| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0028/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/33 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2018/ЦШТ/33
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Г-т холбогдох 146/2018/0028/Э индекстэй, 1727000570015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ..... тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг Донгит гэх газар оршин суух хохирогч Б.Б-ийн гэрт нэвтрэн орж мөнгөн тоноглолтой, эмэгтэй хүний мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, орчин үеийн Д толгойтой цагаан хаш хөөрөг, шагайн харвааны хашлага сум зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 онд хэдэн сарын хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Арц түүхээр ажилд явах болсон. Улаанбаатар хотоос н.Д, н.Т, мөн 3 залуу байсан. Хотод танилцаад л шууд ажил хийхээр болж н.Д-ийн машинтай элсэн тасархай гэх газар руу арц түүхээр явсан. Тэгээд ажил хийх гэж байгаад байгаль хамгаалагчид баригдаад хөөгдсөн. Нэг газар зогсоод гадаа гарч гадаа гарч архи ууцгаасан. Би тасарчихсан мөртлөө унахгүй яваад байдаг юм. Нэг мэдэхэд машиных нь үрүүлийн ард суучихсан ганцаараа машин бариад явж байсан. Тэгээд тэр айлын гадаа ирээд цоожийг нь мушгиж эргүүлээд гэрт нь ороод авдрын цоожнуудыг эвдсэн. Мөнгөн бүс, мөнгөн аяга, хөөрөг, шагайн харвааны хашлага сум зэрэг зүйлүүд авсан. Буцаад нөгөө хүмүүс дээрээ иртэл араас машинтай хүмүүс ирсэн. Гэрт орж хулгай хийсэн байна гэхээр нь авсан зүйлүүдээ гаргаад өгсөн. Би ганцаараа н.Д ахын машиныг жолоодож явсан. н.Д ах тасраад унтсан. Нөгөө хэд цаана хөзөр тоглоод байж байхаар нь машиныг нь унаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/
Хохирогч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн иргэдийн дунд өдөрлөг болж байсан юм. Тэгээд багийн өдөрлөг дээр 12 цагийн орчимд очоод байж байтал 14 цагийн орчимд манай байгаль хамгаалагч Р.Н гуай танай гэрт хулгай орчихоод явлаа гэсэн. Тэгээд би н.Ц ахын машинтай багийн засаг дарга н.Т, эхнэр н.Ч, мөн н.А нартай явж Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг Донгитын Шургуулгын гол дээр 72-83 УНН улсын дугаартай машинтай хүмүүс дээр очоод машинтай нь сумын өдөрлөг дээр авчраад сумын цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. Тэд нар манай эд зүйлийг хулгайлсан байсан. Манай гэрээс мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, орчин үеийн Д толгойтой цагаан хаш хөөрөг, шагайн харвааны хашлага сумтай нь зэрэг эд зүйлүүд алдсан. Би мөнгөн бүсээ 150.000 төгрөг, аягаа 250.000 төгрөг, хөөргөө 150.000 төгрөг, хашлага сумаа 100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ тэр хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Гэрийн цоож, авдарын цоожнуудыг цүүгээр нь сугалаад авсан болохоор зүгээр байна. Харин цэнхэр цоожийг эвдсэн байсан. Түүнийгээ үнэлүүлэхгүй. Эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Б.Д 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаалтанд мэдүүлэгтээ: “... Би элстэй газарт унтаж байсан. Хүмүүс ирээд хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тэгтэл А.Г миний машины араас хулгайлсан эд зүйл мөнгөн бүс, мөнгөн аяга, хөөрөг, шагайн харвааны хашлага зэрэг зүйлийг гаргаж өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхийг мэдээгүй. А.Г-ийг хулгайн гэмт хэрэг үйлдээд эд зүйлээ гаргаж өгөх үед нь мэдсэн. Зээлийн компани нэр дээр байдаг би энэ машиныг зээлээр авсан. Зээлээ төлж дуусаагүй байгаа. Миний машин дотор байсан алх байгаа юм. Алхаа үнэлүүлэхгүй, хураалгахад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Р.Н 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Донгит гэх толгой дээр дурандаад сууж байтал Баттөмөр гэх айлын гадаа дэрсэн дотор машинаа орхиод нэг хүн Б.Б гэх айл руу орсон. 10-аад минут болоод гартаа нэг юм барьчихсан машин руугаа явж байгаа харагдсан. Би холоос дурандсан. Би багийн өдөрлөг болж байсан газар очиж цагдаад мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн үнэлгээний тайланд мөнгөн, эмэгтэй, хуучин орчин цагийн монгол дархан хийцтэй 1 ширхэг бүс 150.000 төгрөг, мөнгөн, үндсэн тагшай, 20 дугаар зууны дунд үеийн монгол дарханы хийцтэй, эцэг эхээс өвлөгдөн ирсэн аяга 1 ширхэг 400.000 төгрөг, хаш, Д толгойтой, гуулин нуух, халбагатай, орчин цагийн хийцтэй, БНХАУлсад үйлдвэрлэгдсэн хөөрөг 1 ширхэг 100.000 төгрөг, суман модон, бугын эврийн таван сумтай хашлага 1 ширхэг 40.000 төгрөг, нийт 690.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16, 21 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/
Хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Г-ийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Г 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг Донгит гэх газар оршин суух хохирогч Б.Бийн гэрт нэвтрэн орж мөнгөн тоноглолтой, эмэгтэй хүний мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, орчин үеийн Д толгойтой цагаан хаш хөөрөг, шагайн харвааны хашлага сум зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Б.Б, гэрч Р.Н нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч А.Г нь хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч Р.Нийн ... нэг хүн Б.Б гэх айл руу орсон. 10-аад минут болоод гартаа нэг юм барьчихсан машин руугаа явж байгаа харагдсан гэх /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч А.Шатарын ...А.Г ах ганцаараа машин бариад явахыг бид бүгд харсан гэх /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Д.Драгчаагийн ...А.Г миний машины араас хулгайлсан эд зүйл мөнгөн бүс, мөнгөн аяга, хөөрөг, шагайн харвааны хашлага зэрэг зүйлийг гаргаж өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхийг мэдээгүй. А.Гийг хулгайн гэмт хэрэг үйлдээд эд зүйлээ гаргаж өгөх үед нь мэдсэн гэх /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Д.Т-ийн ...А.Г ах аваагүй гэж байгаад дараа нь машины суудлын араас хулгай хийсэн гээд хулгайд алдсан эд зүйлийг гаргаж өгсөн. Тэр үед А.Г ахыг хулгай хийснийг мэдсэн. Тэр машинтай хүмүүс цагдаа дуудаж өгсөн. Би А.Г ахыг ганцаараа машинаа унаад явахыг нь харсан гэх /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Б.А-ын ...А.Г ах Б.Д ахын машиныг унаад усанд явлаа гээд хөдөлсөн. Тэгээд цаг шахуу болоод эргээд ирсэн. Бид нар арц түүх гэж байсан газартаа ирээд байж байтал араас хоёр жип машинтай хүмүүс ирээд та нар айл ухаж хулгай хийсэн байна гэж хэлтэл А.Г ах би хулгай хийсэн гээд машины арын суудлаас мөнгөн аяга, мөнгө бүс, хөөрөг, хашлага зэрэг эд зүйлүүдийг гаргаж өгсөн гэх /хх-ийн 26 дугаар хуудас/ мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Бт 690.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндэс” ХХК-ийн үнэлгээ, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн гэх хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ийн Г-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр алх 1 ширхэг, цэнхэр өнгийн цоож 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА