хуулийн хүрээнд байх шаардлагатай.
2.б. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т агуулах гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг, 4.1.8-д бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг түгээх станц, зориулалтын цэгээс борлуулахыг хэлнэ гэж заасан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлд газрын тосны бүтээгдэхүүний талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулж, мөн зүйлийн 5.2.2-т газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 5.2.5-д бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу төрийн холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй гэж зохицуулсан байна.
Тус хуулийн зохицуулалтаас үзвэл бүх төрлийн шатахууныг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдахаар хуульд заасан байна.
2.в. Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх бөгөөд талуудын хүсэл зориг агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй этгээдээс дизель түлш худалдах-худалдан авахаар харилцан илэрхийлсэн хүсэл зориг нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулжээ.
Хэлцэл агуулгын хувьд хууль зөрчих шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна гэж зааснаар талуудын хооронд байгуулсан хүсэл зориг хүчин төгөлдөр бус байна.
3. Хариуцагч нь Түшээтбулаг ХХК-иас шилжүүлсэн 168,025,200 төгрөгийг Н.Сд шилжүүлж, улмаар Шунхлай трейдинг ХХК-ийн шатахуун түгээх станцаас Их хөгжил групп ХХК-иар дамжуулан 46,900 литр түлшийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 14-17, 45-48, 94 дэх талд/
Шунхлай трейдинг ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэг литр түлшийг 3800 төгрөгөөр худалдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 145-146 дахь талд/
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Тайлбарлавал, талуудын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн түлш худалдах худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул талуудын тохиролцсон 3320 төгрөгөөр түлшний үнийг тооцох үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэгэнт талуудын тохиролцоо хүчин төгөлдөр бус байх тул тухайн үед зах зээл дээр худалдаж байсан түлшний үнэ 3800 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,317,200 төгрөгийг шаардах үндэслэлгүй байхаас гадна худалдан авсан гэх түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг хариуцагч шивэх үүргийг хүлээхгүй.
5. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Б******* 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Түшээтбулаг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 282,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ