Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00006

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00980/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1099 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,375,000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нараас:

Миний нөхөр болох ******* нь хариуцагч *******тай 2021 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 2,375,000 төгрөг хүүгүйгээр зээлдүүлэхээр амаар тохиролцсон бөгөөд хариуцагчийн 5056094646 тоот дансанд мөнгө шилжүүлсэн. Үүний дараагаар *******гаас тохиролцсон хугацаандаа мөнгөө авахыг шаардсан боловч мөнгөнийхөө орон микроавтобус өгье гэсэн байдаг. Тухайн машины хувьд биет байдлын доголдолтой бүрэн бүтэн биш өнгө үзэмжгүй, ажилладаггүй машин байсан тул машиныг нь авахгүй гэдгээ илэрхийлээд мөнгөө буцааж авахыг хүссэн. Гэтэл хариуцагч нь элдэв шалтаг, шалтгаан хэлж зээлдүүлсэн мөнгийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иргэний хуулийн 43.1, 42.1 дэх хэсэгт амаар хэлцэл хийж болох тухай заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид бүрэн итгэж 2,375,000 төгрөгийг амаар тохиролцон зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаагаас нэхэмжлэгчийн гэр бүлд эдийн засгийн хохирол үүсээд байгаа тул бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Хариуцагчаас мөнгөө шаардаж утсаар ярьсан болон мессеж бичсэн баримтууд байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1099 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гаас 2 375 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******гийн давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Дархан-Уул аймгийн Орхон сумын холбооноос 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авсан.

Анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулаагүй, хурлын товыг мэдэгдээгүй байж шүүх хурал хийсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүх хурлын товыг түүний дүү *******д утсаар мэдэгдсэн мөн оршин суугаа хаягийн дагуу буюу Дархан-Уул аймаг, Орхон сумын Баян-Өлзийт багийн Засаг даргад хүргүүлсэн гэж тэмдэглэсэн байна. Гэтэл *******, Засаг дарга ******* нараас надад шүүх хуралдааны товын талаар мэдэгдээгүй учраас миний бие шүүх хуралдаа оролцож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 2,275,000 төгрөг, хослолын үнэ 100,000 төгрөг нийт 2,375,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар өөрийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, хариуцагч *******тай цахимаар харилцсан захидлыг ирүүлсэн байна. / хавтаст хэргийн 5-12 дугаар тал/

Нэхэмжлэгчээс 5056094646 тоот хариуцагчийн дансанд 2,375,000 төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Хэдийгээр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлийн гэрээний дагуу мөнгийг дансанд шилжүүлж байсан нь нотлогдож байх тул талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч тал хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар шүүхэд баримт гаргаж ирүүлснийг хариуцагч тал няцааж мэтгэлцээгүй байх тул хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. Иймд хариуцагчид хурлыг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан мэтгэлцэх эрх, үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар ирүүлээгүй үндэслэлээр түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр /хавтаст хэргийн 32 дугаар тал/ гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн төлсөн 52,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                                                                                                  ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                  ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ